2011-10-10

Чингисийн Монгол бүлхэм Аянга удганаар засал хийлгэсэн болон Эзэн Чингис хаантай уулзсан тухайд маш товчхон


Чингисийн Монгол Фэйсбүүк бүлхэм байгуулагдаад 4 сар орчим болж байгаа бөгөөд бид бүхний хамгийн анхны нүүр тулсан уулзалт маань интернэтээр бөөндөө Аянга удгантай уулзан засал хийлгэж, дараа нь Эзэн Чингис хаантайгаа уулзсан явдал байлаа. 

Энэ үйл явдлын тухай тэнд очсон хүн бүр дэлгэрэнгүй бичиж тавих байх. Бүх хүн өөрийн сэтгэгдлээ бичээсэй гэж хүсч байна. Тиймээс би бас Хаантай уулзсан 2 дахь удаагийн уулзалтынхаа сэтгэгдлийн талаар товч өгүүлье.

Анх бүлхэм байгуулагдаж байхад 3 хан гишүүнтэй байсан бол 4 сарын дотор өөрөө request Хийж олж сурж ирсэн 57 хүн манай бүлхэмд бүртгэгджээ. Чингисийн Монгол бүлхэмд Аянга Удганы блогийг уншиж ойлгосон, мөн бөөгийн тухай илүү ихийг ойлгохыг хүссэн, эргэлзээтэй асуудалдаа хариулт авах гэсэн ер нь өөртөө хариуцлагатай ханддаг, хүсэл тэмүүлэлтэй үнэний төлөө зорьдог хүн бүхэнд нээлттэй билээ.

Би анх удаа хаантай уулзаад энэ тухайгаа ойр дотныхондоо ярихад гаднаа гайхаж байсан ч дотроо инээж шоолж байсныг нь би мэдэж байлаа. Арга ч үгүй, бөө мэдэхгүй хүн битгий хэл бөө нар Эзэн Чингис хаан бууж ирсэн гэхэд сонирхож судлахаасаа илүүтэй үл итгэх байдал гаргаж эргэлзэж тээнэгэлздэг. Гэвч Тэнгэрийн үйл гэдэг аяндаа бүтдэг, үржихүйн хүрдээр урагшилдаг жамаар Тэнгэрийн зарлигийг ойлгож Эзэн Чингис Хаан эргэн Монголдоо заларсныг сонсож мэдэн, өөрийн биеэр хүчин зүтгэхээр цугласан маш олон хүмүүс цөөхөн сарын дотор цугласан нь гайхалтай.

Мөн Чингис хаан эргэн Монголдоо заларсан тухай сураг сонссон хүмүүс өөрийн чадах бүхнээр Тэнгэрийн үйл хэрэгт туслахаа амалж сэтгэл зүрх, гар биеэ оролцуулж байгаад баяртай байна. Чухам өөрийн биеэр хүчин зүтгэхээр шийдсэн манай бүлхэмийн 20 гаран хүмүүсийг Аянга удган Хаантай уулзуулж бэлэг барихаар шийдсэн юм.

2011.10.06-ны өдөр 21 хүн цугларан Аянга удганаар засал хийлгүүлэв. Энэ заслын тухай удганы блогт бичсэн байгаа. Бид интернэтээр холбогдон удганаас зааварчилгаа аван Тэнгэр Монгол Газар үгээ хэлэхэд Удганы онгодууд бидний байгаа газар гэрлийн хурдаар давхин ирж засал хийж эхэлсэн. Заслын үед миний лав чих маш халуу оргин дүүгэж байлаа. Мөн нүдээ аниад суухад өөрийн мэдэлгүй миний дотор өөр хүн ороод ирсэн мэт миний бие ганхан хөдөлж байлаа. Би туршиж үзмээр санагдан биеэ чангалан хөдлөлгүй суусан ч удалгүй ямар нэгэн хүч миний биеийг дахиад л ганхуулж эхлэнэ. Тэр засал их сонирхолтой байсан шүү. Ямар нэгэн далд хүчтэй холбогдсон гэдгээ лав баттай мэдэрсэн. Харин надаас бүр илүү мэдэрсэн хүмүүс тэнд маш их байсан. Тэдний ихэнхи нь хаа нэг газраа халуу дүүгэн, нойр хүрэх, чинэрэх гэх мэт төрөл бүрийн мэдрэмжүүдийг мэдэрснээ хэлсэн бөгөөд түүнийхээ тухай Тэнгэр Монгол Газар блогт бичих байхаа. Заслын утга учир нь бидний биеийг цэвэрлэн хар муу зүйлийг хөөн зайлуулах байсан бөгөөд Удган нийт өвдөлтийн мэдрэмжийн 95 хувийг бид харин 5-хан хувийг авч байлаа. Манай бүлхэмийнхэн бөөлжиж, огиж магадгүй гээд урдаа уут муут тавиал бэлдэж байсан ч аз болж Тэнгэр Монгол Газар үгээ байнга хэлдэг байсны ачаар муу энергийнхээ ихэнхийг нь зайлуулж чадсан байсан. Бид заслаа хийлгэж дууссаны дараа хаантай уулзахаар хүлээцгээлээ.

Хаан орж ирэхийн өмнөхөн нэгэн сүртэй онгод орж ирээд хэдэн үг хэлээд буцав. Тэр онгод хэлэхдээ Биднийг ёсгүй байна, доошоо сууцгаа гэж ширүүн дуугаар тушаагаад явж одов. Бид бүгд чимээгүй болон өвдөгөө нугалж сөхөрч суугаад  юу болохыг амьсгаа даран хүлээв. Бидний цугласан өрөө халуун байсныг хэлэх үү бидний хэд Хаантай уулзана гээд сандарсан байсныг хэлэх үү хөлс бол харин ч нэг урсаж байлаа даа.

Хэсэг хугацааны дараа онгод буув. Тэр онгод хаан мөн болов уу биш болов уу гэж бодож байсан ч би зориг гарган: Амар амгалан байна уу та, Эзэн Чингис Хаан маань мөн болов уу хэмээхэд өөдөөс Мөн бол юу гэж биш бол юу гэж хэмээв. Би анх хаантай уулзаад бас л энэ асуултыг асууж байсан юм, хоёр дахь удаагаа уулзахдаа бас л энэ асуултыг асуув. Харин асуух бүрт хаан Мөн бол юу гэж биш бол юу гэж хэмээн хариулдаг нь их сонин. Тэгснээ танай Хөх Монголын Хаан чинь хэн бэ гэхэд Чингис хаан билээ гэхэд тэр чинь би байна хэмээлээ. Бид бүгд хаантайгаа мэндлэв.

Хэдийгээр би хаантай 2 дахь удаагаа уулзаж байгаа, бас интернэтээр уулзаж байгаа ч сандран хөлс асгаж, гар салгалж байлаа. Харин хэд хэдэн удаа ярьсны эцэст сандрал маань арай гайгүй болов. Манайхан бүгд цомцойн чив чимээгүй сууцгаана.  Хаан биднийг хараад инээд нь хүрсэн бололтой үрс минь тайван сууцгаа, тав тухтай сууцгаа гэж биднийг харж үзэв. Хаан хэсэг ярьснаа Үрс минь би орчин цагийн хэлийг хэр сурсан байна даа гэв, Хаан орчин цагийн хэлийг бүр сурахын дээдээр сайн сурчээ, ямар ч түгдрэл гацалт байхгүй, бас маш энгийн үгээр бидэнд ойлгогдохоор утга төгс ярьж байлаа.

Хаантай өмнө уулзахдаа хэрэв би хаантай дахиж уулзах боломж тохиох аваас асуух асуултуудаа цаасан дээр тэмдэглэж авна даа гэж бодож байсан юм, учир нь хүн сандрахаараа хамаг ухаан нь гараад явчихдаг юм билээ. Би тэрийг санаж групынхэндээ Хаанаас асуух асуултуудаа цаасан дээр тэмдэглэж ирээрэй гэж хичээнгүйлэн захисан боловч тэмдэглэж ирсэн нэг ч хүн байхгүй байлаа. Би ч бас өөрөө тэмдэглэхээ мартчихсан л тууж явна лээ. Тиймээс бид бүгд эхэндээ жам ёсоороо сандралын байдалдаа орж Хаанаас юм асуухуу гээд микрофон барихаар бүгд үгүй үгүй гэж сандран зугтаана. Харин нэг асууж эхэлснээсээ хойш Хааныгаа явуулахаа болив. За ингээд өндөрлөх үү дээ үрс минь гээл хэлэхээр нь бас дахиал нэг асуучихна. Тэгсээр байгаад шөнийн 12 хүргэсэн байхаа бараг.

Тэнд хүмүүсийн асуусан сонирхолтой асуултуудаас толилуулвал:

Монголын Нууц Товчоог хэн бичсэн бэ? Нууц товчоо бидэнд Монгол эхээрээ дахиж олдох уу?
2012 онд яг юу болох вэ?
Монголчуудын Хөх толбоны учир утга?
Өүлэн ээжийн гэр шатсан уу? /хэ хэ/
Хубилай Хаан яагаад бурхны шашныг төрийн шашин болгосон бэ?
Тэнгэрийн дараагийн төлөвлөгөө юу байна?
Монголд гамшиг тохиолдох уу?
Монгол Хаант засагтай болох уу /хэ хэ/

Ер нь маш олон асуулт асуусан. Хаан бас ихийг ярьсан. Энэ бүх яриагаа бид компьютер дээрээ бичиж авсан боловч маш сулхан бичигдсэн байлаа. Тэрийг янзалж байгаад нэг заваараа тавих болно. Хаан биднийг дөрвөлжин хараараа буюу нөүтбүүкний цаанаас вэб камераар харан яриагаа өрнүүлнэ. Заримдаа вэб камер гацаад дүрс хөдлөхгүй болчихвол Хаан наад дөрвөлжин чинь яагаад хөдлөхөө байчив гэнэ хэ хэ. Манай Хаан бол компьютерт мундаг, камерт бас мундаг юм шүү дээ. Бид хэдтэй хэний ч тусламжгүйгээр чаталчихдаг юм. Заримдаа Фэйсбүүк дотор би зөв дөрвөлжин дотроо байна уу гэсээр орж ирэхэд тэр лав Хаан байж магадгүй юм гэж бид  хэд таамагладаг юм. Хаан одоо фэйсбүүкт төөрөхгүй. Харин удган маань заримдаа төөрчихдөг байсан бөгөөд төөрчихөөрөө саяны төөрдөг Би биш хаан байсан шүү гэж Их Хааныг маань хөөрхөн хэлмэгдүүлнэ. Ер нь Хаан маань тэр уулзалт хурилдай дээр Аянга удганыг бидэнд жаахан ховлоод авав.

Миний энэ Тэнгэр удган дэндүү дэндүү дэндүү дэндүү дэндүү дэндүү ЗӨРҮҮД гэж Хаан хэлэв. Мөн Хаан цааш нь хэлэхдээ Одоо би эгнэгт хүчээ авсан тул хэн ч намайг үл дийлнэ хэмээгээд би заавал Тэнгэр Удганаар дамжуулан үгээ хэлэлгүй шууд энэ буусан биеэрээ ингээд уулзаад зурагт, радио бүх юмаар гармаар байнэ гэлээ. Харин Тэнгэр Удган би зурагтаар хэзээ ч гарахгүй, мэдэхгүй, үгүй, чадахгүй гээд гүрийчихдэг гэж Хаан маань Удганыг бидэнд мэдүүлэв.

Мөн намайг буулгаад миний тахилгыг хийлээ гээд хүн бүрээс тэр "хорин мянга" гэдгийг авсан Дабааням гэгч ямар нөхөр байнаа гээд бидэнд ярив. Би энд нэг л байхад намайг олон болгож энд тэнд буулгагчдыг өршөөхгүй гэв. Тэд худал хэлж ардыг залилсныхаа хариуг хүртэх нь тодорхой юм.


Бид хаантай халуун яриа өрнүүлээд ид дундаа орон явж байтал интернэт салав. Жаахан байж байгаад интернэт нийлэв. Дахиад салав, дахиад нийлэв, урьд өмнө нь интернэт ингэж салж нийлдэггүй байсан гэж тэр газрын хүн хэлсэн. Гэтэл Хааны хамгаалагчид гэж айхтар нөхдүүд биднийг олон долоон юм шалгаагаад хамаг нууцыг нээчих гээд байсан тул сүлжээг салган Эзэн Хааныг даруйхан авч одов. Тэд Хаан биднийг илүү удаан уулзуулахгүй гээд сүлжээг тасалж биднээр наадсан байжээ. Мөн тэнд ирсэн хүмүүс бүгд учиртай хүмүүс төдийгүй, нэг хүн нь Хааны ойр дотны нэгэн хүү нь хүн биенд хувилчихаад явж байсан ажээ. Түүнийг хараад хаан сэтгэл нь шаналан уйлах дөхөхөд Хааны хамгаалагчид сүлжээг салгаад Хааныгаа аваад явав. Тэр өдөр тэнд цугларагсдын өндөр дээд удмынхан буюу бүр 13-р зууны үеийн өвөг дээдсүүд нь мөн хаантай хамт буусан байсан юм. Мөн тэнд олон олон нууц үйл явдал болсон. Тэр бол НУУЦ хэвээр үлдэх болно.



Энэ мэтчилэн бид Хаантай маш их зүйл ярьсан бөгөөд ойролцоогоор 4 цаг орчим болсон тул энд бүгдийг бичих боломжгүй, бас миний орхигдуулсан зүйл олон байх тул бусад очсон хүмүүс сэтгэгдлээ өөрийн блогт бичнэ гэж найдаж байна. Уг нь хаан та бүгдэд бичээрэй гэж даалгасан санагдана. Бичих байхаа.

Бас Би анх хаантай уулзсаны дараа намайг хүмүүс гэнэн итгэмтгий, солиотой юмтай баагий, утгагүй гэж хэлж байсан бол одоо 21 хүн уулзсан тул би ганцаар тэгж хэлүүлэхгүй болов. Тэнгэрийн үйл хэрэг гэж цаанаа л ондоо байдаг юм байна. 4 сарын өмнө ганцаараа байсан бол одоо 20-уулаа боллоо. Намайг солиотой галзуу гэж дуудаж болох ч тэр 20 хүн бүгд солиотой биш билээ яаж ч бодсон? Эзэн Хаан маань Хөх Монголдоо эргэн заларсан нь чин үнэн билээ. Эзэн Хаан заларсныг энэ хугацаанд нэг их дэлгэрүүлэлгүй явж байсан бол одооноос эхлээд Бүх Хөх Толботнуудад тараан түгээх болно. ТВ, Радио, Сонин, сайт, блогуудаар салхи мэт түгээх болно. ӨвөрМонгол, Буриад, Халимаг, Казак, Тува гэх мэт бүх Монголчууддаа энэ мэдээг сонордуулах болно. Их Үйл хэрэг өрнөх болно.

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР