Монголчууд улиралдаа зохицон амьдрах хэв маяг, идэх зүйл нь өөр өөрийн онцлогтой байдаг. Жилийн эрс тэс дөрвөн улиралтай монголчуудын хувьд энэ нь хамгийн чухал. Тухайлбал хаврын улиралд урь орж, хоол тэжээлийн шим шүүс хатаж, цаг агаар хуурайшин салхи болон дулаарахын хамт хүний биеийн дотоод дулаанд ч өөрчлөлт ордог байна.
Тодруулж хэлбэл хүний бие организм хоол боловсруулах эрхтэнд ч нөлөөлдөг гэсэн үг юм. Хүн хоолшиж, өлсөх нь ихэсч турж эцэх, харлах зэрэг өөрчлөлт гардаг. Иймээс хуурай газрын амьтны мах, өөх тослог зүйл, өрөм ааруул зэрэг цагаан идээ цайндаа хийж гэсгээн идэх зөгийн бал аарцтай шөл, сармистай, гаатай шөл, идэхэд сайн байдаг байна.
Харин өдөр унтахыг тэвчих хэрэгтэй. Мөн яргуйд цадсан ямааны махыг идэхэд тамирыг тэтгэж цусыг тэгшитгэдэг аж. Тиймээс цус багадах өвчтэй хүмүүст тустай байдаг байна. Ямааны хорхог тамирын эмийн дээд хэмээн монголчууд эртнээс хэрэглэж иржээ.
Энэ улиралд хатаасан алимыг буцалгах ба эсгэж уувал настай хүмүүсийн биеийн тамирыг дээшлүүлдэг байна. Харин нохойн хошууны хатаасан үр жимсийг талхалж сүүтэй цайнд хийж буцалган 100 удаа самарч уух, хандалж шүүсийг нь уух нь таны эрүүл мэндэд тустай байдаг аж.
Сүүлийн үед иргэдийн дунд сүү, мах хольж иддэггүй буюу банштай цай эрүүл мэндэд муу гэсэн яриа гарах болсон. Тэгвэл энэ нь туйлширсан буруу ойлголт юм. Банштай цайг, хэдийд хэрэглэдэг вэ гэдгээсээ хамаардаг байна. Тодруулж хэлбэл уламжлалт аргаар шар тосонд хайрч, дээрээс нь баншаа хийж идвэл бадган хийг хөөдөг. Түүнчлэн хаврын улиралд банштай цай хэрэглэвэл ядаргаа тайлдаг байна. Гэхдээ өглөө, өдрийн цагаар хэрэглэвэл сайн байдаг аж.
Зуны улиралд ходоодны шингээх чадвар мууддаг
Энэ улиралд байгаль дэлхий төлжин хүний биеийн цусны гүйдэл түргэсч шар ус, хөлсний сүв бүрмөсөн нээгдэн бодисын солилцоо биеийн илч гадагш тархан ходоодны шингээх чадвар доройтон мууддаг байна. Тиймээс махан хоол, царцуу хүйтэн хоол унд идэх уух нь зохисгүй. Мөн хэт хүйтэн усанд олон цагаар орох нь эрүүл мэндэд тусгүй болохыг анхааруулж байна.
Харин хөнгөн бүлээн тослог давслаг идээ болох айраг, саам, сүү, тараг, өрөм, ааруулаа идэн махыг багасгах нь таны эрүүл байх үндэс болно. Түүнчлэн 11,00-16.00 цагийн хоорондох нарны туяанд хэт шарагдахаас байнга зайлсхийх нь хэрэгтэй.
Намар самар идэх хэрэгтэй
Намрын улиралд сэрүүн чанартай амтлаг, гашуун эхүүн амттай идээг голлон хэрэглэх нь тохиромжтой. Энэ улиралд булгийн хүйтэн усаар толгой, магнайг шавшвал цус хөөрснөөс толгой өвдөх өвчнийг анагаадаг. Цагаан идээг голлон хэрэглэж, хонь ямааны мах мөн самар идэх нь сайн. Самар нь таван цулын эрхтэнд сайн бөгөөд тамиржуулж шим өгч хүний насыг уртасгадаг аж. Мөн энэ улиралд хөл нүцгэн явах нь өвөл өвчин тусах нь бага байдаг гэж үздэг байна.
Өвлийн улиралд махан идэштэн бол
Энэ улиралд хүний биеийн хүч чадал төгөлдөршдөг байна. Биеийн бүх шар усны бүх нүх сүв битүүрч гадаа хүйтнээс биеийн дотоод халуун туйлдаа хүрч, ходоод гэдэсний үйл ажиллагаа сэргэдэг. Зөв хооллолт эрүүл мэндийн үндэс. Тиймээс энэ улиралд махыг ихээр хэрэглэх нь сайн. Хонь, адуу, үхэр, тэмээний махан хоол идэж, тослог идээ шар тосон иллэгийг гарын алга хөлийн уланд хийнэ.
Сүүлний өөхөөр ар нуруу, ууц, ахар сүүл, сугаа тосолж аргалын гал болон бүлээн жингээр орой үдшийн цагаар бүлээн жин тавих нь таны эрүүл байлгах бас нэгэн жор. Арван нэгдүгээр сараас эхлэн cap шинэ хүртэл орой бүр цагаан танг усанд хандалж, настай хүнд борви тойгны ясны шөлөнд чанаж 100 хоног уулгах нь эрүүл мэндэд тустай. Ийнхүү 100 хоногоор 10 жил уувал хөгшид буурлууд өвчинд автдаггүй гэсэн монголчуудын амьдрах ухаанд заасан байдаг аж.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002