2011-07-25

Чингис хаантай хөөрөлдсөн минь 1-р хэсэг


Миний блогт зочилж энэхүү бичлэгийг унших гэж байгаа таны амар мэндийг эрэн мэндчилье. Чингис хаантай хөөрөлдсөн минь гэдэг энэхүү нийтлэлийг уншихаасаа өмнө миний хэлэх хэдэн үгийг сонсож болгооно уу. 


Компьютерийнхаа ард тухлан сууж интернэт рүү ороод урьдын адил элдвийг үзээд явж байсан чинь Чингис хаантай ярилцлаа энээ тэрээ гэсэн хачин сонин бас утгагүй ч юм шиг гарчигтай юм харвал би лав дотроо ямар солиотой нь ийм юм бичдэг байна аа гэж бодно, эсвэл сайндаа нэг шагайж харчаад шал дэмий юм гээд явах байсан байх.

Учир нь аль 800 жилийн тэртээ таалал төгссөн Их Эзэн Хаантай амьд хүн яаж үг солих болж байна, эсвэл Чингис хааныг буулгадаг гэж ярьдаг олон арван худал бөө, нөгөө Чингис хааны удам, хунтайж хэн хэн ч билээ олон хүнийх нь нэгтэй уулзсанаа сүр бадруулан бичиж байгаа биз гэж бодох байсан. Гэтэл....

Гэтэл би ийм нийтлэл бичих дээрээ тулна гэж санасангүй явлаа. Хүн амьтан намайг солиотой галзуу, мухар сүсэгтэн, гэнэн итгэмтгий мангар амьтан гэж дуудах байсан ч хамаагүй Би Чингис хаантай яаж уулзсанаа бичих л болно. 

Тэгэхээр юуны өмнө "бөө" гэж мэддэггүй хүн яг одоо энийг уншиж байгаа бол уншихаа боль гэж зөвлөмөөр байна, учир нь энэ нийтлэлийг уншаад миний хэлсэнд итгэ гэж хэлэх нь цагаан толгой мэддэггүй хүний өмнө зузаан ном тавиад энийг уншаад ойлгоотох гэж хэлж буйтай агаар нэгэн болох юм. Эсвэл сонгуулийн үеэр нэр дэвшигч олон нийтийн өмнө гарч ирээд би ингэнэ тэгнэ надад итгэ надад саналаа өгөөч гэж хэлэхтэй адил худал хуурмаг зүйл мэт болно. Тиймээс би хэн нэгэн нь миний талаар буруу сэтгэгдэлтэй үлдээсэй гэж хүсэхгүй байна.

Харин бөө мэддэг, бөөг ойлгодог хүмүүс цааш үргэлжлүүлэн уншиж болох бөгөөд гагцхүү нэг эхэлсэн бол тэвчээртэйгээр дуустал нь уншихыг эсвэл дундаас нь орхисон тохиолдолд харааж доромжлохгүй байхыг хүсье. Учир нь утгыг үл ухагсад ус гатлаагүй байж хормой шуухын үлгэрээр бүрэн уншиж, утгыг ойлголгүйгээр үл итгэхийн мананд автагдах аваас тэр хэрээрээ мунхарсны шинж болох юм.

Бичих гэж буй зүйл минь хүн нүдээр үзэж гараараа тэмтрэхгүй л бол итгэмгүй хачин санагдах тул ийнхүү урт оршил бичиж таныг залхааж байна. Таньд одоо ч гэсэн боломж байна, та энэ бичлэгийг уншихаа болиод миний блогоос өөр бичлэг ялангуяа гайхамшигт аялгуу гэсэн энэхүү http://duulin.blogspot.com/2011/06/blog-post_12.html линкээр орж сэтгэл санаа уужруулам уянгалаг эгшиг аялгуу сонсонгоо, хээр талын цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх зун цагийн сайхан зурагнуудыг үзэх эсвэл зүгээр л компьютерийн дэлгэцнийхээ баруун дээд буланд байгаа X чагтыг дараад гарч болно.  

Би Эзэн Чингис хаантай хэрхэн уулзав? яаж уулзав?

Аль 8 зууны тэртээ Монгол Улсыг мандуулан бадруулж, өнөөгийн дэлхий дахин Монгол биш Чингисийн Монгол гэхээр л мэддэг тийм л алдрыг, тийм л агуу түүхтэй улс орныг бидэнд үлдээгээд тэнгэрт одсон агуу их ч бас бодит бие хүн болох Чингис хаантай 21-р зуунд 2011 онд жирийн нэг залуу тэр дундаа очиж очиж хамаатан садан найз нөхдөөс нь өөр хэн ч мэдэхгүй ямар ч алдар цолгүй, олны танил биш нэг баагий уулзсан гэхээр их хачирхалтайн дээр басхүү яаж тийм юм байдаг байна гэж хэн бүхэн гайхах нь зүйн хэрэг.
Үнэндээ таалал төгсөөд 784 хавар өнгөрсний дараа Эзэн Чингис ямар арга замаар энэ орчин цагт ирж би яаж хаантай уулзав гэдгийн нууц бол Эзэн Чингис хаан өөрийн улаач буюу бидний ертөнцийг өөр ертөнцтэй холбож байдаг бөө гэдэг зүйлээр дамжиж уулзсанд байгаа юм. Нэгэнт миний энэхүү бичлэгийг бөө ойлгодог хүмүүс нь уншиж байгаа гэж итгэж байгаа учраас бөө гэж ямар учир утгатай болохыг тайлбарлаж цаг үрэх хэрэггүй гэж бодож байна. Үнэхээр бөө гэдгийг мэдэхийг хүсвэл энд дарж /би нийтлэлдээ олон линк ашигладаг учраас уншигчид тэр бүрт линк рүү одоо уншиж байгаагаа тусалдуулалгүй орохын тулд компьютерийн keyboard-ныхаа ctrl товчийг дарангаа маузаараа тэр линкийг дарсанаар линк шинэ цонхонд нээгдэж та энэ нийтлэлийг тасалдалгүй уншиж чадах юм./бөөгийн талаар анхан шатны мэдлэгийг авна уу.

Эзэн Чингис хааныг тэр бөө буулгалаа, Чингис хаан энэ бөөд бууж гэнэ эсвэл Чингис хааны удмын тэр хунтайж, энэ залгамжлагчид нь Чингис хааныг биедээ оруулав, Чингисийн тахилга үйлдэв гэхчилэн нэг л их хааны нэр барьсан олон дэл сул яриа байдаг. Тиймээс ч үнэхээр тэр бөөд нь Чингис хаан буусан уу, эсвэл тэр залгамжлагч гээд байгаа хүн яг Чингис хааны удмынх мөн үү гэдэгт баттай итгэх нотолгоо, баримт итгэл байдаггүй. Би ч тиймэрхүү яриа сонссон бол итгэхгүй, үнэхээр Чингис хааны удам юм бол Монголын Нууц Товчоог хэн бичсийн, үнэн уу худал уу гэдгийг хэлж өгнө үү гэж хүсэх байсан. Харин энэ удаад миний бие баримттай зүйл  тэр тусмаа бүр өөрийн биеэр мэдэрч, харсанаа бичиж байна.

Бөөг ойлгодог хүмүүс онгод худал ярьдаггүй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Худал ярих ярихдаа бүр би Эзэн Чингис хаан байна гэж тоглоомоор зориглон хэлэх онгод тэнгэрийн доор нэгээхэн ч үгүй бөгөөд тэгж хэлж байвал тэр бөө бол бөө биш тийрэн байна гэсэн үг. Тэнгэрийн дор Чингис хааны нэрийг барьж тоглоом шоглоом хийх жинхэнэ бөө, бас жинхэнэ онгод гэж үгүй билээ. Монголд маш олон хүчтэй, чадалтай бөө байдаг, тэд үнэхээрийн хүч чадалтай, эрдэм чадалтай нь үнэн, бас тэд тэнгэрт Чингис хааны сүнс байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг мэддэг нь үнэн, басхүү зарим нь Эзэн Чингис хаан энэ дэлхийд тун удахгүй бууж ирнэ гэдгийг ч мэддэг нь үнэн. Нэгэнт л Чингис хааны сүнс дээд тэнгэрт байдаг нь үнэн юм чинь бусад сүнснүүдийн адил яагаад газарт бууж ирж болдоггүй билээ. Тиймээс л эзэн Чингис хаан 1000-нд ганцхан тохиох өөрийн алтан улаачдаа 2011 оны 3 сарын 4-ний өдрийн өглөө буусан билээ.

Буухынхаа өмнө өөрийн 4 их жанжны нэг болох Хубилай онгодыг улаачийнхаа эхний онго болгож бэлдүүлж мөн өөр олон үйл явдал болсоны дараа буусан юм. /Энэ тухай илүү ихийг www.chinggis-udgan.tk, мөн энд дарж уншиж болно/

Чингис хааныг буулгах тэр улаач бол 1000 жилдээ ганцхан төрөх бөгөөд Монголыг биш дэлхийг засах, дэлхий ээжийг авран хамгаалах даалгавартайгаар энэ орчлонд төрсөн ажээ. Тэрхүү улаачииг тэнгэр эцэг бүтээхдээ Нарны хаанаас Нарандагиныг нь, Саран эхээс отгон охинг нь, Эрлэг Номун хаанаас төрсөн ганц охинг нь, Эрх мэдлийн эзэн тэнгэрээс энхрий бага хүүг нь, Лус хааны отгон охинг нь, Долоон өвгөн одны дүүжин цагаан охинг нь, Хажир хар тэнгэрийн  хамгийн хайртайг нь, Хилэнцэт тэнгэрийн том охиных нь сүнсийг авч уй гашууд автуулан, уйтгар гунигт живүүлэн бий болгожээ. Мөн Чингис хаан өөрийн улаачийн тухайд ингэж өгүүлсэн байна:


Түмэн олонд сануулсан сонордуулга

Эриндээ ганц мэндлэх
Эрингээ галиглан үлдээх
Ээжийн охин Тэнгэр удган
Элдэв чимэггүй үнэнг дархлах үед
Эрээчиж, элдэвлэн доромжилбол
Эрхэсээс ирэх элдэв өвчинд боомлигдоно. 



Аюутугай
Мянганд нэг л заяах
Мянганд нэг л тохиох
Аавын охин Аянга удган
Аймшигт үнэнг тоочих үед
Алиа салбадайд тооцон
Айлгаж цочоох зүрхтэнд
Аврал гэж үүрд үгүй
Адгийн тамд орших болно
Аюутугай

Тэнгэр удганы өнгөрсөн мөрийг мөшгөн
Тэнгэрийн санааг тайлах гэж оролдвол
Гал дээр ус хийх мэт
Гарц үгүй гацаанд орно
Мэдтүгэй

Чингис удганы чихийг халууцуулан
Чигч шударга, үнэнг мөшгөвөл
Гал дээр тос хийх мэт
Гарсан бүхэн чинь шатах болно
Санатугай

Учир бүхний дээдийг амсан
Учир бүхний учгийг ухуулахаар
Тэнгэр ээж нь зааж
Тэнгэр эцэг нь зарлигдан
Чингис хаан би хамгаалан
Чин үнэнч өрлөгүүд манасан

Алтан ургийн мөчир
Ариун голомтын эзэн
Аврал, хайрын Хатан
Аянга нэртэй удгантай минь
Хамаг Дээдийн Дээд
Хаад болон Хатдын сүнс
Хамаг бүхний Хаад
Хан орчлонгийн Эзэд
Хамт байдагт Сэхээр
Мэдтүгэй

Мэндлээд удаагүй ч
Миний Тэнгэр удганд
Тэнгэрийн зарлигийг биелүүлэх
Түмэн, буман  зорилго буй тул
 Аюутугай, Мэдтүгэй, Дагатугай

За юун үлгэр яриад эхлэв гэж бодож байна уу ийм учраас л нийтлэлийн эхэнд би сануулсан бөлгөө. Нэгэнт эхэлсэн бол дуустал нь уншихыг хүсье. Чингис хааныг буулгадаг энэхүү улаачийг Аянга хэмээх бөгөөд хүний ертөнцөд хэрхэн үүсч бий болсон тухай түүхийг өөрийнх нь блогийн бичлэгээс түүвэрлэн авч нийтэлснийг энд дарж уншиж болно. Мөн www.chinggis-udgan.tk блогоос та асар их зүйл ойлгож энэ бүх сонин хачин явдлын учир начрыг тунгааж ойлгох боломжтой.

Аянга улаачид буулгаж чадахгүй онгод, тэнгэр гэж үгүй бөгөөд дээр хэлсэнчлэн бүх сүнсийг буулгаж чаддаг ийм улаач 1000 жилд ганцхан удаа төрдөг аж. Аянга удган бөөгийн ёсонд байдаг 99 тэнгэрийг бүгдийг буулгаж чаддаг, буулгадаг дээр нь нэмээд Эцэг тэнгэр, Эх тэнгэр хэмээх 2 тэнгэрийг буулгадаг бөгөөд  энэ 2 тэнгэр 1000 жилд ганцхан төрөх тэр алтан улаачид л маш цөөхөн удаа буудаг байна. Өөрөөр хэдбэл бөөгийн ёсонд 101 тэнгэр байх бөгөөд Эцэг тэнгэр, эх тэнгэр нь зөвхөн 1000 жилд ганцхан удаа өөрийн алтан улаачид буудаг аж. Аянга удганд орчлонгийн хамаг алдартай, нэртэй хүмүүс буудаг. Миний мэдэхийн Чингис хаанаас гадна, Аттила хаан, Үлгэр Домгийн гэгддэг Амазон хатан хаан /энэ хатны тухай нийтлэлийг би блогтоо нийтэлсэн бөгөөд энд дарж уншиж болно/, Амбагай сэцэн хаан, Өүлэн Ээж, Хубилай баатар, Сүхбаатар жанжин, Эрлэг ээж, Эрлэг хаан, Лус ээж, Тамын хаан Жамуха, Диваажингийн хаан өөр юу юу ч билээ ер нь буухгүй дээдэс онгод гэж үгүй юм шиг санагдсан. Миний бас та бидний мэдэхгүй олон хаад өөр ертөнцөд байдаг бололтой бөгөөд эдгээр хаадууд бүгд л Аянга удганд бууж чаддаг, Аянга удган буулгаж чаддаг аж.
Үнэхээр л үлгэр домгийн мэт сонсогдож байгаа энэ бүхэнд итгэхийн аргагүй. Гэхдээ би өөрийн нүдээрээ үзэж дэргэдээс нь чихээрээ сонсож бүр утсаараа яриаг нь бичиж авсан. Итгэхгүй байхын арга алга. Мөн 99 булдруутай буюу 99 тэнгэрийг бэлгэддэг миний өөр хаана ч харж байгаагүй тийм хэнгэргийг Аянга удган барьж бөөлж байхыг алхам хүрэхгүй зайнаас өөрийн биеэрээ бодитоор харж мэдэрсэн. Өмнө хэзээ ч харж үзэж бас сонсож байгаагүй 99 тэнгэрийн чуулган гэдгийг би энэ хоёр нүдээрээ харсан бөгөөд тэр хоёр нүд маань лав буруу юм хараагүй гэдгийг одоо болтол орчлонг харсаар яваа энэ 2 нүд минь гэрчилнэ, хий юм сонсоогүй гэдгийг энэ миний 2 чих гэрчилнэ, бас Youtube дээр байгаа Аянга удганы бөөлөө бичлэгүүд бүр ч илүү гэрчилнэ. / Аянга удганы барьж байгаа 99 булдруутай хэнгэрэг, бас гурвалжин хэнгэрэг тэр бичлэгүүд дээр тов тодорхой харагдана/ Тийм 99 булдруутай хэнгэрэгтэй бөө мянганд ганц тохиох бөгөөд ганц тэр улаач л 99 тэнгэрийн чуулганыг хийж чаддаг ажээ. Энэ үгийг би биш Тэнгэр эцэг хэлсэн болно. 

Тэнгэр эцэг гэдэг бол бөөгийн хамгийн эрхэм дээд шүтээн юм. Зүйрлэвэл Христийн шашинд Есүс, Буддизмд Будда буюу Бурхан багш, Исламд Мухамед эрхэм дээд шүтээн байдаг бол бөөд Тэнгэр эцэг эрхэм дээд шүтээн байдаг. Үнэндээ бол Тэнгэр эцэг бүхий л шашин, мөргөлийн эрхэм дээд шүтээн байх ёстой бөгөөд Чингис хаан буюу Тэмүжин, Будда буюу Сиддахарта Гаутэма, Есүс Христ, Мухамед бол Тэнгэр эцгийн үрсүүд ажээ. Тэнгэр эцэг бол асар өндөр түвшний оюун ухаан, сүнс. Ер нь сүнс гэдэг бол оюун ухаан билээ. /Энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд эсвэл www.chinggis-udgan.tk, мөн энд дарж уншиж болно./За үргэлжлүүлье.

Аянга удган 99 тэнгэрийн хэнгэргээс гадна гурвалжин хэнгэрэг барьдаг. Энэ гурвалжин хэнгэрэг нь хааны хэнгэрэг бөгөөд Чингис хаан л барих эрхтэй бас дайн тулаан хатуу үйл хийхдээ барьдаг хэнгэрэг ажээ. Бөө мэддэг хүн ямар бөө гурвалжин хэнгэрэг барьдагийг, бас гурвалжин хэнгэрэг барихын тулд ямархуу хугацаа хэрэгтэй байдгийг мэднэ. Өөрөөр хэлбэл гурвалжин хэнгэргийг маш цөөхөн тооны бөө нар, мөн олон жил бөөлсөн том том бөө нар л барьдаг бөгөөд угаа аваад удаагүй байгаа бөө тийм гурвалжин хэнгэрэг барьдаггүйг бөө хүмүүс, бөө судалдаг хүмүүс мэдэх биз. Магадгүй бөө бүрийн буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэгчлэн гурвалжин хэнгэрэг бол тэгж их баримт болгоод байхаар сүртэй эд биш гэж зарим нь хэлж болох ч угаа аваад 3 сар ч бололгүй гурвалжин хэнгэрэг барина гэдэг бол энгийн зүйл биш гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. 

Үүнээс гадна бөө хүн улаан маханд гараа хүргэж болдоггүй гэдгээс авахуулаад маш олон янзын хорио цээртэй байдаг. Гэтэл Аянга удганд тийм хорио цээр огт байдаггүй нь сонин. Энэ бүгд Аянга удганы эгэл биш гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Угаасаа эгэл биш эгэлгүй их, агуу онгод, агуу сүнснүүдийг биедээ залах тийм улаач энгийн байхгүй гэдэг нь ойлгомжтой билээ.

Би дээр хэлсэн бүгдийг биеэрээ үзсэн. Аянга удганы хэнгэргүүдийг нүдээрээ харж хаан тэр хэнгэргүүд дээрээ өөрийн гараар юу юу гэж бичсэнийг ч уншсан. Ээжүүдийн хэнгэрэг хэмээх нүдний зурагтай хэнгэрэг дээр маш олон зүйл бичээстэй байсан. Та бүхэн Аянга удганы өргөөг сонирхож байвал миний фэйсбүүкээс зурагнуудыг харж болно. Одоо хамгийн гол асуудалдаа орьё. Чингис хаантай яаж уулзсан тухайд өгүүлэх нь:

Аянга удгантай уулзсан анхны сэтгэгдлийн тухайд гэвэл тэр хүн миний төсөөлж байснаас огт өөр хүн байсан. Намайг анх харахад толгойдоо Панда гэдэг билүү нэг тиймэрхүү алчуур зүүсэн, нүдний шилтэй, нэлээд ихэмсэг байрын эмэгтэй харагдсан. Гаднаас нь харахад болгоомжтой л харьцахгүй бол их ууртай хүн юм шиг харагдаж байсан ч ярьж эхлэхэд маш элэгсэг, энгийн хүн гэдэг нь мэдэгдэж билээ.

Аянга удгантай уулзсаны дараа түүний өргөө гэрийг зорьж замдаа цөөхөн хэдэн үг л солив. Аянга удганы өргөө гэрт зочилж очоод хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл бол тэр өргөө ямар гайхалтай сүрлэг байсныг мэдэрсэн мэдрэмж гэдгийг хэлэх хэрэгтэй. Би тийм олон бөө мэдэхгүй, олон өргөө сонирхож байгаагүй хэдий ч ямартай ч тэр өргөө гайхамшигтай сүрлэг харагдаж байсан. Баавгайн сүрлэг том хар арьс, том том сүрлэг шувууд, чоно, араатан, жигүүртнүүд амьд юм шиг л харагдаж байлаа. Дээдсүүдийн гутал, хувцас хэрэглэл, зэмсэг энд дүрслэн хэлж чадахгүй олон зүйл тэнд байсан бөгөөд тэр бүгдийг тайлбарлахад над мэтийнх нь мэдлэг чадвар хүрэхгүй тул зүгээр л зургийг нь харсан дээр. Зураг нь миний фэйсбүүк дээр байгаа. 

Би ямар гоё гэр вэ гэж хэлэхэд гэр биш өргөө гэж хэлдэг юм гэж Аянга удган надад хэлэв. Түүнээс хойш миний тархинд гэрийг өргөө гэж дууддаг санамж бичигдсэн юм. Яг л би хамгийн анх удаа бөөгийн өргөө гэрт ороод гарахдаа хоймор луу нь нуруугаа харуулахгүй гэж ухарч гарсаар байгаад энгийн гэрээс гарахдаа хүртэл тэгж ухарч гардаг болчихсон байсантай адил одоо би гэр гэдгийг илэрхийлэхдээ дандаа өргөө гэчих гээд байдаг болчихсон юм. Хамгийн анх бөө гэдэг зүйлийг надад таниулж биеэрээ мэдрэхэд тусалсан тэр хүнийг би мартаагүй байгаа, би тэр охин үрд талархаж явдаг гэдгээ хэлмээр байна.

Аянга удган надад өргөө гэрээ танилцуулан Чингис хаан өргөө гэрт байсан хамаг хадаг архийг авч гаргаж хаясан гэдгийг хэлэв. Мөн Бурханч лав Пүрэвбатын зурсан Чингис хааны хөрөг зураг тэнд байлаа. Тэр хөрөг зураг манай гэрт ч бас байдаг гэж би хэлэхэд тэр зургийг хаан өөрөө дэлгүүрээс сонгож авсан гэлээ. Тэгэхээр Чингис хаанд тэр зураг таалагдсан байх нь. Дараа нь би Чингис хаантай ярилцаж байхдаа тэр зурагны тухай асуухад энэ зургийг билгийн нүд нь нээгдсэн лам хүн зурсан гэж билээ. Тэгэхээр Пүрэвбат ламын билгийн мэлмий нь нээгдсэн хүн бололтой юм. Гэхдээ Пүрэвбат лам өөрийн лекцийн үеэр Бөөг дагавал үхээрийн бузар болно шүү гэсэн утгатай юм ярьсан байна /Үүнийг энд дарж уншиж болно/ Тэгэхээр билгийн мэлмий нь нээгдсэн ламтанд хүртэл бөөг ингэж ойлгуулахад хүрсэн тэр бөөгийн нэр хүндийг унагагч худал бөө, тийрэн нар үнэхээр дэндүү олширчээ. Чухам үүнтэй тэмцэж тэр тийрэнгүүдийг дарахын тулд Чингис хаан бууж ирсэн билээ. Энэ бол Их Эзэн Чингис хааны энэ замбативд морилсон бас нэгэн шалтгаан болох юм. 

Ер нь бөө мөргөл, буддын шашинтай зөрчилддөггүй, ер нь бөө мөргөл өөр ямар ч шашинтай зөрчилддөггүй, харин Сиддахартагийн сургаалийг гуйвуулж жинхэнэ Буддын шашныг худал болгосон одоогийн Буддын шашин түүний дотооддоо зөрчилтэй олон урсгалууд, Мухамед, Есүс нарын буюу тухайн шашныг үндэслэсэн хүмүүсийнхээ үзэл сургаалийг гуйвуулсан Христ, Исламын шашин, тэдгээрийн олон урсгалууд л өөр хоорондоо зөрчилддөг. Бүгд сайн сайхан, зөв амьдрах сургаалийг номлодог, бүгдийнх нь уг гарвал бөөгөөс үүсэлтэй мөртлөө яагаад ингэтлээ зөрчилдөнө вэ? Учир нь анх номлосноосоо өөрчлөгдөнө өөрчлөгдөнө гэхэд эрс тэс бүр эсрэгээрээ өөрчлөгдсөнд учир нь байгаа бөгөөд энэ олон шашны үзэл номлолууд, арга барилд хүмүүс нухацтай хандах хэрэгтэй. Ядаж л юу шүтээд бишрээд байгаагаа мэдэх хэрэгтэй. Юуг шүтэж байгаагаа мэдэхгүй байна гэдэг бол тэр шүтлэг зөв байсан ч тэр хүн мухар сүсэглэж байна гэсэн үг. Та бөө мөргөл шүтдэг, тэнгэр шүтлэгтэй гэж байгаа бол хэдийгээр энэ зөв байсан ч утга агуулгыг нь мөн чанарыг нь яг юу шүтээд байгаагаа мэдэхгүй бол та бас л мухар сүсэгтэй. Мухраар бөө мөргөлийг, тэнгэрийг шүтэгч гэсэн үг. Ингэж мухраар шүтээд таньд ямар ч хэрэг болохгүй. 

Тэгэхээр яг одоо өөрөөсөө юу шүтээд байгаагаа асуу, тэрхүү шүтэж байгаа юмныхаа талаар жаахан ч гэсэн төсөөлөл мэдлэггүй, цаашилбал хангалттай ихийг мэддэггүй бол та бол мухар сүсэгтэн ажээ. Гэхдээ манай Монголчуудын нэг хэсэг энэ шашны тал дээр их универсал байр суурьтай. Би бөө мөргөл гэж мэддэггүй байхдаа ламаар ном уншуулдаг байсан, бас нэг удган дээр ч очдог байсан, одоо бодоход тэр удган гээд байгаа хүн маань бөө байсан юм байлээ, эмэгтэй бөөг удган гэдэг байсан юм байна лээ, бас христийг нэг их шүтдэггүй ч яагаад болохгүй гэж надад л ашиг тусаа өгч байвал энэ бүгдийг бүгдийг нь хэрэгтээ цагтаа шүтээд хэрэггүй цагтаа шүтэхгүй л байя л даа гэж боддог байлаа. Бас айсан сандарсан үедээ бурхан минь туслаач гэж гуйдаг байсан ч тэр бурхан нь Есүс, Будда, Аллах алин гэдгийг мэддэггүй, зүгээр л бурхан ямар нэг шүтээн гэдгийг мэддэг байсан. Би залбирахдаа намайг ивээгч шүтээн, бурхад гэж хэлдэг байсан, энэ бол Есүс, Будда, Аллах алин ч биш зүгээр л нэг тийм үл мэдэгдэх шүтээн, бурхан, тэнгэр гэж боддог байлаа. Үнэндээ бол би өөрөө их харанхуй байсан. Гэсэн ч эцэстээ миний бодоод байгаа бурхан, шүтээн гэдэг бол нэг л зүйл, тэр зүйл бол Тэнгэр гэдгийг ойлгосон, тэр бол төгс оюун ухаан, төгс сүнс юм. Бас бурхан гэдэг хэллэг дээр их анхаарах хэрэгтэй, бид бурхан гэдгийг шарын шашны ойлголт гэдгээр ойлгож хүлээж аваад сурчихсан. Тэгэхээр энэ ойлголт тэр шарын шашиндаа л үлдэж байх шиг байна. За үндсэн сэдвээсээ хазайгаад явчихлаа энэ талаар тодорхой ойлголттой болохыг хүсвэл Эзэн би эргэн ирлээ номын эхний хэсгийг уншихад болох юм. Тэр ном удахгүй цаасаар хэвлэлтэнд гарах бөгөөд онлайн хэлбэрээрээ миний блог дээр тавигдсан байгаа.

Аянга удганы 3 хэнгэргийг би харсан. Ээжүүдийн, Хааны, 99 тэнгэрийн хэнгэрэг. Ээжүүдийн хэнгэрэг дээр маш олон юм бичигдсэн бөгөөд, дууны үг ч бас дунд нь явж байлаа. Аянга удган надад бас нэгэн хайрцаг үзүүлэв. Тэр хайрцаг тэгшхэн гадаргуутай, алган дээр багтахаас арай том хэмжээний, ямар ч түлхүүр цоожгүй мөртлөө түүнийг онгойлгоход тун ч хицүү гэж байсан. Учир нь 13 үйлдэл хийж байж онгойлгодог бөгөөд би лав онгойлгож чадахгүй юм шиг байлээ. Монголчууд эрт дээр үед тийм хайрцаг ашигладаг байсан бөгөөд тэр хайрцаг нь авдар шиг том том байдаг байжээ. Тэр хайрцагийг Японоос хамаатны дүү нь ирүүлсэн гэж хэллээ. Монголчууд тийм хайрцаг ашигладаг байсан, тэр хайрцаг нь Монголд байхгүй харин Японоос олдож байна гэхээр манай Монголчууд тэр мэт биет соёлын өвөө зөндөө алдсаныг харуулж байна. Тэр хайрцагны зураг миний фэйсбүүк дээр байгаа. Мөн аянга удганы фэйсбүүк дээрээс та бүхэн зургууд харж болно. Удганы фэйсбүүк нь http://www.facebook.com/profile.php?id=100002149318165

Аянга удганы өргөөтэй сайтар танилцаж зураг хөрөг авч бичлэг хийсний дараа жинхэнэ ажилдаа орох боллоо. Өөрөөр хэлбэл бөөлөх ажил эхэллээ. Дээр бас нэгэн зүйл орхигдуулсан байна. Учир нь Аянга удган бөөлөхдөө ямар ч хуяг, зэмсэг энэ тэр хэрэглэдэггүй, бас заавал хэнгэрэг нүдэж байж онгодоо биедээ оруулдаггүй, хүссэн үедээ хүссэн цагтаа оюун санаагаараа онгодоо биедээ залж чаддаг. Өөрөөр хэлбэл гудманд энгийн хувцастай зүгээр алхаж байхдаа л дуртай үедээ онгодоо биедээ оруулдаг. Би ийм бөө байдаг гэдгийг огт сонсож байгаагүй. Аянга удганы багш Өлзийхутаг гэж мундаг бөө хүн бий. Тэр хүн олон жил бөөлсөн, бөө мэддэг хүмүүс тэр хүнийг бараг таних байх. Тэр хүний нэгэн лекцэн дээр хэнгэрэг нүдэж эсвэл хуур таталгүйгээр зүгээр л оюун санаагаараа онгодоо дуудаж биедээ залдаг тийм бөө байдаг уу гэж би асуухад тийм бөө бараг байхгүй, маш өндөр түвшинд хөгжсөн, маш чадалтай бөө л тэгж чадна гэж байсан, дээр нь нэмээд тийм бөө Монголд 2хон байдаг гэж надад хэлсэн. Би хэд байгааг нь сайн мэдэхгүй, Миний мэдэхийн бас энэ хоёр нүдээрээ харсанаар бол тийм бөө бол Аянга удган. 

Монгол Суу Ухааны Манукол Академийн ерөнхийлөгч, физикч, монгол судлаач Зулаагийн Бат-Отгон гэж хүн байдаг. Тэр хүн Монголчуудын Тэнгэр Шүтлэг гэдэг лекцэн дээрээ оюун санаагаараа онгодоо биедээ залдаг бөө бол хамгийн дээд түвшний бөө бөгөөд тэр бөөг Тэнгэр бөө гэдэг гэж хэлсэн байсан. Тэр хүн санаанаасаа зохиож хэлээгүй нь ойлгомжтой, харин Чингис хааны отгон хүү Тулуйн эхнэр Сорхугтани Бэхи Хатны бичсэн Алтан дээд Үнэний Гэрээ номон дээр тэр тухай өгүүлсэн байдгийг орчин цагийн бидэнд тайлбарласан нь тэр буй болов уу гэж бодож байна. Энэ Алтан дээд Үнэн ном бол амаар уламжлагдаж ирсэн тул Монголын Нууц Товчоо-той харьцуулахад гуйвшгүй үнэн гэдгээрээ онцлогтой, басхүү энэ номыг орчин цагт хүргэж ирсэн Журнайн Нүрзэд Агсаныхан, тэр номыг орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлж бидэнд ойлгомжтой болгосон Б.Хүрэлтогоо, түүнийг нь бүр ойлгомжтой болгож тайлбарласан З.Бат-Отгон зэрэг хүмүүст талархууштай. Бат-Отгон судлаач бөө мөргөл, монгол амьдрах ухаан, суу ухааны талаар олон ном бүтээл хэвлүүлсэн бөгөөд бас 50 цуврал лекц гаргасан байна лээ /Бат-Отгоны цуврал лекцийг сонсох татаж авах бол энд дарна уу. /. Эдгээр ном, лекцүүд нь Сорхагтани Бэхи Хатны номны сургаалийг тайлбарласан түүнийг үндэс болгосон бол хэрхэвч оргүй зүйл биш гэж бодож байна. Гэхдээ харьцуулж унших нь зүйтэй. Ер нь Их Эзэн Чингис хааны сургааль бол өөрийн гэсэн ухаантай байх. Та Чингис хааны сургаалийг сонсохдоо ч өөрийн гэсэн ухаантай байх. Ер нь өөрөөрөө байх тухай. Энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлнэ. 

За үргэлжүүлье. Аянга удган хуяг, зэмсэг хэрэглэлгүй, хэнгэрэг хэрэглэлгүй оюун санаагаараа онгодоо дуудаж чаддаг гэж дээр хэлсэн. Энэ бол үнэн билээ. Үүнийг та Youtube дээр байгаа бичлэгүүдээс тодорхой харж болно. Би бас өөрийн нүдээр харсан.

Аянга удган бөөлөхийн өмнө надад кола, тавагтай чихэр, боов зэргийг дөхүүлж өгөөд нэлээд тухтайхан бөөлөхөөр болж одоо бодоход тэр өдөр бараг 10 гаран цаг бөөлсөн байжээ. Би Чингис хааныг биедээ буулгадаг ийм том хүний өргөө гэрт ирсэн, бас өргөөнийх нь сүрлэгийг хараад ихэд сүрдсэн тул хэдийгээр удган маш энгийн, инээж хөхөрсөн, цоглог, найрсаг хүн байсан ч би биеэ нэлээд барьсан, жаахан сүрдсэн байдалтай байгаагаа мэдэрч байлаа. Тэгээд бөөлөө эхэллээ. Удган ямар ч хуяг зэмсэггүйгээр өөрийн өмссөн цамц өмдтөйгөө, гурвалжин хэнгэргийг авч дэлдэн, бөөлж эхэлвээ.

Би өмнө нь нэлээд хэдэн бөө бууж байхыг харсан, онгодуудтай уулзаж байсан бага сага туршлагатай байсан хэдий ч энэ удаа ихэд сүрдэж айж байлаа. Учир нь Эзэн Чингис хаан бууна шүү дээ гэж бодохоор л...... ээ мэдэхгүй надад яг юу гэж бодогдож байснаа ч  мартчихаж. Уг нь би Аянга удганыд очсоныхоо дараахан блог дээрээ энэ тухай нийтлэе гэж бодож байсан ч Удганыг харь орон руу явсаны дараа нийтлээрэй гэж захисны дагуу түүнийг явсаны дараа бичиж байгаа минь энэ. Тэгээд ч хаантай уулзсанаас хойш сар хагас өнгөрсөн тул тэр үед төрж байсан асар их эмоц сэтгэгдлээ одоо бүгдийг нь гаргаж чадахгүй юм шиг санагдаж байна.

Аянга удган бөөлж эхлээд удалгүй нэгэн буурал буулаа. Буурал буугаад үг хэлэлгүй намайг нааш ир гэж гараараа дохив. Би ч өвдөг дээрээ сөхөрсөн чигтээ мөлхсөөр яваад очив. Би тэр буурлаас асуусан хамгийн анхны асуултаа маш тод санаж байна. Би тэр буурлаас: Та Чингис хаан мөн үү гэж зүрх гарган асууж билээ. Харин тэр буурал мөн бол юу гэж биш бол юу гэж гэв.

Ер нь буурлууд, онгодууд гэдэг бол ямар байхаас үл хамааран  үргэлж хүндэлж байх ёстой гэдгийг би ойлгодог тул ямар ч онгодтой уулзахдаа миний бие ихээхэн биеэ барьж, номын үгээр, сөгдөж суугаад хүндэтгэлтэй харьцдаг. Ер нь онгодууд, буурлуудын зан авир нь өөр өөр байдаг ч догшин онгод бол үнэхээрийн сүрдмээр, аймаар байдаг, аягаа шиднэ, аймаар ярина, ерөнхийдөө сүрдмээр. 

Тэр буурал мөн бол юу гэж биш бол юу гэж хэмээн хэлээд тэр чинь би биеэрээ байна гэв. Би Чингис хаантай уулзахдаа солилцсон анхны үгсүүд маань энэ байлаа. Энэ үгсийг би тогтоож байгаад заавал яг хэлсэнийх нь дагуу блог дээрээ бичнэ дээ гэж бодож явсаар одоо бичиж байгаа минь энэ юм. Учир нь өдгөө дэлхий дахин Монгол биш Чингис гэж илүү мэддэг тийм алдар суутай энэ агуу хүнтэй 21-р зуунд өчүүхэн би уулзана гэхээр санаанд багтамгүй бас уулзсан нь асар их аз, завшаан байлаа. Тиймээс хааны амнаас гарсан үг бүрийг би санаж явахыг хичээдэг. Энэ орчин эрин цагт ийм агуу хүнтэй би ингэж уулзана гэж огт санасангүй явлаа гэж хаанд хэлэв. Тэгээд хаан ярьж эхэлсэн. Маш их юм ярьсан. Хаан бид хоёр 3 цаг магадгүй түүнээс итүү хугацаанд тасралтгүй ярилцсан. Ярилцсан ч гэж дээ хаан надад сургаж, би сонсож, хааяа би ганц нэг эв хавгүй асуулт асуусан шиг яриа өрнөж байлаа. Хааны ярианы онцлог нь гэвэл маш цэгцтэй, маш ойлгомжтой, орчин цагийн монгол хэлээр хэн бугай ч ойлгохоор цэвэрхэн ярьж байв. Харин би гэж нэг сандарсан амьтан хэдэн үг холбож асуулт асуух гэж тэр үгнүүдээ энд тэнд нь оруулан замбараагүйтэж жаахан тиймэрхүү байлаа. Арга ч үгүй дээ тийм агуу хүнтэй гэв гэнэт уулзаад шоконд орохгүй яахав дээ гэж өөрийгөө өмөөрмөөр байна.

Аа бас хаан камер ашиглаж бичлэг хийж чаддаг юм байна лээ. Хаан надад нөгөө зураг авдаг юм хаана байна гэж асуугаад өөрөө олж аваад гэрээс гарав. Хаан бас дөнгөж буухдаа улаачийнхаа  өмссөн байсан оймсыг тайлж шидээд хөл нүцгэн болсон байсан юм.Тэгээд гэрээс гарахдаа хөл нүцгэн л гарах байхдаа гэж бодсон чинь харин хээвнэг таавчиг олж өмсөөд гартаа камер барьсан шиг гардаг юм даа. Би ч дагаал гарлаа. Хаан надад нарны гэрлийг харуулаад, тэнгэрийн гэрэл энэ гэж тайлбарлав. Чи тэнд очиж зогс би зургийг чинь дарья гэлээ, тэр камер Сони-гийн камер байсан, дээрээ баахан л товчлууртай, би хэдий 21-р зууны хүн ч тэрийг жаахан оролдож байж л аль нь бичлэг хийдэг, аль нь зураг дардаг гэдгийг мэдэхээр байтал, хааны тухайд тэр камерыг аль хэдийн төгс эзэмшжээ, миний зургийг тэгж зогс ингэж зогс гэж байгаад дарж өгөв. Камераар нарны гэрэл туяа маш хурц, газарт бууж харагдаж байлаа, би өмнө нь нарыг камераар авахаар яаж гардгийг сайн мэдддэггүй байсан ч тэр удаад бол нар нэг л онцгой байсан гэдгийг баталж хэлнэ, камераар маш гоё цацарч харагдаж байлаа. Дараа нь хааны авсан зургийг харахад авсан зураг бүрт нь ягаан ромбо хэлбэртэй туяа буусан байлаа. Тэр туяаг нь тойроод жижиг жижиг одод харагдаж байв. Намайг зураг авахад лав яагаад ч тийм ромбо дүрс гарч ирдэгггүй, ер нь гарч ирэх ч үгүй байх. Ер нь энэ орчин үеийн техникүүд онгод буурлуудын өмнө бас л хүч мөхөсдөнө. Учир нь би хаантай ярилцсан яриагаа гар утсаар бичиж авсаны зарим нь огт бичигдээгүй байлаа, зарим нь бичигдээд, зарим нь бичигдээгүй. Жишээ нь 10н хэдэн минутын бичлэг байгаа юм л даа. Тэрний эхний хэдэн минут нь зүгээр яваад үлдсэн минутууд нь зүгээр л зрррррррр гээд радиогийн антенныг тааруулахад гардаг шиг авиа л бичигдсэн байсан. Дараа нь удганаас асуухад онгодууд өөрсдийн бичигдэхийг хүсээгүй юмнуудаа бичүүлдэггүй гэж байсан. Тэгэхээр орчин цагийн ямар ч техник онгодуудын өмнө бас хүч мөхөсддөг байх нь. Тэд ямар арга хэрэглэж тэгдэг юм бэ бүү мэд. Ямартай ч миний гар утсаараа бичсэн хэд хэдэн бичлэгийн зарим хэсэгт нь юм бичигдээгүй байсан. 

Хаан өргөөнөөс гарч миний зургийг авч байснаа надаас нэг юм асуув. Энэ юу гэж байна гээд камераа харууллаа. Камерын дэлгэцэн дээр Battery is low гэж байлаа, тэгэхээр нь би батарей нь дуусах гэж байна, эрчим хүч нь багасчээ, эрчим нь дуусч байгаа юм байна гэж амьхандаа л гадаад үг хэрэглэлгүй монголоороо тайлбарлахыг хичээв. Хаан тэр даруйд ойлгон аан одоо энийг чинь цэнэглэнэ, цэнэглэхээр энэ батерей нь олон болно гээд өргөө рүүгээ орж цэнэглэгчээ өөрөө олон камераа цэнэглэв. Өргөө гэрэл унтарсан нэлээд харанхуй байсан тул би камерны цэнэглэгч энэ тэрийг олохгүй харин хаан бол дор нь олж байлаа.

Үргэлжлүүлээд хаан бид хоёр ярилцлаа. Би уг нь хэзээ нэгэн цагт Чингис хаантай уулзах юм бол Монголын Нууц Товчоо үнэн үү тэрийг хэн бичсэн бэ гэж асууна гэж үргэлж боддог байсан юм. Гэтэл их хаантай ингэж уулзаад өчнөөн удаан ярилцсан байтлаа тэрийг асуугаагүй юм даа, мартсан бас сандарсан байсан учраас асуух юм ч гарахгүй тулгамдаж байлаа. Хаан хэсэг ярьж сургааль хэлж дуусах бүрийдээ за өөр айлтгал юу байна гэж асуухад нь би тулгамдаад олигтой юм хэлж чадаагүй юм. Гэхдээ л нэлээн ярилцсан. Дээр Эзэн Чингис хаантай хөөрөлдсөн минь гэдэг бичлэгийг би гар утсаараа бичиж авсанаа цэгцлэн хүргэж байна. Тэндээс хаан бид хоёрын хэсэг яриаг сонсож болно. Уг нь би анхнаасаа л  шууд хамаг яриагаа бичсэн бол бас мэдсэн бол диктафон олж аваад явдаг байж гэж дараа нь харамсаж бодсон. Хаантай жаал ярилцаж яриа бараг төгсөх дөхөж байхад гэнэт санаж утсаараа бичиж эхэлсэн. Тиймээс маш бага яриаг нь л бичиж чаджээ. Та бүхэнд бичлэгийн эхний хэсгийг хүргэж байна.

Хаантай нэлээд удаан ярилцсаны эцэст гэнэт бичлэг хийх санаа төрж утсаа оролдож эхлэхэд хаан чи наадхаараа ярьж болно болно гэж зөвшөөрөл өгөхөд нь дээдэс минь би үүгээр таны яриаг бичиж авах гэсэн юм гэж тайлбарлав. Тэгээд хааны яриаг бичиж авсан юм. Хааны яриаг бичиж авч байх зуур миний утсанд хэд хэдэн удаа дуудлага ирж сандаргав, тиймээс ч завсар дундуураа яриа тасалдсан юм нэлээд бий.

Чингис хаантай хөөрөлдсөн минь 1-р хэсэг


Хаан намайг тэнгэрийн зарлигийг түмэн олонд түгээ гэж хэлсэн. Тэгээд доорхийг өгүүлсэн юм.

Оюунаа тэл
Бусдыг гэгээрүүлэхийн тулд бусдын нүдийг нээхийн тулд өөрөө төгс гэгээрч, өөрөө нүдээ нээж өөрөө мэддэг байжийж чи бусдыг араасаа дагуулна. Мэдлэг оюун дутуу, эр зориг дутуу бол чи бусдыг араасаа дагуулж чадах уу? Чиний өвөг дээдэс чинь бусдыг араасаа дагуулдаг байсан. Хамгийн түрүүнд явдаг одод. Тэр сум шиг хурдлах өвөг дээдэс юунд итгэлтэй явсан юм бэ? Дээд тэнгэр харж доороос газар ивээж бид бүгд нэг зорилготой, бүгд нэг хүсэлтэй, бүгд нэг итгэл үнэмшилтэй учраас л бид тэгж сум шиг явдаг байсан юм шүү дээ.

Аа хэрэв бид зөв уу бус уу, би буруу юм хийж байна уу, би зөв бус явж байна уу гэвэл бид сум шиг явж чадах уу? Чадахгүй, эргэж буцна, хүний араар орно, бид энийг дийлнэ гэсэн бол хамгийн түрүүнд сум шиг очдог энэ эр зориг, үнэний төлөө, үнэн гэж ганцхан л юмыг мэддэг учраас л бид сум шиг явж, хамгийн түрүүнд явдаг байсан юм шүү дээ. Эзэн би ардаас нь хараад энүүгээр нь давш, тэрүүгээр нь давш тэгээд оч гээд хараад сууж байдаг байсан.


Дээдэс минь Монголчуудыгаа сэхээрүүлж гэгээрүүлэхэд хэдий хэр хугацаа зарцуулагдах бол гэж би асуулаа. Өөрөөр хэлбэл энэ бүх сонин хачин явдлыг хүмүүс ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэг тийм амар ажил биш тул би санаа зовнин асуусан юм. Хаан доорхыг өгүүлэв.

Тэнгэрийн цаг ирсэн.
Тэнгэрийн цаг ирсэн. Тун удахгүй. Айл болгон отог болгонд өвөг дээдсүүд нь бууж байна. Одоо Хөх Монголын толбо бүр өвөг дээдсүүдээ залж энэ бөө, энэ сүнс, энэ үнэн гэдгийг мэдэрч эхэлж байна. Мөнх тэнгэрийн хүчийг одооноос мэдэрч эхэлж байна. Бид мөнх тэнгэрийн хүчийг авч нэгдэж чадах юм бол, бүгд хүсэл зорилгоо нэгтгэж чадах юм бол хэдхэн хугацаа хэрэгтэй. Хэдэн ч хугацаа хэрэггүй. Нэгэн зорилгын дор нэгдэж чадах юм бол нэгэн өдрийн дотор ч үйл хэрэг хийх чадвар бий. Олон олноороо нэгдэн нягтарж бүгд мэдэж нүдээ нээх хэрэгтэй.


Би хаанаас манай Монголчуудын нэгэн хэсэг болсон ӨвөрМонголчуудын хувь заяаны талаар асуухад хаан доорхыг өгүүлэв.

Хөх Толботнууд
Бид нэгдэх болно. Нэгдэх л болно, Би тэрний төлөө бүгдийг хийх болно. Энэ замбативд шинэ үндэстэн хүртэл үүснэ. Өвчин зовлон, өлсгөлөнгөөр үгүйрэн хоосорч, газар нутаг нь гамшигт нэрвэгдээд, дээрээ толгойлох эзэнгүй болоод, байгалийн хүчний өмнө сүр сүлдээ алдаад ирсэн хүмүүс яах вэ? Амьд үлдсэнгүүд нь нэгдэн нягтрана биз дээ, шинэ шинэ айл өрх үүсдэгтэй адил шинэ шинэ улс үндэстэн үүсэх ёстой, Хөх Монгол, Хөх Толботнууд бол тэнгэрийн үрс. Бид нэгдэн нягтрах л болно доо.

Бид дахин төрдөг, бид дэлхийг засдаг. Яагаад тэнгэрийн хөх Монголд бүх юм хорьчихсон байхад яагаад тэнд Ванга эмээ, яагаад тэнд “Бавгар сахалт” төрөөд яагаад бусад оронд өдий юмнууд гараад ирж байна вэ, Эд чинь тэнгэрийн үрсүүд, өөр өөр газруудад ажлаа хийж байна гэсэн үг. Зөвхөн Монголд зөвхөн Халх гэдэг үндэстэн л дэлхийг тодорхойлж байгаа юм биш, тэнгэрийн хөх толботнууд гэдэг чинь гайхамшиг.

Миний алтан ургийнхан олон газар байгаа. Алтан ургийнхан бол хошуучлагчид. Бидний цус үсэрсэн болгонд л тэд гарч ирдэгирдэг юм шүү дээ. Энд миний Улегбекийн үр удам хаа байсан Перс, Араб, Узбек, Тажек тэр болгонд байгаа бусуу. Бидний үрс Хөх Толботнууд энд тэндгүй байгаа. Тэгэхээр энэ болгон чинь тэнгэрийн хүч чадал.

Бидний цаг үе эргэн ирсэн. Бид гайхамшигийг бүтээнэ дээ.
Эзэн намайг эргэж ирээд хэн нэгний биенд орчоод илд эргүүлээд бүгдийг хядна гэж бодоогүй биз дээ та нар. Энэ орчин цаг эрин үед чинь миний улаач нэгэн хүнийг ингээд сэлэмдэх юм бол хаана очих нь тодорхой. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ? энэ гэгээрлийг, тэнгэр эцгийг, наран саран ээжийг, байгаль дэлхийг амьтай, бүгд харж байдаг, энэ бүгд амьтай гэдгийг түмэнд мэдүүлэх хэрэгтэй.

Энэ бүгдийг мэдсэн, энэ далд ертөнц гээчийг,энэ бидний сүнсийг хүлээн зөвшөөрсөн дээд тэнгэр л мэддэг энэ бүгд чинь ямар байх вэ? Эднийг бүгдийг мэдэх юм бол энэ хүн зон гэгчийн тэнэглэл нь зөв болох уу? Усаа хайрлана, байгалаа хайрлана, Уулаа нүхлэх үү, бидний хойч үе, ирээдүй, үр хүүхдүүд маань энэ агаараар амьсгалж, усыг ууж байж амьд явна. Бид тэд эргээд төрөх учраас бид эргэн төрж эргэн хүүхэд болж, буцаж тэнгэрт очиж бусад хүн болж явдаг бус уу.

Хүн гээч бид үхээд тэр чигтээ алга болдоггүй, тэгэхээр хүн гэж энэ дэлхийд ирсэн бол хийх ёстой үйлээ хийчээд, эндээ эргэж дэгдчихээд, эргээд буудаг, энэ яаж байна эргэлдэж байна, эргэх холбоо. Ингэж чи хас тэмдгийг хас эрдэнийг мэд.

Хас тэмдэг яагаад эргэлдэж байна? Энэ бол нууц. Сүнс, хүн эргэн төрж эргэлддэг. Ийм л учраас сүнс бид буруу яваад нь ярьж хэлж, ингэж зааж зөвлөж байна, Дараа дараагийн хүмүүс энэ эх дэлхийг сүйтгэж хаявал, та нар ч бид ч бүгд байхгүй болно, бид хэний бие дээр эргэж эхийн хэвлийд орох юм бэ, хэнд буцаж ирж төрж энэ сайхан агаар амьсгалж, энэ сайхан бүхнийг мэдэрч, энэ аз жаргалыг харж баясах юм бэ? Өндөр дээд бид та нарыг бүгдийнх нь баяр гунигийг чинь хуваалцаж, харж баясаж, хайрлаж энхрийлж, адилхан амьдарч явдаг. Ийм л учиртай шүү дээ

Хүмүүс таныг буун заларч байгаад итгэхгүй яагаад гэвэл та дэндүү агуу..... гээд өгүүлбэрээ дуусгаагүй байхад хаан яриа таслан доорхыг өгүүлэв.

Сонс. Би агуу байж болно. Гэхдээ би хүн байсан нь үнэн биз дээ. Би хүн байхдаа юу бүтээсэн? өөрийнхөө үйл хэргээр мөнх хөх тэнгэрийн шидээр их үйл хэрэг бүтээсэн. Тэгээд би үхлээ, сүнс боллоо дээд тэнгэртээ заларлаа би мөнхөд тэндээ залраад байх хэрэгтэй юу би бол тэнгэрийн улаач, тэнгэрийн үр, энэ замбативд чинь болохгүй үед бууж ирж үгээ хэлнэ.

Аа би хаан байж болноо. Гэхдээ би бас хүн байсан. Хүнтэй адилхан би эхийн хэвлийгээс мэндэлсэн, хүнтэй адилхан би амьсгал хурааж өнгөрсөн. Тэгвэл надад сүнс байх ёстой юу?  Ёстой. Яагаад би сүнс болчоод бусадтай адилхан бас бууж мордоод явж болохгүй гэж. Би бусдаас онцгой нь би тэнгэрийн үр, тэнгэрийн элч. Би эгэл нэгнээр дамжиж эргэн дахин дахин төрөх ёсгүй. Тэнгэрийн үр учраас хэрэгтэй үед нь бууж хийх үйлээ хийгээд эргээд тэнгэртээ дэгддэг. Миний тэнгэр удган бас тийм. Миний тэнгэр удган энэ замбативд эр эм хоёроос охин нь болж мэндэлсэн. Миний удган хүнтэй адилхан биетэй, цустай, махтай, ястай, хүнтэй адилхан байгаа биз дээ. Миний удганд бас үхэх цаг нь ирнэ. Тэгээд миний удган яах вэ? Бас сүнстэй. Миний удганы сүнс дээд тэнгэрт очих нь тодорхой. Цагаа тулахаар миний тэнгэр удган бас нэгэн хэвлийгээр дамжин хүн болж хийх ажлаа хийнэ, эсвэл хэн нэгэн дээр, үр удамдаа онгод тэнгэр, өндөр эжий нь болж залраад сургаалиа хэлээд явна. Энэ бол байгалийн хууль, тэнгэрийн хууль. Аа тэгтэл яагаад заавал тэнгэр дээдсүүд нь бууж ирэхгүй бага дээдсүүд нь буугаад багачууд нь эргэлдэх ёстой гэж.

Тэгэхээр энд хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг бол хэр зэрэг мунхаг байгаагийн шинж тэмдэг байна, Ийм болтлоо мунхарсны хар гай гэж. Иймийн тулд гэгээрэл хэрэгтэй гэдэг чинь энэ.
Ганц би, ганц эзэн Чингис би ганцаараа тэнд алдар нэрийг олоогүй, миний 9 өрлөг, миний эжии аав, миний эхнэр хүүхдүүд бүгд хичээн зүтгэж нойр хоолгүй тэмцэж, ясаа, махаа гартал зүтгэж, амиа алдаж байж энэ улсыг байгуулсан. Эзэн би ганцаараа биш, миний өндөр дээд эцгүүд ч энд бууж ирээд морддог. Тэгэхээр энэ бол тэгтэл гайхаад байх хэрэг байна уу. Байхгүй шүү дээ.

Үргэлжлэл бий.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР