2011-10-19

Чингэлтэй Хайрхан уул болон миний бүтэлгүй зугаалга



За өөрийнхөө сургамжтай бас ичмээр түүхийг ярихын өмнө нийслэл Улаанбаатар хотын маань дөрвөн талд сүндэрлэх дөрвөн хайрхан уулын маань нэг их хотын хоймор үргэлжлэн дүнхийх Чингэлтэй уулынхаа талаар маш товчхон өгүүлье. Тиймээс нэрнээс нь эхэлсэн дээр болов уу . Нэрний талаар жаал судлахад: дөрвөн уулын сэржмийн сударт түвд үсгийн хоёр гэдэстэй /ча/-г эгшиглэхдээ дэмбээ /э/, /и/ хоёр эгшгийг сольж сийлсэн учир Цэнгэлтэй хэмээх нэр нь яваандаа Чингэлтэй болсон гэж үздэг . Бас зарим нь энэ ууланд “Чингэл” хэмээх ховор ургамал ургадаг байсан учраас ингэж нэрлэсэн гэдэг. Нэгэн домогт уг уулыг түшлэгээ налсан эрдэмт өвгөн лам олон шавь нартаа ном зааж байгаа шинжтэй хэмээн дүрсэлсэн байдаг байна. Энэ ууланд эрдэм номын мөр хөөсөн мэргэд ухаантнууд даяанчлан сууж их буян оюун цоорход зохист орон гэж үздэг байжээ. Тиймээс ч түүхэнд олон эрдэмтэй суут хүмүүс болон тэмцэгч нар энэ ууланд ирж ном бичиж бясалгадаг байсан түүхтэй.
За ингээд миний зугаалгаар явсан газар бол Чингэлтэй уулын өмнө талын олон сайхан амуудын нэг Шадивланд байрлах амралтын газар юм. Тэр үед би оюутан байсан санагдана. Сургууль амраад зуны сайхан нэг өдөр хэсэг бүлэг найз нөхдийн хамт тэр сайхан газар хүрч ирлээ. Залуу улс байна өнөөгийн бидний үеийнхан маань яаж зугаалдгийг мэдэж л байгаа байх. Мэдээж л архи дарстай зугаалга байлаа. Бид хэд уул өөд гаран нэг юм мултлахаар болов. За тэгээд тэр үед уул усан дээр гарч архи дарс хэрэглэж болохгүй гэж боддог ч үгүй байсан юмдаг. Харин тэр бидний өгсөж гарсан яг тэр хэсэг газар хүмүүс ойр зурын түлээ түлш бэлдэх зорилгоор моднуудыг ихэнхийн эвдэж хугалсан, тайрч огтолсон болохоор тэр хэсэг газар их өрөвдөлтэй харагдаж билээ. Тэгэхэд би гэж нэг юм чангаас чанга “Энэ яасан хачин модтой уул вэ ? Тээ” гэж балай үг амнаасаа унагаж орхив. Тэгтэл гэнэт толгой руу хүн дагздаад авах шиг хачин мэдрэмж төрлөө. Тал талаас чи буруу юм хэллээ хэмээн чарлалдаж байгаам шиг сонин мэдрэмжүүд нэмэгдэж, нурууны хөлс гарч, бие тэр чигээрээ арзайж эхлэв. Төд удалгүй айдас нөмрөн уулнаас бушуухан буяа гэж бодогдоод эхэллээ. Найзуудаа орхин уулнаас буух замд сонин хүйтэн мэдрэмж улам ихсэж бүүр зугтмаар санагдсан юм. Тэгээд Амралтын газраасаа юу ч бодолгүй гаран явж, доор байрлах дэлгүүр лүү гэлдэрлээ. Нарийн гудмаар орон явж байтал нэг айлын хашаан дахь банхар над руу өс сансан юм шиг архиран хуцна. Би ч “уятай чи над руу мянга хуцаад яахав дээ” гээд бодож байтал гэнэт гинж нь мултран, хашааныхаа доогуур шургаж гарч ирээд надруу дайрлаа. Азаар над руу хэд хуцах шиг болоод буцаад орлоо гэж бодоод гараа хартал муу золиг гурвын гурван том соёоны ором гаргасан байв.Би ч яахав нохойнд хазуулж үзээгүй хүн урсах цусаа харан ухаан балартан сандарлаа. Гол замын цаана байрлах дэлгүүрээс боох юм олохоор хурдан алхан дөхөж ирлээ. Зам гарахаар машин харж байтал аравхан алхамын цаана хэсэг хүмүүст нэг машин зам тавиж өгч байсан юм. Би ч намайг харж байгаа байх гээд наагуур нь гарах гэтэл тэр машин тэр хүмүүсийг өнгөрөөв үү үгүй юу хурдлан хүрч ирээд хөөрхий намайг бөөрөөрөө хүчтэй шүргэв. Яая! аймар юм билээ азаар би эргэлдэн унасан ч бие минь бүрэн бүтэн зөв зүгээр байсан учраас дотроо нууцхан баярлаж байлаа. Жолооч эгч гарч ирэн: Хүүшээ зүгээр үү гэтэл Би : Зүгээрээ эгчээ санаа зоволтгүй гэж хэлээд цааш явлаа. Естой үйлс нь хазайсан өдөр гэж тэрийг л хэлэх байх. Ингээд л энэ зугаалга нэг иймэрхүү л болж өнгөрсөн юм. Тэрний дараа долоо хоног гэдэс рүүгээ галзуугын вакцин хийлгэсэн юмдаг. Энэ бол яах аргагүй буруу үг унагааж, буруу үйл хийж, уулын савдаг догшроосных гэж би бат итгэдэг. Чааваас тэр модыг хүн л тийм болгосон. Тэгэхэд би гэж нэг юм тэгэж хэлж л байдаг. Тэр үед ямар нэртэй яадаг уул вэ гэж мэдэх ч үгүй байсан. Азаар намайг айхтар том сануулга өгөөд л өнгөрсөндөө. Харин би дараа нь “уул минь буруу юм хэлсэнд өршөөгөөрэй” л гэж аргадсан (хэхэ). Үүнээс хойш одоо болтол бугуйныхаа сорвийг харах тоолонд савдаг болон уулын эзний талаар бодол орж ирдэг дээ. Чингэлтэй уул маань хотын маань агаарыг ариусгаж салхийг нь шулуутгаж усыг нь сэлбэж байдаг учраас бид бүгд хайрлан хамгаалж тахин шүтэх хэрэгтэй. Тиймээс энэ хайрхан уулыг хайрлаж яваарай залуусаа.


Д.Нацагдорж : Цэнхэрлэн харагдах




Цэнхэрлэн харагданаа хө хө
Цэцэг навчтай уул байнаа хө хө
Чин зоригийг баривал хө хө
Цэнгэж болмоор уул байна хө хө

Алаглагхан харагдана хө хө
Алим жимстэй уул байнаа хө хө
Амраг хоёр үртэйгээ хө хө
Амьдарч болмоор уул байнаа хө хө


Рашаан булгийн ус нь хө хө
Ар талаараа урсаж байнаа хө хө
Арслан барсын зулзага нь хө хө
Арав хориороо үүрлэж байнаа хө хө

Нарс хайлаас мод нь хө хө
Навчаа дагаад ганхаж байнаа хө хө
Начин шонхор шувуу нь хө хө
Намгийн дээгүүр эргэлдээд байнаа хө хө

Улиас хайлаас мод нь хө хө
Уулаа дагаад ганхаж байнаа хө хө
Уран шонхор шувуу нь хө хө
Урьхан донгодож байнаа хө хө

Арын гурван хайлаас нь хө хө
Алтнаас илүү гялалзаад байнаа хө хө
Амраг хонгор үр минь ээ хө хө
Алиалан сайхан наадаж байнаа хө хө

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР