2011-11-29

Онгод буурлын айлтгалаас: Энэ цагаас эхлэн Идуган Зайрангууд сонсогтун


Энэ цагаас эхлэн Идуган Зайрангууд сонсогтун

Дээд тэнгэрээс заяатай
Дэвжит лусаас хөллөөтэй
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтын угсаа
Доройтож муудсан үрсдээ
Домог болсон улсдаа
Дор бүрт нь таниулж
Дотор бүрт нь сэхээрүүлье хэмээн


Эрхэм язгуурыг таниулж
Эртний цагийг нь өртөөлье хэмээн
Өндөр тэнгэрээс нь ивээж
Өршөөл журмыг мэдүүлье хэмээн
Өнгөт орчлонг таниулж
Өнийн цагийг эргүүлье хэмээн
Дээд тэнгэрийг нь таниулж
Дэргэдхи хүнд нь мэдүүлье хэмээн
Дээдэс тэнгэртэй нь уулзуулж
Дэмий буруугаас зайлуулья хэмээн

Бузар мууг нь зайлуулж
Буян хишигийг нь өгье хэмээн
Хөх толботныг хөдөлгөж
Хөсрий заяанаас нь салгая хэмээн
Өөдлөх заяаг нь өртөөлөн
Өнийн цагийг нь мэдүүлье хэмээн
Хөх тэнгэрээс эрхшээн
Хөх цэргээ илгээв
Эзэн тэнгэрээс эрхшээн
Эцэг өвгөдийг нь илгээв

Огт оргүйн тэнгэрээс огшоон
Олон тэнгэрийг буулгав
Хаан эзнээс зарлиглан
Харсан тэнгэрийг нь буулгав
Улаач болох үрсэд нь
Удмыг нь залгуулав
Улаач болсон үрс нь
Учир ёсыг ухан сана
Дээд тэнгэрийн хүслийг
Дээд биедээ дээдлэн сана

Энэ цагийн улаач нар
Эрдэм шидийг хөөцөлдөн
Элдэвхэнийг хийн суух нь
Эрхэмлэн явах үйл нь биш
Хаан эзэн залрах цагт
Хасбуу тамга нь харагдах цагт
Хаа байгаа газраасаа
Хамжиж дэмжих л үүрэгтэй
Буй бүхий газраасаа
Булчин хүчээ өргөх л үүрэгтэй
Эрхэм язгуураа бариг хэмээн
Эртний түүхээ сонсог хэмээн
Энэ цагт төрүүлсэн атал
Энүүнийг үл тоовоос
Эзэн тэнгэрээс ялтай
Мэргэ төлөг тавих төдий нь
Мөнх тэнгэрийн зарлиг биш
Арга засал хийх төдий нь
Авралт дээдсийн айлдвар биш

Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Дээд тэнгэрийн хүчийг
Дэмий юманд зарагсад
Дэвжид найман лусыг
Дурын мэт санагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсад
Энэ цаг үед
Их л байх юм даа

Хийсэн үйлийг нь хэлэлцэж
Хэцүү гашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхална
Хүүрээр идэш хийснийг нь
Хөвчлөн дарж хүүлнэ
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөл хучигсад үлдээхгүй
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй
Очирт тамд түлж
Орших газаргүй болгоно
Оломгүй далайд үйж
Олиггүйн идэш болгоно

Арга заль хийн
Амин хувиа хичээснийг
Аргын зэвээр сүлбэж
Алсын дайдад дарна
Ард олондоо тусалж
Ачит төрдөө зүтгэснийг нь
Арчлан тэтгэнэ
Авран нигүүлсэнэ

Угаас хийх үйлэнд чинь
Угсаа дээдэс чинь халдах гэсэнгүй
Өөрийн хийх үйлэнд чинь
Өндөр тэнгэр чинь халдах гэсэнгүй
Өнгөтөд элээх жам дор чинь
Өнгө гэрэл нэмсэн төдий
Нартад эдлэх заяан дор чинь
Нарнаас илч нэмсэн төдий
Зайран гээд займарч байгаагүй
Зарлиг юуг дагаж л явсныг
Удган гэж уухилж зогсоогүй
Угийн үйлээ хийж л явсныг
Угсаа залгасан үрс минь
Угаас тэтгэсэн заяачууд минь
Уужуу ухаандаа дээдэлж
Учир ёсоон ухагтун

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР