Онгодууд эдгээр шувуудыг унаж ирдэг гэж Аянга удган яриж байсан тиймээс энэ шувууны талаар бичихээр шийдлээ.
Галт шувуу нь эртний олон улсын соёлд дүрслэгдсэн байдаг байна. Эртний Египтед Бэннү, Хятадад Фэнг Хуанг, Оросод Цар Птица харин индианчууд Аянгат шувуу гэж нэршдэг байжээ. Энэ шувуу нь өөрийнхөө үнс нурамнаас дахин амилдаг мөн дахин төрөлт мөнх амьдралыг билэгддэг гэнэ.
Хэрэв энэ шувуу зүүдэнд орон чамайг хөтлөвөл чи том өөрчлөлт бүрэн хувьсалд бэлэн бөгөөд шинэ амьдралын эхлэл ирж буйн дохио гэжээ.
Олон зууны турш галт шувууг уран зурагт ихээр дүрсэлдэг байжээ. Түүнийг Арабт эрт дээр үед шувуудын хаан гэдэг байсан бөгөөд толгойг нь бүргэдийнх мэт, биеийг нь гургуулын биетэйгээр, мөн сүүлийг нь тогосон сүүлтэйгээр дүрсэлдэг байсан байна.
"Phoenix" гэдэг нь "phoinix" гэдэг Грек үг бөгөөд энэ нь "Хөх яагаан-Улаан" гэсэн утгатай. Энэ нь амьдралын хамгийн ариун, хурц тод, шинэ эрч хүчтэй өнгийг бэлэгддэг.
Домогт галт шувуу нь нарны бурханд өглөө болгон дуулж өгдөг байсан гэнэ. Харин нарны бурхан хурц гялбааныхан хариуд мөнхийн амьдрал бэлэглэсэн учраас тэрээр 500 (нэг бол 1000) жилийн настай бөгөөд үхэх цаг нь дөхөхөөр баруун зүг чиглэн нисэн олон сайхан үнэрт мод, тариан түрүү цуглуулан, өндөөр модон дээр үүрээ засан, уянагалаг дуу дуулдаг гэнэ. Сайхан аялгуунд нь нар саатан, улмаар модоор зассан үүр нь нарны хурц туяанд шатаж, нурам болох бөгөөд ийм маягаар өөрийгөө оршуулдаг байсан байна. Тэгээд есөн өдрийн дараа тэр нурман доороос цоо шинэ галт шувуу ахин мэндлэж нарыг магтан дуулдаг.
Галт шувуу нь хүний өөрийн хувийн даалгавар болон сайн сайхан ирээдүйд хөтлөхийн тулд даван туулах өөрчлөлт хувийн золиосыг илтгэдэг гэж үздэг. Тэд бол шанлал зовлонгоос мултрах эрх чөлөө итгэл найдвар юм. Өөдрөг хүмүүсийг галт шувууд гэдэг. Яагаад гэвэл тэд ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон түнэр харанхуйг эвдэх наран мэт өөдрөг хүчтэй, нэг л өдөр мандаж хурц гэрлээр бүхнийг төөнөх учраас тэр.
Барууны домогт ингэж өгүүлдэг байхад Америкын уугуул иргэд индианчууд тэр тусмаа индиан бөө нар энэ шувууг Аянгат шувуу гэж нэрлэх бөгөөд тэдний хэлээр "Wakinyan" гэж нэрлэдэг байжээ. Энэ нь "дархан хүч" гэсэн утгатай бөгөөд далавчаараа дэвэн бороо оруулж нүднээсээ цахилгаан гаргадаг хэмээн үлгэрлэн дүрсэлдэг байна. Мөн тэд индиан бөө нарыг хамгаалдаг гэж итгэдэг ба догшин хайрханыг хөндлөн гатласан хүмүүсийг гэсгээдэг сүнсэн шувуу гэж биширдэг. Галт шувуу нь амьдралыг тэтгэгч бороог оруулдаг ч мөн нөгөө талдаа гэсгээл хүртээх үер, гал түүмэрийг дагуулдаг. Мөн тэдний нулимс хүний сэтгэлийн шарх болон өвчин зовлонг идгээх чадвартай гэдэг байна. Бүхий л дэлхийн улс орон соёлд энэ шувууг домог болгон биширсээр иржээ. Харин гарал үүсэл нь бидний соёлд хэрхэн дүрсэлдэг талаар материал их хомс юм. Гэхдээ Онгодууд унаж ирдэг гэж бодохоор үнэхээр сүрдмээр санагдаж байна шүү...
Нас залууд бэрхшээл тохиолдох нь
Нар эрт мандахтай адил
Нурман дотроос амьлах галт шувууг
Нууцхан орших сэтгэлд чинь амьлуулна...
Өөдрөг тэр шувуу нь
Үхлээс үргэлж эргэн ирдэг
Өнө мөнхийн амьдрал байдгийг
Үргэлж тэр батлан харуулна
Үүрд мөнх амьдрана гэдэг нь
Үхэшгүй мөнхийн сүнстэй учраас тэр
Өнөөдөр та насаа барсан ч
Өөр нэгний дүрээр дахин амьдрана
Тиймээс тэр галт шувуу нь
Та бүхний дотор оршино
Түнэр харанхуй нөмрөх үед
Түүний хурц гэрэл л бидэнд үлдэнэ
Үүрдийн энэ амьдрал нь
Үргэлж суралц гэсэн үг
Өөдрөг сэтгэлээ алдалгүй
Өнө мөнхийн гэгээрэлд тэмүүл
2011-10-11
Галт шувуу түүний домог
Tuesday, October 11, 2011
Har
No comments
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002