2012-01-23

Алтан гургалдай 1-р хэсэг


Урьд эрт цагт цагийн сайнд
Цасны нимгэнд, цаасны зузаанд
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг хөшөө байхад
Захын модыг зулзага байхад
Загал бугыг (чинь) янзага байхад...
Баруун тивийг эзлэн төрсөн
Алтан Гургалдай хаан гэж байв гэнэ.
Алтай алтан сүмбэр уултай юм гэнэ
Хангай зүгийн
Хар шар адуутай юм гэнэ.
Хойд зүгийн хөх буурал
Адуутай юм гэнэ.
Өөлдийн говиор дүүрэн
Өлөн улаан үхэртэй юм гэнэ
Төвдийн голоор дүүрэн
Түмэн халзан тэмээтэй юм гэнэ.
Хотгор газрыг
Хорголоороо дүүргэсэн
Үй түмэн хоньтой юм гэнэ.
Дээшээ бэлчихээрээ
Дээд л газрын хөрсийг эргүүлээд
Доошоо бэлчихээрээ
Доод л газрын хөрсийг эргүүлээд
Явдаг байж гэнээ.
Алтан Гургалдай хааны
Унадаг унаа
Хөлөглөдөг хүлэг нь
Ах дүү хоёр бор морь юм гэнээ.

Алтан Гургалдай хааны
Суудаг өргөө нь
Далан  эсгийгээр  дайн  дүйн  хийсэн
Далай цагаан өргөөтэй юм гэнэ.
Далан хүн дамжилж даадаггүй
Далай ширмэл үүдтэй юм гэнэ.
Гэрийн дотор авдар шүүгээ
Алтан мөнгөн алхан хээтэй эргэнэг
Есөн зүйлийн сав нь
Бүрэн янзаараа байдаг гэнээ.        
Алтан мөнгөн шүрэн
Баганатай юм гэнэ.
Алтан Гургалдай хааны хатан нь
Цэцэн гоо дагина хатан гэдэг
Домбойж улайгаад
Наашаа харахаараа
Нар сарны гэрлийг дарсан
Цаашаа харахаараа
Цаад уулыг гэрэлтүүлсэн
Тийм сайхан хатан байдаг гэнээ.
Алтан Гургалдай хаан гэдэг
Нэг унтахаараа гурван жил унтдаг
Нэг сэрэхээрээ гурван жил
Сэрдэг юм гэнэ.
Алтан Гургалдай хааны
Унтах цаг нь болсон гэнээ.
Ах бор морио авч ирж
Далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан эмээлийг тохоод
Гучин гурван олмыг татаад
Алтан Гургалдай хаан гэдэг
Гэртээ ороод
Гэрийнхээ санг тавиад
Гаднаа гараад
Ганзага сангаа тавиад
Замбуутивийн амьтныг болгоохоор
Алтай сүмбэр уулынхаа орой дээр гарав гэнээ.
Хангай дээр гараад
Хорин гурван сангаа тавиад
Аягын чинээ алаг нүдийг
Ар өврөөр нь эргүүлээд
Замбуутивийн амьтныг
Эргүүлэн харав гэнээ.
Хүн амьтан бүгдээрээ
Амгалан тайван
Аюултай дайсан үгүй байв гэнэ
Одоо гэртээ харьж унтъя даа гээд
Буцаад гэр уруугаа явж л гэнээ.
Унтах л гээд явахдаа
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Гурван зуун цэрэгтэй
Гучин гурван баатартай
Алтан Гургалдай хааны чинь л
Алахаар талахаар
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийхээр 
Албат малаар нь
Албат малаа сэлбэнэ гэж
Алтайн алтан сүмбэр уулын        
Баруухан суганд нь бүгж байхыг
Үзсэнгүй  гэнээ.
Гэртээ ирээд унтаад өгөв гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь          
Хангай дүүрэн
Хар саарал адуугий нь
Шинжлэн харав гэнээ.
Хөндий дүүрэн
Хөх буурал адуугий нь
Шинжлэн харав гэнээ.
Алтан Гургалдай хааны унадаг унаа
Хөлөглөдөг хөлөг
Ах дүү
Хоёр бор морий нь              
Таниад бариад авав гэнээ.
Ах бор морий нь
Далан хүн дамжилж даадаггүй
Данхгар хар янгиагаар нь янгиадаад
Гучин гурван олмыг нь татаад
Гурван зуун цэргээр нь бариулаад
Гучин гурван баатраараа сугадуулаад
Мордоод орхив гэнээ.
Толгой уруу нь
Тонгороод орхив гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Далан хүн дамжилж даадаггүй
Данхар  хар  янгиатай  нь
Толгой уруугаа тонгороод орхив гэнэ.
Толгой уруу нь ойчиж орхив гэнэ.
Алтан Гургалдай хааны
Ах бор морь нь
Зулын цагаан өвс болоод
Хийсээд гаднаа ирэв гэнээ.
Дүү бор морийг чинь
Далан хүн дамжилж даадаггүй
Данхар хар эмээлээр эмээллээд л
Гучин гурван олмы нь татаад
Гурван зуун цэргээрээ бариулаад
Гучин гурван баатраараа сугадуулаад
Мордоод орхив гэнээ.
Баруун хойд зүгийн Бидэр хар ноёныг
Толгой уруугаа тонгороод орхисон чинь чадсангүй гэнээ.
Тэгэхээр нь
Газрын үндсийг тоолон бухав гэнэ
Тэнгэрийн одыг тоолон бухав гэнээ.
Хүч хүрсэнгүй гэнэ.
Чиний суудаг нутаг орон гэр чинь
Хаана байдаг вэ? гээд
Баруун хойд зүгт аваад давхив гэнээ.
Амыг нь хүч хүрэхгүй явж байж гэнэ,
Гурван зуун цэрэг
Гучин гурван баатар нь
Хойноос нь хөөгөөд
Цугаараа гүйцэхгүй явж гэнээ.
Дүү бор морь нь
Гүйцэгдэхгүй давхисаар байгаад
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Нутагт нь яваад очив гэнээ,
Бага хар сүм нь харагдаад
Бага хар туг сэгсэгнээд
Дунд хар сүм нь харагдаад
Дунд хар туг сэгсэгнээд
Их хар сүм нь харагдаад
Их  хар туг  нь  сэгсэгнээд
Харагдав гэнээ.
Түүнийх нь цаад талд
Баруун хойд зүгийи
Бидэр  хар ноёны чинь
Үүдэн дээрээ товцогтой
Далай цагаан  өргөөг  үзэв гэнээ.
Чиний суудаг гэр орон
Хатад хүүхэд бий дээ гээд
Үүдэн дээрээ товцогтой
Далай цагаан өргөөний
Товцог дээр нь гараад
Толгой уруугаа нэг тонгорч орхив гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Үүдэн дээрээ унав гэнээ,
Хатад хүүхэд
Албат цэрэг нь гараад
Уйлаад л тэврээд
Сэгсрээд л дугтраад байв л гэнээ.
Гурван зуун цэрэг
Гучин гурван баатар нь
Арайхан гэж
Дүү бор морийг бариад авав гэнээ.
Дөрвөн хөлд нь дөрвөн төмөр
Дөнгө хийгээд цоожлоод авав гэнээ.
Баруун хойд зүгийн Бидэр хар ноён
Арайхийж сэргээд гэртээ оров гэнээ.
Алтан Гургалдай хааны
Ах бор морь нь гаднаа ирээд
Морь биендээ тохироод
Алтан мөнгөн хоёр уяагий нь
 Хазайтал шөргөөгөөд
Хангинатал унгалдаад
Доорх газраа там болтол ухаад
Янцгаагаад байв гэнээ.
Үүдэн дээрээ ирээд
Алтан мөнгөн хоёр хатавчийг нь
Хагар хэмхэр өшиглөөд унгалдаад байв гэнээ.
Алтан Гургалдай хааны хатан
Цэцэн гоо дагина
Алтан Гургалдай хааны
Толгойгий нь тэврээд
Уйлаад  бархираад
Дуудаад  байв  гэнээ.
Нүдний нь нулимс
Хоёр шанаа уруу нь урсаад байв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Сэрдэггүй байв гэнээ.
Хэдэн  өдөр  уйлж  бархирч
Орилж ядсаар байтал
Арайхийж нэг муу юм сэрэв гэнээ.
Жигтэй эмийн жиг нь хөдлөв үү
Бааштай эмийн бааш хөдлөв үү?
Унтаж, хэвтэхэд минь
Юу гэж сэрээв ээ гэж
Будмал улаан хацрыг нь
Буруу зөвгүй алгадаад хаячихав гэнээ.
Чиний Ах бор морь чинь
Алтан мөнгөн хоёр хатавчий минь
Хагар хэмхэр өшиглөөд
Алтан мөнгөн хоёр уяагий чинь
Хазайтал шөргөөгөөд
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг
Ирээд буцлаа гэнэ шүү гэж хэлэв гэнээ.
Эвий яалаа
Ингэж унтах гэж байдаг уу
Ийм муу шинжийн адгуус байдаг уу
Энэ чинь яахаараа
Алтан мөнгөн хатавчийг мииь
Хагар хэмхэр өшиглөж
Алтан мөнгөн хоёр уяагий минь
Хазайтал шөргөөв дөө гээд
Хатныхаа будмал улаан хацрыг
Булган нударгаараа
Арчаад л гарав гэнээ.
Ах бор морийг
Чи яах гэж
Гэр оронгий минь эвдэв гэж
Аашлав гэнээ.
Ах бор морь нь
Зугтаагаад хангинав гэнээ.
Гунжин үнээний ширээр хийсэн
Гурван зуун алд
Цалмыг бариад явав гэнээ.
Чамайг барьж аваад ална гээд
Хойноос нь эргүүлээд явав гэнээ.
Чи  албал  ал л даа  гээд
Хүзүүгээ тавиад өгөв гэнээ,
Барьж л аваад асуусан чинь
Баруун хойд зүгийи
Бидэр хар ноён гэдэг чинь
Чинийхээ өрөөсөн хөлийг хугалаад
Минийхээ өрөөсөн элэгнээс
Эмт татаж аваад явчлаа шүү.
Алтан Гургалдай хааныг
Алж талахаар
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийхээр
Албат малаар чинь
Албат малаа сэлбэх гээд
Намайг  барьж  унахад
Би (чинь) толгой уруугаа тонгороод
Зулын цагаан өвс болоод
Хийсээд ирлээ шүү гэж хэлж гэнээ.

Эвий эр хүн байтлаа
Нүүрэндээ үстэй
Адгууснаас доор чиг гэж
Байх уу даа гэж
Булган  нударгаараа
Хоёр нүднийхээ нулимсыг арчаад
Морио барьж аваад ирэв гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Алахаар талахаар
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийхээр
Албат малаар нь
Албат малаа сэлбэх гэж л
Алс аянд төхөөрөв гэнээ.
Өөрийн нь хатан Цэцэн гоо дагина
Эр хүн хол юманд явахад
Эхийн чинь хувцас
Хэрэгтэй байдаг шүү гээд
Ганц дан ягаан цамц
Өгөв гэнээ.
Би чинь хол юманд явахдаа
Эм хүний хувцас
Авч явахгүй гээд
Авсангүй гэнээ
Цэцэн гоо дагина хатан
Зөв харж инээгээд
Буруу харж уйлаад
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Өстнөө дараарай
Өргөн цолыг олоорой гэж хэлээд
Сүүгээ  барьж  гараад
Алтан мөнгөн халбагаараа
Алтан мөнгөн хоёр дөрөөн дээр нь
Дусаагаад өгөв  гэнээ.
Алтан Гургалдай хаан
Ахындаа оров гэнэ.
Ахынх нь авгай
Тамчийн улаан бэргэн
Зөв харж уйлаад
Буруу харж инээгээд
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Өстнөө дараарай
Өргөн цолыг олоорой гэж ерөөв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Явъя даа гээд гарав гэнээ.

Ах нь гараад
Ах бор морийг нь
Далан хүн
Дамжилж даадаггүй
Далай цагаан эмээлээр нь эмээллээд
Гучин гурван олмыг нь татаад
Миний дүү
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Түргэн ирээрэй гэж уйлаад
Нэг хацрыг нь үнэсээд
Нэг  хацрыг  нь сүүлд ирэхлээр чинь
Үнсэе дээ  гэж
Ерөөгөөд явуулав гэнээ.
Алтан Гургалдай хаан
Ааг үгүй давхиад
Амьсгаа үгүй хатиргаад
Хангинаад өгөв гэнээ.
Тэгсэн чинь л
Адууны Агсгалдай өвгөн
Хойноос нь
Нэг дуу тэнгэрт
Нэг дуу газарт
Орилоод бархираад явав гэнээ.
Хүн юманд явахад
Саад тотгор болоод яах нь вэ дээ
Энэ муу өвгөн гэж уурлаад
Бөжинхөн туулайн бөгөлгөөр
Бөгтөргөн чонын сэгэлгээр
Явж явав гэнээ.
Адууны Агсгалдай өвгөн
Адууны түрүүнд явдаг
Агсан бор азаргыг нь
Барьж авч унаад
Ааггүй давхиад
Амьсгаагүй хатиргаад
Хүрэв гэнээ.
Хаан минь яваад
Дайснаа дараарай
Дархан цолыг олоорой
Өстнөө дараарай
Өргөн цолыг олоорой
Цэцэн гоо дагина хатан
Хөл хүндтэй байна шүү
Хүүхэд гарахаар нь
Ямар нэр өгөх вэ? гэж
Хэлэв гэнээ.
Хүү гарвал
Гэсэр, Жангар
Нэрийг өгөөрэй
Хүүхэн гарвал
Өөрснөө мэдээрэй гэж
Хэлэв гэнээ.
Хааны минь
Морины олом сулхан байна шүү
Би засаж өгье өө гэж хэлэв гэнээ.
Тэг дээ гээд зогссон чинь
Хааныхаа
Морины олмыг татах гээд
Ганц дан ягаан цамцыг
Хулгай ганзаганд нь уян татав гэнэ,
Алтан Гургалдай хаан
Ааггүй давхиад
Амьсгаагүй хатиргаад явав гэнээ.
Морь нь явсаар байгаад
Явахаа байв гэнээ.
Баруун гуяыг нь гуядаад
Барим барим чинээ мах унагаад
Зүүн гуяыг нь гуядаад
Зүрх зүрх чинээ мах унагаад явав гэнээ
Морь чиг ердөө
Явахаа болив гэнээ.
Яав даа гээд
Алдын газраас
Алд шар хадаг бариад
Дэлмийн газраас
Дэлэм шар хадаг бариад
Мориноосоо асуув гэнээ.
Чиний дээд амьсгаа
Миний доод тоосонд
Доод тивийн амьтан
Гэр орноосоо төөрөөд
Хулгана зурам ч бол
Нүхнээсээ төөрч байна.
Дээдийн амьсгаанд чинь
Дээд тивийн амьтан
Гэр орноо олохгүй
Манан будан болоод
Төөрч байна гэж хэлэв гэнээ.
Аягын чинээ алаг нүдийг
Ар өврөөр нь эргүүлээд
Замбуу тивийг эргүүлэн харав гэнээ.
Амьтан гэр орноосоо
Төөрч байхыг үзэв гэнээ.
Бөжинхөн туулайн бөгөлгөөр
Бөгтөргөн чонын сэгэлгээр
Явж л байв гэнээ.
Тэгсэн чинь
Чанх яг урдаас нь
Нэг их том
Улаан хүзүүтэй хар шувуу
Алтан Гургалдай хааны
Галын урдаас чиглээд
Хараад сууж байв гэнээ.
Энэ чинь ямар гэгч дайсан
Энд учрав?
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Элч илгээсэн биз гээд
Мориноосоо буугаад
Хана болтол хантайраад
Хайрцаг болтол тушаад
Нум сумаа хөвчлөөд авав гэнээ.
Галын элэг чинь энэ вий дээ гээд
Харваад орхиж гэнээ.
Сумных нь үзүүр шалбараад
Нумных нь хөвч үсрээд явчихав гэнээ.
Эр хүн гэдэг чинь
Энэ бие ганцаараа
Эзгүй хээрийн талд
Нум сумнаасаа хагацахаар
Одоо яадаг билээ гээд
Нэг дуу газарт
Нэг дуу тэнгэрт
Уйлаад, хашхираад бархираад
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь
Гайхаш тасраад байв гэнээ.
Тэгсэн чинь морь нь хэлэв гэнээ.
Миний нурууны арьснаас
Алгын  чинээ  арьсыг  огтолж
Нумаа хөвчил дөө
Доорх шар хальсаар
Сумныхаа үзүүрийг ороо доо гэж хэлэв гэнээ.
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн тал дээр
Эмээлт хазаарт мориныхоо
Нуруунаас салахаар яана гээд
Уйлаад бархираад
Зөв харж инээгээд
Буруу  харж  уйлаад
Мориныхоо нуруунаас
Алгын чинээ арьсыг огтолж авав гэнээ.
Нэг дуу тэнгэрт
Нэг дуу газарт
Хашхираад, уйлаад бархираад
Наян алд зүсэв гэнээ
Нумаа хөвчлөв гэнээ.
Доорх шар хальсаар
Сумныхаа үзүүрийг ороов гэнээ.
Одоо явъя даа гээд
Морио эмээллэхдээ
Мориныхоо нуруунд
Өдөртөө эдгэдэг
Өөхөн цагаан эм хийгээд
Хоногтоо эдгэдэг
Хонин цагаан эм хийсэнд
Урднаасаа угтай
Хэзээнээсээ хэвтэй
Сайхан эдгэв гэнэ.
Тэгэхлээр нь морио эмээллээд
Мордох гэсэн чинь
Хулгай ганзаганд нь
Ганц дан ягаан цамц байв гэнээ.
Муу ёрын
Муу шинжийн өвгөн        
Эм хүний хувцас
Миний ганзаганаас уяж дээ гээд
Ганц дан ягаан цамцыг нь
Аваад хаях уу гэсэн чинь
Морь нь хэлэв гэнэ.
Холын юманд яваа эр хүнд
Ээж аавын хувцас хэрэгтэй байдаг
Чи аваад яваач дээ гэж
Хэлж гэнээ.
Би эм хүний хувцас
Авч явахгүй гээд харсан чинь
Гурван хөшөө чулуу харагдав гэнээ
Гурван хөшөө чулууны
Хамгийн дундах дээр нь
Тавьчхаад яваад өгөв гэнээ.
Ааг үгүй давхиад
Амьсгаа үгүй хатиргаад
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Ална  тална
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийнэ.
Албат малаар нь
Албат малаа сэлбэнэ гээд
Явж явсан чинь
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны     
Бага хар сүм нь харагдаад
Бага хар туг нь сэгсэгнээд
Дунд хар сүм нь харагдаад
Дунд хар туг нь сэгсэгнээд
Их хар сүм нь харагдаад
Их хар туг нь сэгсэгнээд байв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Хамуутайхан бор даагатай
Нусгайхан муу хүү болоод
Хаагаараа хар эсгий цувуулсан
Шагайгаараа шар эсгий цувуулсан
Борвиороо бор эсгий цувуулсан
Дэрсэн нумтай, хулсан сумтай
Нусгайхан муу хүү болон
Хамуутайхан бор даагаа
Өлгүүхэн гишгүүлсээр явав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Нэг бага түшмэдийнд оров гэнээ.
Баруун  хатавчинд  нь  сөгдөөд
Амгаланг нь айлтгав гэнээ.
Дуртай дургүй харав гэнээ.
Муу ёрын муу шинжийн
Муу гуйлгачин чи
Манайд юунд орж ирэв гээд
Аашлав гэнээ.
Би энд гэдэг
Гэр орон байдаггүй
Тэнд гэдэг эцэг эх байдаггүй
Энд гэх эзэн ноён байдаггүй
Эрэгнээс гарсан билүү.
Эрээлж хорхой
Идэж өссөн билүү мэдэхгүй.
Хошуу тойрсон гуйлгачин
Явна даа гэж хэлэв гэнээ.
Ах минь
Наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач гэж гуйв гэнээ.
Чи хошуу тойрч гуйлгачилж явахдаа
Хаагуур явав даа гэж асуув гэнэ,
Би Алтан Гургалдай
Хаан гэдгийн тэндээс ирлээ.
Баруун тивийг эзлэн төрсөн
Алтан Гургалдай хаан гэдэг
Ямар юмныхаа
Хурим найрыг хийсэн юм билээ, мэдэхгүй
Хүч тэнхээгүй хэвтэж байна гэж хэлэв гэнээ.
Энэ чинь юу гээчийн
Тостой сайхан үгтэй хүү билээ дээ.
Манай ах түшмэдийнд орж айлтга даа гэж хэлэв гэнээ.
Би чинь тийм их газраар явж чаддаггүй шүү дээ
Би одоо орохгүй гэж хэлэв гэнээ,
Дал мөрөн дээрээс нь шүүрч аваад
Чирээд оруулав гэнээ.
Баруун хатавчинд нь сөгдөөд
Амгаланг нь айлтгав гэнээ.
Муу ёрын муу шинжийн
Муу гуйлгачинг чи яах гэж манайд оруулав гэж аашлаж гэнээ.
Энэ чинь  нэг
Тостой сайхан үгтэй
Хүү байна л гэж хэлэв гэнээ.
Чиний нутаг орон чинь
Хаана байдаг вэ?
Гэр орон чинь хаа вэ?
Хэн хааны албат вэ?
Хэтийн санаа хэнд вэ?
Хаа хүрэх гэж явнаа гэж асуув гэнээ.
Би чинь
Тэнд гэх эзэн ноён тэнгэр байхгүй
Энд гэдэг эцэг эх байхгүй
Энэ гэх гэр орон байхгүй
Хошуу тойрсон гуйлгачин явна гэж хэлэв  гэнээ.
Чи хошуу тойрч явахдаа
Хаагуур явав гэж асуув гэнээ.

Би Алтан Гургалдай хааны тэндээс ирлээ.
Алтан Гургалдай хаан гэдэг чинь ямар юмныхаа
Хурим найрыг хийсэн билээ, мэдэхгүй
Хүч тэнхээгүй хэвтэж байна.
Надад та
Наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач гэж гуйж гэнээ.
Энэ чинь яасан тостой сайхан
Үгтэй хүү билээ!
Манай ноёныд орж
Энэ сайхан үгээ айлтга гэж гэнээ.
Би чинь тийм их газраар
Орж чадахгүй
Одоо явъя гэж
Хэлэв гэнээ.
Түшмэд босон харайгаад
Дал мөрөн дээрээс нь шүүрч аваад
Гарав гэнээ.
Баруун хойд зүгийн.
Бидэр хар ноёны
Гэрт нь оруулаад хаячихав гэнээ.
Баруун хатавчинд нъ сөгдөөд
Амгалангий нь айлтгав гэнээ.
Чи чинь муу ёрын муу шинжийн
Муу гуйлгачинг яах гэж
Манайд авчрав гээд
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён уурлаад унав гэнэ,
Энэ  чинь  нэг
Тостой сайхан үгтэй
Хүү байна гэж гэнэ.
Чи тостой сайхан үгтэйдээ
Ямар үгтэй хүү вэ?
Хэн хааны албат вз?
Ямар хүний үр вэ?
Аль газар төрсөн билээ?
Гэр орон чинь хаана билээ?
Гэж хэлэв гэнээ.
Би чинь тэнд гэх гэр орон байхгүй
Энд гэх эцэг эх байхгүй
Энэ гэх эзэн тэнгэр ноён байдаггүй
Эрэгнээс гарсан билүү
Эрээлж хорхой
Идэж өссөн билүү,
Хошуу тойрсон гуйлгачин     
Явна даа гэж хэлж гэнээ.
Чи хошуу тойрч явахдаа
Ямар газраар явав даа гэж асуув гэнээ.
Би Алтан Гургалдай
Хаан гэдгийн нутгаас ирлээ дээ.
Тэр хаан ямар юмныхаа
Хурим найрыг хийсэн юм билээ, мэдэхгүй
Хурим найрандаа согтчихоод
Хэвтэж байна.
Ах минь надад
Наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач гэж гуйв гэнээ.
Энэ чинь юу гээчийн
Тостой сайхан үгтэй
Хүү билээ дээ гээд
Одоо энэ баруун тийшээ гарч бай.
Бид нар энэ зүүн урагшаа зорино доо
Бидний замаас холдож байгаарай!
Бидний мөр доор дайрагдаж
Үхчиж магадгүй, хүү минь чи
Ах нь тостой шөл
Мөлжүүртэй яснаасаа
Их үлдээнээ
Ирж идээрэй гэж хэлэв гэнээ.
Бушуухан гараад явав гэнэ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүхэн гишгүүлээд
Явж явсан чинь
Нэг өвгөн хүн гараад
Энэ чинь шилэндээ шилтэй
Шилбэндээ чөмөгтэй
Нүүрэндээ галтай
Яасан сайн эр вэ дээ!
Мориных нь туурайг харахад
Яасан сайн морины туурайв дээ! Гэж хэлэв гэнээ.
Нүдтэй амьтны нүдийг балайртал
Чихтэй амьтны чихийг дүлийртэл
Харав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёных
Баруун хойшоогоо               
Баахан хэвийсэн айл байв гэнээ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүхэн гишгүүлсээр
Баруун хамрыг
Давав гэнээ.
Даваад морь нь морь биендээ тохироод
Алтан Гургалдай хаан чиг
Алтан Гургалдай биендээ тохироод
Хойд уулыг тойроод давхиад явав гэнээ.
Зүүн талд нь гараад
Нэг өндөр давааны цаад талд
Хүлээгээд нэг хоёр хонов гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Гурван зуун цэрэгтэй
Гучин гурван баатартайгаа
Алтан Гургалдай хааны нь алаад
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийнэ
Албат малаа сэлбэнэ гээд явав гэнээ,
Давааны цаад талд сууж байсан чинь
Гурван зуун цэрэг
Гучин гурван баатар нь үзээд
Энэ чинь ямар гээч амьтан бэ? гээд
Цочоод зогсов гэнээ.
Тэгсэн чинь баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Та нар явахгүй юугаа харсан юм бэ? гээд
Төмөр шилбүүр тасхийлгэн ороолгоод
Хөөгөөд гараад ирэв гэнээ.
Алтан Гургалдай хаан,
Чиний гурван зуун цэргийн толгойг харвах уу
Гучин гурван баатрын чинь толгойг харвах уу гээд
Асуув гэнээ.
Чи миний гучин гурван баатрыг минь байтугай
Гурван зуун цэргийг минь
Толгойг чадах уу гэж асуув гэнээ.
Гурван зуун цэргийн чинь
Толгой энэ вий дээ гээд
Харваад тавьчихав гэнээ.
Гурван зуун цэргийн толгой
Тэнд ч гурав өнхрөөд
Энд ч гурав өнхрөөд явчихав гэнээ.
Чииий муу ганц
Гозон толгойг чинь харвах уу
Гучин гурван баатрыг чинь харвах уу
Гэж хашхирав гэнээ.
Чи миний
Ганц гозон толгойг байтугай
Гучин гурван баатрыг минь
Чадах уу даа гээд орилов гэнээ.
Гучин гурван баатрын чинь
Толгой энэ вий дээ гээд
Харваад тавьчхав гэнээ.
Гучин гурван баатрынх нь толгой
Тэнд ч гурав өнхрөөд
Энд ч гурав өнхрөөд байв гэнээ.
Тэгсэн чинь, чиний
Ганц гозон толгойг чинь
Барьж харвах уу
Бүх биеийг чинь
Барьж харвах уу гэж асуув гэнээ.
Чи миний ганц
Гозон толгойг байтугай
Бүх биеий минь чадах уу даа гээд орилов гэнээ.
Одоо миний ээлж нэг
Болсон байхаа гэж хэлэв гэнээ.
Тэгэх дээр
Алтан Гургалдай хаан
Дэлхийн чинээ
Цагаан цээжийг яраад өгөв гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён
Алтан Гургалдай хааныг
Харваад тавьчхав гэнээ.
Элгэн дундуур нь
Онги цохиод гарав гэнээ.
Хойшоо гэдийгээд
Хойд уулынхаа толгойг авч бөглөөд
Урагшаа бөхийгөөд
Урд уулынхаа толгойг авч бөглөөд
Өдөрт нь эдгээдэг
Өөхөн цагаан эм хийгээд
Хоногт нь эдгээдэг
Хонин цагаан эм хийгээд
Таван өнгийн хадгаар ороочхоод
Одоо  миний  ээлж  болсон  байхаа гэж
Хашхирав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг
Харваад тавьчихсан чинь
Бөгс цээж хоёр болоод
Өнхрөөд явчихав гэнээ.
Тэгсэн чинь морь нь хойноос
Дэвхрээд ирэв гэнээ.
Яав даа чи бушуулаарай
Цаадхыгаа харж байна уу? гэж хэлэв гэнээ.
Харахнаа нь
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Эрдэнийн элгэн хүрэн морь гэдэг чинь
Элгэн улаан хад болоод
Байж байхыг үзэв гэнээ.
Чи чиг хавчихийн сайнаар хавчаарай!
Би чиг давхихын сайнаар давхия гэж
Хэлэв гэнээ.
Мориныхоо үгэнд ороод
Давхихын сайнаар давхив гэнээ.
Хавчихын сайнаар чиг хавчив гэнээ.
Арайхийж дөрвөн
Туурайгаа мултартал нүдэж байж
Элгэн улаан хадыг давав гэнээ.
Давсан чинь цаад талд нь
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Бөгс цээж хоёр
Уулзахдаа хүрч байв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Дээрээс нь сандайлаад
Ам шүдий нь асуугаад
Андгай тангаргий нь аваад
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёныг алчихаад
Авгай хүүхдээр нь
Галынхаа шилээвэр хийе.
Албат малаар нь
Албат малаа сэлбэе! гээд явж гэнэ.
Их хар сүмд нь оров гэнэ
Их хар  хэнгэрэгийг нь дэлдэв гэнэ.
Их хар отог албатыг нь цуглуулав
Дунд хар сүмд нь оров гэнээ.
Дунд хар хэнгэргий нь дэлдэв гэнээ
Дунд хар отог албат нь цуглав гэнээ.
Хөөтэй тогоо, хөгний товч ч үлдээлгүй
Цөмийг цуглуулж авав гэнээ.
Бага хар сүмд нь оров гэнэ
Бага хар хэнгэргий нь дэлдэв гэнэ
Бага хар отог албат нь цуглав гэнээ.
Хөөтэй тогоо, хөгний товч ч үлдээлгүй
Цөмийг цуглуулж авав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны албат иргэд
Авгай хүүхдийг бүгдий нь аваад
Нутаг орон руугаа зүглээд явав гэнээ.
Явах зуураа хэлэв гэнээ.
Би одоо түрүүлье
Та нар Миний гурвалжин зурсан газар үдлээд
Дугуй зурсан газар хоноглоод
Миний хойноос ирээрэй
Гэж хэлээд л яваад өгөв гэнээ.
Явсан чинь урд талд нь
Есөн өнгийн хороор буцалсан
Халуун далай байв гэнэ.
Энэ чинь яасан хэцүү далай билээ гээд
Далай дундуур арайхийж гарах гэж явсан чинь
Морь нь:
Чи чиг хавчихын сайнаар хавчаарай!
Би чиг давхихын сайнаар
Давхия гэж хэлэв гэнээ.
Хавчихын сайнаар хавчиж гэнээ.
Давхихын сайнаар давхиж гэнээ.
Тэгсэн чинь морь нь
Өнөөх халуун далайд
Мах арьс нь шалбарч унаад
Өөрөө дөнгөж л хэлхээтэй яс л 
Гаргаж хаяв л гэнээ.          
Морь нь тэгээд л
Үхсэн мэт хэвтэв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн тал дээр
Эмээл хазаартай мориноосоо салахаараа
Яах билээ гээд
Нэг дуу тэнгэрт
Нэг дуу газарт
Уйлаад бархираад байв гэнээ.
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь гайхаш тасраад
Байж байв гэнээ.
Тэгсэн чинь нэг айхтар
Төмөр харжигнаад ирж байх шиг
Байв гэнээ.
Энэ чинь ямар
Дайсан нь яваа юм болдоо
Энийг чинь харвахаас биш яахав гээд
Нум сумаараа харвах гэж байтал чинь
Мөн нэг чих нь хөдлөв гэнээ.
Одоо муу морь минь босох нь уу гээд
Очоод чагнасан чинь
Би чинь энэ насандаа
Чамд тус хүргэж явлаа,
Эцэс хойд
Насандаа хүүхдэд чинь
Нэг тус болно доо гэж хэлээд үхэв гэнээ.
Өнөө амьтныг
Харвах гээд байж байсан чинь
Дүү бор морь нь дөрвөн хөлөндөө
Дөрвөн төмөр дөнгө зүүчихсэн
Ирж явав гэнээ.
Морио барьж аваад
Алтан Гургалдай хаан
Эр хүн гэдэг чинь
Эзгүй хээрийн тал дээр
Эмээлт хазаарт морьтойгоо уулзах гэж
Байдаг юмаа гээд баярлаад
Далан хүн дамжилж даадаггүй
Данхар хар янгиаг хуу татаж аваад
Чи энэ янгиатайгаа адилхан
Ингэж хувхайрч хэвт гээд           ,
Чулуудчихав гэнээ.
Дөрвөн төмөр дөнгийг хуга татаж аваад
Чи төмөртэйгөө адилхан
Зэвэрч хэвт гээд
Есөн өнгийн хороор буцалсан
Далай уруу хийж орхив гэнээ.
Аль мэддэгийгээ уншаад
Арван гурван сангаа тавиад
Эмээлт хазаарт морио ариулаад
Далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан эмээлээр нь эмээллээд
Гучин гурван олмыг нь татаад
Алтан Гургалдай хаан гэдэг чинь
Мэдээгүй мэлтэлзээд
Тоогүй тормолзоод явав гэнээ.
Өмнөх есөн өнгийн хороор буцалсан
Далай чинь юу ч үгүй
Хөөс болж ширгэж хатав гэнээ. 

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР