2011-11-08

Дэлхийн шилдэг хүнсээр Монгол цагаан идээ шалгарчээ.


Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм.  Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм.
Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.

Бид сүүлийн үед зөв хооллолт гэж их ярьдаг боллоо. Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ. Гэтэл төв Азийн цээжинд оршдог эрс тэс уур амьсгалтай Монголчууд бид махнаас татгалзаад цагаан хоолтон болцгоосоноор зөв хооллож байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь хэр оновчтой цэцэрхэл бол.

Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ шалгарсан байна. Өчигдрийн юм өнөөдөр үгүй болдог болсон байхад 15000 жилийн шалгуурыг давж тэсэж гараад өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа цагаан идээ дэлхийн шилдэг хоолоор шалгарсаныг дуулаад баярлахаас ч өөр аргагүй биз дээ.

Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэ г нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.

Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэгийг бид бараг мартжээ. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Үүнийг уншсан зарим нэг нь намайг буруутгаж махаа магтаж байна гэж эндүүрэвзээ. Мах идсэнээр хүн өөрийн уургийн хэрэгцээг хангадаг. Гэтэл сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногооноос хангах тухай сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн 4 улиралд тасралтгүй идэж байгаагүй аж. Тэд "Зохимжгүй идээ найруулсан хор” гэж үздэг байсан учраас зөв хооллох асуудалд анхаарлаа хандуулж, зөв хооллох журмыг баримталж, хэрэгжүүлж иржээ.

Жилийн 4 улиралд монголчууд ямар хоол хэрэглэж ирсэн тухай доктор З.Бат-Отгон "-Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг байсан байна. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг байжээ. Ер нь монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм. Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж ярилаа. Тэгэхээр монголчууд бид чинь жилийн 4 улирал, цаг агаар, уур амьсгал, өөрийн бие цогцос болон түүний үйл ажиллагаа онцлогт тохируулан хоол хүнсээ хэрэглэдэг байсан гайхалтай ухаантай ард түмэн.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР