Ази тивийн зүрхэн тушаа асар уудам хээр талд дураараа нүүдэллэн суурьшиж дунд чөмгөөрөө жиргэж явсан биднийг тэнгэр эзэн ивээлдээ багтааж дэлхийн хөрснөөс арчигдахгүй байх тавиланг заяасан болохоор орой нь хөх дээд Тэнгэртээ мөргөж , онгон байгаль уул усаа тахиж , улалзах гал, дүрэлзэх очоо шүтсээр олон зууныг ардаа элээжээ.Тэнгэр заяат Тэмүүжин тарж бутарсан отог омгуудыг байлдан дагуулж та бидний үндэс болсон Хамаг Монгол улсыг цогцлоосон бөгөөд өнөөгийн хүчирхэг хөгжилтэй улс орнуудын тэмүүлж байгаа глобальчлах бодлогыг илдээр зэвсэглэсэн эрэмгий зоригт бидний өвгөд, эцэхийг мэдэрдэггүй навтгар морьдынхоо хүчээр найман зууны тэртээ дэлхийг байлдан дагуулж хэрэгжүүлсэн билээ. Түмнээсээ өргөмжлөлтэй Чингис хаан нэрээр түүхийг бүтээсэн түүнийг өдгөө мянганы хүнээр цоллоод байна, дэлхий дахин. Мандан бадарсан хүчирхэг гүрэн маань мартагдахгүй олон сонирхолтой түүхийг үлдээсэн нь одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна.
Их хааныхаа зарлигаар энд тэнд тархаж эзэнт гүрнийхээ тулгыг тулж явсан эцэг өвгөд тань хувь заяа он цагын эрхэнд хэнбугай ч хэлж таахад хэцүү түүхэн өөрчлөлт, дайн дажин, бослого самуун гэхчлэн олон арван хүчин зүйлээс шалтгаалж өлгий нутагтаа хэзээч эргэж ирэх боломжгүй болсон гэлээ ч голомтоо сахисан тусгаар улс Монголын иргэд та нарыгаа дурсаж өрөвдөж байдаг юм. Нутгаа тэмүүлж зорин буцах замдаа туйлдаж сүйрсэн хэдэн аймаг, омог , отог байдаг нь хэзээ ч тайлагдашгүй оньсого биз гэж бичигч би бээр гуниглаж сууна. Гүрэнт улсынхаа голомтоо сахисан бидний тоо гурван саяд дөхөж явна. Xөгжлийн манлайд хүрээгүй ч гэлээ хүн болгон эрхээ эдлэх зарчимтай хүнлэг ардчилсан нийгмийг дээдэлж, дээшээ цойлсон сансрын нисгэгчтэй, дэлхийд дуурсагдах алдарт тамирчидтай, дээдсийн чуулганд уригдах эрхтэй, НҮБ-д бүртгэлтэй, нөхөрсөг харьцаагаар олон оронтой түншлэн улс орныхоо хөгжлийн төлөө шинэ эринтэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ айргаа исгэж, ааруулаа хатааж , сүүгээ ууж, сүргээ өсгөсөн уламжлалаа умартаагүй ээ, малчин ардууд маань гэрээ сэлгэн малаа даган нүүдэллэж , махан хоол маань ширээндээ чимэг болсон хэвээрээ, баяр наадмаар бултаараа цуглан хурдан хүлгээ уралдуулдаг, нумаа татаж сумаа тавин , хүчит эрсийн дэвэлтэнд хурай цурайтуулж наадамлаж байна даа бид.
Олон зуун нисээд өнгөрчээ, орчиндоо дасаад өөрчлөгдөө биз дээ та нар. Гүний нутгийн шимгүй газар цөлөгдөж хүнээс доогуур зиндаанд тооцогдож хүчир бэрх амьдардгыг тань гадарлаж байнаа бид. Энэтхэг улс гэхэд ард түмнээ зургаан давхаргаар ялгаварладаг гэсэн, энүүндээ та нарыг багтаах сэтгэл ердөө төрдөггүй гэнэлээ. Афганистан улс өөрөө ядуу юм билээ, аргагүй биздээ тэгэхээр хазарууд та нарын маань амьдрал. Хүн суурьших боломжгүй хөгийн цөлд шахагдаж гадуурхагддаг гэж хамт сурдаг Афган бүсгүй дурсаж байсан юм. Непал улсад жуучилсан швейцарь хүн хэллээ надад: Өндөр уулын орой дээр шахуу урцан дотор хүмүүс амьдардаг юм байна билээ. Угтаж авах юм холоос биднийг, аяллын төлөвлөгөөнд багтсан болохоор алган дээрээс нь гар хийцний дурсгалын зүйл худалдаж авахад сонин байлаа, авхуулсан зураг маань энэ гэхэд нь аргагүй л дээлтэй монгол хүнийг би танилаа. Уулын оройд хадагдаад үзвэрийн амьтан шиг болчихсон, амин зуулгын орлого нь арван доллараас хэтрэхгүй шахуу болсон ахан дүүсээ мэдрээд арай л нулимс гоожсонгүй. Бутан гэдэг жижигхэн улсад босоо захтай дээл өмссөн борогхон амьдралтай хүмүүс байдаг юм гэсэн, бодвол буцах зам нь хаагдсан нэгэн жанжны албат ардын үр хойч гэж таамаглаж байна даа, би. Дөрвөн хөллөөд ядарч явахыг минь далимдуулж, дээгүүрээ тохиролцоод хилээ зааглахдаа буриад, баргыг нэг нэгээр нь залгисан орос, хятадаас одоо бид буцааж чадахгүй та нарыгаа. Хориод үндэстэн, ястанг багтаагаад хүн амын тоогоороо биднээс хоёр дахин илүү байсан Өвөрмонгол өнөөдөр хагас саяд хүрдэггүйг дуулаад урд хөршийнхөө уусгах бодлогыг харааж сууна, нуугаад яахав. Хөрөнгө мөнгө, цол хэргэмд дурласан урвагч ноёдод гомдоод холын хол одсон Халимаг үндэстэн өдгөө 300 000 хүнтэй болсон байна. Ухаалаг залууг ерөнхийлөгчөөрөө сонгосон угсаа нэг Халимаг улс ганцаараа, удмаа дээдэлж дэвжиж байгаа юм гэж бодогдлоо.
Тиймээ, дэвэн дэлхийн өнцөг булан бүрт цөөн тооны монгол угсаатнууд өдийг хүртэл оршин тогноод амьдраад л явж байна. Түүхийн урт хугацаа нэгэнт биднийг зааглаж хэл ус, ёс заншлаас их багаар холдуулж эргэж нийлэхээргүй болтол өөрчилжээ. Их Монгол улсыг байгуулна гэж дэвэргэн залуус заримдаа хөөрдөг юм. Та нар энд ирээд идээшихгүй ч гэлээ эрхбиш орогнол гуйвал түлхээд хөөхгүй байх сайхан хууль гараасай гэж би хувьдаа боддог юм. Харин одоо хаа сайгүй салан тусгаарлах үзэл сэргэснээс болж бослого үймээн, самуун дэгдэж , цаашлан дайн дажинд хүрч байна. Ийм зүйл сэдэж, өөрсдөө битгий хохироосой гэж өчүүхэн би хүсэх байна. Монгол улсыг анх байгуулахад түүхэн гавъяа байгуулж явсан та нарынхаа баатарлаг үйлсийг бид хэзээ ч мартахгүй. Дэвжин дээшилж, цэцэглэн хөгжтүгэй дэлхийн бүх монгол угсаатнууд, хурай хурай, хурай!
http://uguumur.blog.banjig.net/post.php?post_id=40868
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002