2011-10-22

Бөө мөргөлийн үүслийн талаар судлаач эрдэмтэн, мэргэдийн тодорхойлолтууд

Хар бөөгийн шүтлэгт брахманизм болон буддизм дорно дахины ямарч шашинтай адилтгах зүйлгүй бөгөөд дүгнэж хэлэхэд сүнсний үйлчлэл, байгалийн нөлөөллийн дор ард түмнийх нь дундаас үүсэн гарсан юм. Энэ хоёр хүч нялх балчраас нь нөлөөлен удирддаг. Эндээс л Монголчуудын хувьд тэнгэр бол байгалийн хүчний дээд элч, аливаа бурхадаас дээр, агуу их хүчийг нэгтгэсэн, бурхад ба сүнсний элчийг ч захирагч нь юм гэж ойлгодог. Тэгэхлээр бөө мөргөл гэдгээс юу ажиглагдаж байна вэ? Хэрэв Ази, Европын эртний ард түмний домгуудтай харьцуулах юм бол монгол хар бөөгийн шүтлэг бусдаас ямар гайхамшигт ялгаа байгааг олж харах л байсан ба ялгаа нь тохиолдлын ч бус, ард түмнүүдийн ойр хөрш амьдардгаас хамаардаг ч бус байгалиас л хамаатай юм.
Дорж Банзаров

Шүмэрт бас л тэр олон тэнгэр нар, лус сэлт яваа нь мануусын эртний шүтлэг Бон (бөө)-гийн шашин маш хүчтэйг харуулж буй юм.Өнө эрт нутгаас гарсан Шүмэрүүд байтугай хожим (МЭ I зууны үед) дундад Азид Шива болон түүний эхнэр Умаа-г шүтэж байсан. Шакьямунийн шашин төгөлдөр болсон хойно ч тэнгэр, лусын тоо олширсон болохоос цөөрөөгүй. Шүмэрт бөө нар, тэр тусмаа тэргүүн бөө хамгийг мэдэж, төрийн эрх барих шинжтэй байв. Ер нь Шүмэр бөө нарыг шашны зүтгэлтэн гэлгүй, эрдэмтэд, бүхнийг чадагч эрдэмтэд гэмээр санагддаг. Шүмэрүүдийг юм юм хийж чаддаг байсныг, хорвоогийн нарийн нандин болгоныг мэддэг байсныг гайхан шагшихаасаа "эд нарын мэдлэгийн эх булаг хаанаас, юунаас эх авсан юм бэ" гэдэг нь сонин ...Хор монголчууд хятадаас бусад улс түмнүүдийн дунд бөөгийн шашныг дэлгэрүүлсэн, хуучин бөөгийн шашинтайд нь шинэчлэл хийсэн гэх магадлалтай юм. Бөөгийн шашин гэдэг нь тийм ч их ядруу шашин биш байсан бололтой.
Г.Армаа

Монгол угсаатнуудын дотор бөөгийн мөргөл бий болоод маш их уджээ. Хүй нэгдлийн нийгмийн үеэс монголд бөөгийн мөргөл эхэлж бий болсон ажээ. 13 дугаар зууны эхэн үе хүртэл монголын бөөгийн мөргөлд гаднын ямар ч шашны нөлөө ороогүй шахам байсан юм.
Ч.Далай
Харин үүсэл гарлынх нь он цагийн тухайд эрдэмтдийн санал нэгдэн баталсанаар бол ангит нийгэм хөгжихөөс өмнө буюу шинэ чулуун зэвсэг (пеоШЫс репос!) юмуу хүрлийн үед холбогдох бөгөөд аж ахуйн хэвшилийн хувьдаа ан агнуур эрхлэн, ургамал жимс түүн аж төрж байсан үед (ИипИпд апс! даИпппд з1:аде) бий болсон байна (Норра! 1998.1).
Д.Бум-Очир

Монголчуудын хар бөөгийн шашин нь эртний олон шашины үүсэн бий болсон үүсгэлийн л нэг юм.Гадаад ертөнц нь байгаль, дотоод ертөнц нь хүний сүнс, энэ л үйл явц нь хар бөөгийн шашины эх үндэс үүсэл нь болой.
Дорж Банзаров

Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн. Энэ үеэс "бөө" (бөөгнүүлэгч цуглуулагч)-гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо үүссэн нь шүтлэг бишрэлийн анхны элемент болсон. Эндээс отог (бүлэг буюу гал)-уудаас овог, омог, аймаг, ханлигууд болох үйл явцыг гардаж байсан ихэнх удирдагч бол тэд байсан учир овог аймгийн ихэнх зонхилоочид нь бөө нар байлаа.
Д.Наран-Очир

Хүннүгийн бөө мөргөл
Бөөгийн шашин, бүр хүн сүргийн үеэс тэрхүү бүлэг хүмүүсийн дунд шүтлэгээр дамжуулан эмх журмыг тогтоож, хамгаалж, хүмүүсийг нэгэн зорилгод нэгтгэж, зорьсон тэр зүгт нь чиглүүлж, өөрөөр хэлбэл байгальтай харьцах явдлыг зохицуулж ирсэн байна. Ингэж зохицуулж ирсэн бөөгийн шашны үзэл санааны нэгэн гол бүрэлдэхүүн хэсэг нь гал голомтын тухай ойлголт байв. Галыг эрхэмлэн шүтэхээс улбаалан гал голомтын тухай энэ ойлголт улам төгөлдөржсөөр харьяат доодсын гал голомтуудын нь овог аймгийн ахлагч, зонхилогч нарын гал голомтын нэгээхэн хэсэг юм гэсэн ойлголтоор дээдсийг тойруулан доодос түмнийг хүрээлүүлж, овог аймгийн эв нэгдлийг ямар нэгэн хугацаа хэмжээгээр хангаж байжээ. Бөөгийн шашны хөгжлийн дээд шат болох мэргэжлийн бөө, хүннү нарт нэгэнт буй болсон байна.
Хүннү улс байгуулагдахаас 100 гаруй жилийн өмнө тэд нэлээд нэгдмэл зохион байгуулалттай хүчин болж, тэр ч байтугай цэрэг зэвсгийн хурц шаламгайгаараа Хятадаас ч давж түүнд дууриал болж байсан (37:53) үед ийнхүү "тэнгэр язгууртай" хэмээн магтагдсан хүн бол Хүннү аймгуудын холбооны зонхилогч Сюлянти овгийн Маодунь байжээ. МЭӨ 209 онд Хүннү улсыг байгуулж, Хүннүгийн их Шаньюйн ширээнд суусан Маодунь өөрөө Хань улсын хаанд илгээсэн нэгэн захидалдаа "Тэнгэрийн хүчинд суусан их шаньюй" (37:77) гэж өөрийгөө тодорхойлсон байдаг. Энэ бол нэг талаас бөөгийн шашинт Маодунь эзэн хааны өндөр сууринд суусныгаа тэнгэрийн ивээлээр болсон хэрэг гэж итгэсэн, нөгөө талаар Хүннү улс байгуулагдахаас өмнө алдар нь тодорсон Маодунийг тухайн үеийн бөө нар тэнгэр язгууртай хүн хэмээн олон түмний дунд магтан өргөмжилж, төрөлхийн авъяас билиг, цог зальтай түүнд сэтгэлийн их хүч өгч байсантай холбоотой.Тэр, бөөгийн шашны дайн дажны дошгин хар тэнгэрүүдийн сүр хүчээр их цэргийнхээ зориг хүчийг чангалж, дошгин хар тэнгэрүүд хойд, амгалан цагаан тэнгэрүүд баруун зүгт байрлалтай байдаг гэсэн бөөгийн шашны үзлийн дагуу их цэргийн хүрээнүүдээ байрлуулахдаа хойд зүгт хар морьт, баруун зүгт цагаан морьт, зүүн зүгт халзан, өмнөдөд саарал морьт морин цэрэг (32:22)-ийг зохион байгуулж байжээ. Энэ нь цэргийнхээ сүр хүчийг илтгэж байгаа төдийгүй бид өмнөд хөршийнхөө өөдөөс цагаан (эсвэл цагаан халзан, эсвэл саарал) санаагаар харьцана. Тэгээд болохгүй бол хойд зүгийн дошгин хар тэнгэрийнхээ сүр хүчээр дайснаа дарах болно гэсэн утга санааны илэрхийлэл бололтой.
Г.Сүхбаатар

Шашин бүрийг хүндэтгэн үзэж, эдгээр шашнуудын дотроос монголчуудын нүүдлийн ахуй нөхцөлд яв цав тохирсон, эр зориг, эрэлхэг дайчин чанарыг эрхэмлэдэг бөөгийнхөө шашны зохион байгуулалт, үзэл санааг төрийнхөө оршин тогтнох үндэс болгон баримталсаар байжээ. Үүнтэй холбогдуулан Монгол бөөгийн шашинд Чингис хаан шинэчлэл хийсэн гэсэн зарим судлаачдын саналыг би ерөнхийд нь дэмждэг юм. Тэгэхдээ улс үндэстэн хамт нийтээр шүтэх шинэ шашины үндэс суурийг тавьсан хэрэг биш, харин Хүннүгийн үеэс ноёрхож ирсэн төр-шашны хос ёсыг халж, төрийн хараа ихт догшин хар сүлдийн (хар зүгийн) бөө, тивийг эзэгнэсэн (Тив тэнгэр) Хөхөчү зааринг Улсын их бөө болгож, цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг Улсын их зурхайч -Бэхид өргөмжлөх зарлиг болгов.
О.Пүрэв

Монголын бөө мөргөлийн түүхэн үечлэл:
Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд түүнийг Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр иржээ. 1959 онд Ч.Далайн "Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл" (2:31) гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөөгийн шашны түүхийг дор дурдсан таван үед хувааж үзсэн байна. Үүнд:
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны үүсэл үе"
2. VII зуунаас Монгол улсынхаа нэрийг "Юань" хэмээсэн 1271 он хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны хөгжил үе"
3. 1371 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны буурал үе"
4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг "Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе"
5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг "Монгол бөөгийн шашны усталтын үе" хэмээн үечилсэн (6:89-168) байдаг.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үе буюу 5000-7000 жилийн өмнөх үеэс МЭӨ III зууны үед анхны төр үүссэн үе хүртэл бөөгийн шашны үүсэл хөгжлийн үе
2. Хүннүгийн бөөгийн шашны үе буюу бөөгийн шашны хөгжлийн оргил үе (МЭӨ Ш-МЭ II зуун)
3. Олон шашны урсгал нөлөө зэрэгцэн оршиж байсан үе (МЭ II зуунаас XIII зууны үед)
4. Монгол бөөгийн шашны бууралт, задралын үе (XII зуунаас одоо хүртлэх үе) Энэ үеийг ХIII-ХVI зуун, XVI зуунаас одоо хүртэл гэсэн хоёр дэд хэсэгт хуваах нь зүйтэй.
Бөөгийн шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Тэгэхдээ хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна. Ч.Далай "Монголын бөөгийн мөргөлийн товч түүх"-дээ"Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл буй болж ... харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна" (2:3) гэж үзсэн бол, С.Бадамхатан "Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм"-доо "Бөө мөргөл анхны хүй нэгдийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүний өмнөх үеийн сүсэг бишрэл болох маги, тотем, фетишизмын үндсэн дээр буй болсон юм" (35:37), "Хөвсгөлийн дархад ястан" бүтээлдээ "Бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм" (4:230) гэжээ.
О.Пүрэв

Юань улсын төр мөхөж, монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин монголд ямар ч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм.
Ч.Далай

Эх сурвалж www.asubi.mn

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР