Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ?
АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА
Тэнгэр Монгол Газар гэж юу вэ?
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР БОЛ ДУУДЛАГА ЮМ. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ОНГОД ДҮРЭЭРЭЭ ХӨРСТӨД ЗАЛРААД ЭНЭХҮҮ ДУУДЛАГЫГ МОНГОЛ ХҮН БҮР ХЭЛЭН ХӨХ ТОЛБОО СЭРГЭЭН, ЭРЧИМЖҮҮЛЖ ТЭНГЭРИЙН ГЭРЛИЙГ ХҮЛЭЭН АВЦГАА ХЭМЭЭН ЗАРЛИГДАВ.
ЧИНГИС ХААН: “Тэнгэр Монгол Газар. Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Монголчуудын хийморь сэргэн, Хөх Тамга нь идэвхжин босоо заяа эргэн ирнэ”
Тэнгэр Монгол Газар дуудлага нь Монгол хүнд төрөлхөөсөө байдаг Хөх толбыг сэргээж, эрчимжүүлэн, Тэнгэр заяаг мэдрүүлж, Босоо заяаг эргүүлэн авчирдаг.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг яагаад заавал хэлэх хэрэгтэй вэ?
Их Эзэн Хаан онгод дүрээрээ хөрстөд залраад айлдсан Тэнгэрийн Гэрэл айлдвартаа:
......Тэнгэрийн гэрлийн ивээх цаг нь хязгаартай
Тэнгэрийн үрсээ ухаанаараа ялгартал харах хугацаатай...
....Буруу бүхэнг өөгшүүлсний чинь төлөө
Буруу бүхэнг дуугүй байсны чинь төлөө
Буруу бүхэнг дагасны чинь төлөө
Бултаар нь бут ниргэхээр
Тэнгэрийн гэрэл ирчихээд
Тэнхээрч ухаажих замыг чинь заагаад
Тэнгэр улаач элчээрээ
Тэр чигт нь зарлуулж байгааг анхаар.
Товлосон хоног дуусч
Тэсвэр тэвчээр нь барагдмагц
Ухаарч, уярч ойлгож хичээсэн нь аврагдан
Харааж, зүхэж худал яригсад нь бүгд өртөх болно.
Төрийн сонгууль хүртэл хугацааг
Түмэн буман олондоо өгсөнг анхааруулж байна.....
......гэжээ.
Хааны айлдварт дурдагдсанаар болон Их Хааны улаач Аянга удганы бидэнд анхааруулснаар Тэнгэрийн Гэрэл ирчихээд Хөх Монголыг ивээж байгаа бөгөөд энэ хугацаанд Тэнгэр Монгол Газар /цаашид ТМГ гэнэ/ дуудлагаа хэлэн хөх толбоо эрчимжүүлж нарны гэрэлд биеэ дасгах ёстой бөгөөд 2012 оын 6 сарын 1-нээс эхлэн Тэнгэрийн Гэрлийн Ивээх хугацаа нь дуусч дуудлага хэлж биеэ дасгасангууд нь аврагдан дуудлага хэлээгүй нь Тэнгэрийн Гэрэлд шаруулж, өвчин зовлонд баригдан, нарны гэрэлд янз бүрээр өртөх ажээ. Тиймээс л энэ богинохон хугацаанд амжиж аль болох олон Монголчууд дуудлагаа хэлэн биеэ бэлдэж байгаасай хэмээн хүснэ.
Тэнгэр Монгол Газар дуудлагын ач холбогдол
Тэнгэр Монгол Газар дуудлага хэлснээрээ Монгол хүн та хөх толбоо сэргээн эрчимжүүлж, Нарны гэрэлд биеэ дасган Тэнгэрийн гэрлийг хүлээж авах нөхцөл бүрдэн “АВРАГДАХ” ач холбогдолтой.
Мөн Монгол хүн бүр бусад хүн төрөлхтнөөс өөр, онцгой, хөх толботой тэнгэрийн үрс байдаг тул тэд оюун ухааны асар өндөр чадавхи, зөн билиг, авьяас чадварыг агуулж байдаг. Гагцхүү түүнийгээ хөгжүүлэх л юм бол гайхамшиг биелэх билээ. Тэрхүү гайхамшигт Тэнгэр заяа, авьяас чадвар, зөн билиг, түүний илэрхийлэл нотолгоо болох Хөх толбоо сэргээх нь Монгол мандан бадрахын суурь эхлэл. Тэгвэл энэ сэргээх дуудлага нь Тэнгэр Монгол Газар сэргээх идээ нь СҮҮ. Олон зууны турш шарлаж, улаарч, харлаад хамаг авьяас чадвар, зөн билгээ хаалгуулан даруулж, Тэнгэр заяа босоо заяагаа гундуулсан Хөх Монголын хөх толбот тэнгэрийн үрсийг сэрээх дуудлага нь ТМГ юм. Монгол хүн бүр дуудлагаа хэлж бугшмал дарлалыг зад татан цохиж, дарагдсан заяагаа сэргээх хэрэгтэй. Энэ гурван үгийг хэллээ гээд бид юу ч алдахгүй билээ. Харин хэлснээрээ асар ихийг авах болно, авсан гэдгээ та хэзээ нэгэн цагт ойлгох болно, тэгээд баярлан хөөрөх болно.
Монгол хүн өөрийн энгийн нэг өвчин, зовлон, амьдралын наад захын аар саар асуудлуудаа ямар ч эмч домч, бөө, удган, лам, христ гэхгүйгээр засаж чадах авьяастай. Энэ авьяас таны хөх толбонд, таны үндсэн сүнс, таны сэтгэл дотор нуугдаж байдаг. Энэ дуудлагаа хэлж тэрхүү авьяас чавдар, зөн билгээ асаан, өөрийгөө засч, өвчин зовлонгоо илааршуулж худал үнэн нь мэдэгдэхгүй лам хар, бөө удгадаар харайн гүйж, эмнэлэгт очин мөнгө үрж, бясалгалд суун цагаа барж, илээч бариачид очиж олсон хэдээ урсгаад байлгүйгээр өөрт байгаа чадвараа ашиглаж сурах хэрэгтэй юм. ТМГ дуудлагын ач холбогдол маш их. Энд бичиж барахгүй.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хаана, хэзээ, яаж хэлэх вэ?
Энэ дуудлагыг хаана ч хэзээ ч хэлж болно. Наранд, саранд, наргүй болон саргүй байх үед ч, гэртээ эсвэл ажил дээрээ, гадаа эсвэл дотор, өглөө орой, харанхуй бүрэнхий, гэгээтэйд, сэрүүн эсвэл зүүдэндээ, алхаж явахдаа эсвэл автобус, машин дотор, аман дотроо аяархан, эсвэл сэтгэл дотроо үгүй бол чангаар дуудах гэх мэтээр хаана ч, хэзээ ч, яаж ч хэлж болох бөгөөд хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлэн чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Чин сэтгэлээсээ хэлж чадах аваас хаана, хэзээ, яаж хэлэхээс үл хамааран үр дүн нь гайхамшигтай байх болно.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэрхэн хэлэх зааварчилгаа
Тэнгэр Монгол Газар дуудлагыг гагцхүү сэтгэлээсээ сүсэглэн хэлэхийг зарчмаа болгоно. Тиймээс дуудлагын үр дүнг өөрийн биеэр мэдэрсэн зарим хүний арга, туршлага, нийтлэг зааварчилгааг хүргэе.
- Чимээгүй орчинд очин өөрт эвтэйхнээр суугаад гарын алгаа дээш харуулан дуудлагаа дуудна.
- Тэнгэр Монгол газар гэж эсвэл Тэнгэр Тэнгэр Тэнгэр Монгол Монгол Монгол Газар Газар Газар гэж альнаар нь ч дуудаж болно.
- Өрөөнийхөө гэрэл, зурагтыг унтраах юмуу ер нь анхаарал сарниулах элдэв дуу чимээ шум, бүхий орчинг бий болгохоос зайлсхийнэ.
- Анхаарлаа төвлөрүүлэн дуудлагаа 3-5 минут хэлээд биеэ мэдрэнэ.
- Энэ үед гарын алга халуу оргих, эрвэгнэх, зулай халуу төөнөх, бие халуу дүүгэх, эрвэгнэх, ганхан, найгах хөдөлгөөн хийх, уйлмаар, баярламаар санагдах, сэтгэл догдлон хөвсөлзөх, цаанаас ямар нэгэн хүч нөлөөлөөд байх шиг санагдах гэх мэтээр төрөл бүрийн сэтгэл хөдлөл, мэдрэмж бий болон янз бүрээр мэдрэгдэнэ.
- Сүү ууна. Дуудлага дуудаад бие эвгүйрхвэл таны биед байгаа хар муу зүйл болон өвчин эмгэг гадагшилж байна гэсэн үг юм. Тиймээс сүү уугаад дуудлагаа үргэлжлүүлэн хэлнэ. Гэхдээ дуудлага хэлэхийн тулд Заавал сүү ууна гэсэн үг биш юм. Бие эвгүйрхсэн тохиолдолд харин заавал сүү уугаарай. Таны биеийг эрчимжүүлж өгөх идээ юм.
- Анхны удаад таньд юм мэдрэгдээгүй бол дахин дахин хийгээд байх тусам мэдрэмж таны илүү их сайжрана
Тэнгэр Монгол Газар дуудлага дуудахдаа анхаарах зүйлс
Энд санаж явах нэг л зарчим бий. Тэр бол: СЭТГЭЛЭЭСЭЭ ХЭЛЭХ юм. Та дуудлагыг Чин сэтгэлээсээ хэлж өвөг дээдэстээ, тэнгэр эцэгтээ сүсэглэх ёстой бөгөөд зүрхэндээ хайрыг мэдрэнэ.
Тэнгэр Монгол Газар дуудлагын нууц
Тэнгэр Монгол Газар дуудлагыг дуудах үед Тэнгэрээс онгодууд гэрлийн хурдаар хаа байгаа газар нь очиж хүслийг нь сонсож бодлыг нь сонорддог. Яагаад дуудлага гээд буйн учир энд оршино. Учир нь ТМГ дуудлага бол онгод дууддаг үг юм. Энэ онгодууд хаа хамаагүй онгод биш Тэнгэрээс тусгай даалгавар авсан тусгай онгодууд байдаг. Энэ онгодууд Их Эзэн Чингис Хааны албат онгодууд юм. Энд ТМГ дуудлагын нэгэн нууц оршино.
Дуудлага дуудахаар онгодууд ирдэг, дуудлага дуудахаар байгал дэлхий, нар, сар хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг батлахын тулд, энэ дуудлагын амьтай бодитой гэдгийг мэдэрч, харахын тулд л маш олон хүмүүс зураг дараад, янз бүрээр туршиж үзээд үр дүнг нь хараад үнэхээр гайхдаг юм.
Тэнгэр Монгол Газар дуудлагын ҮНЭНГ хэрхэн баталж болох вэ?
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлээд Нар, сарны зураг авч бас болох бөгөөд Дуудлага хэлэхээс өмнө дуудлага хэлсний дараа гэх мэтээр авч үзээд ялгааг нь харьцуулан үзэж болно. Ингэж туршсан зуу зуун зураг бий. Тэр зурагнуудад Нар сар хэдэн янзаар хувирч гурвалжин дөрвөлжин, урт, гонзгой, хэлбэр дүрсгүй болж цацраг нь олон янзаар хувиран зарим нар нар голдоо тас хар цэгтэй гарч, зарим наран дээр уруулын үнсэлт гарч, зарим сар хэлбэрээ алдан урт гонзгой, зуувин болсон гэх мэт сонин хачин тохиолдлууд гарч байгаа бөгөөд энэ бүхэн ТМГ дуудлага амьтай, байгал дэлхий, нар сар амьтай, тэд бүгд хариу үйлдэл үзүүлдэг гэдгийг батлана. Мөн олон гэрэл зурган дээр ТМГ дуудлагын онгодуудын зураг гарчээ. Алтан нар ганц, алиман сар нэг л байхад басхүү түүнийг дуудлага хэлсний өмнө ба дараа хэмээн авахад яагаад ялгаатай гардаг вэ? Гэдгийг бодож үзэх хэрэгтэй юм.
ТМГ дуудлага хэлж Аураны зураг авдаг газраар Аурагаа шинжүүлээрэй. Таны аура илүү гэрэлтсэн сайхан болж, зөв бүтэцдээ орон, бат бөх болсон байхыг та харна. ТМГ дуудлага хэлээд өөрийн тань биед мэдрэгдэх бүхэн, өөрт чинь бий болсон өөрчлөлт бүр энэ дуудлагын амьтай ҮНЭН гэдгийг батлана.
Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүн
Тэнгэр Монгол Газар дуудлагын үр дүнгээр нь энэ Дуудлага амьтай ҮНЭН гэдгийг баталж болно. Халууран эм танд дарагдахгүй байгаа хүүхдэд Тэнгэр Монгол Газар /ТМГ/ дуудлагыг шившин зулай руу нь үлээвээс халуун нь буурдаг тохиолдол байна, ТМГ дуудлага хэлээд архи, тамхи болон олон хорт зуршлаа орхиж чадсан хүн байна, ТМГ дуудлага хэлээд их хотын стресс бухимдлаас салж уур уцааргүй болж байна, ТМГ дуудлага хэлээд авьяас нь билиг нь хөгжиж шүлэг тэрлэдэг нь олон болжээ, ТМГ дуудлагаа хэлэн өөрийгөө анагаан эрүүлжүүлж, биеэ зассан хүн олон байна, ТМГ дуудлагаа хэлж хар муу энергийг зайлуулан гэрлэн биеэ ариусган бэхжүүлж, сэтгэл санаа өөдрөг, амьдралыг гэрэл гэгээтэйгээр харан айх айдас, өвдөх өвчин, шаналах зовиур үгүй болсон олон хүн бий болжээ. Энэ дуудлага үгийг хэрэглээд олон хүний амьдрал болон оюун санаанд их өөрчлөлт гарч байгааг хэлсэн хүн бүхний сэтгэгдэл,нотолгоо гэрчлэнэ. ТМГ дуудлагын үр дүнг мэдэрсэн хүмүүсийн сэтгэгдлийг Тэнгэр Монгол Газар блог дээрээс уншина уу.
Тэнгэр Монгол Газар дуудлагын эцсийн үр дүн бол ГЭРЛИЙН ДАЙЧИН болох юм.
Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлэн хөх толбоо эрчимжүүлсэн хүн бүр биеэсээ гэрэл цацруулдаг болно. Зөн билиг нь сэргэж хосгүй гайхамшигтай Хөх Толбоны Эзэн, Тэнгэрийн үр гэдгээ мэдрэнэ. Гайхамшгийг бүтээнэ. Тэнгэрийн Хөх Толботнууд гэдэг гайхамшигтай.
Бид цус сорогч вампируудтай кино олныг мэднэ. Тэр вампирууд нарны гэрэлд гарахаараа үнс болон хийсч, сөнөж бутардаг. Түүнтэй яг ижилхэн бидний нүдэнд харагдахгүй ч бидэнтэй зэрэгцэн амьдарч байгаа асар олон хар муу сүнснээс өөрийгөө болон гэр бүлээ, элгэн саднаа эх орноо, эргэн тойрноо бас эх дэлхийгээ хамгаалахын тулд хүн бүр ТМГ дуудлагаа хэлэн биеэсээ гэрэл цацруулж Гэрлийн дайчин болох хэрэгтэй болжээ. Монгол хүн хөх толботой тул хүн бүр нь Гэрлийн дайчин болж чадна. Гэрэл биедээ хураан Гэрлийн дайчин болсоноор таны хаа явсан газар биеэс тань гэрэл цацарч эргэн тойрны хар муу энерги устан үгүй болж хорон муу сүнс үхэж үрэгдэж сайн сайхан энерги танаас ундарч, орчин тойрноо гийгүүлэн гэрэлтүүлж амар амгалан бий болно.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлээд онгодууд дуудан өөрийгөө хамгаалуулж хар муу сүнснээс биеэ хамгаалдаг хүмүүс өдөр өнгөрөх тусам олон болж байна. Хэдий чинээ олон болно төдий чинээгээр хар муу сүнс орших орон зай үгүй болно.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлж хөх толбоо эрчимжүүлэн, Монгол хүн бүрт бүр хүн нэг бүрт байдаг авьяас билгээ сэргээн зуун зууны турш дарагдан бөглөрч байсан тэрхүү гайхамшигт зөн билэг, Тэнгэр заяаны ид шидийг нээн илрүүлж, биедээ гэрэл хураахтун.
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР
3 сэтгэгдэлтэй:
монгол төрсөнд би бахархдаг
сайн байна ууӨнөөдөр 2012 оны 7р сарын 4ний өдөр.Тэгхээр 6.1нд хаагдаад дуусцан гэж ойлгож болох уу...Би одоо юу хиивэл дээр вэ надад туслаач
sain btsgaanuu bi neg yum asuuh gesiinmaa nadad zuwluguu ugch tuslaach.manai bagsh shawi nariinhaa udmiinhand heterhii hutgaldaj bdiimaa baishiigeel iim ch zasal tiim ch zasal gj buun mungu tugrug awna suuldee zalhaad bid nar holboo hamaaralgui baiyaa gesen jin ta hediin shuteeniigtengert ni morduultsiishuu gd bn yahuu iim zuil bdiimuu
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002