2012-01-14

Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?




Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?

Ихэнхи онгодууд орчин цагийн техник, технологийг огт ойшоодоггүй, дургүй байдаг ба буултанд нь суухдаа утсаа дуугаргавал буурлуудад загнуулж, зэмлэл хүртэнэ. Харин үүнийг зарим нэг нь онгод хэзээ ч утас гэж мэдэхгүй, утсанд дургүй, яг тэр үеийнхээрээ л байх ёстой хэмээн туйлшруулна. Онгод, буурлууд хөрстөд анх буугаад  энэ замбатай шинээр танилцаж орчин цагийн хэлийг нь сурч тэр орчинд нь дасан зохицдог.
Зарим онгод зөвхөн тэр үеийнхээ л эдийг хэрэглэж идээг хүртдэг буюу тэр үеийнхээрээ л байдаг байхад зарим нь орчин цагийн идээ ундааг хэрэглэж орчин цагт тодорхой хэмжээгээр дасан зохицсон байдаг. Пиво-ыг адууны шээс хэмээгээд хүртдэг буурлыг би мэднэ. Мөн шоколад идэх дуртай, компот идэх дуртай бууралтай ч таарч явлаа. Шоколад, компот аль алинд дургүй, орчин цагийн идээ ундаанд дургүй зөвхөн сүү цагаан идээ хэрэглэдэг онгод буурлууд  бас бий. Онгодууд орчин цагт дасан зохицож тэр замбын эд зүйлсэд өөрсдийн оноосон нэрийг өгөх жишээ ч бас бий. Утсыг жингэнүүр, зургийн аппаратыг хувилуур, компьютер нөөтбүүкийг Дөрвөлжин хар хэмээн нэрлэж ярьж байхыг олонтоо сонссон.
Онгод буурлууд гэдэг бол өмнө нь хүн байсан л сүнснүүд шүү дээ. Хүн бүр өөр өөр байдаг. Түүн шиг буурал бүр өөр өөрийн гэсэн араншинтай, өөр өөр байдаг. Үүнийг л ойлгочихвол бүгд ижил байх албагүй гэдгийг хүмүүс дороо мэдэх билээ.Үүнийг нэг болгон загварчлах гэж оролдох нь буруу юм.
Жишээ нь би утсаар ярьдаг бас камераар бичлэг хийж зураг авдаг онгодтой өмнө нь  ер таарч байгаагүй бөгөөд бусдын л адил онгодуудын хүч чадлыг тэр цаг үеийнхээр нь ойлгодог их ахихдаа л дээр хэлсэн шиг онгодууд биежиж орчин цагт дасан зохицдог гэсэн ерөнхий ойлголттой,басхүү нимгэн мэдлэгтэй нэгэн байлаа. Харин Аянга удгантай уулзахад энэ бүх үзэл бодол маань навсайтал унахыг өөрийн  нүдээрээ харсан юм даа. Эзэн Хаанд бараалхсан азтай өдөр улаачийн биед Хааны онгод буугаад зураг авч байхыг бүр цэнэг нь дуусангуут цэнэглэж байхыг би хараад мэл гайхав. Өнөөг хүртэл ийм зүйлтэй тааралдаж байгаагүй хүмүүс энийг ойлгохгүй байх нь мэдээжийн хэрэг. Харин нүдээр харсны дараа өөр болох бизээ.
Эзэн Богд Хаан маань мөн Аянга удганы зарим онгодууд орчин цагийн техник технологийг ашигладаг. Ашиглах ашиглахдаа бүр сайн ашиглаж сурсан байсан. Үүнийг надаас гадна маш олон хүн бас Аянга удганы Юутүүб дээрх видео бичлэгүүд батлана. Улаачийн ухааныг нь унтуулаад биеийг нь залуурдан компьютерийн ард суулгаад фэйсбүүк рүү нэвтэрч ороод коммент бичээд хүмүүстэй чааталсан тохиолдол хүртэл бий. Үүнийг Гэрлийн Өргөө бүлхэмийн олон хүмүүс нэгэн зэрэг харсан учир баримт хангалттай бий.
Гэхдээ онгод бүрийг утсаар ярьж бичлэг хийх чадвартай гэж ойлгож бас үл болно. Дээдийн дээд онгодууд гэдгийн учир нь тэд бусдаас онцгой, бусдаас өөр, бусдаас өөр чадвартай байдагт оршино. Тиймгүйсэн бол Дээдийн дээд онгод хэмээх хэрэг юу сан билээ. Удганы онгодууд утсаар ярьдаг гэдгийг анх сонссон хүмүүст энэ нь Аянга удганыг үгүйсгэх нэгэн шалтгаан болж байсан бол харин сүүлд бодоод байхад Дээдсүүдийг таних бас нэгэн шалгуур үзүүлэлт байсныг ойлгосон тухайгаа бүлхэмийн гишүүд хэлж байлаа.
1000 жилд ганцхан төрөх Алтан улаачийн чадвар гэдэг эгэлгүй юм. Дараагийн нийтлэлд 1000 жилд ганц л төрөх Алтан улаач гэж ямар байдаг тухай ойлгож ухаарсан, олж мэдсэн, харж үнэшмшсэн мэдээллээ уншигч түмэнд хүргэх болно.

Дуулин

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР