2011-10-26

Захидал


http://khalkhbuu.blog.gogo.mn дээр бичсэн нэг захиаг хүргэж байна. Тусалмаар л санагдлаа.




Сайн байна уу?

Танай блогод бичигдсэн бүх сэтгэгдэл, асуултууд өөрийн чинь өгсөн хариултуудыг анхааралтай уншиж танилцлаа. Тэгээд бид өөрт чинь хандахаар шийдлээ.

Манай хүү 2002 онд 15 настай байхдаа ухаан солиорч шизофирени гэдэг онш тавиулж шар хаданд хэвтдэг болсон юм. Хүү маань 5 настайгаасаа эхлээд компютер тоглож эхэлсэн бөгөөд 9 настайгаасаа эхлээд өвдөх хүртлээ компютер эрчимтэй тоголж байсан гэж хэлж болно.
Бид өглөө гараад орой ирдэг хүү маань өдөржингөө гэртээ ганцаараа байдаг учраас бид эхэндээ компютерт донтох өвчин гэж байдгийг мэдэлгүй олон янзын тоглоомууд гадаад дотоодоос авч өгдөг байсан. Стратегийн мундаг тоглоомуудыг маш ухаалагаар хождог байсан учраас бид ингэж дэмждэг байсан юм л даа. Бид 11 настай байхад нь өөр байранд нүүж очсон учраас байрныхаа ойролцоо найзууд байхгүй, ангийх нь хүүхдүүд хол байдаг гэх мэтчилэн гэрээсээ гардаггүй байсан юм.

Надад нэг удаа унтах гэхээр тоглоомнууд харагдаад байна гэхээр нь компютертаа пасворд хийдэг болсон боловч удалгүй алга болсон байдаг байсан. Хүү компютерийг араас нь эргэдэж онгойлгоод батериаг нь салгаад буцаад хийхээр нууц үг нь алга болдог учраас заримдаа шөнө унталгүй тоголдог байсан гэнэ. Би өөрөө компютер дээр хөзөр удаан тоголохоор дараа нь хөзөр харагдаад байдаг учраас хүүгийн хэлсэн зүйлийн энгийн үзэгдэл гэж бодсон юм. Хүүгийн маань одоо бидэнд ярьж байгаагаар бол шөнө унтах гэхээр тоголдог тоглоомуудынх мангас, баатрууд нь надаас айгаагүй бол босоод ир гэж дууддаг байсан байна. Иймэрхүү юмны талаар надад дахиж яриагүй нь компютер тоголоход хязгаарлалт үүссэнтэй холбоотой байсан байна. Сүүлдээ хүүд бодитой юм шиг юмнууд харагдаж тоглоомных нь баатрууд хүүтэй маань ярилцдаг болсон бөгөөд энэ бүгдийн үнэн худлыг ялгаж салгахаа больж өөр ертөнцөд амьдарч эхлээд дараа нь ухаан солиорсон юм. Энэ бүгдийг би яагаад бичээд байна гэхээр хүүгийн өвчнийг шинжлэх ухааны тайлбарыг гаргаж ирэх гэсэн юм. Сэтгэцийн өвчний нэр хүндтэй доктор эмч манай хүүг сэтгэцийн эрүүл ахуй дээд зэргээр алдагдаж олон шөнө нойргүй явснаас нүдэнд нь хий юм харагдаж, чихэнд нь хий юм сонсогддог болсон учраас компютер тоглоомноос донтсоноос үүдэлтэй олдмол шизофирени гэж оншилсон юм. Хүү 2002 оноос хойш эхний 2 жил харахад яг галзуу хүн шиг байсан бөгөөд 2 сар гэртээ 2 сар эмнэлэгт байдаг байсан. Бидэнд сэтгэцийн эмч нар маш их сэтгэл гаргаж электро шок, инсулин шок гэх мэт орчин үеийн эмчилгээ хийж, бид гадаадаас сүүлийн үеийн эм авчирч уулгадаг байсны үр дүнд харахад яг эрүүл хүн шиг зөв ярьж, сэтгэж боддог болсон. Гэхдээ түүний нүдэнд харагддаг чихэнд сонсогддог юм нь арилаагүй бөгөөд өөрөө үүнийгээ худлаа зүйл гэдгээ ухаарч тоохоо больсон юм. 2004 оноос 2008 оны сүүл хүртэл гэртээ хүнд ямар ч хор гэмгүй мөрөөрөө байдаг байсан бөгөөд жилд сайн л бол 2 удаа л хэвтдэг байсан. Миний хийсэн тэмдэглэлд 2007 онд 1 удаа, 2008 онд ганц ч удаа хэвтээгүй байна. Нойр нь муудахаараа харагддаг, сонсогддог юмнууд нь ихсээд өөрт нь хэцүү болдог учраас бид эмийн тунгаа нэмэхэд гайгүй болдог байсан.

Хүүгээ анх өвдөхөд бид лам, бөө, мэргэн түргэн, оточ домч бараг очоогүй хүнгүй болсондоо. Нэг бөө хүн танай хүү уг барих ёстой юм байна тэгээд өвдсөн байна гэхэд бид эмчлэгч эмчээсээ асуухад “Танай хүүгийн тархины төв мэдрэлийн системийн нэгэн хэсэгт приступ өгч хүний үйл хөдлөлийг удирддаг гормонуудын ялгаралтад өөрчлөлт орсон учраас үүнийг хэвийн болгож болдог нээлт одоогоор байхгүй” гэж хэлсэн. Бөө удганууд ийм юмыг зүгээр болгодог юм бол галзуу хүн гэж байхгүй байх ёстой гэсэн учраас бид түүний хэлснийг тоогоогүй өнгөрсөн.
Гэтэл 2008 оны 10 сард бид Дорнод аймгийн буриад нэгэн бөөтэй учрах шалтгаан гарсан юм. Тэр бөө бидэд маш өндөр сэтгэдэл төрүүлсэн бөгөөд бидэнд нээрээ тийм ч юмуу гэхээр нилээн хэдэн зүйлүүд хэлсэн учраас бид тэр хүнд хүүгээ шавь болгож онго авхуулхаар шийдсэн юм. Бид энэ шийдвэрийг зөвхөн хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө гаргасан. Ээжийнх нь талд зайран хүн байсан байна тэрээр танай хүүд буух ёстой юм байна гэхэд үнэхээр миний талд зайран хүн байсан болохыг бид олж мэдсэн. Зайранд бид хэлсэн мөнгийг өгч тэр өөрөө хувцасыг бэлдэхээр болж мөн түүнд зарцуулагдах мөнгийг даруй өгсөн билээ. Зайран нутаг яваад 3 сарын дараа ирж бид өдрөө товолсон юм. Товолсон өдрөөс өмнө тэрээр бидэнд бэлдсэн зүйл болох хувцас хэрэглэлээ өгөхөд хэц, нэгэн том эрхи, хэцээ нүддэг нэг зүйл, (одоо болтол нэрийг нь мэддэггүйд уучлаарай) 20-оод ширхэг төмөр хонх өгсөн юм. Биднийг зах дээрээс хүүд таарах монгол дээл,гандангийн дэлгүүрүүдээс толь авахыг зөвлөөд махайвчийг гадуур явж байгаад хаясан тул нутаг явахдаа дахиж оёулаад даруйхан явуулна гэсэн.

Товолсон өдөр зайран нилээд согтуу ирсэн бөгөөд үүнийг түүний түшээ эмэгтэй (биднийг түүнтэй анх танилцуулсан) айлд бөөлөөд ирж байгаа юмаа хэцүү засал хийсэн учраас архи нь гараагүй байгаа гэж тайлбарласан. Согтуу зайран биднээс ямар онго бууна гэж урьд нь хэлсэн гэхэд бид тухайн үед бичиж аваагүй учраас санахгүй байна гэхэд тэрээр бөөлөөд аавынх нь талд онго байна тэр ирэх юм байна гэж шал өөр юм хэлсэн. Тэр өдөр зайран хүүд онго оруулах ёстой байсан боловч үе үе унтах маягтай хэвтээд байсан бөгөөд түүний түшээ эмэгтэй онгийг дуудаж хүүг босон суулган янз бүр болж байсан. Зайран хүүд урьдчилан маш их юм цээжлүүлсэн бөгөөд тэр зүйлээ хэлүүлж буруу хэлэхэд нь өөрөө учиргүй чанга засаж хэлэх гэх мэтээр зайран энэ үйл ажилгаанд оролцсон. Мэдээж хүүд онго ороогүй бүх зүйл худлаа болсныг бид мэднэ. Гэтэл хүү маань өөрийгөө зайран болоод өвчин нь эдгэнэ гэдэг гүн итгэлтэй болсон байсан учраас зайрангийн байнга хийж байгаарай гэсэн 9 гэх юмыг хийх түүнийг ёс журмын дагуу хийлгэхийг маш их хүсэх болсон. 

Зайран нутаг руугаа явж бид 9-нүүдийг нөгөөх эмэгтэйтэй хийдэг болсон. Эмэгтэй ширээг өөрөө засч ёс жаягийн дагуу хийлгэдэг байсанЭмэгтэй 9-өн хийх болгонд хүүд байнга онго оруулах маягийн юм хийгээд дараа нь онгоо гаргаж байгаа маягийн юм хийдэг байсан. Нэг өдөр хүү гэнэт миний бие хүндрээд нэг юм дараад хүчээр бариад байгаа юм шиг мөртлөө намайг тавихгүй байна гэхэд эмэгтэй онгыг гаргаж байгаа юм шиг юм маш сүртэй хийхэд хүү одоо гараад явчихлаа гэсэн. Бидэнд бага зэрэг итгэл төрсөн учраас хувцас хэрэглэлийг зарим нэг хүнээр сонжуулж, асууж сураглаж бүрэн болгосон. Дараа нь хүү үе үе хувцасаа өмсөж гэртээ хэцээ нүдээд өөрийнхөө толгой дээр хэцээ тавьж намайг эмчлээрэй гэх мэт үг хэлж суудаг болон. Хүү надад хэлэхдээ онго надад орсон цаанаасаа юм хэлүүлээд байна гэсэн. 

Тун удалгүй 2-3 сарын дараа хүү нүдэнд урьд харагддагаас илүү аймаар юм харагдаад болохоо байлаа би унтаж чадахаа болилоо эмнэлэгт хэвтье гэсэн. Энэ өдрөөс хойш хүүгийн бие эрс муудаж өнөөдрийг хүртэл гэртээ дөнгөж 7 хоноод л буцаад эмнэлг рүүгээ явдаг болсон. Эмнэлгээс гараад хэцээ нүдээд л байдаг боловч аймаар юм харагдаад ерөөсөө зүгээр байлгадаггүй гэж өөрөө ярьдаг. Эмнэлэгт зүгээр мөртлөө гэртээ унтдаггүй нь ямар учиртай юм гээд эмээгийнд нь хонуулахад мөн л болохоо байдаг. Бид гэрт муу юм шүгэлсэн байна гээд мөн ч их засал хийлгэж ном уншуулсан. Хүү өнөөдрөөс ердөө 3 сарын өмнө зайрангийнхаа хувцас бусад зүйлийг бид нарт мэдэгдэлгүй хог дээр аваачиж хаясан байсан. Хүү хувцас хөдөлж, янз бүр болоод ерөөсөө зүгээр байлгадаггүй улаач болсноос хойш миний бие дандаа мууддаг болсон гэх мэт шалтгаан хэлсэн бөгөөд хаана хаяснаа бидэнд хэлээгүй. Азаар бид нарт шуналгүй сайн зайран таарсан учраас хохирол багатай өнгөрч зайрангийн хэлсэн зүйлүүд биднийг хангалттай тайвшруулсан даа. Хүүгийн хувцас хөдөлж янз бүр болох нь түүний өвчин ч байж болох талтай юм л даа. 

Одоо бөөгийн талаар хүмүүс маш их мэдлэгтэй болсон учраас бид хүүд тийрэн шүгэлсэн байж болзошгүй гэж үзээд нэг сайн зайран дээр очоход тийм биш онго авах л ёстой хүн байна гэсэн. Одоо бол хүү гэртээ 7 ч хонож чадахаа больсон сайн л бол 3 хононо. Өөрөө эмнэлэгт хэвтэх маш дургүй мөртлөө за ээж минь намайг хүргээд өгөөч болохоо байлаа муухай шавьж, аймаар юм харагдаад байна янз бүрийн тушаал өгөөд байна би гэмт хэрэг хийвэл яахын гэх мэт зүйл хэлдэг учраас бид бушуухан хүргэж өгдөг. Хүүгийн энэ байдалд эмч нарын өгч байгаа шинжлэх ухааны тайлбар бол өвчин хүндэрч архагшиж үл засрах байдалд орсон байна гэдэг. Намайг гэртээ адилхан эмээ уудаг мөртлөө гэртээ яагаад болохоо байдаг юм бэ гэхээр тэд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 2-3 жил байнга эмнэлэг хэвтэхээрээ гэртээ тавгүй юм шиг санагдаж, бас олигтой унтаж чаддагүй болдог гэнэ. Ихэнх сэтгэцийн эмгэгтэй хүмүүс яг л танай хүү шиг эмнэлэгтээ зүгээр гэртээ болохоо байдаг. Гэхдээ танай хүү шиг гэртээ дөнгөж 7 хоноод ирдэг хүн байхгүй гэдэг. Одоо хүү эмнэлэгт байгаа бөгөөд 11 сарын дундуур ор хоног нь дуусч гаргаж авах ёстой бөгөөд гэртээ 7 хонож чадах эсэхэд бид бас л эргэлзэж байна. 2 сараас илүү хэвтэхээр хүүгийн өвчний түүх нь зузаарч эмч хүнээ гаргасангүй гэдэг зэмлэл хүртдэг учраас хүүг асрамжид шилжүүлнэ гэж эмчлэгч эмч нь айлгадаг. Асрамжид маш хэцүү байдалтай хүмүүс нилээн байдаг учраас бид хүүгээ тийш нь шилжүүхгүйн тулд 2 сард нэг удаа эмчид мөнгө төлдөг.

Хүүг дахин онгыг нь зүй ёсоор оруулах хэрэгтэй гэж хэлсэн хүн байгаа бөгөөд хүү энэ талаар сонсохыг ч хүсдэггүй, бид ч үнэхээр ядарч байна. Гэвч өөрийн чинь блогыг уншаад энэ захидлыг бичлээ. Хэтэрхий урт захидал бичиж өөрийг чинь залхаасан бол хүлцэл өчөөд дараах асуултуудад хариу хүсэж байна. Таны зочдод ч гэсэн бидэнд тохирох хариулт байж болох учраас зориуд блог дээр чинь тавилаа.

1. Хүүгийн өвчний шалтгаан онго орох ёстой байсан байж болох уу?
2. Хүү хэзээ ч эдгэхгүй нь шинжлэх ухаанаар тогтоогдсон боловч онго зүй ёсоор орсон бол эдгэх байсан уу?
3. Хүүд тийрэн шүгэлсэн бол яагаад эмнэлэгт зүгээр байдаг юм бэ?
4. Хүү хувцас бусад зүйлээ хаясанаас бидэнд болон хүүд ямар нэгэн зүйл тохиолдож болох уу?
5. Одоо миний хүүд ямар нэгэн аврал байна уу?
Ядаж гэртээ мөрөөрөө байгаад жилд ганц хоёр эмнэлэгтээ хэвтээд байдаг шигээ болчиж болдоггүй юм байхдаа.

Таныг гүнээ хүндэтгэсэн,
Хүүгийн ээж, аав

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР