Лувсанноровын Эрдэнэчимэг
Малчин монголчуудын уламжлалт дуун урлагийн охь болсон уртын дуу бол манай ард түмний утга соёлын үнэт өв төдийгүй язгуур зан ааль, хүн байгалийн харилцаа холбоо, хөдөлмөр бүтээл, хүндэтгэн хайрлах сэтгэлийн илэрхийлэл билээ. Нүүдэлч монголчуудын адуу хөөлгийн болон эмээлийн урт аялга, сэтгэл хөдлөлийн үр дүнгээс урган гарсан ухаарал бодролын гүн сэтгэмжийг илтгэх дуун эгшиглэн бол уртын дуу юм.
Ерөөс "дуу гэдэг нь: ая шүлэг сэтгэлгээ гурвын нэгдлээр илрэх эгшгийн нүргээн цуурай юм. Ялангуяа дууны шүлэгт харууслын тал, аялгуунд баяслын тал, сэтгэлгээнд ухаарлын тал нь давамгайлдаг. Иймээс дуун аялгууг шинжлэх нь үндэстэн угсаатны хэл яриа, аман билэг, хөгжимт аман зохиол, утга зохиол, тухайн нийгмийн оюун санаа, ахуй сэтгэлгээ, үзэл санааны чиг хандлагыг нээх буюу баяжуулах ач холбогдолтой төдийгүй дууны агуулгаас тухайн нийгмийн хүн соёлжлын түүх, ёс суртахуун, зан заншил, гоо сайхан, гүн ухаан, танин мэдэхүйн хэм хэмжээг ч мэдэрч болох талтай. Иймээс дуу бол тухайн нийгмийн хүн зоны оюун сэтгэлгээний хэл буюу толь мөн. Дуун аялгуу бол хүний сэтгэлийн хөдөлгөөнд орших үр дүнгийн ердийн үзэгдлээс урган гарсан сэтгэл хөдлөл, сэтгэцийн үйлдлийн тогтолцоо мөн." (1.Эрдэнэчимэг, Л, 2001, 186)
Монгол дуулах урлагийн охь болсон уртын дуунд байгаль ертөнцийн улиран хувьсах үзэгдэл юмсын харилцаа холбоо, хүн ардын ухаарал бодролын өнгө аяс, хүний дотоод сэтгэлгээний уран нандин сэтгэмжүүд дүрслэгддэг. Ялангуяа монгол уртын дуунд тал нутгийн уужуу тайван амьсгал, уртаар татах ая эгшгийн нугалаа, хугалаа бүхэнд нь хүний орчлонгийн зовлон жаргалын өнгө аяс, хүний сэтгэл дэх өндөр уул, өргөн гол мөрнийг гатлаад туулаад яваа юм шиг хирнээ ухаарлын далд битүү гүн сэтгэмж (өгүүлэмжийг) сэтгэлд хоногшиж, санаанд буутал дүрсэлдэг нь монгол урт дууны ая шүлгийн уран сэтгэмж, уран дүрслэлийн гайхамшиг гэлтэй. Монгол дуулахуйн урлагийн хамгийн чухал төрөл зүйлийн нэг бол урт дуу юм. Тиймээс монгол урт дууны ая шүлгийн тогтолцоо нь өөрийн гэсэн өвөрмөц бүтэцтэй байдаг. Ялангуяа Төв халхын зарим газар нутгаар дууны эхний мөрөөр нэрлэгдэн дуулагддаг "Жаргалтайн дэлгэр" буюу "Євгөн шувуу хоёр" хэмээх урт дууны дөрвөн мөрт шүлгийн зөвхөн эхний шад мөр шүлгийн дөрвөн үгээс ажиглахад:
1. Нэгдүгээр үг бол: Жар-гал-тай-ай ай хай хай ай ай иэ ээ ээ хэ хэ ээ хэ ээ ээ –н гэхчлэн нэгмөсөн, нэг дор, хурц хэмийн цохилттой хэлэгдэн дуулагдах бөгөөд энэ нь тухайн урт дууны нэрийг хэлж байгаа мэт зохиомжийг илэрхийлж байгаа бол,
2. Хоёрдугаар үгийн аялгуу нь: "Би бол урт дуу юмаа" хэмээн өөрийгөө танилцуулж буй мэт үгийн дунд-эгшгийн чөлөөт урсгал нэмэгдэн орж, дэ-лэ-гэ-хиэ ээ ээ хээ ээ ээ аа аа хиэ ээ ээ ээ ээ хиэ ээ ээ –р гэж төгсгөлд нь амьсгалын солигдол дээр "р" гийгүүлэгч хэлэгдсэнээр тухайн дууны аялгууны аяг мотив нь уртасч тухайн дууны аялгууны чөлөөт буюу уртлаг сэтгэлгээг илэрхийлдэг бол,
3. Гуравдугаар үг нь: хэдийгээр зун гэсэн ганц үет үг бөгөөд энд монгол урт дууны яалгууны үеийн чөлөөт зохиомж зонхилж буй учраас "ха-хэ-хо" нь уртлаг хэм, уртлаг хэмнэлийг vvсгэж байгааг эндээс ажиглаж болох юм. зу- уу- ны- ха- ха- ха- оо- хо- хо хо- ээ хэ хэ оо хо оо,
4. Дөрөвдүгээр сардаа гэсэн үг нь: Моломравжамба Данзандагвын зохиосон "Үсгийн эндүүрлийн харанхуйг арилгагч огторгуйн маани оршивай" хэмээх бүтээлд дурдагдсанаар: "аа" "эгшиг нь зүрхний хийнээс гарах тул хий буюу огторгуй махбодтой" хэмээн ангилсан нь үнэндээ өндөр эгшигт дуулагдах эгшиг атлаа тухайн эхний мөр шүлгийн сүүл үг учраас урт эгшгийн урсгал доороос дээш өгсөх, цойлох хэлбэрээр доод өнгөнд дуулагдаж байгаа нь мөн дараагийн мөр шүлгийн аялгуу хоорондын "холбоос аялгууны" vvргийг гүйцэтгэж байгаа мэт.
Ийнхүү монгол урт дууны эхний бадгийн эхний мөр шүлгийн эхний дөрвөн үгээс л тухайн дууны уртлаг хэм, уртлаг сэтгэлгээг мэдэж болох юм. Ер нь урт дууны уртлаг хэмийг хот газрaас бус хөдөөгийн уул тал, хот айлын дундаас төвөггүй сонсож болно.
Монгол урт дууны агуулгаас үзэхэд ихэнхдээ гүн хүндэтгэлийн өнгө аяс, төв эрхэмсэг намба төрх, гүн ухаан, сургааль ёсны сэдэв, хүн амьтны дүр хосолсон байдаг бол, бас заримд нь харилцаа дууны хэлбэр хадгалагдаж, байгаль ертөнцийн юмс үзэгдлийг гүн ухааны өгүүлэмжээр нөхцөлдүүлж, шууд бус далд утгын хэлхээс, оньсого тааврын хэлбэрээр шүлэглэсэн нь сонирхол татдаг.
Жишээ нь:
"Галуу хүн хоёр" хэмээх дуунд
Євгөн:
Ємнө зүгээс ирсэн галуу
Єндөр хангайд зусагч галуу
Єргөн усанд ганганагч галуу
Єнөд энд сууна уу та . . . хэмээн асуун хүүрнэхэд
Галуу:
Үүл үгүй байтал бороо орлоо
Үүсгээгүй байтал утаа манарлаа
Үзсээр байтал хад болов
Єөрийн хийсэн алга болов (2. Хорлоо, П, 1981, 322)
хэмээн оньсого таалгаж асуун дуулах энэ хэсэгт үзэгдээгүй үүлнээс бороо орж, үүсгээгүй цучлаас утаа манарч байгаа мэт ербишийн зүй тогтлоор буй болж байгаа мэт харагдавч, сайтар шинжвээс тэдгээрийг бүтээж буй олон жижиг бүжиглэгч (атом) барамнасуудын цогц нэгдэл нь үзэгдэгч уул нуруу, хад хавцал болон хувирч, "өөрийн хийсэн үйл алга болов" гэсэн нь эргээд хайлан үгүй болох мөсөн уул нурууг дүрсэлсэн нь үнэндээ үзэгдэл, мөн чанар хоёрын гүн утгын ухаарал нь энэхүү дууны оньсого тааврын хэлбэрт багтаж дүрслэгдэнэ. Түүний хариуд:
Євгөн:
Үүлгүй бороог чинь хяруу гэнэ
Үүсгээгүй утааг чинь манан гэнэ
Үзсэн хадыг чинь мөс гэнэ
Єөрийн чинь хийснийг үйл гэнэ гэхчлэн утга санаа, өгүүлэмж нь харгацан тасрах, нэгдэн нийлэх, маягаар утгын хийсвэрлэл нь оньсого тааварт орж, хүний хорвоогийн хатуу зөөлөн, зовлон жаргалын өнгө аяс нь бодитой бодьгүй, шидтэй шидгүйн утганд шилжсэнээр дууны шүлгийн уран дүрслэл нь бодтой ба хоосон, амитай ба амигүйн утганд шилжин хөгжсөн байдаг. Түүний хариуд нь:
Євгөн:
Үүлгүй бороог юугаар халхална вэ?
Үүсгээгүй утааг юугаар замхруулна вэ?
Үзсэн хадыг юугаар эвдэнэ вэ?
Єөрийн албыг юугаар аргацаана вэ?
гэх дөрвөн мөртөд үнэхээр ухаан сууж, нүд тайлаагүй бага залуу насны гэнэн цайлган сэтгэлийн үйлийг ухаарлын гүн холын санаагаар ургуулан ухааруулах өнгө аясыг дүрслэхдээ
Галуу:
Үүлгүй бороог өдөөр халхална
Үүсгээгүй манангаас нисэн зайлъя
Үзсэн мөснөөс халууны газар
Єөрийн үйлийг эдлэж нимгэрүүлье гэхчлэн нүглээ наминчлан ухаарч буй сургамжийн өнгө аяс нь энгийнээс нарийнд шилжин дүрслэгдэхдээ чухамхүү хүний орчлонгийн үйл үрийн шалтгааныг бодитойн үрээр хааж, бодигүйн нөхцлөөр нээн сүлжилдүүлж, байхгүйн нөхцлөөр байхын үрийг учруулж, орчлон ертөнцийн улиран хувьсах үзэгдэл юмсын мөн чанарыг мөнх ба мөнх бус, тасархай ба үл тасархайн учигт хөврүүлэн нэхсэн нь монгол дууны гүн ухаан, ая шүлэг, сэтгэлгээний гүн утгын уран чамин дүрслэгдэхүүний шинж юм. Єөрөөр хэлбэл байгаль юмсыг танин мэдүүлэхээс эхэлсэн эртний хүмүүсийн ахуй сэтгэлгээний тусгал ч ардын дуунд гүн нарийн туссан байдаг. (Эл дуу бас "Галуу ба Жарантай" гэдэг нэрээр дуулагддаг байна). (15, 186-189).
Тухайлбал "Євгөн шувуу хоёр" хэмээх дуу нь: зарим нутгаар "Євгөн ба шувуу" буюу "Євгөн шувуу" гэх нэрээр өвгөний буюу шувууны өгүүлэмжийг нэг дор бус тус тус аялгуугаар дуулсан хэд хэдэн хувилбар байна. "Євгөн шувуу хоёр" хэмээх энэ дууны агуулгад: байгаль дэлхийн хувиралт өөрчлөлт, орчлонгийн аливаа юмс үзэгдэл нь хүний санаа сэтгэлээс хамаарахгүй, өөрийн зүй тогтоол, жам ёс, учир шалтгаантай байдаг гэдгийг өгүүлээд зогсохгүй, эргэх зуны гурван сард нь дулаан газраан ирээд зусдаг олон шувуудын жам журам нь нэг талаасаа улиран дэвших байгалийн үзэгдэл хувьсалтай салшгүй холбоотой ч, нөгөө талаасаа орчлон ертөнцийн зүй тогтол, үзэгдэл юмсыг танин мэдэх гэсэн хүмүүний гүн ухаарлын эх сурвалж туссан гэвүүштэй байна.
"Євгөн шувуу" хэмээх өвөрлөгч нутгийн хувилбарт:
Євгөн:
Зээ Гадаад их далайн захаас
Ганганан гунганасаар ирдэг нь
Юутай сайхан билээ
Єндгөн долоон галуу минь
Зээ Ар газраан ирээд
Амар мэнд л цэнгэн суудаг байлгүй дээ
Намрын сэрүүн ч боллоо доо
Навч ногооны өнгө нь ч буурлаа даа
Зээ Єндгөн долоон галуу минь
Єнө дулаан газартаан очоод
Амар мэндээр жаргаарай даа
Зээ Євгөн шувуу би чинь ээ
Уул голынхоо хянган дээгүүр
Дэгдрэнхэн нисээд
Хоцордог л байлгүй дээ
Зээ Євгөн шувуу миний бие нь
Євгөрий ч гэмээ нь өвгөрсөнгүй
Єнө ертөнцийн жам журмаар
Євгөрлөө дөө Зээ. (3. Гэрэлтү, 2000).
гэж дуулах Ордос нутгийн хувилбарт зөвхөн өвгөний сургамжийн өнгө аяс нь илүү давамгайлсан учраас зарим судлагчид "өвгөн шувуу" буюу "өвгөрсөн шувуу" гэдэг нэрээр нэрлэн тайлбарласан нь бий. Харин халх хувилбар нь: "Євгөн шувуу хоёр" гэсэн өвгөнөөр ахмад настныг төлөөлүүлж, шувуугаар залуу үеийнхнийг төлөөлүүлсэн өгүүлэмж туссан байдаг. Иймээс халх хувилбар нь монгол ардын харилцаа дууны төрөл, олон дүрийн шинж байдлыг хадгалхаас гадна, сургааль ёсны шинж төрхийг агуулсан өгүүлэмжтэй байгаа нь ил нот. Иймээс халх хувилбар нь өвгөн ба шувууны гэсэн хоёр өөр аялгуу, хоёр өөр өгүүлэмжийг хадгалсан байдгийг манай алдарт дуучин Ж. Дорждагва (4. Дорждагва, Ж, 1976) бидэнд дуулж өгсөн бөгөөд харин хожим нь уртын дууч З.Түвшинжаргал (5.Түвшинжаргал З,) өвлөн дуулсан билээ. "Євгөн шувуу хоёр" хэмээх халх хувилбарт:
Євгөн:
Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуу та мину зээ
Гадаад их далайнхаа дундаас
Ганганан гунганасаар юундаа ирнэ вэ?
Шувуу:
Зээ Эргэх дөрвөн цагийн дотроос
Элчит зуны халуун наранд
Эртний буян салхи дагаж
Элдэв сайхан нууртаан ирлээ
Євгөн:
Зээ Зориж ирсэн нууртаан зусаад
Зоргоороо амархан цэнгэн жаргаад
Зүйтэй дулаан намрынхаа сард
Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ?
Шувуу:
Зээ Єндөр их хангайн шилд
Үүл цас будран байхад
Єнөд сэрүүн хүйтэн болно хэмээн
Єссөн дулаан нутагтаа харинаа,
(6. Сампилдэндэв, Х, 1983,120; 7. Цагаан, Д, 1962:80-82).
Энэ дууны өөр нэгэн хувилбарыг бид Урьдын мэргэн гэгээн Лувсандамбийжалцаны (1717-1766) "Бум зарлиг хэмээгдэх оршвой" (8. 1986,186-187) хэмээх Монгол тулгар бичгийн цувралаас олсноо уншигч олондоо танилцуулж байна. Тус дэвтэрт: "Жаргалтайн дэлгэр" гэдэг нэрээр өвгөн ба шувуудын асуух, өчих гэсэн харилцаа дууны өгүүлэмжээр тэмдэглэгдсэн байгаа нь бидний өмнө үзэж байсан Говийн догшин ноён хутагт Лувсанданзанравжаа (1830-1856) зохиосон гэх "Євгөн шувуу хоёр" дуу нь юутай ч Равжааг төрөхөөс өмнө зохиогдсон уу? гэдэг асуудал гарч байгаа болно. Тиймээс энэ дууг Мэргэн гэгээн Лувсандамбийжалцан зохиосон байж болох талтай юм.
"Жаргалтайн дэлгэр"
Євгөн асууруун:
Жаргалтайн дэлгэр зуныхаа сард
Жигүүртэн шувуухай та минь (10)
Гадаад их далайн захаас
Ганганан дэрвэсээр юундаа ирэв ?
Шувуу учируун: (11)
Эргэх дөрвөн цагийн улиралд
Ээлтэй халуун зуны сард
Эртний үйлийн салхинаар дэгдэж
Єссөн тунгалаг нууртаан ирлээ
Євгөн асууруун:
Санаж хүссэн нууртаан ирээд
Садан амраг нөхөртөөн золгоод
Сайхан цэнгэн сууж байтал
Сарын эцсээр юундаан уйдав?
Шувуу учируун:
Єндөр уулын оргил дээр
Үүл цас будрахын үед
Улиран ирэх хүйтэн улиралд
Євөлжсөн дулаахан газартаан явна аа
Євгөн асууруун:
Євөлжсөн дулаахан газартаан хариад
Энх мэндээр сууж байхад
Эргэж ирэх хаврын сардаа
Эгэж буцаж юундаа ирээв?
Шувуу учируун:
Зуур замын аянд явахдаа
Задгай нууртаан тоглож байгаад
Залуу сайхан идэр наснаасаа
Шилжиж өтөлсөн нь юунаасаа вэ?
Євгөн асууруун:
Үйлийн үрийн үнэн худал
Үүлэнд жиргэгч шувуухай та минь
Єтлөх үхэхийн дөрвөн далай нь
Єөр бусдад хэнд ч ирнээ
Залуу сайхан үзэсгэлэн байгаад
Залгаад цааш өтлөхийн жимээр
Зэрэглээний үзэгдэл мэтээр
Замхран одох нь мөнх ёсон (8.12.227,186-189)
гэхчлэн өвгөн ба шувуудын хоорондын харьцааг гаргаж байгаагаараа харилцаа дууны өгүүлэмжтэй байгаа болно.
Ерөөс монгол уртын дууны уртаар татах ая эгшгийн зохиомж нь шүлгийн зохиомж, аялгууны уртасгал нь зөвхөн эгшгийн аяг (мотив) зохиомжийн бүтцээс гадна, ая-шүлэг-сэтгэлгээ гурвын нэгдлээс хамаарч ая-шүлгийн-мөрийн утга, голын утга, завсар утга, холбоос утга, төгсгөл утгын урт аяыг "Зээ" буюу "хэ хэ" таталтын чөлөөт зохиомжийн хэлбэрээр уртасган урт ая, эгшгийн уран чамин дүрслэл "шуранхай"-г үүсгэн дуулдаг. Иймд "хэ хэ" бол урт эгшгийн үүрэг гүйцэтгэдгээрээ урт дуунд эгшгийн "чөлөөт урсгал" ая эгшиг, хэмийн уртатгал буй болгодог байна.
Түүнчлэн монгол ардын уртын дууны гүн сэтгэмжийн дүрслэл нь зөвхөн хүнээр төдийгүй байгаль нийгмийн үзэгдэл юмсын мөн чанар, хүн байгалийн махбодын улиран хувьсах, эргэн солигдох харилцаа холбоо, тэдгээр махбодуудын нэгдэл нь хүн байгальд харилцан үйлчилдэг тухай өгүүлснээрээ уртын дуунд сургааль ёсны шинж чанар илүү давамгайлсан байдаг.
Ийнхүү байгалийн болон хүн нийгмийн юмс үзэгдлийн харилцаа холбооны талаар Говийн Ү-р дүрийн догшин ноён хутагт Лувсанданзанравжаа "Таван дохио" хэмээх дуундаа:
"Taвaн дохио"
Халуун салхи салхилав
Хаа газар гэсэж
Харьсан шувуу ирэгч
Хавар цагийн дохио
Зүйт нар гарав
Зүс хур нь оров
Зүлэг суль сэргэгч
Зун цагийн дохио
Нарийн салхи салхилаад
Навч цэцэг нь шарлаад
Нарийн дуутай буцагч
Намар цагийн дохио
Єргөн үүл гарав
Єндөр хангайг бүрхэв
Үүлийн цас будрах нь
Євөл цагийн дохио
Үдийн наран гудайж
Үе нас нь өнгөрч
Єтгөн үс нь бууралтагч
Євгөн болохын дохио (13. Лувсанданзанравжаа, 1991, 42)
гэхчлэн байгалийн эргэх улирлыг хүний амьдрах насны үе мөчлөгтэй холбон хавар, зун, намар, өвөл, өвлийн адаг сар гэх улирлын таван шинж махбодтой учруулан шүтэлцүүлж, үргэлжид мөнхийн үрээр нөхцөлдүүлсэн гүн нарийн уран сэтгэмж нь эл дууны гүн ухааны улиран хувьсах, хөдөлгөөнт сэтгэлгээний үр дүн юм. Эл дуунд байгалийн хувиралт өөрчлөлт нь хүмүүний төрөх, өсөх, хөгжих, өтлөх, үхэхийн шалтгаантай нөхцөлдөж байдаг тухай шүлэглэхдээ "Таван дохио" болон таван махбодын шалтгаан үрийн холбоо нь байгалийн болон биологийн таван махбодод хуран нэгддэг тухай өгүүлсэн байдаг. Жишээ нь:
Хавар (төрж өсөх нас)
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Үүрд байх хэлбэртэй байдаг л
Энхрийлэн өсгөсөн ээж аавын хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л
Зун ( идэр залуу нас)
Жаргалтайн дэлгэр зуныхаа сард
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзахад
Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд
Жавартай өвлийн хүйтнийг орхиод
Захирч сургагчдын сургаалийг орхиод
Зальхай найман номыг даган
Завдлагагүй яван явсаар
Дөрвөн далайн жамыг эс мэдэв л
Намар (өтлөх нас)
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дурдам өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимст автаад
Нарны дулаан элч нь буурна л
Найртай багын омгоор
Найдангуй таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөхчөөе л
Євөл (өнгөрөх цаг)
Хөх өвлийн дохио ирэхэд
Хөвчийн өндөр дээгүүр цас будраад
Хүйтэн жаварлагч салхины эрчим чангарахад
Хөвч дэлхийн өнгө нь буурна л
Хүний биеийн шүтээн улмаар
Хөгшрөөд өтлөхийн хирд
Хүч ба оюун билэг сулран хомсдож
Хүчтэй үйлийн эрхийг дагана л (Данзанравжаа, ) гэхчлэн байгаль дэлхийн хувиралт өөрчлөлтийг хүний орчлонгийн өсөн үржих, эргэн төлжих жам журмын дагуу харилцан хөдөлгөөнд нь нөхцөлдүүлэн нэгтгэж, байх байхгүй, мөнх ба мөнх бусын үндсийг хураан нэгтгэж амилуулсан байна.
Төгсгөлд нь дүгнэн үзэхэд:
Хүйтэн жаварлагч салхины эрчим чангарахад
Хөвч дэлхийн өнгө нь буурна л . . . гэсэн хоёрхон мөртөд хэдийгээр нэг талаас амьд байгалийн өнгө аясыг чангарч сулрах, эрчимжин буурах салхины эрчмээр махбодын дотоод гадаад шалтгаант холбооны нэгдлийг заасан бол, нөгөө талаас өтлөх, буурах насны үйлийг эрчимтэй эрчимгүй, бодитой бодигүйн утганд багтаан амилуулсан нь тухайн дууны гүн ухаарлын бүх л санааг нэг дор зангидан холбожээ хэмээн үзэх байна.
Зvvлт тайлбар
1. Эрдэнэчимэг, Л, 2001, "Гүр дууны гүн эгшиглэнгийн увидас", УБ, 186;
2. Хорлоо, П, 1981, "Монгол дууны яруу найраг", 322;
3. Энэ дуу анх удаа Євөрмонголын уртын дууч Лхажа болон Гэрэлтү-гийн дуулснаар хэвлэгдэж байгаа болно;
4. Алдарт уртын дууч Ж.Дорждагвын дуулснаар , 1976, УБ ;
5. Уртын дууч З.Түвшинжаргалын дуулснаар, 2000,УБ,
6. Сампилдэндэв, Х, 1984, "Монгол ардын уртын дуу" УБ, 120;
7. Цагаан, Д, 1962, Данзан Равжаа "Дууны түүвэр" , УБ,
8. Mergen gegen Lubsandambiijalsana, 1986, " Bum zarlig kemeegdeh orshiba, Beijing, 186-189;
9. Charles, R, Bawden, 2003, "Anthology of Mongolian literature" , 701-702;
10. Ta минь олон тооны утга зааж буй,
11. Учируун-дорой буурай хүний хариулах үг.
12. Kiripolska M, 2003, " The old man and the birds in the Mongolian poetry": Questioning the authorship of the song" Acta Orientalia, Ediperunt, Danica Fenica Norvegica, Vol 64, p225-246;
13. Дашдорж, Д, Гүрринчин, Р, 1956, "Ардын аман зохиолын эмхэтгэл"УБ;
14. Charles, R, Bawden, 2003, "Anthology of Mongolian literature" , 701-702;
15. Наранбат ,Ү, 1986, " Галуу ба Жарантай", Бээжин, 186-189,
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002