Цэдэнсүрэн Мөнхтөгс
Эрт урьдын цагт, холын хол нэг газар өдөр бүр л бороо ордог нэгэн улс байж гэнэ. Өдөр бүр, бүр бүх л өдрийн турш бороо л орно. Тэнд бороо хэдэн жилээр ч тасралтгүй ордог юмсанж. Ийм нэгэн улсад нэгэн бяцхан хүү амьдардаг байв. Хүү 9 настай, түүний амьдралын өдөр бүр л бороо орон орсоор , өдөр ч бай шөнө ч бай маш харанхуй байдаг байжээ.
Гэтэл хүмүүс хүүг төрөхөөс ч өмнө урьд тэнгэрт Нар гэж зүйл байдаг байсан тухай хааяа хааяа ярьдаг байлаа. Хүмүүсийн ярьж байгаагаар тэр Нар нь том, шар өнгөтэй дугуй зүйл байсан бөгөөд бүх л юмс бүх л хүнд дулаан илч гэрлээ харамгүй өгөх бөгөөд, түүний том дугуй шар нүүрэнд нь үргэлж инээмсэглэл тодрон байдаг. Түүний инээмсэглэж байхыг хараад энэ хорвоо дээрх бүх зүйл мөн адил инээмслэглэдэг байсан юмсанж. Үүнийг сонсоод хүү өөрөө огт харж байгаагүй энэ том шар дугуй Инээмсэглэлийг төсөөлөх гээд ер чадсангүй гэнэ. Тэгээд ч хүн бүр түүнрүү харахаараа инээмсэглэдэг гэдэгт итгэсэнгүй. Учир нь тэдний улсад хэн ч инээмсэглэдэггүй, хүн бүр л гунигтай юм шиг харагддаг байлаа.
Тэгтэл нэг удаа хүмүүс “өнөөдөр бороо их бага орлоо” хэмээн ярилцав гэнэ. Маргааш нь ахиад л үүнтэй адил зүйл ярилцжээ. Дараачийн өдөр нь бороо ерөөсөө өдрийн зөвхөн талд нь л орж үргэлж харанхуйлан байдаг байсан хар үүлний өнгө нь өөрчлөгдөж цайвар туяатай болж ирсэн байна. Үүнийг дагаад хүмүүсийн царай ч өөрчлөгдөх шиг хүүд санагджээ. Ийнхүү өдөр ирэх тусам тэнгэрт байх үүлний өнгө нь улам цагаан болсоор нэг л өдөр бороо зогсоод хөх өнгийн хөшиг цаанаас нь гарч ирлээ. Энэ хөх хөшиг улам улам томорсоор тэнгэрт нэг ч үүлгүй болох цагт, нэгэн том дугуй шар зүйл байхыг хүү олж харав гэнэ. Энэ бол түүний урьд харж байгаагүй ч номноос уншиж байсан өнөөх Нар гээч зүйл байна гэдгийг хүү ойлгоод өөрийн эрхгүй инээмсэглэн Нар өөд удаан гэгч нь харан зогслоо.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002