Миний бие 2011 оны 9 сарын 10-наар интернэт ертөнцөөр аялж, бөө мөргөлийн тухай уншиж яваад л нэг мэдэхэд Аянга удганы блог руу яваад орчихсон байв. Эзэн Богд Хаан маань Аянга гэдэг улаачид буусныг мэдээд ёстой л мэл гайхаж цэл хөхрөв гээч болов. Гайхаж сандарсандаа хожим өдөр судраа цаг минутаа ч тэмдэглэсэнгүй яаж орсоноо ч санахгүйдээ тулчихсан байлаа. Айлдвар зарлигийг нь уншчихаад Монголын нууц товчооныхтой адил дөрвөн мөртүүд байгааг анзаарав. Айлдвар зарлигтаа ирсэн буусан шалтгаанаа зорилго чиглэлээ тодоос тод уран яруу хэлжээ. Зарлигийн зарим үг нь ч амьд сэрүүндээ хэлсэн ярьсантайгаа таарч байлаа. Уншсан бүхэнд ойлгомжтой тул үнэмшихгүй байхын аргагүй байлаа.
Би сүнс онгод болж эргээд бууж өвгөд дээдэс сургаалиа айлддагийг мэдэх тул шууд л итгэв. Ямар ч эргэлзээ төрсөнгүй. Баярлах сэтгэл төрж хашгирч үсэрч дэвхэцмээр санагдав. 800 жилийн дараа Их Богд Эзэн Хаан маань сүнсэн биеээрээ бидэндээ заларч айлдвар зарлигаа түгээж байгаа нь яасан сайхан хэрэг вэ гэж бодов. Эзэн Богд хаан маань жирийн хүн биш 99 тэнгэр буулгадаг онгодтой бөө байсныг сонсож явсан тул ийм хүн махан биеээрээ бууж ирэхгүйг мэдэж байлаа. Би ч түүхийн ийм сонин эрин цаг мөчид төрж энэ бүхнийг нүдээрээ харах их хувь заяандаа талархав. Ёстой л амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэж энийг хэлдгийн болов уу ч гэж бодов.
Хүний сүнс гэдэг хамгийн үнэнч зүйл бүхнийг мэдэгч тул л баярлаж баясах сүнс маань үнэн гэдгийг нотлоод байв. Үнэн зөв юманд сүнс баярлаж бас уйлдгийг ч би мэдэх билээ. Худал хуурмагийг сүнс хүлээн авдаггүйг ч бас мэднэ.. Хүн гэдэг амьтан сүнс болон махан бие хоёроос бүтдэг гэдгийг мэдэж ойлгоод 16 жил болчихсон байлаа.
Ийнхүү их Хаан буусанд баярлаад 2011 оны 9 сарын 11-нд анхныхаа захиаг Аянга удганд бичлээ. Маргааш нь Чингис удганы сайтаас Баянзүрх Хайрханийг амилуулж Зүрх хайрхан нэртэй Хаан уул болгосон тухай уншаад бүр ч их баярлаж дараагийн захиаг 9 сарын 12-нд бичлээ. Дүүрэг маань ийм сайхан тахин шүтэх уул, устай боллоо гээд хорооныхоо хэдэн идэвхтэнд хэлтэл Ичинхорлоо гэдэг буурал Баянзүрх Хайрхан дээр үеэсээ тахилгатай алт мөнгөний авдар гэдэг байсан. Манай нэг их хурлийн гишүүн тахилга хийхэд нь оролцсон гэж байлаа.
Удалгүй удганаас дараалан 2 захиа авч маш их баярлав. Гэтэл 2 хоногийн дараа шар ном болон миний нэртэй өдрийн тэмдэглэл гарсан байхыг олж үзэв. Тэгээд Хаан надтай уулзана, удаан хүлээлгэж чилээсэнд өршөө гэж хүлцэл өчихийн зэрэгцээ, ээжийгээ ч санан дурссан байв. Хааныг чилээсэндээ санаа зовж, уулзана гэсэнд нь гүнээ талархаж хариу бичлээ.. Энэ бүхнээс би Эзэн Хаан гэдэг өчүүхэн намайг төдийгүй, Монголчуудаа ямар их хайрлаж бас бидний өмнө ямар их хариуцлага үүрдгийг ойлгов. Удганы хэлдэг Хаан гэж, хаадын дээд Хаан гэж ийм л хүнийг хэлдэг нь үнэн байх гэж бодлоо.
Би ийнхүү удгантай бүтэн 2 сарын турш майлээр харилцаж нүүр царайгаа харалцаагүй мөртөө дотно сайн анд нөхөд болсон билээ. Удганы маань амьдрал зан ааш олон талаараа надтай адилхан бөгөөд сэтгэл хөөрөл, гэнэн цагаан, шулуун шудрага, муу санаагүй, өөртөө тохиолдсоныг үнэн мөнөөр бичиж байгаа нь ч надад таалагдав. Ингэж би түүнийг төрснөө мэт хайрлаж, бодсон санаснаа хуваалцах болсон юм.
Удалгүй Б.Мөнхгэрэл гэдэг залуугийн блог руу орж маш залуу хун байсанд гайхаж эчнээ танил болов. Чингис групп гэж байдгийг мэдээд сонирхсон намайг гишүүнээр бүртгэж авсан түүнд талархаж байна. Ийнхүү миний бие Чингис бүлхэмийн гишүүн болж Удганаар засал хийлгэн Хаантай уулзах анхны уулзалт, Зүрх Хайрханы тахилга, Монгол Тэнгэр Үнэн ТББ байгуулах үйл ажиллагаанд оролцож эхлэв. Энэ талаар тусад нь бичсэн болно.
Миний бие сүнсээ хөгжүүлэх талаар огт мэддэггүй, тийм боломж ч бага социализмийн үед төрж өссөн билээ. Далдын зөн совингийн талаар элдэв ном сонин олдвол уншин сонирхож цуглуулдаг байв. Учрыг нь олохгүй гайхаж, сонирхсон нөхөдтэйгөө хааяа шивнэлдхээс цаашгүй байлаа. Бидний үеийнхэн социализмийн үед өсч бойжсон тул шашингүйн үзэл санаагаар хүмүүжиж байв. Тэр хориотой бүхнийг сонирхох сонирхол дотроосоо ундраад л байдаг байв. Их сургуулийн гун ухааны ангийг төгсч их сургуулийн багш хожим нь ТИС-ийн багш болж ахлах багш, дэд профессор, хожим нь ШУТИС-ийн хүндэт профессор болсон би тэтгэвэрт гарав.
Энэ бол ардчиллын үед цэргийнхэн болон олон хүүхэдтэй эхчүүдийг эрт тэтгэвэр гаргасан хэлмэгдүүлэг байлаа. Эрх мэдэлтнүүд ч хүнийг халж солих явуулах энүүхэнд л байв. Олон багш нар өөр сургууль руу явж билээ. Эдгээр цол хэргэмээ би одоогийнх шиг амар хялбар олж аваагүй тул хайрлан хүндэтгэж явдаг. Манай тэр үеийн Политехникийн их сургуулиас Монголын орчин цагийн инженер техникчид анхны алтан үе хүмүүжин бойжиж гарсан билээ. Цаашид ч улсын маань ирээдүйг тодорхойлогч эрдэмтэн мэргэд инженер техникчид мянга мянгаараа төрөн гарах болноо гэж бахархаж явдаг. Олон хүүхэдтэй хүн яаж ч ажилгүй суух билээ.
Удалгүй Шинжлэх Ухааны академийн нэгэн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар орж олон шашин ардчилал, үзэл суртал, төрийн үзэл баримтлал, соёлын талаар судалж цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичиж байтал тэрсүүд үзэлтэн гэж бид хэдийг үзсэн үү 2000 онд хүрээлэнг маань татан буулгасан юм. Бидний дунд ардчиллыг эхлүүлсэн эрдэмтэн доктор ч байлаа. Тэр хүнийг ардчиллын анхны алтан хараацай ч гэж хэлж болно. Бид ардчилал буруу замаар яваад байна гэж үзэж байсан юм. Эх орноо зөв замаар явуулахсан гэсэн бидний сэтгэл зүтгэл талаар өнгөрөв. Захирал болох миний багш доктор П.Нэргүй маань одоо болтол бичсээр ганц дайчин ганцаардахгүйн үлгэрээр нийтэлж хэвлүүлж л сууна.
1990 оны ардчилсан хувьсгалаар социализмийн үзэл суртал хийсэн алга болж ардчиллын замыг Монголын ард түмэн сонгосон билээ. Гэтэл сахил хүртээд шал дордов гээч болж буйг өнөөдөр бүгд харж байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгч болж байгаа бусуу. Ардчилал монгол оронд олон чухал зүйл авчирсан боловч өнөөдрийнх шиг тартагтаа тултлаа ард түмэн ядуурч байсангүй. Харин ч ядуу орныг хөл дээр босгож хүн амыг нь 3 сая шахам болгон орчин цагийн улс болон хөгжүүлсэн билээ.Социализмийн үед л хамгийн гол зүйл болох ард түмний амьдрал өнөөдрийнх шиг тартагтаа тулаагүй, байгаль экологи үндэсний аюулгүй байдал өнөөдрийнх шиг алдагдахдаа хүрээгүй юм.
Монголын ард түмэн 1911 оны үндэсний хувьсгалаар тусгаар улс болсон боловч удалгүй 1915 оны 3 улсын гэрээгээр хятадын нэгэн автономит муж улс болсон. Тэр үед Монголын эх орончид 1921 оны ардын хувьсгалаар Зөвлөлт Оросын тусламжтайгаар тусгаар тогтнолоо олж авсан түүхэн үнэнг хэн ч үгүйсгэхгүй буйзаа. Өөр зам байсангүй. Коминтерний, Зөвлөлт Оросын тулган хүлээлгэлтэн дор 40 шахам мянган алтан ургийнхан, лам, хар, анхны улс төрийн болон намын, цэргийн зүтгэлтнүүдээ хэлмэгдүүлсэн байдаг. Тэднийхээ халуун амь бүлээн цусаар дэнчин тавьж байж олон улсын хүнд нөхцөлд тусгаар улс болсон билээ. Энэ бол жижиг улс үндэстэн тусгаар тогтнохын тулд хүлээсэн гашуун үнэн байсан юм. Ийнхүү алдаж оносон зүйл их боловч эцсийн дүн нь тусгаар тогтнол байлаа.
Гэтэл ардчилалд оров гэж магнай хагартлаа баярласан монголчууд түүний үр шимийг хэрхэн үзэж байгааг бодоод үзвэл тун хэцүүхэн үр дүн харагдаж байна. Хамгийн гол зүйл болох ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож баян ядуугийн ялгаа өдөр шөнө шиг болж, зэрлэг капитализмийн амин хувиа хичээх, өнгө мөнгө, өмч хөрөнгийн хойноос улайран хөөцөлдөж хүнээ байж ядуурал эцэстээ тулж байгаа, хүний муу муухай бүхэн цэцэглэж оюуны хоосролд орж, манжийг, оросыг даган дууриаж байсан шигээ харийг хуулан дуурайж монголоо гээж байгааг харахад үнэхээр элэг эмтэрмээр .Ардчиллаар тогтооно гэсэн шудрага ёс нь хаа байна. Үнэн гэж байна уу гээд л олон нам болон хэрэлдэж бие биеэ үзэн ядаж улс төрийн хэрүүлээс ард түмэн залхахын дээд болж байна. Энэ бүхнийг бидний хэдэн судлаачид Монголын нийгмийн тулгамдсан асуудлууд 6 боть номондоо бичсэн юм.
Харамсалтай нь бичсэн бүхнийг маань амьдрал нотолсоор эдүгээ хүрлээ. 1990 оноос шүтэх бишрэх эрх чөлөөг тунхаглаж Монголд харийн шашны урсгалууд чөлөөтэй нэвтрэх болов. Их дээд сургуулийн багш бас судлаачын хувьд энэ шинэ үзэгдлийг судлах мэдэх шаардлага гарав. Христийн сүмд очиж ном сонсов. Библи судраас ч уншиж номын дууг нь сонссон чинь христийн олон урсгалууд адилхан христ ярьдаг мөртөө бие биеэ үгүйсгэж байхыг сонсов. Манай уламжлалт шашинг хуурамч гэдгийн байна. Тэгэнгүүт ардчилсан оронд бусад шашныг муучлах нь зүйд нийцэхгүй улс орны аюлгүй байдалд ч харшилж байгаа, хууль зөрчиж байгааг хүртэл нийтлэлдээ бичсэн билээ. Өвөг дээдэс маань ч бусад шашныг хүндэлж ирсэн уламжлалтай.
Гэтэл удалгүй дэлхийн энхтайвны эмэгтэйчүүдийн холбоо гэгч Монголд салбараа байгуулна гээд хэдэн идэвхтэнгүүд уригдан очиж салбарийг нь байгуулав.Тэгтэл биднийг хичээлд урьж Христ болон Сан Мэн Мүний сургааль ярьж биднийг аврах гэж ирсэн гэдгийн байна. Ингээд л бас нэг шашны сэкт энэ байгууллагын ард нь байгааг ойлгож, сүм хийдэд нь очсонгүй, лекц яриаг нь ч сонсохоо болив. Тэд нэрд гарсан хүмүүсийн хойноос ангуучилж элдэв арга хэмжээ зохиож, учир мэдэхгүй үзэл бодол нь төлөвшөөгүй залуусыг өөртөө татаж, монгол охид хөвгүүдийг харийнхантай гэрлүүлэх ёслол хийдэг нь огт таалагдсангүй.
Гэвч би тэр эмэгтэйчүүдийн байгууллагын буяны үйл ажил ТББ-ийнх нь хувьд нэлээн ажилласан ч тэд өөрсдийн шүтлэг бишрэлд ороогүй хүмүүстэй хүйтэн хөндий ханддаг нь тэр бурханы хайр гэдэгтэй ч харшилж нүүр царай нь танигдаад ирэв. Намайг гадаад явах хойгуур удирдах зөвлөлөөсөө гаргасан байж билээ. Оросууд тэдний талаар тун таагүй бичсэн номыг ч олж уншсан юм. Бараг улс орноосоо хөөн гаргасан байдаг. Гэтэл манайд ерөнхийлөгчийн ивээл дор элдэв гоё нэртэй арга хэмжээ зохиогоод байж л байна.
1990 оноос хойш шүтлэг бишрэлгүй би гандангаар явж зурхай судалж засал номоо хийлгэдэг болов. Энэ хугацаанд буддын шашны талаар нэлээн мэдлэгтэй болж хаана хэн гэдэг лам ямар ном уншдаг, үздэг болохыг ч мэддэг болов. Гэсэн ч нэг л хүчтэй сүсэглэж чадахгүй явлаа. Ёс болгож сэтгэлээ тайвшруулж ном уншуулаад л байдаг хүн болов. Нэлээн гайгүй танил болсон лам маань намайг зовж явахад үнэн сэтгэл гарган үзэж өгөөгүйд нь зөвхөн мөнгө хөөж байсанд нь гомдсон билээ. Одоо цагийн лам нараа гэж.. Тэд үнэн сэтгэлээ гаргадаггүйн байна лээ. Удалгүй Монголд иога ихэд дэлгэрч намайг очооч гээд олон хүн хэлэх болов. Би ч сураг сонсоод мөнгө авч бизнес болгоод байгаа шиг санагдаж очсонгүйд зарим нь цаг чинь болоогүй гэж гайхуулна.
2002 оны 7 сарын нэгэн өдөр би их дэлгүүрийн хажуугийн шон дээр үнэгүй бясалгалын лекцтэй гэсэн зар байхыг харав. Ингээд л тэр Шри Чинмойн төвд бясалгаж багшаасаа авшиг хүртэж шавь болов. Авшиг өгсөн тэр мөчийг би маш сайн бие дээрээ мэдэрч миний урд насны нүгэл хилэнцийг арилгаж өгсөн багшдаа одоо болтол талархаж замаар нь тууштай яваагүйдээ хүлцэл өчдөг билээ. Гэтэл залуу шавь нар замаасаа гарвал доошоо унадаг гэж айлгана. Гэвч нүгэл хийгээгүй тул яав л гэж зөрүүдлэв. Гэвч хүний сүнс өөрийгөө хайж замаа бэдэрч багшаа сольж өөрийгөө эрж хайж явдаг гэж багш маань айлдаж байсныг мэдэх тул замаасаа гарлаа гээд айсангүй хүлцэл өчсөн билээ. Би ч мөн тэнд айхтар шүтлэгтэн болж чадахгүй байгаагаа мэдрэв.
Гэтэл одоо бодоход би дотор талаасаа нилээн бэрх хүмүүн байсан санж. Намайг нэгэн нэртэй зурхайч гарын алга үзээд чи өөрийнхөөрөө л явах хүн байна гэж билээ. Үнэн хэлсэн байв. Багш маань 2007 оны 5 сард монголд ирж урд насандаа монгол хүн байсан, моринд хайртай гэж хэдэн морь малчдыг эргэж сайхан дуу зохиож байж билээ. Гэтэл багшийн айлчлалын үеээр 10 жил болсон шавь нар монгол ёс заншлаа мартаж байгаа нь ёстой таван үгнээс танигдав. Тэднийг би их сайхнаар бодож явдаг байж билээ гэтэл ёстой ус асгах шиг үг хэлдгийн байна шүү. Тэгээд л би 6 жил болсоны дараа өөрийгээ тэнд байж чадахгүйг мэдэрч бясалгалдаа явахаа болив. Харин би багшаасаа сэтгэл зүрхний амьдралын тухай болон маш олон яагаад асуултандаа хариулт авсандаа талархаж явдаг.
Энэ бүхэн миний сүнсний хөгжлийн нэг үе шат байжээ гэж одоо ойлгож байна. Энерги ба сүнсний талаар хангалттай мэдлэгтэй болсон би цаашаа бас л энерги судалж рейкийн тухай ном олж үзэн рейкийн 1 ба 2-р данг авлаа. Өөртөө болон бусдад энерги дамжуулж сурав. Харин 3-р данг авахгүй гэж шийдэв. Яагаад гэвэл би зөвхөн өөртөө л үр хүүхэддээ л хэрэглэхийг хүссэн бөгөөд багш болохыг хүссэнгүй. Ядарсан надад рейки ч бас тус болов. Сүүлийн дөрвөн жил би 4 зүгтээ бүх дэлхийн бүх хүмүүст, монголчууддаа сайн сайхныг хүсдэг бясалгал хийдэг болов. Энэ бясалгалыг сайн гэж Энэтхэгийн нэрт аватарийн нэг Вивэканада, Америкийн сэтгэл судлаач Жудит Орлоффын номоос мэдсэн юм.
Тэгээд 4 болон хааяа 10 зүгтээ сүү цайныхаа дээжийг өргөөд л сэтгэл сүнсээ тайвшруулаад байдаг боллоо. Манай ээж гээд л сүү цай өргөх талаар огтхон ч мэдлэггүй болсон хүн байлаа. Надад ер нь энэ талаар зааж өгөх хүн байдаггүй л байлаа. Аав маань сүмд шавилж байгаад хар болж, тайж угсаа гаралтай гэж баригдахын даваан дээр хот орж хоёр дайнд оролцож явсан билээ. Гэвч эрт талийгаач болж асуух ч хүнгүй болсон байв. Сүүлийн үед хангай дэлхийдээ сүүгээ өргөөд байдаг болсныгоо хөгшрөөд сэтгэл сүнс нь өөрөө шаардаад байгаа юм байхдаа гэж бодох болов. Миний сүнс урд насныхаа уламжлалт сүүн өргөлөө нэхээд байна л гэж боддог байв.
Би оюутан цагаасаа монголын уламжлалт мөргөл бөө мөргөлийн талаар сонирхож явсан бөгөөд гадны шашнууд бол бөөг хүй нэгдлийн үеийн хоцрогдсон шүтлэг гэдэг юм Харин би бөөгийн талаар нэрт эрдэмтэн Ч.Далай, О.Пурэв нар сүүлийн үед С.Дулам, Сүхбат, Д.Бум-очир, Гэрэлчулуун, академич Бира гуайн бас орос хэл дээр Алексейвийн ном бүтээлтэй танилцан уншиж судалж явлаа. Бөө зайран дээр очиж үзүүлэхгүй болохгүй хэцүү үе тохиолдовч тэр сайн зайран удганыг нь танихгүйгээс хойч олж очиж чадахгүй л явав. Том охин бөөд очиж өвөг дээдсээ мэдэе гэх боловч би яагаад ч юм за гээд гараад явахгүй л байлаа. Тэгээд ч бөө мөргөл Мөнх тэнгэр сургаалийн талаар 1997 онд манай хүрээлэнгээс гаргасан номонд би Монголчууд Мөнхтэнгэр шүтлэгтэй байхдаа хүчтэй байв гээд биччихсэн байлаа. Түүх үзээд байхаар яахын аргагүй л ийм дүгнэлтэнд хүрээд байлаа. Тэр нийтлэлээ би бүлхэмийнхээ сайтад тавья гэж бодож байгаа.
Би тэгээд монгол хүн унаган өөрсдийн шүтлэгээ авах л хэрэгтэй юм байна гэж бодох болов. Тэгээд одоо маш олноороо төрж байгаа бөө удгадыг харж сонирхож явна. Зарим нь их л зөв ярьж Монголынхоо төлөө байгааг нь YouTube-р ч сонсож байна. Манай залуу бөө судлаач эрдэмтэн Д.Бум-очир бөө удгад маш олноороо төрж байгаа нь галзуурал биш гэж дүгнэснийг ортой болуу гэж боддог .Мөн залуу эрдэмтэн Мөнх тэнгэр академийн ерөнхийлөгч Гэрэлчулуун Мөнх тэнгэр шүтлэг Монгол төрийн шүтлэг, бодлого болох ёстой гэж байгаатай санал нийлдэг билээ.
Ийнхүү би сүнсэн биеэ таньж мэдэх хөгжүүлэх гэж 20иод жил бэдэрч явсаар нэг л мэдэхэд Чингис удгантай холбогдож хүссэн юм хүзүүгээр татах шиг болов. Ийнхүү Чингис бүлхэмийн анхны хэд маань Тэнгэр цолтой удганаар заслаа үнэ төлбөргүй хийлгэсэн азтай хүмүүс байлаа. Үүнийг би дотроо хүлээгээд өөр бөө руу явахгүй хүлээгээд байсан юм байна гэж одоо боддог. Учиргүй юм гэж байдаггүй гэж энийг л хэлэх байх. Чингис Удган маань засал хийгээд зогсоогүй биднийг Эзэн Богд Хаантай уулзуулсан ачтай буянтай хүн билээ. Сүүлийн жил би өөрийн гэсэн блогтой болж олон түмэнд дуу хоолойгоо хүргэхсэн, санал бодлоо солилцохсон гэж бодох болоод удаагүй байлаа.
Тэтгэвэрт гарсан хүн хайчих вэ блогтой болоё гээд л Facebook нээгээд гого.мн сайтын танин мэдэхүйн буланд охин бид хоёр чамгүй олон жижиг нийтлэл бичиж билээ. Чингис бүлхэмийнхэн маань намайг загатнасан газар маажив гэгчээр нийтлэлчдийн тоонд оруулсанд талархаж тэнгэрийн үйлд нь хичээн зүтгэж далайд дусал нэмэр болоё гэж бодож байна. Бидний монголчууд Хааныхаа нэрээр дэлхийд гайхуулж, цээжээ дэлдэж нэр алдрыг нь цээрлээд хэлдэггүй Монгол ёс заншил, эх захаа алдаж, захын хүн тэнгэрийн цолоор нь дуудаж, архи дарсан дээр нэрийг нь тавьж бизнестээ ашиглаж, худал зохиол бичиж түүхийг ч гуйвуулж мөнгө олох болсон нь юутай гутамшиг.
Бид өнөөдөр дэлхий даяарх элдэв аймшгийн алууртай кино үзэж, мэдээгээр элдэв муу мэдээ сонсож олон намын хэрүүлийг сонсож, үнэн худал нь мэдэгдэхгүй сонин уншин, хэн ч мэдэхгүй хааны тухай олон ангит кино үзэж суухаас Эзэн Богд Хаан түүний баатар жанжидын тухай, эх түүхийнхээ тухай үнэн бодит мэдлэгээр хир яваа билээ. Захын хүнээс асуувал нэрийг нь хэлэхээс цаашгүй гэхэд хилсдэхгүй дээ. Хэдэн судлаач, түүхчид, ахмад үеийнхэн, сонирхогчид л дуугарах байх. Гэтэл Эзэн Богд Хаан маань сүнсэн биеэрээ эргэн ирлээ, айлдвараа өгч байна гэхэд үнэмшихгүй хэлсэн хүнийг бараг л галзуу солиотой гэх нь гайхмаар. Эзэн хаанаа бүр хүлээн зөвшөөрөхгүй дээрээ тулаад байгаа морь уралдуулдаг нэгэн байна гээд бод л доо. Өнөөдөр бид хэн бэ гэдгээ монгол хүн бүр сайтар ухамсарлаж би гэдгээ олох өөртөө итгэлтэй болж хөх толбоо хийморь сүлдээ, босоо заяагаа сэргээх сайхан цаг ирлээ.
Түүхээсээ салж ойд төөрсөн сармагчин лугаа болсон бид нойрноосоо сэрэх цаг болж, хувь заяаныхаа эзэн болох цаг иржээ. Бид хэзээ ч өвөг дээдсээ мартаж болохгүй тэдэндээ сүүн өргөлөө өгч Хаан, Хайрхануудаа тахиж шүтэж байх ёстой гэж боддог. Гэвч үлгэр үнэн болох цаг удахгүй ойртож байна. Зөн билэгт монголчуудын маань хөх толбо нь сэргэж байгааг ТВ-ийн олон нэвтрүүлгээр харж байна. Миний сүнсний эрэл хайгуул өнөөдөр Мөнх тэнгэр шүтлэгт хүргэлээ гэж бодож байна. Бидний шүтлэг бидний дотор, бидний зүрх сэтгэл, яс мах, цусанд байдаг юм байна гэдгийг ойлгон мэдэрлээ.
Сүнс энэ тэрээ мэдэрч мэддэггүй хүмүүс бол шоолох л байх. Зөвшөөрөх нэг нь зөвшөөрнө биз, үгүйсгэх нэг нь үгүйсгэх л байх. Өвөг дээдсээ тахиж шүтэж явахгүй бол болохгүй гэдгийг энэ олон мянгаараа төрж байгаа бөө удгад хэлээд байгаа бусуу. Бидэнд хамгийн үнэнч шүтээн бол Өвөг дээдсийн маань шүтээн Мөнх хөх тэнгэр, Өвөг дээдэс маань биш гэж үү.
Миний хувьд Чингис удгантай танилцаж хааны дуу хоолойг чихээрээ сонсож асуулт асуусан азтай хүмүүсийн нэг билээ. Удахгуй Монголчууд бүгдээрээ Эзэн Хаантайгаа ярилцаж дуу хоолойг нь сонсох, Мөнх тэнгэрийн сургаалийг нь сонсох сайхан боломжийг Тэнгэр удган, Чингис удган маань олгож байна. Бидэнд зориулсан тэнгэр монгол газар гайхамшигт үгийг бүлхэмийнхэн маань хэлж наран ээж, саран ээжтэйгээ харилцаж тэднийг амьтай хариу өгдөг гэдгийг биес дээрээ туршин мэдэрч, зураг, гэрэл туяаг нь буулган авч байна. Монголчуудын өвөг дээдэс үнэхээр үеийн үед үр ач бидэндээ мэргэн сургааль номоо айлдаж, улаачаараа уламжлуулан үнэн түүхийг хүргэж ирсэн гайхамшигт буурлууд юм. Ийм л ухаалаг Тэнгэр язгуурт хүчирхэг өвөг дээдэстэй ард түмэн билээ бид.
Энэ цөвүүн цагт Эзэн Богд Хаан маань эрэлхэг дайчдынхаа хамт Мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлхээр буун ирсэнд эргэлзэх зүйлгүй гэж бодож байна. Шинэ эрин зуун, шинэ мянган солигдох энэ мөчид ч Эзэн Хааны маань буулт тохиож байгаа нь цаанаа учиртай буй заа. Учиргүй юм гэж байдаггүй гэдэгт итгэж байна. Бидний Монголчууд сүүлийн 300 жилд Мөнх тэнгэрээсээ, эцэг өвгөдийн сургааль, тэнгэр язгуураасаа холдож төөрч будилж, алдаж онож явсаар өдийг хүрчээ. Сүнс сүүдэр маань ч уг гарвалаа хайх болжээ. Монголчууд өөрсдийнхээ өмнө өвөг дээдсийнхээ өмнө дэлхийн өмнө хүлээх үүрэг хариуцлагатай гэдгийг Мөнх тэнгэрийн Улаач цорын ганц үнэнч хүү нь болох Эзэн Богд Хаан маань сүнсэн биеэрээ заларч айлдвар номоо гаргаж та биднийг гэгээрэхийг хүсч байна.
Зөвхөн Монголын ч өмнө бус дэлхийн өмнө үүрэг хариуцлагатай гэж мэдэгдэж байна. Үр ач болсон бид нар өвөг дээдсээ сонсохгүй бол хэнийг сонсох вэ? Монгол хүн бүр хар муу үйлээ ухаарч, гэгээрэх Тэнгэрийн санааг ойлгон, Эзэн Богдынхоо гайхамшигт айлдварыг хүлээн авах цаг нь иржээ. Гэтэл зарим хүмүүс биднийг гайхан сонсож, солиорч гэх нь холгүй байх юм. Солиорсон гээд байгаа монгол хүний тоо өдрөөс өдөрт өсч байна. Мөнх тэнгэртэйгээ холбогдлоо гээд солиорох гэжүү. Гэтэл хятад солонгосууд яагаад өвөг дээдсийнхээ сүнсэнд залбираад мөргөөд байдаг, бид яагаад болдоггүй, ихэнхдээ талийгаач нарын 49 хоногийг нь гүйцээгээд орхидог юм. Үүний учрыг сайн бодож үздээ. Бид нарыг Тэнгэрээс нь өвөг дээдсээс нь талийгаачдынх нь сүнс сүлдээс нь холдуулан хэдэн зуунийг үзэв? Тэнгэрээс нь таслах, алтан ургийг устгах улс төрийн үйл ажиллагаа сүүлийн 300 жилд явжээ гэхэд хилсдэхгүй. Тэнгэрийн улс болохоороо л яаж ийгээд тогтоод байж. Гэтэл үнэхээр өнөөдөр Монголд хүн, мал оршин амьдрах байгаль эколоид аюул учраад байгааг ойлгохыг хүсэхгүй хоосон л яриад л байгаа нь сонин. Тэмцсэн нэгнээ ад үзэж муулна. Зарим үед бид монголчууд мөн уу ч гэж эргэлзэх үе гарна.
Гэвч эх орноо гэх Монголоо гэх өвөг дээдсээ санагалзсан сайхан залуус олноороо төрөн гарч байгааг харж баярлаж бахдаж явна. Эд нар маань хүүхэд залуу насандаа эрхлэн наадаж дэгэж дэрвэж, баярлан цэнгэж сурч боловсорч явах атал яагаад хүүхэд насандаа ийм гүн бодолд орж үнэнийг эрж хайх болов?. Эх орныхоо ирээдүйн төлөө зовох болов?. Насандаа байхгүй ахмад үеэсээ илүү ухаантай боловоо? Энэ бүхэн нэгийг л хэлээд сануулаад байгаа бусуу. Бид нар муу хэлдэг тэр коммунизм социализмын үед чинь ардчилал хумигдмал байсан ч бага залуудаа эх орондоо амгалан тайван, өлсөж цангалгүй инээж наадаж, ирээдүйдээ итгэлтэй, дуу хуур болон, бодох санах юмгүй сурч боловсрон, үр хүүхдээ өсгөж, эх орныхоо сайхан Мөнх Хөх Тэнгэр, Алтан нарыг харж цэнгэг агаараар нь амьсгалж хурдан морьдоороо, мал сүргээрээ, баатарлаг өвөг дээдсээрээ бахархаж өссөн билээ.
Гэтэл одоо залууст маань үр хүүхдүүдэд маань ирээдүйдээ итгэх итгэл бахархал байна уу? Ухаж төнхүүлэх уул ус, бохиртон урсаж ширгэх гол мөрөн, утаанд хордон өсч буй балчир үрсээ, хавдар нийгмийн халдварт өвчин мэтэд шаналан зовж буй элэг нэгтнээ, архинд живэн, биеэ үнэлэх охид залуусаа, траншейнд амьдрах балчир үрсээ, залуу насаа яайрин болгох охид хөвгүүдээ, харь газар ажиллаж амьдрах залуусаа, төр засагтаа буудуулж амиа алдах иргэд, хохирсон цагдаа нараа харах ямар хатуу нийгмийг үзэж явнаа. Өнгө мөнгөнд хууртагдан шуналтаж олз ашиг хөөгчид хүнээ байж, эх орныхоо баялгийг ухан худалдаж байхыг ч харж сууна. Үнэхээр гаслантай. Ийм хүнд хэцүү дээшээ харвал тэнгэр хол доошоо газар хатуу цаг мөчид аврал болсон Эзэн Хаан маань морилон заларч байнаа.
Бүлхэмийн гайхамшигт залуус маань “тэнгэр монгол газар” гурван дуудлагаа хэлж эрч хүч аван Наран, Саран ээждээ залбирч амьд гэдгийг мэдэрч зураг аван буулгаж гайхан баясч байна. Гэрэл туяаг нь харж байна. Эдэндээ итгэхгүй гээд яахав бодитойгоор л бидний дээр мэлтийгээд хараад хариу өгөөд байж байна шүү дээ. Онгодын маань улаач болсон шувууд ч үзэгдэж харагдах болов. Эзэн Богд Хаан маань Мөнх Тэнгэр Монголыг ивээдэг, одоо биднийг ивээлдээ авлаа гэж айлдаж байна. Өвөг дээдэс маань хичээж байна. Бид ч бас хичээвэл Монголчуудын заяа буян түших бус уу. Мөнх Тэнгэрийн ивээл дор, Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол орон маань Мандан бадраг. Тэнгэр мэдэг
Тайжийнхан овогт Д.Нарандулам
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002