2012-01-23

Алтан гургалдай 2-р хэсэг


Дүү бор морио барьж унаад
Орон нутагтаа зүглээд явж явав гэнээ
Тэгсэн чинь
Тэнгэр газар хоёр нийлэх мэт болоод
Аянга  буух  гээд  болохоо  байв гэнээ.
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь гайхаш тасраад
Энэ чинь одоо
Ниргэж алахаар шийдлээ гэж
Бодоод уйлаад явав гэнээ.
Морь нь хэлэв гэнээ.
Эхийн хувцас бий бол хэрэг болно доо
Тиймгүй бол чи бид хоёр одоо үхлээ дээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Далан таван хар тэнгэрээс
Онготой  бөө  шүү дээ
Одоо аянга буулгаж алахаар
Шийдлээ гэж хэлэв гэнээ.    
Нэг ганц дан ягаан цамц өгснийг би
Гурван хөшөө чулууны
Хамгийн дунд дээр тавьсан даа гэж хэлэв гэнээ.
Чи тэр газраа мэдэх үү гэж асуув гэнээ.

Мэднээ гэсэн чинь
Чи одоохон яваарай
Би давхихын сайнаар давхия
Чи хавчихын сайнаар хавчаарай гээд
Давхиад явав гэнээ.
Яваад хүрсэн чинь
Гурван хөшөө чулууны
Хамгийн дунд дээр
Ганц дан ягаан цамц нь
Гандчихсан байж байв гэнээ.
Түүнийг аваад
Хамгийнхаа дотор талаар
Өмсөөд авсан чинь морь нь
Оготны нүх руу адууны хомоол болоод өнхрөөд орчихов гэнээ
Алтан Гургалдай хаан чиг
Ухаан алдаж унав гэнээ.
Арайхийж нэг сэргэсэн чинь
Тэнгэр онгойсон байв гэнээ.
Гадуур газрыг нь хага хага ниргээд
Хамаг хувцсыг нь урж хаялаад
Ганц дан ягаан цамцны нь энгэрээс
Наян алд зэс хошуу
Дүүжлээстэй байв гэнээ.
Түүнийг авч
Таван өнгийн хив хадгандаа  
Ороож өвөртлөөд
Орхисон чинь
Морь нь морь биендээ тохирчхоод
Хүрээд ирэв гэнээ.
Тэгээд л морио унаад явав гэнээ.
Өөрийнхөө нутаг оронд
Хүрээд ирсэн чинь
Алтан сүмбэр
Уул нь харагдаад байв гэнээ.
Өвс гэдэг чинь дөрөө зуураад
Хөхөө шувуу донгодоод
Хөх ногоо дэлгэрээд
Ус булаг оргилоод
Ногоо мод найгаад
Үнэг чоно нъ үнгэлдээд
Хандгай буга нь зөрөлдөөд
Буга согоо нь бужигнаад байв гэнээ.
Хөндий дүүрэн хөх буурал адуу
Хангай дүүрэн
Хар саарал адуутай юмсан билээ.
Түмдийн голоор дүүрэн
Түмэн халзан тэмээтэй билээ
Өөлдийн голоор дүүрэн
Өлөн улаан монголтой билээ.
Хотгор газрыг
Хорголоороо дүүргэсэн
Үй түмэн хоньтой билээ.
Харагдах бараагүй
Хаачсан юм бол доо гэж
Бодоод явж явав гэнээ.
Алтайн алтан Сүмбэр уулынхаа
Орой дээр нь гараад
Арван зүгтээ харав гэнээ.
Бууц нь хонхойгоод харагдав гэнээ.
Нэг чиг амьтан үзэгдэхгүй
Алтан мөнгөн хоёр уяанаас нь
Нэг шар хадаг намираад харагдав гэнээ.
Эр хүн гэдэг чинь
Эзгүй  хээрийн  талд
Эхнэр хүүхэд юмнаасаа хагацаад
Цор ганцаараа боллоо доо гээд
Уйлаад бархираад байв гэнээ.
Морь нь хэлэв гэнээ.
Чи ядахдаа бууцан дээрээ
Очооч дээ гэж хэлэв гэнээ.
Алтан Гургалдай хаан
Мориныхоо үгээр
Бууцан дээрээ ирэв гэнээ.
Уяанаас нь алд шар бичиг
Уяатай байв гэнээ.
Түүнийгээ очоод үзсэн чинь
Цэцэн гоо дагина хатны
Захиа байв гэнээ.
Чи голомтоо хутгаж үзээд
Галаа унтарсан байвал
Миний хойноос битгий очоорой
Унтраагүй байвал
Миний хойноос очоорой!
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангастай
Нэгдэж суугаад явлаа шүү.
Түүний дүү дөчин таван толгойтой
Дөнөн хар мангас гэж байна.
Түүний дүү гучин таван толгойтой
Гунан хар мангас гэж байна.
Түүний дүү хорин таван толгойтой
Хотгор хар мангас гэж байна.
Хамаг бүгдий чинь аваад явлаа шүү,
Ахын чинь амийг хадгалж
Баруун хатавчиндаа
Ганц домбо цайтай
Ганцхан иргийн нас гүйцсэн
Эр хонины махтай
Энэ газар доор хийлээ шүү гэж хэлсэн байв гэнээ.
Голомтоо хутгаад үзэв гэнээ
Бөндийсөн улаан цог гараад ирэв гэнээ.
Алтан Гургалдай хаан баярлаад
Ганьт нэртэй гаансанд
Галзуу улаан тамхийг
Ганц нэг шившээд
Сууж байв гэнээ.
Баруун  хатавч  руугаа  харсан  чинь
Бөөрөнхий улаан чулуу
Харагдав гэнээ.
Бөөрөнхий улаан чулууг нь
Ховхлоод хаясан чинь
Доороос нь хавтгай
Хар чулуу гарав гэнээ,
Хавтгай хар чулууг нь
Ховхлоод хаяв гэнэ.
Энүүний доор амьтай голтой
Амьтан байвал гарч ирээрэй гээд
Хашхирав гэнээ.
Амьтай голтой амьтан чиг байна даа
Ямар амьтан намайг ингэж
Нар салхины бараа
Харуулдаг билээ гэж хэлэв гэнээ.
Наян алд гэзгээ унжуулаад өгөв гэнээ.
Энүүний үзүүрээс бариад
Гараад ир дээ гэж хэлэв гэнээ.
Ах нь ганц домбо
Цайны шавхруу тасраагүй
Ганц иргийн мах тасраагүй
Ахын чинь авгай
Тамчийн улаан бэргэн гэдэг чинь
Тэр хоёрыгоо барьсаар
Гарч ирэв гэнээ.
Газар дээр ганц дүүтэйгээ
Ингэж уулздаг байжээ гээд
Уйлаад бархираад
Тэврээд авав гэнээ.
Тэгээд ахдаа хэлэв гэнээ.
Ямар амьтан ирээд
Миний эхнэр хүүхдийг
Аваад явчихав гэж асуув гэнээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас аваад явчихсан
Гэж хэлэв гэнэ.
Би одоо түүнийг даръя
Одоохон явъя гээд
Алтан Гургалдай хаан гэдэг чинь
Яараад явах гэж гэнээ.
Ах нь, би одоо чамаасаа
Хагацаж өгөхгүй гээд бариад авав гэнээ.
Би одоо явуулахгүй гээд
Зуураад тавиулахгүй байв гэнээ.
Би одоо чамайг
Явуулахгүй бол одоо
Боож үхье дээ гэж
Бор шидмэс аваад
Модойтол гүйв гэнээ.
Тэгсэн чинь ах нь
Миний дүү яв даа яв гэж
Хэлэв гэнээ.
Ахдаа хэлэв гэнээ.
Миний хойноос
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Албат иргэн, авгай хүүхэд
Адуу мал ирж яваа шүү
Тэднийг сүмбэр уулынхаа зүүн үзүүрээр
Буулгаад захирч байгаарай
Тэдний хоолноос битгий идээрэй
Энэ сүмбэр уулынхаа
Гөрөөснөөс идээрэй гээд
Сүмбэр уулынхаа гөрөөснөөс
Арын гөрөөсийг
Аргал хоргол болтол намнаад
Өврийн гөрөөсийг
Өтөг шороо болтол намнаад
Ахдаа хоолыг нь бэлтгэж өгөөд
Ааг амьсгаагүй давхиад л
Яваад өгөв гэнээ.
Ах нь дайснаа дараад
Дархан цолыг олоорой
Өстнөө дараад
Өргөн цолыг олоорой гэж
Ерөөгөөд хоцров гэнээ.
Тэгсэн чинь баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Албат, хатад нь ирэв гэнээ.
Тэднийг
Алтайн алтан Сүмбэр уулынхаа
Зүүн үзүүрээр буулгаад
Тэднийг захираад сууж байв гэнээ.
Алтан Гургалдай хаан гэдэг чинь
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасыг алаад
Авгай хүүхдийг алахаар талахаар
Яваад өгөв гэнээ.
Явсаар байгаад
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасын
Нутагт нь орж явав гэнээ.  
Тэгсэн чинь нэг их
Олон адуу хариулсан
Өвгөн явж явав гэнээ.
Хамуутайхан бор даагатай
Дэрсэн нумтай
Хулсан сумтай
Нусгай бор хүү
Хаагаараа хар эсгий цувуулсаар
Борвиороо бор эсгий цувуулсаар
Шагайгаараа шар эсгий цувуулсаар
Хамуутайхан бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр хүрэв гэнэ.
Ах минь наанадаж хоолны дэмжиг
Цаанадаж унааны сэлбэг
Хайрлаач дээ гэж гуйв гэнээ.
Сайн чиг хариулсан дүүрсэн юм.
Муу чиг хариулсан дүүрсэн юм.
Хүү минь  
Адууны түрүүнд явж
Гурван жил сувайрсан
Сувай гүү барьж авч чадвал
Хоолны дэмжиг хийнэ үү
Унааны сэлбэг хийнэ үү
Өөрөө мэд дээ гэж л хэлэв гэнээ.
Хамуутай бор даагаа 
Өлгүүлэнхэн гишгүүлсээр барьж авав.
Аман хүзүүгий нь хуга мушгиж унагаад
Аргал хомоолхон хормойлоод
Арьсыг нь өвчөөд
Унгас  ноос  шиг  зөөлөн  болтол элдээд
Хөгшин хүн мал хариулж
Явахдаа доороо дэвсээрэй гэж
Хэлээд өгөв гэнээ.
Махыг нь шараад
Нэг завжаараа махыг нь
Нэг завжаараа ясыг нь цувуулаад идэв гэнээ
Өвгөн түүнийг хараад
Миний түрүүний хаантай
Яасан чиг адилхан юм бэ дээ гэж
Уйлаад бархираад байв гэнээ.
Танай түрүүний чинь хаан
Хэн гээчийн хүн байсан юм бэ?
Одооны чинь хаан хэн гэгч хүн
Байгаа юм бэ? гэж асуув гэнээ.
Манай түрүүний минь хаан
Жил гаруй мал хариулахад
Сайн муу нийлсэн
Зуу гаруй малаар шагнадаг даа
Амилсан бурхан шиг
Хаан байсан юм сан.
Одооны минь хаан
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас гэж бий дээ.
Түүний дүү дөчин таван толгойтой
Дөнөн хар мангас гэж бий.
Түүний дүү гучин таван толгойтой
Гунан хар мангас гэж бий
Түүний дүү хорин таван толгойтой
Хотгор хар мангас гэж бий гэж
Хэлж гэнэ.
Мал хариулаад очиход
Шагнах ч байтугай
Цагааны шар ус ганцхан аяга өгөөд
Хуурай модыг хугартал
Нойтон модыг эгширтэл
Нүдээд явдаг даа гэж хэлэв гэнээ.
Түрүүнийхээ хаантай
Амьд амгалан уулзах болтугай гэж
Залбирч яваарай гэж хэлээд
Нэгэн гүвээ давав гэнэ.
Хорин таван толгойтой
Хотгор хар мангасынхыг үзэв гэнээ.
Хорин таван толгойтой
Хотгор хар нохой чи байна уу? гээд
Үүдэн дээр нь очоод
Үүдий нь товцгоороо гэр дээр нь
Сунгаж хаяад оров гэнээ.
Хорин таван толгойтой
Хотгор хар мангас гэдэг чинь айгаад л
Манай хоёр ах бид гурав
Ердөө гэмгүй амьтан шүү.
Энэ гэмий чинь
Манай хамгийн том ах
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас хийсэн шүү
Бид гурав ерөөсөө гэм байхгүй.
Амийг минь авраач дээ гэж гуйв гэнээ
Ахынхаа амин сүнсийг хэлбэл алахгүй
Тэгэхгүй бол чамайг ална гээд
Хорин таван толгойг нь
Хорин таван хөгнөнөөс нь
Хөгнөөд орхив гэнээ.
Миний хоёр ах бид гуравт
Амин сүнс байхгүй дээ.
Ерэн таван толгойт
Ендгэр хар мангасын бол  
Амин сүнс бий дээ.
Хойд ууланд
Хоёр бор эрээн харцага бий дээ.
Долоон хон хэрээ бий дээ.
Дэрэн дээр нь 
Мөнгөн хайрцаг бий дээ.    
Мөнгөн хайрцаг дотор
Алтан хайрцаг бий дээ.  
Алтан хайрцаг дотор
Шүрэн хайрцаг бий дээ.
Шүрэн хайрцаг дотор              
Алтан мөнгөн хоёр загас
Усан дотор сүлжин тоглож яваа даа
Баруун мөрөн дээр нь
Аяганы чинээ улаан мэнгэ бий дээ
Манай ах урагшаа явахаараа
Хойноосоо ирдэг
Хойшоо явахаараа                 
Урдаасаа ирдэг                 
Зүүн тийшээ явахаараа           
Баруун талаасаа ирдэг
Одоо зүүн тийшээ явсан
Баруун талаас ирнэ дээ гэж хэлэв гэнэ
Аа тийм үү                       
Чи ахынхаа амин сүнсийг        
Бүрэн хэлэхгүй байна уу гээд
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Хорин таван толгойгий нь
Тас цавчаад хаяв гэнээ.
Гэдсийг нь хага татаад орхисон чинь
Хотгойдын хүүхэд хойшоо
Урианхайн хүүхэд урагшаа гээд
Тэрэг тэмээгээр хөвөөд унав гэнээ.
Гучин таван толгойтой
Гунан хар мангасынд хүрэв гэнэ дээ
Гучин таван толгойтой
Гунан хар нохой чи
Яваад ир гээд хашхирав гэнээ.
Үүдэн дээр нь очоод
Үүдий нь товцгоороо
Гэр дээр нь сунгаж
Чулуудаад оров гэнэ.
Миний дүү ах бид гурав          
Ердөө л гэмгүй амьтан шүү
Манай хамгийн том ах
Хамаг юмыг хийсэн шүү.
Бид гурвын амийг авраач дээ гээд
Амиа гуйж байв гэнээ.
Чамайг ахынхаа амин сүнсийг хэлбэл
Би чамайг алахгүй
Ахынхаа амин сүнсийг хэлэхгүй бол
Чамайг ална гэж хэлэв гэнээ.
Гучин таван толгойг нь
Гучин таван хөгнөөр
Хөгнөөд тавьчихав гэнээ.
Миний дүү ах бид гуравт ч
Амин сүнс гэх юм байхгүй
Манай хамгийн том ах
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас гэж бий дээ,
Түүний баруун мөрөн дээр
Аягын чинээ улаан мэнгэ
Бий дээ гэж хэлэв гэнээ.
Хойд ууланд долоон хон хэрээ бий дээ
Хоёр бор эрээн харцага бий дээ
Түүний авдар дээр
Мөнгөн хайрцаг бий дээ
Мөнгөн хайрцаг дотор
Алтан хайрцаг бий дээ
Алтан хайрцаг дотор
Шүрэн хайрцаг бий дээ
Шүрэн хайрцаг дотор
Алтан мөнгөн хоёр загас
Усан дотор сүлжин тоглож байгаа даа
Түүнээс өөр ч юм
Байхгүй гэж хэлэв гэнээ.
Аа чи муу
Ахынхаа амин сүнсийг
Бүгдийг хэлэхгүй байна уу гээд
Гучин таван толгойгий нь
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Тас цавчив гэнээ.
Гэдсий нь хага татаад орхисон чинь
Хотгойдын хүүхэд хойшоогоо
Урианхайн хүүхэд урагшаагаа гээд
Тэрэг тэмээгээр хөвөөд унав гэнээ.
Цааш нь нэг гүвээ даваад очсон чинь
Дөчин таван толгойтой
Дөнөн хар мангасынх харагдав гэнээ.
Үүдэн дээр нь очоод
Үүдий нь гэр дээр нь
Сунгаж чулуудаад
Дөчин таван толгойтой
Дөнөн хар нохой чи
Гараад ир гэж хашхирав гэнээ.
Миний хоёр дүү бид гурав
Ердөө л гэмгүй амьтад шүү
Манай хамгийн том ах
Энэ явдлыг хийсэн шүү гэж л
Хэлэв гэнээ.
Чи ахынхаа амин сүнсийг
Хэлбэл би чамайг алахгүй
Ахынхаа амин сүнсийг хэлэхгүй бол
Би чамайг ална гэж хэлэв гэнээ
Би ахынхаа амин сүнсийг хэлье дээ
Амий минь авраач дээ гэж гуйв гэнээ.
Дөчин таван толгойгий нь
Дөчин таван хөгнөнөөс нь
Хөгнөөд орхив гэнээ.
Манай ахын
Баруун мөрөн дээр нь
Аягын чинээ улаан мэнгэ бий
Түүний авдар дээр
Мөнгөн хайрцаг бий дээ
Мөнгөн хайрцаг дотор
Алтан хайрцаг бий дээ
Алтан хайрцаг дотор
Шүрэн хайрцаг бий дээ
Шүрэн хайрцаг дотор
Алтан мөнгөн хоёр загас
Усан дотор сүлжин тоглож яваа даа
Хойд ууланд хон хэрээ бий дээ
Хоёр бор эрээн харцага бий шүү
Өөр чиг юм байхгүй гэж л хэлэв гэнээ.
Ах чинь одоо бий юу гэж
Асуув гэнээ.
Манай ах хойшоо явахдаа урдаасаа ирдэг
Урагшаа явахдаа хойноосоо ирдэг
Одоо зүүн тийшээгээ явсан
Баруун талаасаа ирнэ дээ гэж
Хэлэв гэнээ.
Аа тийм бий чи!
Ахынхаа амин сүнсийг
Бүгдийг хэлэхгүй
Нууж байна уу гээд
Дөчин таван толгойг нь
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Та цавччихав гэнээ.
Дөчин таван толгойтой
Дөнөн хар мангасын
Гэдийг хага татаад орхив гэнээ.
Хотгойд нь хойшоо
Урианхай нь урагшаа гээд
Тэрэг тэмээ хөтлөөд
Хөвөөд унав гэнээ.
Тэгээд цаашаагаа явав гэнээ.
Ерэн таван толгойтой  
Ендгэр хар мангасынх харагдав гэнээ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр очив гэнээ.
Хамуутайхан бор даагаа уяанаас нь уях гэж гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн гарч
Нохойгоо хорьж өгч л гэнэ.
Асар Басар хоёр нохой нь
Барьж идчих гэж байв гэнээ.
Хойлог тонжин хоёр
Шувуу ухчих гээд байв гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн чинь
Элэг мадаггүй хөхрөөд
Гарч л элэглээд дооглоод
Нохойгоо хорихчоон болов гэнэ.
Хамуутай бор даагаа
Уяанаас нь уях гэсэн чинь
Мориных нь цулбуурыг даахгүй
Шажигнаж байв гэнээ.
Хаан хүний морины уяа байтлаа
Хамуутайхан бор дааганы
 Цулбуурыг даахгүй
Яасан билээ дээ гээд морио
 Хад болтол хантраад
Хайрцаг болтол тушаад
Дэрсэн нум, хулсан сумаа
Хааны өргөө дээр тавих гэсэн чинь
 Нум сумыг нь даахгүй
Шажигнаж байв гэнээ.
Хаан хүний өргөө байтлаа
Нусгай муу хүүгийн
Нум сумыг даахгүй
Яасан билээ дээ гээд
Хулсан сумаа газар хатгачихаад
Дэрсэн нумаа өлгөчихөөд
Оров гэнээ.
Ороод очсон чинь                 
Ахын нь авгай                     
Тамчийн улаан
Бэргэн гэдэг
Булган хөнжил дотор
Тэлчлээд хэвтэж байв гэнээ.
Баруун хатавчинд нь сөгдөөд
Амгалан ий нь айлтгав гэнээ.
Дуртай дургүй гүнгэсхийв гэнээ.
Энэхүү гуйранчид
Цагааны шар ус хийж өг гэж гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн
Цагааны шар ус хийгээд өгөв гэнээ.
Хангинатал уучхаад
Аягы нь цэмбийтэл долоогоод
Дэрнийх нь авдар дээр аваачаад тавив гэнээ.
Чиний амин сүнс энэ вий гээд
Мөнгөн хайрцаг уруу нь хараад
Нүдтэй амьтны нүдийг балайртал
Чихтэй амьтны чихийг дүлийртэл
Шинжии харав гэнээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасынх
Зүүн хойшоогоо баахан хэвийсэн
Айл байв гэнээ.
Гараад явав гэнээ.
Хоёр шивэгчин хүүхэн гэдэг чинь
Элэглээд дооглоод
Элэг мадаггүй хөхрөөд
Савж унаад байв гэнээ.
Нохойгоо хорьж өгмөр болов гэнээ.
Хойд ууланд нь гарав гэнээ
Долоон хон хэрээнд нь арай л
Нүдээ ухуулсангүй олов гэнээ.
Хоёр бор эрээн харцага байв гэнэ дээ
Нэгий нь алчихаад л
Нэгий нь алж чадалгүй
Алдчихав гэнэ дээ.
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангас чи              
Эндээс ирэх биз дээ гээд
Гэрийнх нь баруун тийшээ
Зүглээд явав гэнээ.
Нэг их жалгыг огтлоод
Нэг их давааны хажууд
Хараад сууж байв гэнээ.
Тэгсэн чинь л
Нэг их олон цэрэг яваад
Харагдах шиг байсан чинь
Ерэн таван толгойтой
Ендгзр хар мангас
Арзганаад ирж явж харагдав гэнэ дээ.
Чиний баруун мөр чинь энэ вий дээ гээд
Харваад тавьчихав гэнэ дээ
Тэртээ уулыг өшиглөөд
Энтээ уулыг дэрлээд  унаад  өгөв гэнээ.
Алтан Гургалдай хаан гэдэг чинь очоод л
Ерэн таван толгойгий нь
Түмэн хүний цусанд түлбэрч үзээгүй
Түүхий улаан илдээрээ
Тасар цавчлаад хаячихав гэнэ дээ.
Тэр ч гурав өнхрөөд
Энэ ч гурав өнхрөөд харагдав гэнээ
Гэдсий нь хагалаад орхисон чинь
Хотгойд нь хойшоо
Урианхай нь урагшаа гээд л
Тэрэг тэмээ хөтлөөд
Хөвөөд унав гэнээ.
Алтан Гургалдай хаан чиг
Алтан Гургалдай биендээ тохироод
Морь чиг морь биендээ тохироод
Сүн далайг долгилтол нь давхиад
Сүмбэр уулыг доргитол давхиад
Ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасынд хүрч ирэв гэнээ.
Ахынх нь авгай
Тамчийн улаан бэргэн
 Нохойгоо хорьж өгөв гэнээ.
 Газар дээр ганц дүүтэйгээ
Ингэж уулзах гэж байдгаа даа гээд
Дайснаа дарав уу
Дархан цолоо олов уу
 Өстнөө дарав уу
Өргөн цолоо олов уу гэж асуув гэнээ.
Дайснаа дарлаа
Дархан цолоо оллоо
Өстнөө дарлаа    
Өргөн цолоо оллоо
Та нар сайн сууж,
Байна уу даа гэж асуув гэнээ.
Бид нар яахав
Амьд л байна даа гэж хэлэв гэнээ.
Ороод очиж гэнээ.
Утаагүй улаан галаа түлээд
Уургүй улаан цайгаа чанаад
Таван өнгийн тансаг идээ
Таваглаж байгаа гээд
Таван өнгийн хорыг
Таваглаад өгөв гэнээ.
Сайн зөв санаатай нь үлд
Муу буруу санаатай чинь
Энүүндээ хордож үх гээд
Тооно өөд нь цацав гэнээ,
Тэгсэн чинь муу санаатай нь үхэж
Сайн санаатай нь үлдэж байхыг үзэв гэнээ.
Дэрнийх нь авдар дээрээс нь
Алтан мөнгөн хоёр хайрцагтайг
Авч өвөртлөөд гарав гэнээ.
Түүний нь хээр аваачаад шатаав гэнээ.
Тэгээд хатнаа эрээд
Нэг хавцалхан жалга өөд өгсөөд
Явж л явав гэнээ.
Нэг их сайхан Шагшавадийн үнэр
Ханхлаад байв гэнээ.
Яваад очсон чинь
Нэг тэнгэр тулсан хар
Овоохой харагдав гэнээ.
Тэгсэн чинь тэндээс
Асар Басар хоёр нохой нь давхиж ирээд
Салхины зөв талд нь гарч эрхлээд
Буруу талд нь гэрч урчих гээд
Хойлог тонжин хоёр шувуу
Салхины зөв талд гарч эрхлээд
Буруу талд нь гарч дэвчих гээд байв гэнээ.
Гадна нь очоод нохой хорь гээд
Хамуутайхан бор даагатай
Нусгайхан бор хүү очив гэнээ.
Нэг муу эрүү өвдөг хоёр нь
Нийлчих шахсан чавганц
Таягаа тулсаар гарч ирээд
Нохойгоо хорьж өгөв гэнээ.
Овоохойны үүд нь
 Далан хүн дамжилж даахгүй
Далай ширмэл үүд байв гэнэ.
Сөхөж өгөх гээд чадахгүй
Үүдэнд нь хавчуулдчихав гэнээ.
Чавганц ирээд үүдээ сөхөж оруулав гэнээ.
Танай нутаг хаана байдаг вэ? гэж асуув гэнээ.
Мэнд сайн явж ирэв үү гэжээ,
Сайн явлаа гэж хэлзв гэнээ.
Тэгсэн чинь далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан шаазанд чинь
Гүүний айраг хийгээд өгөв гэнээ.
Түүний нь уугаад
Нэг амь гол орж суув гэнээ.
Танайх хаана байдаг вэ?
Хаанаас ирэв гэж асуув гэнээ.
Би энд гэх гэр орон байхгүй
Тэнд гэдэг аав гэж байдаггүй
Энэ гэх л эзэн тэнгэр ноён байхгүй
Хошуу тойрсон гуйлгачин явна даа гэж хэлэв гэнээ.
Хошуу тойрч гуйлгачилж явахдаа
Ямар нутгаар явав даа гэж асуув гэнээ.
Би баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны нутгаар явлаа даа,
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Болзоотын бор толгой гэдэг дээр
Алтан Гургалдай хааныг алаад
Алаг сайхан махы нь
Цахалчаад байна гэж хэлэв гэнэ.
Энэ чинь яасан
Муу ёрын муу шинжийн амьтан бэ? гэж хэлээд
Ухаан алдаад уначхав гэнээ.
Тэгэхлээр нь навтархай
Дээлээсээ ураад утаж гэнээ.
Ухаан санаа оров гэнээ.
Тэгэхлээр нь муу ёрын
Амьтан би тандаа
Зайлж өгье дээ гээд яваад өгөв гэнээ.
Хамуутайхан бор даагаа
Өлгүүлэнхэн гишгүүлсээр
Далд оров гэнээ.
Маргааш өглөө болоод
Алтан Гургалдай хаан
Алтан Гургалдай биендээ тохироод
Морь нь морь биендээ тохироод
Ааг үгүй давхиад         
Амьсгаа үгүй хатираад
Хүрээд ирэв гэнээ.
Мөн тэгсэн чинь
Алтан Гургалдай хааны
Цэцэн гоо дагина хатан чинь
Мөн биендээ тохироод гарч ирж
Асар басар нохойгоо
Хорьж өгөв гэнээ.
Ороод очсон чинь
Дайснаа дарав уу
Дархан цолыг олов уу
Өстнөө дарав уу
Өргөн цолыг олов уу гэж гэнээ.
Өстнөө дарлаа
Өргөн цолыг оллоо.
Дайснаа дарлаа
Дархан цолыг оллоо гэж гэнээ.
Цэцэн гоо дагина
Утаагүй улаан галаа түлээд
Уургүй улаан цайгаа чанаад
Таван өнгийн
Тансаг сайхан идээг таваглаад  
Далан хүн дамжилж даадаггүй
Далай цагаан шаазанд
Гүүний айраг сөгнөөд
Баярлаад сууж байв гэнээ.
Тэгсэн дэрнийх нь авдраас
Дөрвөн настай
Сэгсгэр үстэй хүү гараад ирэв гэнээ.
Чи чинь миний ээжийн дэргэд
Дээд талыг аваад суудаг
Ямар гэгчийн амьтан бэ?
Чи хэн хааны албат вэ?
Хэтийн  санаа  хэнд  вэ?
Хэрэг зориг чинь юунд вэ?
Гэж загнаад байв гэнээ.
Ээж нь:
Миний хүүгийн аав шүү дээ
Наадах чинь гэж л хэлэв гэнээ.
Миний аав биш ээ,
Миний аав мөн бол
Тэмээн чинээ чулууг
Тэнгэр тултал тэвэг өшиглөн
Үхрийн чинээ чулууг
Үнс болтол тэвэг өшиглөн
Хонины чинээ чулууг
Хоггүй болтол тэвэг өшиглөнө дөө гэж
Хэлэв гэнээ.
Би гарч хүүдээ
Ид шидээ үзүүлэх үү дээ гэж
Асуув гэнээ.
Тэг дээ гэж зарлиг болов гэнээ.
Алтан Гургалдай хаан гараад
Тэмээн чинээ чулууг
Тэнгэр тултал тэвэг өшиглөв гэнээ.
Үхрийн чинээ чулууг
Үнс болтол тэвэг өшиглөв гэнээ.
Хонины чинээ чулууг
Хоггүй болтол тэвэг өшиглөв гэнээ.
Аа, миний аав мөн байна!
Дайснаа дарав уу
Дархан цолыг олов уу
Өстнөө дарав уу
Өргөн цолыг олов уу
Надад юм үлдээв үү гэж хэлэв гэнээ.
Хүүдээ юм үлдээсэн гэж хэлэв гэнээ.
Аа тэгвэл одоо би явна гээд
Явах гээд болохоо байв гэнээ.
Нас чинь бага
Цус чинь шингэн байна шүү
Миний хүү байзна даа
Ядахдаа толгойдоо
Мэсний ир чиг хүргээгүй гэж хэлэв гэнээ.
Тэгээд явахаа жаахан тогтнов гэнээ.
Тэгээд ерэн таван толгойтой
Ендгэр хар мангасын албатыг
Өөрийнхөө албат хатадтай нийлүүлж аваад
Гэртээ харихаар цуглуулав гэнээ.
Ахынхаа авгай
Тамчийн улаан бэргэнд
Элч илгээв гэнээ.
Чи эндээ хоцор доо
Зуун шөвөг авах уу даа
Зуун хуурай авах уу да
Зуун эмнэг сувай гүү
Авах уу даа гэж
Асуугаарай гэж хэлэв гэнэ.
Би чинь ядахдаа
Зуун сувай гүүг нь авъя даа
Ядаж нэг зуун жил чиг болсон
Идье дээ
Зуун шөвөг
Зуун хуурайгаар ч яахав дээ
Гэж хэлэв гэнээ.
Элч ирээд зуун сувай гүүг нь
Авъя гэж байна гэж хэлэв гэнээ
Аа тэрүүнийг
Зуун эмнэг сувай гүүний
Сүүлнээс уяад тавьчхаарай,
Гэж хэлэв гэнээ.
Зуун эмнэг сувай гүүний
Сүүлнээс ахынх нь авгай
Тамчийн улаан бэргэнийг
Зүүгээд тавьчхав гэнээ.
Зуун хэсэг тасдаад хаячхав гэнээ.
Тэгээд хамаг юмаа цуглуулаад
Гэртээ ирэв гэнээ.
Нутаг орондоо ирсэн чинь
Ах нь нөгөөх Бидэр хар ноёны
Албат хүүхдийг захираад сууж байв гэнээ.
Алтан Гургалдай хаан ирээд
Өөрийнхөө албатуудыг
Баруун талаараа хорооллуулаад
Буулгав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны
Хатад хүүхдийг
Зүүн талаараа хорооллуулаад
Буулгав гэнээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноёны хатнаар
Галынхаа шилээвэр хийгээд
Албат малаар нь
Албат малаа сэлбээд авав гэнээ.
Жаран жилийн жаргал хийв гэнээ.
Жаран алд зэлээн татав гэнээ.
Жараахай болсон унагаа уяв гэнээ.
Наян жилийн найр үүсгэв гэнээ.
Наян алд зэлээ татав гэнээ.
Наян унагаа барьж уяв гэнээ.
Найр цэнгэлээ хийгээд
Үнэхээр их сайхан байж гэнээ.
Жаран жилийн жаргал хийгээд
Наян жилийн найр хийгээд
Бүгдээрээ амгалан жаргалтай
Аль дураараа цэнгэн жаргав гэнээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР