1.ТӨМӨР ХААН. Доголон Төмөр хааны тухай бидний мэдэх зүйл бол бас л дайн дажин, аллага хядлага, эзлэн түрэмгийлэгч, эвдлэн сүйтгэгч... Гэтэл энэ агуу өвөг дээдэс маань хэн байж вэ?
Тэрээр өнөөдөр гэхэд л Аянга Удганы нэг онгод болж 675 жилийн дараа эх нутагтаа хий бие, хийсгэлэн дүрээрээ бууж иржээ.
Аянга Удган өөрийн тэмдэглэлдээ “...Төмөр хааны сүнс анх өргөөндөө морилоход маш инээдтэй юм болж билээ. Би суучихсан бөөлж байхад нэг хүн орж ирээд гадаадаар ярив. Би огт ойлгоогүй ч “Монгорү” гэх үгийг хэд хэлэхийг л тогтоов. Тэр орж ирээд гэрийн тооныг харан гайхаж, өргөөг нэг бүрчлэн хараад ихэд орь дуу тавин уйлсан. Тэр үед би гэрэлтэй бөөлдөггүй, босоод удаагүй байсан ч тэрээр гэрийг харж уйлаад бас маш их сэтгэл нь хөдөлж баярлан арай гэж уйлж дуусаад “Гэр, гэр, гэр, гал, гал ямар сайхан юм бэ” гээд “Би хаана байна?” гэхэд Бяцхан түшээ: “Та Улаанбаатарын Гачууртад байна” гэхэд. Ихэд гайхан “Ямар улс юм бэ?” гэлээ. “Монгол” гэхэд бас дахиад л баахан уйллаа. “Би Монголдоо ирчихэж” гээд ихэд баярлалаа. ...Тэр ямар ч гэсэн тэр зүгийнхээ дуу, хуур, бүжгэнд маш дуртай. Сэтгэл нь уярч бас Үлэгбек хүүтэйгээ ижил тэр эрээлж мяраалсан барилга байшиндаа жигтэйхэн дуртай юм байна лээ. Тэр барилгуудын зургийг анхааралтай харан “Бүгд учир утгатай нууцтай, энэ бөөрөнхий орой чинь гэр шүү дээ” гэж байсан.” гэж бичсэн бий.
Төмөр нь 1336 оны 4-р сарынн 9-ны өдөр Узбекстаны Кеш хот(өнөөгийн Шахрисабз хот)-од Монголын барулас омгийн ноён Тарлагайн гэрт мэндэлжээ. Түүнийг дэлхийн түүхэнд Доголон Төмөр, Амир Темур, Тамерлан, Агуу Тамерлан, Тимур, Тимерлинг, Агуу Темур гэж янз янзаар нэрлэдэг. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж мөнхөрчээ. Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэсэн гэдэг.
(Энэ дашрамд дурдахад Аянга Удганы өөр нэг толгой онгын нэг, Чингис хааны “дөрвөн ноход” гэж алдаршсан гайхамшигт зоригт жанжнуудын нэг Хубилай баатар ч “барулас” омгийн хүн байсан нь Аянга Удганы эцгийн талынх нь аль омог аймгийн гаралтайг шууд л нотолдог ажээ.)
Төмөр хаан 1370-1405 оны хооронд Хорезмын хаант улс, Персийн эзэнт гүрэн, Оттоманы эзэнт гүрэн, өнөөгийн Афганстан, Гүрж, Армян, Казакстаны өмнөд хэсэг, Энэтхэг, Сири, Туркийг байлдан дагуулсан байна. Хөрш зэргэлдээх орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгч байжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан нар Доголон Төмөр Амирт асар их бэлэг ирүүлсэн гэдэг. Туркийн нэгдүгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байсан нь түүний ямар их хүчирхэг байсныг харуулсан нэг л тоо биз ээ.
Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж, зуут мянгатын дарга нарыг биечлэн тохоож ”Ташуур, бороохойноос илүүтэй захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал” гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.
Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж, дундад зууны гарамгай жанжин, төрийн агуу зүтгэлтэн байснаараа Төмөр хаан Кавказаас Хятад хүртэл, Сибирээс Энэтхэг хүрсэн Самарканд төвтэй том эзэнт гүрэн байгуулсан нь үе дамжин 14-15-р зуунд 200 гаруй жил тогтнож чадсан юм.
Тэрээр цэргийн гарамгай жанжин байсны зэрэгцээ дэлхийн гайхамшигт соёл, урлагийн бүтээлийг санаачлагч, дундаж зууны уран барилгыг үндэслэгч байсан юм.
Байлдан дагуулсан улсуудаас тээвэрлэж болох бүхий эд зүйлсийг нь нийслэл Самарканд руу илгээн үнэт эрдэнэсээр дүүргэж тухайн орнуудаас 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог орд харш бариулсан байна. 14-р зуун бүхэлдээ Дундад Азид хамгийн туршлагатай, чадалтай уран барилгачид, зурагчид цугларсан байв. Иран, Азербайжан, Хорезм, Алтан Орд, Энэтхэгийн нарийн мэргэшсэн уран дархчуул ч уран барилгын гайхамшгийг бүтээх үйлсэд оролцох урилгыг хайхрахгүй байж хэзээ ч чадаагүй гэдэг. Тэд шинэ гайхамшиг, жинхэнэ урлаг соёлыг бүтээхэд бие биенээ нөхөж Төмөр хааны зарлигийг хэрэгжүүлсэн ажээ.
Төмөр хааны зарлигаар барьж босгосон олон гайхамшигт барилга байгууламжаас дурдахад мөргөлийн сүмүүд, мавзолей, тухайлбал, Самарканд хот дахь “Джумын сүм”, “Гур-Эмирын Мавзолей",”Шахи-Зинда”-ын уран барилгын цогцолбор, Шахризабз хот дахь “Ак-Сарай” ордон, “Дорус-Сиадат”ын Мавзолей, Бухар хот дахь “Чашма-Аюб”-ын Мавзолей, Туркестан дахь “Хаджи-Ахмад Джассавия”-ын Мавзолей зэрэг олон барилга байгууламж, барилгын цогцолборыг нэрлэж болно.
Шахрисабз хот дахь Төмөр хааны “Ак-Сарай” ордны хаалган дээр “Хэрвээ Та манай аугаа сүр хүчинд эргэлзэж байвал бидний барьсан барилга байгууламжийг харцгаа!” гэсэн бичээс байдаг. “Бишрэм сүрлэг уран барилга нь аугаа Их Гүрний сүр жавхланг харуулахад зориулагдсан байлаа” гэж ч бичсэн байдаг.
Төмөр хаан зарлиг буулган өөрийн хамгийн хайртай, монгол хатандаа зориулж “Биби-Ханым” сүмийг босгосон нь өнөөг хүртэл сүндэрлэж байна. Төмөр хаан Энэтхэгт хийх аян дайнаас өмнө өөрөө газрыг нь сонгож барилгыг 1399 онд эхлүүлж 1404 онд дуусгаж 5-хан жилийн дотор дундад зууны Самарканд хотын ард нийтийн гол төв нь болсон хурлын сүмийн цогцолборыг бариулсан нь бас нэг гайхамшиг нь байжээ. Сүмийн хашаан дотор нэг зэрэг арван мянган хүн мөргөл хийдэг байсан гэхээр асар том байгууламж байсан нь ойлгомжтой. Энэ барилгыг барихтай холбоотой маш сонин домог, түүх ч байдаг. Сарай-Мульк-Ханым нэртэй дээрх хатныг монгол эмэгтэй мөн биш талаар ч зөрүүтэй мэдээлэл бий.
Узбекстан улс “Амир Тимур бол өөрийн үндэсний улс төрийн систем, боловсрол, соёл болон улсынхаа ерөнхий хөгжилд ч үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” гэж үзэж ялангуяа ЗХУ задарснаас хойш түүнийг алдаршуулах, нэр төрийг нь сэргээх, ер нь үндэснийхээ баатар болгон бахархаж байгаа нь сүүлийн 15 жилд түүнд зориулж олон хотод босгосон, сэргээсэн хөшөө, дурсгалт газрууд, музей зэргээс мэдэж болно.
Төмөр хаан Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болжээ. Тэр тэнгэрт халихдаа “Би тал нутгийн монгол хүн. Намайг үхсэний дараа миний шарил дээр монгол нутгийн чулуу тавиарай” гэж захиж хэлсэн гэдэг. 1425 онд түүний ач хүү Үлэгбэх Монголоос хар ногоон өнгийн гантиг(хаш байж ч магад) чулуу авчирч шарил дээр нь тавьж өвөө аавынхаа захиасыг биелүүлсэн байна. Самарканд хот дахь Төмөр хааны ордон-бунханд байх түүний болон хүү Шахрух, Мираншах, ач хүү Мухаммед Султан, Үлэгбэх нарын шарилыг дараах зурагнаас харж болох бөгөөд дунд нь байгаа бараан өнгийн шарил нь Төмөр хааных.
2. ҮЛЭГБЭХ ХААН. Алдарт одон оронч, математикч, тухайн эринийхээ дэлхийн нэрт эрдэмтэн Үлэгбэх бол Аянга Удганы толгой онгын нэг. Монгол ястай болохоор л Хөх Монголдоо ирж Хөх тэнгэрээс бууж Аянга Удганы бяцхан Гэгээнийг нь эрхлүүлэн авъяас билгээ өвлүүлж байгаа нь бас л учиртай.
Аянга Удган өөрийн тэмдэглэлдээ: “...Үлэгбек хаан бол миний бага хүүгийн дээд эцэг гэж өөрийгөө хэлсэн. Өөрөө манаж өөрөө дагадаг. ...Анх уулзахдаа тэвэрч суугаад маш их уйлж, энхрийлсэн. Дараа нь үе үе орж ирж балчиртай тоглохдоо дандаа л тоо бодуулж тоглоно. Өөрийнх нь ордны зургыг интернетээс угааж тавьсан. Тэр зургаа үзүүлэн миний хүү энэ олон хаалгаар орж гаран гүйнэ. Хэдэн хаалга байна, хэдэн давхар байна гээд л шагай тогловол чамд хэд байна. Надад хэд байна. Хэн нь хожчихвоо. Аль нь их, аль нь бага вэ гээд л тоглохдоо хүртэл тоо бодуулна.Тэврээд үнсэн сууж байхдаа миний хүүгийн бяцхан гар яасан хөөрхөн юм бэ? За энэ гарт нь хэдэн хуруу байна. Энд нь тэгвэл хэд байна. Нийлээд хэдэн хуруутай болчихвоо гээд л үнсэж өгнө” гэж бичжээ.
Аугаа Төмөр хааны ач хүү Үлэгбэх нь 1394 оны 3-р сарын 22-ны өдөр төржээ. Төмөр хаан Иран руу дайлаар мордох явцад одоогийн Азербайжаны нутаг Султани хотод мэндэлсэн байна. Түүний жинхэнэ нэр нь Мухаммад Тарагай.(Төмөр хааны эцгийн нэр нь Тарлагай, бас л нэгийг хэлэх шиг).
Тэрээр дэлхийд Улугбек (Аугаа Бек- Великий Бек) нэрээр алдаршсан билээ. Ирээдүйн эрдэмтнийг түүний эмэг эх Сарай Мульк-ханым гардан өсгөн хүмүүжүүлжээ. Бага залуу байхаасаа мэдлэгт тэмүүлж дуу хөгжим, яруу найргийн онолыг танин ойлгодог, гайхамшигтай ой тогтоолттой байсан гэдэг. Яруу найрагч, эрдэмтэн Арифа Азарын удидлаган дор сурч, эцгийнхээ баялаг номын санд ном уншдаг байсан нь түүний гэрийн боловсрол болж хожим аугаа эрдэмтэн болох эхлэлийг тавьсан байна.
1409 онд дөнгөж 15 настай байхад эцэг Шахрух нь Үлэгбэхэд эхлээд Самарканд хотыг, 2 жилийн дараа нийт Мавераннахрыг захирах эрхийг олгосон байна.
Хэдийгээр тэр өвөг эцгийнхээ дайнч уламжлалыг үргэлжлүүлээгүй ч өөрийн эрх мэдэл, эд баялгийг шинжлэх ухаан, боловсролын хөгжилд зориулжээ. Тэр үеийн алдарт математикч, одон оронч- эрдэмтэд(Джемшидом Гияс-ад-дин-ал Каши, Казы-заде ар-Руми, Али Кушчи)-тэй нягт холбоотой байж хамтран ажилладаг байв. Үлэгбэх жирийн бус эрдэмтэн байсан гэдэг. Дундад зууны зарим эрдэмтэд түүний талаар: “Тэр геометрт яг Евклид шиг, одон орны хувьд Птолеме́й шиг байсан юм” гэж бичжээ.
Ухаантай, боловсролтой захирагчтай болсноор Самарканд хот жинхэнэ оюун ухааны, гэгээрлийн хот болон хувирчээ. Түүний жилүүдэд Самарканд дундад зууны үеийн шинжлэх ухааны дэлхийн төвүүдийн нэг болсон байв. Үлэгбэхийн эргэн тойронд алдарт одон орончид, математекчдыг нэгтгэсэн бүхэл бүтэн шинжлэх ухааны сургууль бий болсон байлаа.
1417—1420 онд Үлэгбэх Самарканд хотын Регистаны талбайд сургууль(медрес гэж нэрлэдэг)-ийнхаа анхны барилгыг бариулсан байна. Түүний нэрээр нэрлэгддэг энэхүү сургуульд дорнын аугаа эрдэмтэд хичээл зааж, Үлэгбэх өөрөө ч одон орны чиглэлээр хичээл заадаг байжээ. Бусад хоёр сургуулийг Гиджуван, Бухар хотуудад бариулсан байна. Эдгээр барилга байгууламж нь мөн л тухайн үеийн гайхамшигт уран барилгуудын нэг хэсэг нь байлаа.
Бухар дахь Үлэгбэхийн сургуулийн гол хаалган дээрх “Эрэгтэй, эмэгтэй мусальман бүрийн үүрэг бол мэдлэгт тэмүүлэх явдал мөн” гэсэн бичээс одоог хүртэл хадгалагдан үлджээ. Хэдийгээр дундад зууны үе байсан ч хүйс ялгаварлахгүйгээр хүн бүрийг мэдлэг, гэгээрэлд уриалж байсныг, 30 нас хүрээгүй энэ залуухан эрдэмтний ахадсан ухааныг бишрэн шүтэхээс өөр яах билээ.
Үлэгбэхийн амьдралын утга учрын гол цөм нь Одон Орны Ордон байгуулах явдал байлаа. Тэр хамтран зүтгэгчдийн цуг Одон Орны Ордон барих зураг төслийг шинжлэх ухааны мэдлэг дээрээ тулгуулан хийж 1428-1429 онуудад уг ордонг бариулж дуусгасан гэдэг.Тийм Одон Орны Ордны хосгүй нандин, том барилга байгууламж(өндөр нь гэхэд одоогийн 12-13 давхар байшинтай эн зэрэгцэнэ) тэр үедээ дэлхийд байгаагүй бөгөөд ийм ордныг үүсгэн бүтээгч гэдгээрээ Үлэгбэх дэлхийн түүхэд алдартай нэгэн болсон юм. Энэ ордон нь зөвхөн хэмжээ, тансаг байдлаасаа гадна түүнийг шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр тоноглосон байсан нь ч гайхагдаж байсан гэнэ. З үе давхарлагдсан цилиндрэн хэлбэрт барилга нь нар, сар, од, бусад гаригийг системтэйгээр ажиглах, тэдний эргэлтийн бүтэн циклийг хамруулах, тэдгээрийн байршил, хоорондын дундын өнцгийн зай тогтоох боломжийг бүрэн бүрдүүлсэн байснаараа аугаа байжээ.
Үлэгбэх нар, сарны харанхуй болох үеийн эхлэл, төгсгөлийн агшинг болон хэлбэрийг тодорхойлохын тулд урьдчилан бодож тооцоолох тусгай таблиц хүснэгтийг бий болгон боловсруулж үүн дээрээ нягт ажилласнаар түүний гол хөдөлмөр болсон “Шинэ Гураганы хүснэгт” буюу “Үлэгбэхийн Оддын хүснэгт” нь 1437 онд дууссан гэж үздэг байна. Түүний оролцоотойгоор, түүний удирдлаган дор бүтээсэн энэхүү хүснэгтэд 1018 оддын байршилыг тодорхойлсноороо дэлхийн одон орны шинжлэх ухааны эрдэнэст гайхамшигт хувь нэмэр оруулсан гэж тооцогддог ажээ.
Алдарт одон оронч, математикч, зурхайч Үлэгбэхийн үхлийн талаар түүхэнд янз бүрээр бичдэг ч түүний шарил Амир Гурын Мавзолэйд хүндэтгэлтэйгээр байрладаг байна.
1964 онд Одон Орны Ордон байсан газрын дэргэд Үлэгбэх хааны дурсгалын музэйг нээж, 2010 онд музейн хажууд түүний хөшөөг босгожээ.
Одоо Та бүхний анхаарлыг Төмөр хааны үе залгамжлагч, 15,16,17-р зууны үеийн гурван хааны товч намтарт хандуулъя.
3. БАБУР ХААН. Төмөр хааны жич хүү Бабур нь 1483 оны 2-р сарын 14-ны өдөр одоогийн Узбестаны Андижанд мэндэлжээ.
Түүний бүрэн нэр нь Захир ад-дин Мухаммад Бабур. Тэр Энэтхэг дэх Могол (Могул ч гэж бичдэг)-ын Эзэнт Гүрнийг үндэслэгч. Түүний эх нь бас л Эзэн Чингис хааны удмын эмэгтэй, нэр нь Кутлуг Нигорханум.
Эцэг талаас нь бичвэл: Омар-Шейх — Абу Сеид — Султан Мухаммед — Миран-шах —Төмөр хаан.
Бабур хаан нь 1494—1504 онд Ферганыг, 1497-1498, 1511—1512 онуудад Мавераннахрыг, 1504—1526 онд Кабулыг, 1512—1526 онд Кандахарыг захирч байсны зэрэгцээ 1507—1526 онд Төмөрийн Эзэнт гүрнийг толгойлж байсан байна.
1519 оноос Бабур хаан Энэтхэгт хүч нөлөөгөө ихээхэн хэмжээгээр үзүүлж ноёрхож байсан Дэли Султанатуудыг хойт талаас нь шахан дайрч довтолсоор өмнөд хэсэгт тултал нь эзэлж улмаар бүх энэтхэгийг хялбархан нь аргагүй буулган авч 1526 онд Эзэнт гүрнээ байгуулжээ. 1529 онд Дорнод Афганстан, Пенджаб, Ганга мөрний хөндий хавийг өөртөө нэгтгэсэн байна.
Бабур нь түүхч, газар зүйч, угсаатан судлаач, үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч байсны хувьд өнөөдөр ч дорно дахины судлалын шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрдсөн хэвээр байна. Түүний бүтээл-өвийг дэлхийн дорно дахины судлалын томоохон бүх төвүүдэд судалж байна. Тухайлбал, АНУ, Франц, Англи, Энэтхэг, СНГ-ийн орнууд, Чех, Словак, Энэтхэг, Пакистан, Афганстан зэрэг. Францын дорно дахины их судлаач Луи Базан, Английн нэрт зохиолч Артур Конан Дойль нар Бабурыг өндрөөр үнэлсэн байдаг.
Түүний хамгийн том бүтээл бол “Бабур наме” гэх өөрийн намтрыг түүхчлэн бичсэн зохиол. Энэ бүтээлээрээ түүхчилсэн утга зохиолд шинэ төрлийн анхдагч загварыг оруулснаараа дэлхийн утга зохиолд гавъяатайд тооцогддог ажээ. 1493-1529 оны намтар-түүхээ бичсэний зэрэгцээ тухайн үеийн ард түмний язгуур угсаа гарал, зан заншил, ёс хэвшлийг амьдаар нь цогцлоож чадсанд түүний оюун ухааны мэлмий хэр их хурц байсныг харуулдаг байна.
Бабур хаан 1530 оны өвөл Энэтхэгийн Аград өвчний улмаас таалал төгссөн бөгөөд түүний гэрээслэл ёсоор Афганстаны Кабулд шарилыг байрлуулсан байна. Сүүлд нь тэнд бунхан-мавзолейг нь барьжээ.
Энэтхэгийн улс төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн Джавахарлал Неру бичихдээ: “ Бабур ирсний дараа Энэтхэгт асар их өөрчлөлт болсон бөгөөд энэ нь урлаг соёл болон уран барилгыг баяжуулсан амьдралын дээд шинэтгэл байлаа” гэжээ.
4. АКБАР ХААН. Моголын Эзэнт гүрний хамгийн нэр цуутай, олны дунд хүндлэлийг олсон хаан бол Бабур хааны ач хүү Акбар хаан байв.
Акбар хаан 1542 оны 11-р сарын 23-ны өдөр өнөөгийн Пакистаны Амаракот хотод мэндэлсэн байна. Түүний бүрэн нэр нь Джелал-ад-Дин Мухаммад Акбар.
Тэрээр Их Моголын Эзэнт Гүрний 3 дахь хаан. Өвөг эцэг Бабурынхаа үндэслэн байгуулсан улсыг жинхэнэ эзэнт гүрэн болтол нь хөгжүүлж чадсан гарамгай удирдагч бөгөөд Их Акбар (Akbar the Great) гэж түүхэнд нэрлэгддэг.
Акбар хаан Энэтхэгийг үндсэнд нь нэгтгэн нэг хаант улс болгон моголчуудын байлдан дагууллыг дуусгасан бөгөөд улс орноо хөгжүүлэх тал дээр нэгдсэн бодлого барьж хэрэгжүүлсэн авъяаслаг төрийн их зүтгэлтэн байв. Өөрөө Исламын шашинтан байсан боловч эзлэгдсэн бусад олон шашинтуудыг нэг адил үзэж, дарлан хавчдаггүй байснаараа ард түмнийхээ дунд асар их нэр хүндтэй байсан юм.
Акбар өөрийн эргэн тойронд хамгийн шилдэг эрдэмтэн, яруу найрагчид, хөгжимчид, зураачдыг цуглуулан урлаг, шинжлэх ухааныг шүтэж ивээдэг гэдгээ харуулдаг байлаа. Өөрийн эзэмшлийн үед тэрээр уран зургийн сургуулийг байгуулж, 24 мянган дэвтэр бүхий баялаг номын санг бий болгож чадсан байна. 1569 онд Аграгийн ойролцоо Фатехпур-сикри нэртэй өөрийн улсын шинэ нийслэлийг барьж босгох ажлыг эхлүүлж бариулжээ. Энэ хот нь 1986 оноос Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн байна.
Акбар хааны үед улс даяар урт, өргөн, хүндийг хэмжих нэгдсэн нэг систем хэрэгжиж, Үлэгбэхийн хүснэгт дэх үзүүлэлтэд үндэслэсэн нарны нэгдсэн хуанлийг хөтөлж байжээ. Хаан худалдаа хөгжүүлэх, ялангуяа европтой хийх гадаад худалдаанд ихээхэн анхаарал тавьдаг байв.
Тэрээр1605 оны 10-р сарын 7-ны өдөр 63 насандаа таалал төгссөн байна. Түүний шарилыг Сикандр дахь Акбарын мавзолейд байруулжээ.
5. ШАХ ЖАХАН ХААН. Акбар хааны ач хүү Шах Жахан нь 1592 оны 1 сарын 5-ны өдөр одоогийн Пакистаны Лахорт Жахангир хааны гурав дахь, хамгийн хайртай хүү нь болон мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр нь Курам, түүний өвөө нь баяр баясгаланг бэлэгдэж өгсөн гэдэг.
Шах Жахан багадаа өндөр боловсрол эзэмшиж, урлагийн өндөр мэдлэгтэй байснаас гадна цэргийн сайн удирдагч байв. Тэрээр 16 насандаа элэнц өвөөгийнхөө ордонг гайхамшигтайгаар тохижуулж олныг алмайруулж байсан удаатай.
Жахангир хааныг өөд болсны дараа 1627 онд Шах Жахан бага насандаа хаан ширээг залгамжилсан авсан ажээ. Тэрээр Моголын Их эзэнт гүрний хамгийн агуу хаанд өргөмжлөгдсөн бөгөөд түүний төр барьж байх үе нь Моголын алтан үе-уран барилгын алтан үе, Энэтхэгийн соёл иргэншлийн хөгжлийн үе байсан юм.
Шах Жахан нь урлаг болон уран барилгын өндөр мэдлэг авъяастай байж олон гайхамшигт хөшөө дурсгал босгосны хамгийн шилдэг нь түүний хамгийн хайртай хатан Мумтаз Махалдаа зориулсан Таж Махал байлаа.
Мумтаз Махал(жинхэнэ нэр нь Арджуманад Бану Бегам) нь хаантай адил түрэгжсэн монгол овгийн эмэгтэй байсан гэдэг. Мумтаз Махал их ухаалаг, төлөв даруу, үнэнч, эмэгтэй хүнд байх ёстой бүхий л сайн сайхан шинжийг агуулсан байлаа. Хатан хаанд зөвлөгөө, санаа оноо өгч, сануулж сэрэмжлүүлдэг их ухаалаг эмэгтэй байлаа. Харамсалтай нь 1631 онд Мумтаз Махал, Шах Жахан хааны 14 дэх хүүхдийг нь төрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хатан өөд болохоосоо урд “надад зориулж сайхан бунхан барьж өгөөрэй” хэмээжээ. Ингээд хаан, хайртай эхнэртээ зориулж, түүнийгээ үүрд дурсан санахаар гайхамшигтай бунхан босгохоор шийджээ. Хаан, өөрийн өвөг дээдсийн болон Перс, Оттоман, Энэтхэгийн уламжлалт соёлыг агуулсан гайхамшигтай уран барилга босгохоор олон сайн уран дархчуулыг цуглуулж, 1632 онд энэтхэгийн хойт хэсэгт Ямуна голын эрэг дээр барилгын ажлыг эхлүүлжээ.
Бунханы гол үндсэн хэсгийг цагаан гантиг чулуугаар хийж, доторх хана, туурга, таазны чимэглэлүүдийг олон янзын эрдэнийн чулуугаар шигтгэж өгсөнөөс гадна бүхий л жижиг хэсгүүдэд нарийн уран сийлбэр, дүрслэл оруулжээ. Бунханаас гадна Ислам шашны мөргөлийн сүм байгуулсан байна. Ийнхүү энэ бүхнийг цогцлоон бүтээхийн тулд нийтдээ 21 жил зарцуулсан бөгөөд 20,000 ажилчин, 1000 зааны хөлс хүч хөдөлмөрөөр уг гайхамшигт Таж Махалын цогцолбор байгууламж босжээ.
Шах Жахан хааны оюун ухаанаа шингээж бариулсан Таж Махал цогцолбор бол дэлхийн 7 гайхамшгийн нэгээр зүй ёсоор тооцогддог урлагийн том бүтээл билээ.
Тэрээр хуучин Дели хотыг үүсгэн байгуулагч, Сувдан сүм нь түүний алдарт бүтээлүүдийн нэг төдийгүй нийт 777 цэцэрлэгт хүрээлэн бариулсан байна.
Шах Жахан хаан 1666 онд өөд болсон бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг хүний нэгд тооцогдож, түүний эзэнт гүрэн 3,000,000 км² газар нутагтай, тухайн үеийн хамгийн хөгжингүй нийслэл хоттой байжээ.
Дүгнэлт: Монголын барулас омгийн хүү Төмөрийн Эзэнт Гүрэн, түүний үе-дамжсан хойч үеийн хаадын Моголын их Эзэнт Гүрэнтэй холбоотой 300 гаруй жилийн түүх бол зүгээр нэг энгийн түүх бус, харин эгэлгүй түүх байсан нь тодорхой. Монгол өвөг дээдсээс яс, цусаараа удамшиж, уламжилж ирсэн, монгол хүний монгол ухаан, монгол авъяас, монгол чадвар, монгол зориг, тэсвэр хатуужлыг харуулж чадсан, өнөөгөөс 300-650 жилийн өмнөх монголчуудын бас нэгэн түүх бол Төмөрийнхний дэлхийн түүх. Дэлхийд нэрээ мандуулж, сүр хүчээ харуулж явсан ясны монгол чанар бол энэ ээ.
Гэтэл бид чинь хэн болоод, юуг мандуулаад, юунд эрмэлзэлж тэмүүлээд, юуг бүтээгээд, юуг шүтэж, юунд шунаж хэдэн зууныг элээж байгаа билээ?
Одоо бид юу хийх вэ?
Өнөөгийн дэлхийн хөгжлийн түүхэнд бидний хийж бүтээж чадах цорын ганц үйл бол хэдэн зуун мянган жилээр өв болж ирсэн монгол ухаан, монгол мэдлэг, Тэнгэр ухааныг эзэмшиж чадваас Дэлхий эжийгээ аврах ГЭГЭЭН үйл байх болно. Энэ үйл бол нэгдүгээрт гэгээрэл, хоёрдугаарт ганцхан монголчуудад заяасан Тэнгэр хувь заяа, тавилангийн гэгээн-цогц үйлийн үр дүн байх нь гарцаагүй. Энэ бол цэвэр оюун ухааны, мэдлэгийн үйл байх болно. Гэхдээ гэгээрэх, Тэнгэр заяаг түших-эдлэх-хэрэгжүүлэх үйл нь зөвхөн монгол бөө тархитны, монгол бөө гэгээрлийн үндсэн дээр гүйцэлдэнэ. Ингэхдээ бөө тархитны үнэн ухаарал, үнэн танин мэдэхүй, үнэн явдал, үнэн үйл, үнэн амьдрал байж байж л том зорилгын ард гарч чадна. Үүнийг ганцхан Тэнгэр заяат, хөх МОНГОЛЧУУД л хийж чадна. Ингэж чадваас өнөөдрийн монгол үндэстэн, Монгол гэдэг нэрээ дэлхийд дахин мандуулах эхлэлийг тавьж Эзэн Хааныхаа айлтсанаар “түүх давтагдах” боломжийг нээж ч юун магад.
Харин улаач, түшээ боллоо гээд хэдэн хүн шавуулж, хэрээсээ хэтэрсэн буруу үйл хийж, олныг мунхруулж, шуналтан болох л юм бол хэзээ ч монгол бөө тархитан болж чадахгүй гэдгийг л бид ойлгох ёстой.
Айл, омог бүр гэгээрсэн бөөтэй болсон үед ах дүү, садан төрөл, анд нөхдөө Эзэн Хааныхаа аравт, зуут, мянгатын системээр бүгдийг богино хугацаанд ухааруулан, сэнхрүүлэх давуу чадвар ч бидэнд бий гэдэгт итгэлтэй байна. Энэ гэгээрэл нь тэр хурдаараа хил дамнан өргөжих нь дамжиггүй ээ. ДЭЛХИЙ ЭЖИЙГЭЭ АВАРЦГААЯ.
Тэнгэр Тэнгэр Тэнгэр
Монгол Монгол Монгол
Газар Газар Газар
Бэлтгэсэн: С.Нарангэрэл
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002