Цөцгийн тос
Үнээгээ сааж, саамаа шүүсний дараа 60-70 хэм хүртэл халаана. Тэгэхдээ хөөртөл халааж болохгүй. Халаасан сүүг тос ялгах машиныхаа тогоонд хийгээд аажим эргүүлнэ. Хүрдний эргэлт жигдэрмэгц тогооны цоргыг нээж сүүгээ машиндаж эхэлнэ. Шингэн сүү, цөцгийн өтгөн шингэний байдалд тохируулан машиныхаа эргэлтийг сааруулах юм уу хурдасгах зэргээр тохируулна. Сүүг машиндаж дуусаад аяга хэртэй халуун усаар машины хурдыг цэвэрлэж машиндаж гаргана.
Энэ аргаар ялангуяа хавар намарт машины хүрдийг задалж тавгаа угаалгүй хоёр гурван удаа машиндаж болно. Харин зуны улиралд байнга задалж угааж цэвэрлэж байх нь чухал. Сүүг машиндаж дуусаад шингэн сүүг хөхүүртэй айргандаа юүлж сайтар бүлээд орхино.
Харин цөцгийг буцалгаж сэрүүн газарт тавьж хүнсэнд хэрэглэж болно. Эсвэл модон юм уу паалантай саванд хийж хураана. Үүний зэрэгцээ улиас модоор 1-1,2 м хэрийн өндөр нарийнхан сав бүлүүр бэлтгэнэ. Тусгай савд хурааж байсан цөцгийг гашилж тараг болмогц бэлтгэсэн савандаа хийж 200-300 орчим бүлэхэд цөцгийн тос аяндаа ялгарна. Цөцгийн тосыг ялган авч хүйтэн усаар зайлж давсална. Мөн шарлуулаад шар тос гаргаж гүзээ, олгой, сав суулганд хийж хадгалж болно. Харин пактыг нь айраг шиг ууж ч болно. Эсвэл тогоо нэрэх юмуу буцалгаж тослогтой ааруул хурууд хийж болно.
Ээзгий буцалгах
Сүүг бяслагтай адил ээдүүлж шүүхгүйгээр шар усыг нь ширгэтэл буцалгаж хийдэг. Иймд ээзгий нь шим тэжээлийн хувьд илүү. Ээзгий хэлбэр хийцээсээ болж өөр өөрөөр нэрлэгдэх нь бий. Ширээмэл ээзгий гэж байх бөгөөд үүнийг хийхдээ сүүг тогоонд хийж халахын хамт 10 л сүүнд 150-170 гр орчим тараг буюу ундааг бага багаар цувуулан хийж ээдүүлнэ.
Ээдэлтээр гарсан шар сүү нь ээдмийг сүүлэг амттай болгож ээзгийний чанарыг сайжруулах төдийгүй, ээзгий бүрэн боловсроход сайнаар нөлөөлнө. Шар сүүг их байх үед ширүүн галаар цөөн хутгаж, ширгэж багасах үед нь галыг зөөлрүүлж хутгалтыг олшруулах нь зүйтэй. Шар сүү шингэж гүйцээд ээзгийний өнгө улаан шаргал болбол болсонд тооцож дэлгэцэнд тавьж хатаана.
Айраг исгэх
Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн аль нэгэнд исгэх боловч хөхүүрт исгэх нь илүү байдаг. Монголчууд айргийг хоёр үндсэн аргаар исгэж иржээ.
1. Хөхүүрээр исгэх. Урьд онд айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Ерөөс гүүний айргийг хэдэн жил дараалан исгэсэн ширэн хөхүүр сүү айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддагүй.
2. Хөрөнгөөр исгэх. Урьд жилийн намрын айрганд 1 кг орчим шар будаа үзэмний аль нэгийг хийж идээшүүлэн авч цэвэр уутанд хийж хадгалсан байх ёстой. Ингэж хатаасан хөрөнгөө саамандаа хийж бүлж исгэнэ. Эсвэл хонь ямааны шинэхэн таргаар хөрөнгөлөн исгэж болно. Ингэхдээ саамны литр бүрт 100-150 гр тараг ноогдуулна.
Булган аймгийн сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг. Тухайлбал: Хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө иснэ.
Намрын айрганд сайтар цэвэрлэсэн ахрын эсгийг хийж 15-20 хонуулаад авч сүүдэр газар хатаан салхи орохгүйгээр битүүлэн хадгалж хойт жил нь халуун сааманд хийж бүлээд, хөрөнгө гаргаж авна.
Ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвны нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан хөрөнгө гарган авдаг байна.
Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болно. Бүлэлт сайтай айраг 7-8 цагт исгэж гүйцэнэ.
Айрганд сүүний хүчлийн исгэлэн явагдахын хамт мөөгөнцөрийн оролцоотойгоор спиртийн исгэлэн явагддаг учир айрганд сүүний хүчлээс гадна 2-3 хувь спирт бий болно. Түүнчилэн айргаас нүүрс хүчлийн хий үүсэж тэр нь гадагш гардагаас исэж буй айраг шуугиж бүлэхэд хөөсөрч аятайхан үнэр ханхална. Исээгүй айраг сүүний үнэртэй гөлгөрдүү байх бөгөөд хичнээн бүлэвч шуугих нь бага язмагтсан байх ба аяганд хийхэд шар усан хүрээ татаж эвгүй үнэртэнэ. Ийм айргийг шүүж янзлах буюу эс засарвал хувин хөхүүрээ угааж шинээр хөрөнгөлөн исгэх, саамыг халуун хийж сайтар бүлээд дулаан байлгавал зохино. Ер нь айраг даарвал хөрөнгө нь төөрч болно. Намар цагт берзентен хөхүүрийн айраг исэх нь муу хөлдөөхөд айрагны нь аль шимтэй нь шүүрч амт муудах гэм бий. Иймд хөлдөөж өвөл хэрэглэх айргийг хярамлахгүйгээр намар эртхэн сайн исгэж хувинд хөдөлгөөнгүй зоорилон хадгалбал зохино.
Уураг, түүний ач тус
Мал төллөж байх үед гүүнийхээс бусад малын уураг, уурган сүүгээр нэлээд төрлийн цагаан идээ боловсруулдаг.
1. Болгосон /чанасан/ уураг. Тусгай саванд хийсэн уургийг тогоотой усанд тавьж уураар нь болгоно. Ингэж болгоход түлэгдэхгүй хэт хатахгүй зүсэж идэхэд нийлэмжтэй сайхан болдог. Зөвхөн өтгөн гал л уургийг ингэж боловсруулж болох бөгөөд уураг шингэрч ирэхэд болгож болдоггүй.
2. Хэлгий уураг. Үхэр, богийн уураг нэг хоёр хоногоос шингэрч ирэхэд дээрх аргаар бөсгөж болохгүй тул уургаа тогоонд хийж аажмаар халааж дахин дахин самарч буцалгаад өтгөрүүлж уудаг. Ингэж боловсруулсан уургийг хэлгий уураг гэнэ.
3. Хатаасан уураг. Түүхий уургийг зөөлөн галаар аажим буцалган агшаан чанадаг. Энэ нь чанасан уургаас хатуувтар болдог.
4. Уургийн ээзгий. Үхэр, богийн уургийг тогоонд буцалгаж ээдүүлж шар устуулан шар усыг ширгэтэл чанаж хийнэ.
5. Уургийн ааруул. Богийн уургийг хурааж нөөцөлсний дараа үнээний сүүтэй хольж ээдүүлэн чанана. Үүнийг хангайхан цөрөм гэх бөгөөд түүгээр хийсэн ааруулыг цөрмийн /уургийн/ ааруул гэдэг.
Уураг (мөн анхны сүү ч гэдэг) нь жирэмслэлтийн эцсийн шатанд болон төрсний дараа хөхний булчирхайнаас ялгарах нэгэн төрлийн сүү юм.
Хүн болон үнээний уураг нь өтгөн, зунгааралдсан, шаргал өнгөтэй байдаг. Хүний уураг нь өндөр агуулгатай амин дэм болон эсрэг биемийг найрлагадаа агуулдаг ба харин хэмжээний хувьд бол бага юм.
Уураг нь нүүрс ус, протейн, эсрэг биемүүдийг ихээр агуулдаг бөгөөд бага тослогтой байдаг (хүмүүсийн хувьд шинээр мэдэлсэн нярай нь тослогийг шингээх чадвар муутай төрдөг). Нярай хүүхдийн хоол боловсруулах эрхтний тогтолцоо маш бага учраас уураг нь нярайд шим тэжээлийн өндөр агуулгатай, бага хэмжээтэйгээр дамжуулдаг. Уураг нь бага хэмжээний туулгах чадвартай бөгөөд нярайн анхны ялгадсыг гадагшлуулдаг. Энэхүү ялгадсыг мекониум гэж нэрлэдэг. Энэ нь нярайн биеэс илүүдэл билирубиныг цэвэрлэж өгдөг ба нярайг шар өвчний халдвар авахаас сэргийлдэг. Билирубин нь төрөлтийн үед цус багадалтаас бий болсон их хэмжээний үхмэл цусны улаан эсийн үлдэгдэл юм.
Шингэн сүүний хурууд, сүүний эмчилгээ
Шингэн сүүг ашиглах үндсэн арга бол ээдэмцэр, хурууд хийх явдал юм. Энэ арга ямар нэг хөрөнгөгүйгээр 18-20 хэмийн дулаанд шингэн сүүг ээдүүлнэ. Ээдсэн сүүний шар усыг шүүж ээдмийг буцалгаж нухаж биелүүлнэ. Биежсэн ээдмийг хэвд шахаж хатаана. Хурууд нь физик химийн шинж чанараар өвөрмөц онцлогтой болж халуун цайнд амархан дэвтэх ба сүүтэй цайг ээдүүлэхгүй бүтцийн байдал ширхэглэг зөөлөн болно.
Монгол сүүний эмчилгээ, сувилгааны ач холбогдол
Бидний өвөг эрт дээр үеэс эхлэн хоол унд, явдал мөрийн дэглэмийг чанд сахиж, аливаа өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж, бие махбодоо хоол ундаар шимжүүлэн, өвчин эмгэгийг анагаах баялаг туршлага хуримтлуулсаар ирсэн юм.Монголын эртний уламжлалт хоол хүнсний зүйл зонхилох байр суурийг цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг билээ. Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхэлсэн бөгөөд 2000 гаруй жилийн өмнөх эртний Хүннүчүүд сүү айргаар элбэг дэлбэг байж, айраг исгэн, хурууд агшааж иддэг байжээ.
Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд архи багтдаг.Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм. Сүүний уураг нь амархан нийлэгшдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн нийт тэнцвэржилтийг сайжруулдаг. Хүхэр агуулсан амин хүчил нь хортой бодисыг саармагжуулдаг бөгөөд тос нь биологийн идэвхитэй уураг, лецитиний иж бүрдэл, чухал арахидоны хүчлийг агуулдаг.
Нүүрс ус нь сүүний хүчил, лактозыг агуулдаг.Кальц нь шингэц сайтай ихээхэн ач холбогдолтой байдаг.Аскорбины хүчил, тиамин, токоферол, холин, каротин, В2, А зэрэг витаминын иж бүрдлүүд ашигтайгаар тэнцвэржсэн байдаг.Холестрины түвшинг зохицуулж, судас хатуурахын эсрэг үйлчилдэг.Хоол боловсруулах булчирхайн шүүрлийг бага цочроодог. Шинэ сүүнд лактенин гэдэг антибиотик агуулагддаг байна.Уламжлалт анагаах ухаанд сүү нь амтлаг бөгөөд шигэхдээ мөн амтлагаар шингэдэг.Чанар нь тослог, хүнд, сэрүүн, чадал нь биеийн тамирыг арвидуулан өнгө жавхааг дэлгэрүүлэн, хий шар өвчнийг арилгах бөгөөд бие махбодийг хүчжүүлэн тамиржуулж, дуслыг нэмэгдүүлэн, бадганыг үүсгэх чадалтай.
Түүхий сүү нь хүнд, сэрүүн шинж чанартай тул хорхой өвчин (нян, вирус, бичил биетэн) бадгана өвчнийг үүсгэнэ.Буцалсан сүү нь хөнгөн, бүлээн шинж чанартай болдог.Харин хэтэртэл нь буцалгасан (түлсэн) сүү нь шингэхэд бэрх, чадал нь нэн хүнд чанартай болдог байна.Саасан даруйд нь бүлээн сүүг хэрэглэвэл Рашаан адил хамгийн их шимтэй, чадал тусаар үлэмж их байдаг байна.
Үнээний сүү: Сэрүүн, халууны чанар тэгш тул сайн чанарын сүү юм.Үнээний сүүний найрлаганд уурагт сүү, цийдэм, глобулин, органик бус хүчлийн давс, витамин гэх мэт олон төрлийн бодисууд агууллагддаг нь түүний эмчилгээний чанар өндөр байдгийг илтгэнэ.Тамир хүчийг нэмэгдүүлэх, өнгө зүсийг сайжруулах, хүчжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх чадалтай.
Ямааны сүү: Анагаах ухааны сударт ямааны сүүг амьсгаадахыг дарна гэж тэмдэглэсэн байдаг. Ямаа нь ус бага уудаг тул сүү нь шингэн, хөнгөн сэрүүн чанартай. Хижиг өвчин, амьсгал давхцах болон цусны өвчин, шарын халуунд тустай бөгөөд таван цулыг шимжүүлэн тэтгэж, тамирыг тэжээн, амны цангааг тайлж, өтгөн шингэрэхэд туслан, хий огшуулалтыг эмнэн засдаг байна. Шингэн нүүрс ус багатай, витамин С, Д, А, В1, Са, К ихтэй байдаг.
Хонины сүү: Анагаах ухааны сударт хонины сүүг хий дарах боловч зүрхэнд муугаар нөлөөлөх тул их хэмжээгээр ууж үл болно хэмээн бичжээ. Уураг, нүүрс ус, тослогших хувь багатай байдаг.Са ихтэй. Тослог, хүнд, бүлээн чанартай, юмыг мартуулах, мэдрэмж доройтох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дөнгөж саасан хонины сүүнд янз бүрийн өөр найрлага нэмэхгүйгээр хэрэглэхэд бам өвчинд тустай.
Гүүний сүү: Цийдмэг сүүний төрөлд хамаардаг. Уураг, өөх тосны хувьд хонь, үхрийн сүүг гүйцэхгүй боловч нүүрс ус нэлээд их хэмжээгээр агуулагддаг. Бие махбодыг тамиржуулах, бодисын солилцоог дээшлүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, исэлдэн ангижрах, сэргээх процессыг идэвхжүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд гүүний сүүг амт нь исгэлэн, давслаг амттай, шим тэжээлээр элбэг, халуун чанартай, чадал нь шар өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж, уушигны өгөр өвчин ба уушгины шархыг анагааж үе гишүүний хийг дарна, их уувал согтууруулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна.
1 сэтгэгдэлтэй:
ц гээр эхэлж с ээр төгссөн идээ
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002