2011-10-15

Х.Сүлдэт: Бөөгийн ёс ардчилалгүй юу


Эх сурвалж: http://galaarid.mn

Бөөгийн уг наалгасан за­рим хүмүүс яаж амьдрал ахуй­гаа зохицуулахаа мэдэ­хээ больчихсон, сандарч явааг хараад энэхүү бичвэ­рийг үүсгэв. Би уг нь бөө мөргөлд үнэн сэтгэлээсээ бишрэлтэй ханддаг юм аа. Гэхдээ Монгол оронд бөө мөр­гөл дахин дэлгэрэхээс өмнө өөрийн амьдралд ба­рим­талж ирсэн зарчим, за­рим нэг хэвшил, зуршил, ит­гэл үнэмшил маань чин сү­сэгт мөргөлчин байхад минь мөн ч их саад болох юм даа. Худлаа ярих, хулгай хийхээс эхэлдэг нөгөө айхавтар ар­ван хар нүглийг үйлд гэж ямар ч шашин, номлол, үзэл суртал хэлдэггүй хойно тэр талаарх сургаал, ёс зүйн жиш­гээс гадна бас сонин со­нин ёс, дэг жаяг байнаа энэ бөөгийн орчинд. Ёстой л хүн мэдэхгүй юмныхаа боол гэгч болох юм даа гэж халагла­маар санагдаад, заримдаа тэрслүү тэрслүү бодлууд сэт­гэлд орж ирээд, тэр бод­лоо­соо айгаад тэнгэрийн дор үе үе навтайж явах бо­лов. Тухайлбал,


-Бөөгийн уг наасан багш маань ан амьтан, араатан жи­гүүртэн, адуу, тэмээний мах бүү хүрт гэсэн заавар­тай гээд идэх уух юмаа олж цөхөж яваа хүн таарах юм. Тэгээд тэр жигүүртэнд нь та­хиа, өндөгтэйгээ ордог гэнэ. Тахианы мах идэх нь байту­гай өндөг орсон хоол ­гүй гээд суучихаар боов боор­цог­ноос эхлээд өнөө цагийн бидэнд өндөггүй юм ховор болохоор хэцүү юм билээ. Ан амьтанд нь гахай ордог гэнэ. Нөгөө хойд айлын ха­шааны буланд бордуулдаг га­хай чинь савдагийн амь­тан, савдаг гомдоож болох­гүй юм байх. Энэ ч бас яахав уулын олон араатнаас мах ахиу­тайгаасаа болоод хү­ний гарт орсон ганц амьтан биз. Гэтэл лусын хорлол гэж айхавтар юмнаас бүгд л ай­даг хойно, загас идэх нь бай­тугай эгцэлж ч харахгүй. Унал­гаа идэхгүй гээд адуу, тэмээний мах идэхгүй гэх. Ингээд л ресторан, гуанзуу­дыг хоолоо ямар махаар хий­сэн бол гэж хардаад гэ­рээ­сээ гадуур хооллож ч ча­дахаа байсан байна билээ. Үүнийг нь хараад надад ийм бодол төрөөд байгаа юм. Оросууд "Курица не птица" (тахиа шувуу биш) гэсэн нэг хэлц үг ярьцгаадаг нь үнэн юм болов уу? Бид нарыг бод­вол галуу шувууны мах эрт­нээс идэж ирсэн ард тү­мэн мэдэж байгаа байлгүй, үнэн гээд итгэчихвэл яадаг бол. Мөн Тэмүжин дүү на­рын хамтаар загас жараа­хай­­гаар тэжээгдэж өсөж өн­дий­дөг талаар Нууц тов­чоонд гардаг, тэгсэн ч гэсэн тэн­гэрийн ивээлд багтдаг биз дээ гээд барьцмаар ч юм шиг. Бүр байг гэхэд, дөнгөж өчиг­дөрхөн л буу бариад ан хийж явсан хүн, загас ша­раад хоол хийж байсан хүн өнөөдөр хэц бариад сууж бай­даг. Онго нь голохгүй, зуг­тах­гүй ирж л байгаа биз дээ гэж ам асуумаар санаг­дах юм. Засагчин, анчин олон отог аймаг, ард түм­нүүд дунд сайн сайн бөө нар байдаг дуулддаг. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Хоол унд­­ны хорио цээр дээр үнэм­­­шилтэй, бодитой ха­риулт өгөх хүн байна уу?

-Манай хүүхдийн уг наа­сан багш "Хүүхдийг маань олон тэнгэртэй, ховор заяа­тай тул дээдлэн хүндэл" гэ­сэн гээд тухайн гэрийн бүх хү­ний дээр тавьчихсан, тэр бүү хэл нөгөө муу жаахан хүүхдийг эцгээс нь дээр суул­гаж, цай хоолны дээж барьж, хэлсэн ярьсан үг нь хааны зарлиг адил болсон айл байх юм. Бас л нэг жаахан тиймхэн, арай биш санаг­даад байгаа юм даа. Улаач улаачынхаа амьдралаар, онго орсон үедээ онгынхоо замаар л баймаар юм. Энэ хорвоод хүмүүн болж тө­рөгс­дөд эцэг эхээс дээш хүнд­лэгдэх бурхан байх уу?

-Мөн л багш нь хэлсэн гэнээ. "Танай удмын өөр нэг хүнд бас онго буугаад хүч булаацалдаад байна. Би тэрхүү хүний хүчийг дарж өгье. Өглөө бүр надад айлт­гаж бай" гэж. Тэгээд нөгөө удган болох гэж байгаа охин маань өглөө бүр, нэг л бо­лох­гүй байна гээд багш руу­гаа утасддаг, багш нь ха­маат­ны хүнийх нь хүчийг да­рах дом хийдэг юм байх. Энэ ямархуу ёс зүйтэй багш вэ? Бөөгийн шахаан тангараг гэж юу байдгийг мэддэггүй ойл­годоггүй, өөрөө нүглээ­сээ салаагүй, нөгөө "хиж гө­рөөс­ний" төрлөөсөө хол­доо­гүй "багш" байхаа. Ша­вийн эрдэм багшаасаа гэдэг, ийм багшийн шавь ямархуу удган зайран болох нь ойл­гомж­той. Багш гэснээс багш гэдэг үг өөрөө ямар нэгэн эрд­мийг их бага, ямар нэгэн хэмжээгээр заасан хүн бүрт оногдох эрхэм алдар билээ. Гэтэл үүнийг сэвтүүлж яваа багш хааяагүй байдаг. Тэд­ний зарим нь бөөгийн отогт, зарим нь сургуулийн тан­химд гээд энд тэндгүй. Гэтэл сургуулийн багшийнхаа хэл­сэн заасныг үл ойшоож хи­чээл номоо хийхгүй, элдвээр хэдэрлэж зовоох мөртлөө, бөөгийн уг наасан багшийн­хаа хэлсэн бүхнийг мухар сохроор дагаж ах дүү, айл хот­лоороо элдэв мэдэхгүй юманд орооцолдож чирэг­дэх юм. Эрдэмд хөтөлсөн багшийн ачийг юутай ч зүйр­лэмгүй арвин боловч, али­ваад бид авах гээхийн ухаа­наар хандвал зүгээрсэн. Багшаас илүүтэйгээр, өөрөө таны оюуныг эзэмдэн орж ирж байгаа онгынхоо хэлж, ярихыг дагавал илүү дээр­сэн. Багш нар ч гэсэн онго­той­гоо бүрэн золгосон хү­нийг өөрийн эрхшээлд байл­гах гэж элдвээр айлган сүр­дүүлэх арга саам хийж бай­хаар өөрөө хөгжих эрх чө­лөөг нь өгөөсэй. Сайн баг­шийн шавь бие дааж сурсан байдаг. Муу багшийн шавь хуулж, дууриаж сурсан бай­даг. Аливаа эрдмийн багш өөрөөсөө илүү шавь тө­рүүлж байж л алдар нь манд­даг гэдгийг ухаараасай.

-Бөөгийн уг наалгасан зарим хүн өнөөдрийн амь­дарч буй нийгмээ ор тас мартдаг бололтой. Бид нар шинжлэх ухаан, техник, тех­нологи маш өндөр хөгжсөн, ардчилсан нийгэмд амьдарч байгаа боловч өнөө цагийн улаач нар орж ирсэн онгоо дагаад хэдэн зууны цаадтай нисэн одож байгаа нь харам­салтай. Угааж арчих, цэвэр­лэх, халдваргүйжүүлэхээс эх­лээд ахуйн түвшний олон хэв­шилд нөгөө соёлын дов­тол­­гоо хийж байж алга бол­го­сон хуучны хоцрогд­лыг тэр чигээр нь нааш авчрах гэж чирэх юм. Мөргөөд биш­рэхээс илүүтэй айж цочмоор бо­хир эд зүйлс хэрэглэх бөө ч байх юм. Айлууд нь буян хиш­гээ гөвнө гээд хогоо бараг шүүрдэггүй, хувцсаа угаа­даггүй, намайг хувцсаа угаа­даг гээд шоолж адалдаг хэ­мээн 70-аад оны үед хө­дөө­гийн нэгэн суманд баг­шил­даг нагац эгч маань хуу­чилж байсан. Энэ хачин, бо­хир заваан хэв зуршлаас га­рах гэж хичнээн их хүч хө­дөл­мөр урссаныг нүдэнд ха­рагдтал ярих амьд гэр­чүүд, түүний төлөө зүтгэж явсан хүмүүс байж л байна. Хүн яагаад нүүрээ угаах ёстой, хөнжлийн даавуу хэрэглэх нь ямар ач тустайг ухуулж явсан үе саяхан шүү. Орчин цагийн хүмүүсийг өн­гөрсөн зуунд аваачиж мөр­гүүлж байснаас орж ирж бай­гаа онгоо орчин үеийн амьд­ралд сургавал яасан юм бэ.

-Хүний нууцыг хадгалах, хүний эрхийг хүндэтгэх гэх мэтээр өнөө цагийн нүүр царай болсон үнэлэмжийн үнэр ч үгүй бөө нар байх юм. Ялангуяа багш гэгдчихвэл бүр өнгөрөө. Уг наалгах ёс­той болсон хэн ч бай ерөн­хий­дөө тэгсгээд л эрх чөлөө нь хаагдаж багш гэх нэг хү­ний эрх мэдэлд бүрэн очих хандлагатай. Тогоочийн ганц сарын дамжаанд сурах хэрэг гарсан хүн Улаанбаа­та­рын нүх сүв болгонд байр­лах олон сургалтын төвүү­дийг үнэ ханш, чадал чан­саа­гаар нь харьцуулж байж сон­гох нь энгийн эрүүл ухаан болсон энэ нийгэмд уг наал­гах хүнд "хэн нэгэн багш" уг нааж өгнө гээд "наалд­чих­вал" бөөн дарамт, хүч­ир­хийлэл болдог болжээ. Таны шавь болохгүй гээд эсэр­гүүцвэл элдвээр айлгаж, сүр­дүүлдэг гэнэ. Мөн багш шавь болж байгаа талаар га­дагш дотогш яривал бас бо­лохгүй. Нууц байх ёстой гэнэ. Үнэн сайн бүхэн ил ца­гаа­ныг эр­хэмлэдэг. Худал муу бүхэн харанхуй, бүрэн­хийг далим­дуулдаг гэдэг ёстой мөн дөө. Өөрийн үз­сэн дуулсаныг бичиж нийт­лүүл­сэ­ний­хээ төлөө багш­даа, болон баг­шийн ойр тойр­ныхонд нь ад үзэгдсэн хүн ч байдаг юм билээ. Хэн нэг­ний үг хэлэх, хэвлэн нийт­лэх эрх нь амьд явахын адил хэм­жээнд та­вигдсан ардчил­сан нийгмийн иргэд билээ. Яа­гаад ард­чилсан нийг­мийн үндэс бол­сон сонголт гэ­дэг уг залгах хүнд хамаа­рах­гүй, харин угтайгаа мэд­сэ­нээс хойш шахалт, тул­галт, дарамт илүү болоод байна?

-Бас нэг сонин юм нь Нууц товчоо, Мандухай цэ­цэн хатны домог гэх мэт түү­хэн зохиол дээр гардаг хаад, ноёд, хатад л онго болон бууж ирсэн нь олон таарал­дах болжээ. Энэ үнэн үү, аль эс­вэл уншсан дуулсаныхаа хү­рээнд эргэлдэх хуурамч нөх­дийн жүжиг үү. Үнэхээр худ­­лаа гээд батлах эрдэм ча­дал ч алга, үнэн гээд дагах итгэл үнэмшил ч алга. Гэхдээ л сонин санагдаад байгаа юм даа. Уул нь үнэхээр жин­хэнээрээ эртний түүхэн хү­мүүс бууж ирээд, мэдэж бай­гааг маань бус харин мэдэх­гүй байгаа үнэн түүхийг хэлж өгдөг бол сайхан аа.
Х.Сүлдэт

“Гэрэлт Цалиг” сонин. 2010 оны арванхоёрдугаар сар №43 (74)

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР