Монгол хүн болж төрснөөрөө бахархан дээд тэнгэрийн гэрэл соёрхохыг үзэх их хувь тохиол бидэнд заяажээ. Ном сэтгүүлээс бөө мөргөлийн тухай уншин гайхах бишрэхийн төдийхөн байсан бид нүдээрээ үзэн биеэрээ туулах түүхийн гэрч болж байгаагаа төдийлэн сайн мэдрэхгүй л байлаа. Бид өдөр бүр л давтагдах нийгмийн амьдралын доройтол руу уруудах галт тэрэгний хурданд аль хэдийн дасчээ.
Учир ёсон хэлэлцэх төр үгүй болж уух идэхийн хуулийг ханцуйндаа наймаалцах ноёд түшмэдийг харан, зарчимгүй амьдрал-залуургүй онгоц шиг аюул нүүрлэж, засаг барих гэж зусар горилохын нэр болсон энэ нийгэмд шударга гэгддэг нь шулаачаас илүү шоовдорлогдон, зөв явах нь зүүн дээр гишгэхээс ч хэцүү болж, үүнд сөхөрсөн нь зомгол мэт аялдан хөвж, үүнийг сөрсөн нь сөнөсөн онгоц шиг өнчрөн, зүйтэй хүмүүн нөмөр эрэн ганцаардахдаа өөрийн эрхгүй үнэний үзүүрийг тэмтчин өмөглөх эзэн дээдсийн ёсонг өөрөөсөө асууруун.
Үнэн гэж юу вэ? Өөртөө шивнэнэ. Үнэн гэж ганц. Тэнд зогсох хүн цөөн. Үнэний сүүдрээс зугатаагчид мөн олон. Тэд хүмүүний сүүдэрт амьдрагсад болохоор аргагүй дээ.
Шударга гэж ямар вэ? Үнэнийг хүсэх нь, үнэнийг эрэх нь, үнэнийг олох нь, үнэнийг өмөглөх нь, үнэнийг нөмрөх нь шударгуу. Эдүгээ үнэн бөгөөд шударга орших нь там мэт боловч үнэн нь цаг хугацааг нэвт гэтлэн гэрэлтдэг болохоор тэмцэлд урин дууддаг байлгүй.
Гэтэл үнэнээс дайжсан үрс нь өрөвдмөөр амьдрахын учир, үнэнээр хань болоод хана хийх үрс нь цөөрөн цөвтөхийн учир дээдэс нь иржээ. Аль хэдийн харжээ. Зуун зууны өмнө. Онгож хатсан хөрсөнд хурын ус шингэх шиг омруутаж хатангиршсан оюунд нь амьд судрууд нэвчин байна. Олойрсон түүхийг эдгээх агуу их үйлд охид хөвүүд өтгөсгүй уухайлан шамдахыг нь харж байна. Та бидэнд эндсэн алдаагаа залруулах завшаан олгож эгэл даруухнаар хөтлөх элчээ илгээж эх дэлхийгээ аврах зарлиг буулган ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ ирлээ. Юутай сайхан.
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР
2011.12.23. Лхасран.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002