2011-12-06

Дуулин: Их Хойд Бөө Гэгээн М.Ганболд гуайн тухай


Саяхны нэгэн өдөр миний бие Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх Ганболд гэдэг хүний залбиралд суулаа. Энэ хүн бол 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр УБ Паласт өөрийн лекц залбирлаа явуулдаг бөгөөд тухай бүрд нь хүмүүс 5000 төгрөгийн билет авч 1000 гаран хүн ирдэг аж. Сардаа нэг удаа их залбирлыг нийт 3000 хүнд хамруулан хийдэг ажээ.

Ганболд гэгч энэ хүн "Хэрэв Чингис Хаан буусан нь үнэн л юм бол нэг л юм асууя. Их Хойд Бөө гэгээн М.Ганболд гэдэг хүний шид чадалд хязгаар байна уу" хэмээн Аянга удганы блог дээр сэтгэгдэл бичиж байсан хүн юм.

М.Ганболд гуайн Хаан буусан үнэн худал эсэхэд эргэлзсэн энэ сэтгэгдлийг нь хараад энэ хүний талаар судлахад Мөнх Наран ээжийн сургаалийг үндэслэгч гэх бөгөөд дээр өгүүлсэн залбирлыг зохион байгуулдаг ажээ.

Түүний гол сургаал нь Чингис Хааны үед Монголчууд Мөнх Хөх Тэнгэрээ шүтэж Дэлхий талыг эзэлж байсан Харин одоо Мөнхнаран ээжээ шүтэж дэлхийг бүхэлд нь эзлэх тухай. Чингис Хааны шүтээн бол Мөнх Хөх Тэнгэр, харин мөнх хөх тэнгэрийн шүтээн нь мөнх наран ээж гэх ажээ.

Чингис хааны үед Монголчууд мөнх хөх тэнгэрээр дамжуулж мөнх наран ээжтэй харьцдаг байсан. Өөрөөр хэлбэл мөнх наран ээжтэйгээ шууд биш дам харьцдаг байсан болохоор Чингис хаан маань дэлхийг бүхэлд нь биш талыг нь эзэлсэн. Тийм учраас мөнх хөх тэнгэр биш мөнх наран ээжээ шүтэх цаг ирсэн. 

Түүний үзэж байгаагаар хэрэв үнэхээр л бурхан гэж байдаг бол тухайн бурхан 2 зүйлийг хийдэг байх ёстой.

1. Бүхнийг чаддаг
2. Бүхнийг хайрладаг

гэтэл тэнгэр, бурхны элч гэгдээд байгаа хүмүүс Будда, Мохамед, Христ, бас Чингис хаан яагаад үхсэн юм бэ? Тэд үхсэн шалтгаан нь тэдний шүтэж байсан бурхан тэдэнд хүссэн зүйлийг нь өгч чадаагүй, үнэхээр тэд тийм чадалтай байсан бол тэр элч нар мөнх амьдарч мөнхийн насыг олох ёстой байсан гэж үзжээ.

Энэ хүн цааш өгүүлэхдээ: Бурхан гэдэг бол БҮҮР ХААН гэсэн үг, бүүр хамгийн дээд талд гэсэн үг, энэ үг цаг хугацааны эрхэнд хувирч өөрчлөгдсөөр бурхан болсон гэх ажээ. 

Энэ хүний номлоод байгаа сургаал нь: ӨӨРИЙН САНААНААС ЗОХИОСОН ЗҮЙЛ гэж би бодож байна.

Энэ сургаалд зарчмын маш том алдаа явж байгаа юм.  

1. Мөнх Тэнгэр гэдэг ойлголтоо огт ойлгоогүй эсвэл буруу ойлгосон. Мөнх тэнгэр гэж юу болох? Хэн болох? Ямар чадалтай болох тухай энэ хүн огт төсөөлөл ч байхгүй нь харагдана. Хэрэв жаахан ч гэсэн төсөөлөлтэй байсан бол Мөнх тэнгэрийн талаар ингэж бичихгүй байх байсан. Мөнх Тэнгэр бол Тэнгэр эцэг юм. Бөө мөргөлийн төдийгүй бусад томоохон шашин шүтлэгийн хамгийн эрхэм дээд шүтээн нь Буддын шашинд "Бурхан" Христийн шашинд "Ертөнцийн Эзэн" Исламын шашинд "Аллах Бурхан" гэж олон янзаар нэрлэгдэгддэг бөгөөд угтаа бол эд бүгд нь Мөнх Тэнгэр гэх нэг л шүтээн бөгөөд харин шашин бүр өөрсдийнхөөрөө нэрлэх аж. 

Мөнх Тэнгэр эцэг бол Дээд хүч, дээд оюун ухаан, бүгдийг үүсгэгч бөгөөд энэ дунд нар бас багтана. Өөрөөр хэлбэл Ертөнцийн эзэн бол Мөнх Тэнгэр Эцэг. Мөн Наран эцэг, Наран ээж байдагаас Мөнх нар гэж сонсоогүй бөгөөд Мөнх гэдэг үгийг Ганболд гуай өөрөө л зохиож нэмсэн бололтой. Ганболд гуайгаас өмнө нар байж л байсан, манддагаараа мандаж, жаргадгаараа жаргаж л байсан байлгүй дээ бодвол. Гэтэл Ганболд гуай л хөрстөд мэндэлж Нарыг харж байгаад өөрийнхөө сургаал номлолыг боловсруулжээ. Ийм замаар буюу хүний логик гаргалгаа баталгаа, оюун ухаанаар бүтсэн номлол сургаал, сүсэг бишрэлийн хэлбэрийг шашин гэдэг. Харин Тэнгэр эцэг, Нар болон сар, эх дэлхий байгаль эх бол хэн нэгэн бүтээж бий болгоогүй өөрөөсөө л цаанаасаа үүдэн бий болсон зүйл юм. Үүнийг хүн гэдэг амьтан нэмж хачирлан Мөнх нар, сайхан нар, улаан нар, шар нар гэж нэрлээд янз бүрийн юм зохиогоод шүтэж биширдэг. Тиймээс Ганболд гуай бол үүний л нэгэн адил зүйл хийгээд явж байна. Гэтэл хүний оюун санаагаар бүтсэн энэ сургааль гуйвж дайвахдаа амархан байдаг. Яаж л бол яаж, хааш нь л бол хааш нь гуйвуулж болдогийг энэ шашингууд сайхан харуулж байна. Анх үүсгэж байсан хүмүүсийнхээ үзэл сургаалийг гуйван өөрчилсөөр танигдахгүй болтлоо хувирсан Христ, Ислам, Будда-ийн шашнууд үүнийг батлана. Харин бөө мөргөл, Тэнгэр үзлийг хэн ч юу ч гэж номлоод өөрчлөгдөхгүй, яг л байдгаараа байна. Учир нь бөө мөргөлд хүний санаагаар бүтсэн номлол сургаал байхгүй бөгөөд харин далд хүчин, далд ертөнц, тэнгэрээс авсан мэдээллийг л газрын бидэнд хүргэдэг. Өөрөөр хэлбэл Тэнгэр үзэл биднээс гадна далд ертөнцөөс хамааралтай байдаг тул хүссэн хүн нь өөрчлөөд байхгүй. Үүгээрээ Тэнгэр үзэл, Бөө мөргөл нь ямар ч шашин гэгдэг үзэл номлолуудаас тэс өөр бөгөөд ҮНЭН байдаг. Шашин худал байж болдог, байдаг, мунхрулга ч байдаг, Харин Тэнгэр үзэлд бол ХУДАЛ байхгүй билээ. Мөнх Тэнгэрийн шүтэх үзэл, Тэнгэр үзлийг зарим нөхдүүд ийнхүү шашинчилж шашин болгохоор зүтгэж байгаа нь буруу бөгөөд газар авахгүй.

2. Энэ хүн Мөнх наран ээжийн сургаалаа номлохдоо гаргаж тавьсан үндэслэл, логик нь өөрөө алдаатай. Мөнх Тэнгэр үнэхээр бүгдийг чаддаг байсан бол Чингис хаан дэлхийн талыг нь биш бүгдийг нь эзэлж бас одоо болтол амьд байх ёстой буюу мөнхийн настай байх ёстой гэж үзжээ. Харин Чингис хаан Мөнх Тэнгэрийн үнэнч хүү байсан атал махан биеэ мөнх болгож чадаагүй гээд одоо бүгдээрээ мөнх амьдруулж чадахаар нь Мөнх наран ээжээ шүтэцгээе гэх аж. Энэ бол шал утгагүй гаргалгаа. Хүн хэрэв үхдэгүй байсан бол Чингис Хаан хэрвээ үхээгүй байсан бол яах байсан бэ? Энэ дэлхий хүнээр дүүрсээр эцэстээ даац багтаамжаа дийлэхгүй галав юүлэх байсан биз. Мөн хүний махан бие үхэвч сүнсэн бие мөнх оршдог. Бидэнд л харагддагүй болохоос биш далд ертөнц гэх маш эмх цэгцтэй, хатуу чанга хуультай, зохион байгуулалттай, зэрэг зиндаатай бидний үл мэдэх төсөөлж чадахгүй тийм том ертөнц байдаг гэдгийг огт мэддэггүй хүний үг гэлтэй. Чингис хаан бол МӨНХ настай. Махан бие нь биш онгод дүрээрээ мөнх настай. Махан бие үгүй ч алдар суу нь мөнх байна. Чингис хаан онгод болоод Дээд Тэнгэртээ заларсан, тэгээд хий дүрээрээ буцаад Монголдоо ирчихсэн байна. 

Мөн Чингис Хаан дэлхийг бүхэлд нь эзэлж чадаагүй нь Мөнх Тэнгэрээр дамжуулж Мөнх наран ээжтэй харьцсанаас болсон, Уг нь бол шууд л Мөнх наран ээжтэйгаа харилцсан бол дэлхийг бүгдийг нь эзлэх байжээ хэмээн утгагүй юм ярина. Дэлхийг засах түвшитгэх гэдэг дан ганц шүтлэг бишрэлээс болдог хэрэг биш. Нэг нь нар нөгөө нь тэнгэр шүтсэнээрээ бүтэн эзлэх хагас эзлэх гэдэг нь огт утгагүй хэрэг, энэ замбативд энэ дэлхийд хүн л амьдардаг, хүн л юм хийдэг. Эзэн Хаан бол хийдгээ хийгээд Тэнгэртээ буцсан хүн. Дэлхийг бүгдийг нь эзэлсэнгүй гэж буруутгах нь утгагүй.

Энэ хүний номлож буй сургаал нь шүтлэг бишрэлийн бас нэгэн хэлбэр үүсгэх оролдлого, магадгүй нэг шашин ч байж болох юм. Энэ хүн өөрөө бас бөө хүн гэж байгаа. Бөө байтлаа ийм зүйлийг ярина гэдэг бол утгагүй. Үнэхээр дээд түвшний онгод тэнгэрүүдтэй хүн юм бол Эзэн Хаан буусныг мэдэх л ёстой. Гэтэл Хаан буусан нь үнэн үү худал уу, миний шид чадалд хязгаар байна уу хараатах үзээтэх гэж байгаа бол үнэхээр энэ хүн хэн бэ гэдгийг нь хэлээд байгаа мэт.

Ганболд гуай 7 хоног бүрийн бүтэн сайн өдөр УБ Паласт өөрийн лекц залбирлаа явуулдаг бөгөөд тухай бүрд нь хүмүүс 5000 төгрөгийн билет авч 1000 гаран хүн ирдэг.

Хэдийгээр энэ хүний сургаал, номлол нь шал утгагүй ч залбиралд суусан хүмүүсийн өвчин зовлон байхгүй болж, сохор хүн хараа орсон гэлцдэг нь бас бодууштай. Тэнд ирэгсдийн 90 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ихэнхи нь 40-ээс дээш насны хүмүүс харагдсан. Залуучууд маш ховор байсныг дурдах хэрэгтэй. Мөн бүгд л өвчин зовлонгоосоо салахаар ирсэн хүмүүс. Энэ хүмүүс залбиралд суугаад эдгэрнэ гэдэг тухайн залбирал үр дүнгээ өгч байна гэсэн үг. Сургаал нь буруу байсан ч яагаад залбирал нь үр дүн өгөөд олон хүнийг эдгээгээд байна вэ? Мөн өвчин зовлон нь  илааршихаас гадна ажил төрөл нь бүтэн, хүүхдүүд нь гэрлэж, сайн сургуульд орон, аз жаргалтай амьдрах болсон гэжээ. Эдгээр өөрчлөлтүүд бол эерэг өөрчлөлтүүд юм. Үнэхээр эдгэрсэн сайхан болсон бол энэ үнэхээр зөв үйл юм.

Гэтэл энэ хүн хөх толбот Монголчуудын өөрсдийгөө анагаачихдаг байсан, өөрөө өөрсдөдөө засал хийчихдэг байсан тэр чадварыг л өөрсдөд нь мэдрүүлж өгч байгаа хэрэг юм. Монгол хүн бүр Хөх толботой төрдөг. Энэхүү хөх толбонд Мон тобэ эрчимт бодис байдаг. Энэ бодисыг сэргээж Монголчууд байгаль дэлхийгээсээ эрчим аван, өөрийгөө засдаг байсан аж. Нарнаас, сарнаас, дэлхийгээс эрчим авна. Монгол хүн бүр ийм чадвартай. Хэн нэгэнд мөнгө төлж бясалгал, иог, залбиралд суун өөрийгөө засах биш хаана ч хэзээ ч гэрт ч гадаа ч явахдаа өөрөө өөрийгөө засаж болдог. Яаж засах вэ?

ТЭНГЭР     ТЭНГЭР      ТЭНГЭР 
МОНГОЛ   МОНГОЛ    МОНГОЛ
ГАЗАР        ГАЗАР          ГАЗАР

Энэ үг Монгол хүний хөх толбо, мон тобэ бодисыг сэргээх тарни үг юм. Мөн сүү Хөх толбыг сэргээнэ. Сүүгээ уугаад энэ үгийг хэлэх юм бол Нарны гэрэл, сарны энерги, дэлхийн эрчим таны зулайгаар орж хөх толбыг идэвхжүүлэн биед байгаа муу эрчим, өвчин зовлонг гаргаж газарт буцаагаад шингээдэг. Хэрэв та хөх толботой төрж л байсан бол өөрөө өөрийнхөө заслыг хийж чадна. Энэ үгийн тухай илүү дэлгэрэнгүй энд дарж уншиж болно.

Ганболд гуай олон хүнийг үнэхээр эдгээгээд байгаа нь үнэн л бол буянтай сайн хэрэг. Олон хүн бясалгалд нь суугаад эдгээд сэтгэл санаа нь сайхан болдог бол бас л зөв хэрэг. Энэ бол буруу биш.

Гэхдээ ард түмнийг буруу зүг рүү хөтөлж болохгүй. Мөнх Нар-ыг Мөнх Тэнгэрээс дээр тавих ёсгүй. Мөнгө авч бизнес хийн олон ардыг мэхэлж болохгүй. Бас эзэн Хаан буусан тул эзэн Хааны тухай худал мэдээлэл ярих нь өөрт нь муу. 

Чингис Хаан Тангудын хараалд өртөж морьноосоо унаж нас барсан гэж нэгэн лекц дээрээ хэлж байсан. Тэгж залах хэрэггүй. Мөн Мөнх наран ээж гэдэг өөрийн зохиосон худал номлолоор хүн ардыг мунхруулах хэрэггүй. Залбиралд ирсэн хүмүүсээ үнэхээр эдгээж чаддаг юм бол тэрийгээ хийгээл бууж байх нь буян болно. 

Аа бас үнэхээр л Хаан буусан юм бол миний шид чадлыг хэлээтэх гэж байгаа хүн өөрийнхөө онго, тэнгэрээс асуувал таарна. Тэнгэр эцгийн хүү, Хөх Монголын Хаан Эзэн Чингис Хаан хөрстөд заларсан байгааг одоо болтол мэдээгүй байгааг бодоход ямар хүн бэ гэдэг нь бас харагдах мэт.

Ямартай ч ЗӨВ ЗҮЙЛ хий, Буруу замаар будаа битгий тээ, ард олныг худал руу бүү уруу тат хэмээн Ганболд гуайгаас хүсч байна. Хэрэв мөнх наран ээж гэж залалгүй Мөнх Тэнгэрээ шүт хэмээн ард олондоо уриалж, Тэнгэр үзлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүч оюунаа зориулвал Тэнгэр таныг таалах нь лавтай. Тэнгэр өршөө.

















2 сэтгэгдэлтэй:

Aamregled said...

америк японы эрдэмтэд нэг зураг авсын гэнээ тэгээд тэр зураг дээр нэг том нар байхын .. тэгээд тэр нарыг тойроод 7000 гэлүү 70,000 гэлүү тийм их глактик байдаг гэнээ .. өөрөөр хэлбэл бидний харж байгаа нар биш бүр том нар байгааг тэрийг олон глактик тойрчоод байгааг харуулсан тийм зураг эрдэмтэд авсан гэнэ.. тэгээд тэр нарыг л мөнх наран ээж гээд голнь тэрэнд хүслээ шивнэж яг өөрөө холбогдож байна гэж төсөөлөөд тэгээд нөгөө нууц гэдэг шиг л хүсэл нь биелээд энийгээ БУРХАН юм байна гэж итгээд л байгаамалдаа гарууд

Aamregled said...

гэхдээ өөрөө мэдэж судлахгүй байж түрүүлж хөөрдөг онгирдог ийм улсууд үнэндээ мэдлэггүй байдаг гэж би боддог.. Тэгэхээр бид ч гэсэн зөв замаар явж байгаа гэдэгтээ ИТГЭЛТЭЙ ЮМ ЧИНЬ ийм юманд нээх ач холбогдол өгөөд байх шаардлагагйү боловуу

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР