2011-10-02

Зул Алдар Хаан Монгол Ардын Тууль

Монголын аман зохиолын хамгийн том төрөл зүйл бол тууль бөгөөд баатарлаг үйл явдлын цомог юм. Баатарлаг туульст монгол үндэстний сайн эрсийн хүч чадал үзэл санааг сонирхолтой үйл явдал, уран яруугаар шүлэглэн дүрсэлсэн нь ардын оюун билэгт олон үе дамжин хадгалагдаж ирсэн. 



Судлаачдын үзэж байгаагаар туульсын үндсэн хэв төлөв манай эриний VI зууны үед бүрэлдэн тогтжээ. Монгол орон бол туулийн өлгий нутаг бөгөөд "Жангар" "Гэсэр" "Эрийн сайн Хан Харангуй" "Бум-Эрдэнэ" гэх мэт алдартай туулиуд маань монголын төдийгүй дэлхийн соёлын үнэт өв билээ.Ард түмний дунд "туульч" хэмээн өргөмжлөгдсөн ардын аман зохиолын сод авъяастангууд цөөнгүй байжээ. Тухайлбал: Баядын алдарт туульч М.Парчин, Буурал Сэсрэн, Сүгсүү, Уриахайн туульч С.Чойсүрэн, Ө.Буян, Цэцэн Хан аймгийн Ө.Лувсан хуурч, Ховдын Б.Авирмэд... Туульчид нь товшуур хөгжмөө хөглөн хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл уянгалуулан цээжээр тууль хайлж ард олноо баясгаж байсан.Оросын монголч эрдэмтэн А.В.Бурдуков, Б.Я.Владимирцов нар нь монгол ардын соёлын нандин өв туулийг сурвалжлан тэмдэглэж, дэлхий нийтийн анхааралд толилуулж, хойч бидний үед үлдээж өгсөн гавъяатай хүмүүс юм. Академич Б.Я.Владимирцов "Олон газраар явж их юм олж тэмдэглэж авлаа. Сайн сайн туульч тааралдах юм. Гэхдээ их Парчин хавьгүй илүү юм" хэмээн тэмдэглэж байжээ.

  
Монгол ардын туульс: 
-Жангар
-Гэсэр
-Эрийн сайн Хан Харангуй
-Бум-Эрдэнэ
-Дайны Хүрэл
-Догшин Чингэл
-Хаан Чинке
-Бүргэд хар
-Хийгийн хүйтэн хөх төмөр зэв
-Эрийн сайн Эргэл Түргэл
-Түшээт Ханы хөвгүүн Эрийн сайн Хүлэг эрдэнэ
-Шар бодон
-Галзуу хар хөхөл
-Эзэн улаан бодон
-Бөх алтан нудрам
-Хаан цэцэн зурхайч
-Талын хар бодон
-Баянцагаан өвгөн
-Хүрэл алтан дөш
-Аргил цагаан өвгөн
-Хүдэр мөнгөн тэвнэ
-Наран хан хөвгүүн
-Жаргал ихтэй эзэн улаан бодон
-Өнчин яргай
-Бужин даваа хаан
-Зул алдар хаан
-Нарангэрэл хаан
-Бурхан хар баатар




Зул Алдар Хаан


Нэгдүгээр бүлэг

ЗУЛ АЛДАР ХААНЫ МАГТААЛ
           
 Гаднаас эвдээд ордог
Дай дайсныг номхруулж
Дотроос эвдээд гардаг
Гай зэтгэрийг хамгаалах
Эзэн болоод төрсөн
Эрийн сайн
Зул Алдар хаан

Эрт урьд
Эхэн түрүүн цагт
Гадаад далай
Балчиг өрөм тогтож
Галбар зандан модон
Найтаг жирээ байхад
Орчлонд хүйс болоод
Сүвээгээ дараад
Сүүдрээ бөглөөд тогтсон
Орон замба тивд
Багана болоод ургасан
Тал дундуураас нь өөд
Тас хар будан татсан
Будантай өндөр
Хар уул харуустай байдаг
Зул Алдар хаан.

I.       Зул Алдар Хааны таван хошуу малын магтаал
Бум арван түм хүрсэн
Албаттай байдаг
Хангайн эхэн шилээр
Дүүргээд өсгөсөн
Хар бараан адуутай байдаг
Тэр л хоёр сүрэг
Адууны ахлаач болохоор
Хөл талдаа хурдан
Хөмсөг талдаа зузаан
Магнай талдаа тэнүүн
Махан талдаа бат
Зуузай талдаа хурдтай
Зулай талдаа тэлүүн
Өрмийн эр соёотой
Өрөлбийн аман эрүүтэй
Хонхын очир
Хоёр чихтэй
Хуугийн цорго далантай
Туг сайхан дэлтэй
Сувсан сайхан сүүлтэй
Нарийхан хар азарга гэнэ.
Дөрвөн мэсэр хар туурайтныг
Өмнөө гаргадаг түүхгүй төрсөн
Тэр л хоёр зүсэм
Адуун сүргийн ахлаач нь
Тэр л болдог билээ.
           
            Түнгэтийн голоор дүүрээд өссөн
            Түмэн улаан хоньтой байдаг
            Ялантын голоор
            Дүүргээд өсгөсөн
            Ялан улаан хоньтой байдаг
            Тэр л хоёр сүрэг
            Хонины ахлаач нь болохоор
            Довон болсон биетэй
            Дош болсон сүүлтэй
            Атигар цагаан халзан хуц л гэнэ.
           
            Ялантын голоор дүүргээд өсгөсөн
            Ялан улаан үхэртэй байдаг
            Түнгэтийн голоор дүүргээд өсгөсөн
            Түмэн улаан үхэртэй байдаг
            Тэр л хоёр сүрэг
            Үхрийн ахлаач нь болохоор
            Гучин алд биетэй
            Гурван алд цээжтэй
            Гунан бор цоохор
            Бух л гэнэ.

            Түүний дараа талд нь
            Өлөнтийн голоор дүүргээд өсгөсөн
            Өл манхан тэмээтэй
            Харганатын гол дүүргээд өсгөсөн
            Хар манхан тэмээтэй байдаг.
            Тэр л хоёр сүрэг
            Тэмээний ахлаач нь болохоор
            Өмнө бөх нь нугархай
            Хойд бөх нь сэрээ явдаг
            Тэр л тивийн өрийг
            Бүтээж л явдаг зогдортой
            Туулайгаар нь
            Буйл товх шургуулж
            Бурантаг хамар зүүж
            Үзээгүй төрсөн
            Хавцал болсон амтай
            Харгай зөөхөн шиг
            Соёотой байдаг
            Ар бөхөнд нь
            Шээсэн шавдар хуягласан
            Өмнө бөхөнд нь
            Хөөсөн шавдар хуягласан
            Атигар хар манхан буур л гэнэ.
           
            Бутын голоор дүүргээд өсгөсөн
            Бор цоохор ямаатай байдаг
            Тэр л ямаан сүргийн
            Ахлаач нь болохоор
            Тэнгэр өөдөө ургасан эвэртэй
            Төв сайхан биетэй
            Тэгш орог тэк л гэнэ.


II.    Зул Алдар Хааны магтаал

            Арван бум хүрээд үлсэн
            Албат ардыг
Ахалж эзлээд төрсөн
Хаан эзэн баатар нь болохоор
Гаднаас эвдээд ордог
Дай дайсанг номхруулж
Дотроос эвдээд гардаг
Гай зэтгэрийг хамгаалах
Эзэн болоод төрсөн
Эрийн сайн
Зул Алдар Хаан гэдэг
Хүн байж л гэлээ.
Авалдаж хүний дор
Ордог түүхгүй төрсөн
Эрхийтэйгээр харвалцаж
Сумны харваа алдаж
Үзээгүй төрсөн
Хорон шүү ууж
Согтдог түүхгүй
Хортон дайсантай харгалдаж
Автагдаж дийлэгдэж
Дарагддаг түүхгүй төрсөн.


III. Зул Алдар Хааны наян нэг хувилгатай нарийхан зураг шаргал морины магтаал

Эрийн сайн Зул Алдар Хааны
Унаад явдаг!
Унаа хий хүлэг
Морин болохоор
Дархан буга шаргал морин
Хөл талдаа хурдтай
Хөмсөг талдаа уужим
Зулай талдаа тэлүүн
Зуузай талдаа хурдтай
Ямаан янтгар хоншоортой
Ягц дөрвөн туурайтай
Өрмийн ир соёотой
Өрөлбийн аман эрүүтэй
Хонхын очир
Хоёр чихтэй
Туг сайхан дэлтэй
Сувсан сайхан сүүлтэй
Туулай сайхан зоотой
            Дав дээрээ
Далан нэгэн хурдтай
Нав дээрээ
Наян нэгэн хувилгатай
Нарийхан зураг шархал
Морьтой байдаг билээ.


IV. Зул Алдар Хаан далайг гаталж дайсныг дараад гэр орноо төвхнүүлж жаран таван хоногийн жаргал хийсэн магтаал

Зул Алдар Хаан
Гадаад далайг гаталж ирсэн
Дайсныг дараад
Дотроос эвдээд гарсан
Хорон шүүг тогтнуулаад
Алтайг арван гурав
Хангайг хорин дөрөв тойроод байтал
Сахалд нь саарал
Санчигт нь буурал оров гэнэ.
Зул Алдар Хаан
Дайныг дараад
Далайг гаталж ирээд
Далай цагаан өргөөний
Баруун талд
Галбарсан сайхан
Зандан модон уяандаа
Зураг нарийхан шаргал морио
Татан уяж сойгоод
Хангай дөш хар эмээлийнхээ
Жаран зургаан олом жирмийг мөлтлөөд
Тохой зандан модон бүүрэгтэй
Тошил зандан модон хавтастай
Хангай дөш хар эмээлийг
Хөдөө энтэй хөвөн цагаан
Тохомтой нь аваад
Далай цагаан өргөөнийхөө
Шинэхэн хийсэн
Ширмэл цагаан үүдийг
Ширвэн цохиод
Шурган алхаж оров.
Далай цагаан өргөөнийхөө
Тэрэм талд нь
Тэх хуц хоёрыг
Тэгш сайхан мөргөлдүүлээд
Сийлсэн байдаг л
Тотго талд нь
Тогос шувууг
Тонголзуулан сийлсэн байдаг л
Унин талд нь
Уулын улир хойлог шувууг
Уралдуулан сийлсэн
Хатавч талд нь
Хангарди шувууг
Гарайдуулан сийлсэн
Гараац талд нь
Гарди шувууг
Гайхалдуулан сийлсэн байдаг
Цагираг талд нь
Цах шувууг
Цашгилдуулан сийлсэн байдаг
Баруун талын барааг
Батлан дүгнэн хураагаад
Бар цоохор хивсээр нь
Бөхлөн бүтээсэн байдаг
Зүүн талын барааг
Зөвлөн дүгнэн хураагаад
Зүйл цоохор хивсээр нь
Зүүж л бүтээсэн байдаг.
Зүүн хойд талд нь
Наян давхар
Нарийхан цагаан ор нь
Тавиастайхан байдаг билээ.
Нимгэн булган хөнжил
Хуйлаастай байдаг билээ.
Хив цоохор хивсээр
Бүтээлэгтэй байдаг билээ.
Түүний урд талд нь
Туурга нэвт туяатай
Тунгалаг улаан царайтай
Задраад одсон
Зах товчийг нь
Шигтгээд өгдөг
Заяаны нь зандан дагина
Хар Лустын охин
Хар Нүдэн Хатан гэнэ.
Эрийн сайн төрсөн
Зул Алдар Хаан
Эрүүнийхээ сахлыг
Өвчүүн талдаа шувтраад
Оочийнхоо сахлыг
Чихэн талдаа шувтраад
Аа гэсэн амнаас нь
Арван эхтэй галын
Заль бадраад
Өө гэсэн тагнайнаас нь
Өлөн хөх утаа суунаглуулж
Хайхираад хэлэв л:
-                    Гадаад далайг
Нааш цааш
Долоо долоо гатлаад
Алтайг арван гурав
Хангайг хорин дөрөв
Тойроод ирэв.
Одоо нэг л
Жаран таван хоногийн
Жаргал найр хийгээд
Хавтгай өргөн
Хошуу нутгаа цуглуулаад
Авдаг юман гэв л
Баруун талаар нь
Бажгар улаан түшмэлүүд нь
Багтаж ядан сууж
Суурилаад явна.
Жирийсэн урт зэл татаад
Жараахай болсон унагыг
Татаж уяад
Хатуу амттай хар архийг
Нэрж нэрж гаргаад
Халимтай махыг
Болгож болгож гаргаад
Заар ангитал овоолоод
Жаран таван хоногийн
Жаргал эхлээд авав л.
Шинэхэн саасан гүүний
Чихэр бурмын амтаар исгэсэн
Шингэн цагаан чигээг
Хашин хар архдад нь хийж
Ачлагын сайхан
Атан тэмээдэд ачаад
Далай болгон цуглуулаад байв.
Хавтгай өргөн
Хошуу нутаг нь
Далай цагаан өргөөний тэнд
Багтаж ядан бууж суурьшаад
Хоймор талдаа байсан
Хойлог зандан ширээн дээр
Алаг эрээн идээгээ
Зул Алдар Хааны өмнө талд
Татаж тавиад явна.
Түүний дараа талд нь
Далан долоон шигшрэгтэй
Далбаа цахиур
Ногоон шаазанд
Шинэхэн гүүний сүүгээр
Чихэр бурмын амтаар
Исгээд хийсэн
Шингэн цагаан чигээний дээжээс
Чих баривал
Чигчий дундуур
Эвтэй барьвал
Эрхий дундуур хийж
Тавин хүн татаж
Далан хүн дамжилдаж
Зул Алдар Хаанд барихад
Зул Алдар Хаан
Хум дэлдээд
Далбаа цахиур цагаан шаазанг
Эргүүлж л өгөв.
Түүний дараа талд нь
Хариулж л нэрсэн
Хатуу амттай
Хар архины дээжээс
Чих дүүрэн
Чигчий дундуур
Эвтэй дүүрэн
Эрхий дундуур хийгээд
Бас л тавин хүн татаж
Далан хүн дамжилдаж өргөөд
Зул Алдар Хаанд барихад
Бас л хум дэлдээд
Далбаа цахиур цагаан
Шаазанг эргүүлж өгөв л.

Аянгын улаан дүүвэр болоод суухдаа
Эрүүнийхээ сахлыг имэрч
Өвчүүн талдаа тавиад
Оочийнхоо сахлыг имэрч
Чихэн талдаа тавиад суув л
Аяганы амны дүнтэй
Алаг хар нүд нь
Арван тавны сар кэвтээ
Суудаг нь энэ билээ.

Түүний дараа талд
Алтан мөнгөн тавганд
Алаг эрээн мах идээг
Дүүргэж хийгээд
Хоймор талд нь байсан
Хорин найман хөлтэй
Хойлог зандан ширээн дээр
Өрөөд ирэхэд
Авч л идээд хум дэлдээд
Нарийн ясыг
Хамраар тургиад
Бүдүүн ясыг
Амаар тургиад сайхан
Аянгын улаан дүүвэр болоод суув л.

Хавтгай өргөн
Хошуу нутаг нь
Урт сайхан найраа эхлээд
Уян сайхан дуугаа дуулаад
Жаргал цэнгэл хийгээд
Ахар богино
Арван таван хоногийн
Адаг өнгөртөл найрлаад
Хорин таван хоног
Найрлаад байхад
Эрийн сайн төрсөн
Буга шаргал морьтой
Зул Алдар Хаан
Булган хар цээжиндээ
Бодон хүдэн бодоод байв л.
Унаа сайн морь хүлэг
Буга шаргал минь
Хашиндах талдаа хандаж байна.
Өөрийн бие минь
Харих насандаа
Ойртож байна.
Өшөөтэй амьтан олширч
Энэрэх амьтан
Цөөрч л байна
Өөдөө цохьсон чулуугүй
Өөрөөс гарсан
Цовоо сайн үрэн үгүй билээ.
Буга шаргал морьтой
Зул Алдар Хааны
Өвгөрөх насан
Өцийх нуруу болж байна.
Одоо ер яадаг билээ
Гаднаас хатуу хажир
Дайсан хүрээд ирэхээр
Хариу хүргэх чадалгүй.
Хавтгай өргөн
Хошуу нутаг минь
Хажир хар дайны
Гарт орох нь
Хар лустын дагина
Хар Нүдэн Хатан
Зуун манхан тэмээний
Хамар бурантгийг хөтөл гэж
Аянгын улаан дүүвэр
Болоод суув.
Аа гэсэн амнаас нь
Арван эхтэй галын заль дүрэвхээд
Өө гэсэн тагнайнаас нь
Өлөн хөх утаа суунаглаад
Бух сайхан магнай нь янхийгаад
Буйлган сайхан соёо нь арзийгаад
Хайхираад хэлэв л:
-                    Хангайн эхэн шилээр
Дүүргээд өсгөсөн
Хоёр зүсэм адууг минь хариулж
Харанхуй шөнөд нь
Хар нохой болон хуцаад
Халуун өдөрт хун хэрээ болон
Хайхираад явдаг
Хурдан хул азарга унасан
Адууны аг сахал хөгшин
Хоёр зүсэм адууг минь
Хариулж яваад хөгширлөө.
Адууч өвгөнийг авч ирж
Энэ жаран жилийн
Жаргалд оруулагтун гэв л.

Ар талд нь суусан залуу
Атан тэмээ шиг алхлаад
Ширмэл цагаан үүдийг
Ширвэн цохиод
Шурган алхаад гараад явна.
Алтайн шилийг тэмцүүлээд
Тэр өдрөө
Тэсэн гүйлгээд
Түүний маргаашийг
Дөлөн гүйлгээд
Амралгүй яваад
Арван таван хоног өнгөрөөд
Арван зургаа дахь нь болж явтал
Хоёр сүрэг бараан үзэгдэв л.
Адуучин аг сахал өвгөн
Наян тохой уургыг
Тохой талдаа чирээд
Хурдан хул азаргынхаа
Амы нь ангайтал татаад
Адаг нурууг нь
Хотойтол суугаад:
-                    Чи  ямар хүн бэ?
Хаа хүрч л явна гэж асуув л.
-                    Жаран жилийн жаргал
Наян жилийн найр
Эхлээд байна.
Тэр л их найранд
Таныг авч ирж
Оруул гэж
Хаан эзэн баатар
Намайг явууллаа гэв л.
Адуучин аг сахал өвгөн
Тавин татан тэшүүлээд
Татан тавин товчлоод
Хаан эзэн баатрын
Далай цагаан өргөөний
Баруун талд нь ирээд
Холби тусан буугаад
Хурдан хул азаргаа
Хад мэт хантайраад
Хайрцаг мэт тушаад
Наян тохой уургаа
Далай цагаан өргөөний
Бүсэнд хавчуулж босгоод
Шинэхэн хийсэн
Ширмэл цагаан үүдийг
Шил талдаа өргөж
Ширвэн цохиод
Шурган алхаад оров л.
Босго эрхэний ар талд
Боол тулгын өмнө талд
Тод магнай тонголзуулж
Хаан эзэн ноён баатар гэж
Баян цагаан алгаа дэлгээд
Амар мэндий нь мэдэв л.
Түүний дараа талд
Баруун талаар суусан
Бажгар цагаан түшмэдүүдийн
Дээхнэ талд ирээд
Адуучны шар цоохор дээлтэйгээ
Завилан суув л.
Түүний дараа талд
Шинэхэн гүүний сүүгээр
Чихэр бурмын амтаар
Шинэхэн исгээд хийсэн
Шингэн цагаан чигээнээс
Далан хүн дамжилмаар
Далбай цахиур цагаан шаазанд
Чих дүүрэн
Чигчий дундуур
Эрхий дундуур хийгээд барихад
Аван хум дэлдээд
Далбаа цахиур цагаан шаазанг
Хариулж өгөв л.
Түүний дараа талд нь
Хариулж л нэрсэн
Хар архинаас
Чих дүүрэн
Чигчий дундуур
Эвтэй дүүрэн
Эрхий дундуур хийгээд барихад
Бас л хум дэлдээд
Далбаа цахиур
Цагаан шаазанг
Хариулж л өгөөд суув л.
Адуучин Аг сахал өвгөн
Арван таван хоног найрлаад
Арван зургаа дахь нь
Болж явтал
Атан тэмээ хэвтээ
Алхлаад босоод:
-Хаан эзэн баатар минь
Хавтгай өргөн
Хошуу нутаг минь
Хангайн эхэн шилийг
Дүүргээд өсгөсөн
Хар бараан адуунд
Алтайн эхэн шилийг
Дүүргээд өсгөсөн
Алаг бараан адуунд
Эрүүнд нь өвсөн
Уруулд нь усан
Хүрдэг үгүй билээ л6
Өвстэйд нь өвслөөд
Устайд нь услаад
Хүрээд ирцгээе гэж

Зул Алдар Хаанд хэлээд
Алхаад эргээд гарцгаадаг нь энэ билээ.





0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР