2011-12-25

Төгсбадрах: Гэмшил

Гэмшил 


Хайр зөвхөн бурханаас эхтэй гэж хайрлуулав. Хайлуулав. Дуудуулав
Хар гэм хүнээс эхтэй гэж хажиглав. Сэжиглэв. Сэнжилэв.
Байгаль дэлхийг бурхан бүтээсэн хэмээн баясуулав. Цэнгүүлэв. Сэнхрүүлэв
Бузар бүхнийг гэм нүгэл бүтээсэн гэж гүтгэв. Гүрийв. Гүжирдэв.


Ардчилал бол алт хэмээн алиатав. Амраглав. Ам уралдав. 
Алаг дэлхийг хэсэгчилэх арга болгов. Боол болгов. Босс болов
Хүний эрх тунхаглаж хөөрцгөөв. Дэвэрцгээв. Хөөсөрцгөөв
Хөрстөөс төрснөө умартан хөрөнгөжиж хэсэг нь хөлчүүрхэв. 


Шинжлэх ухаантны бүтээлийг шимтэв. Судлав. Шагшив
Шинэ ололтыг биширч шүүс алдав. Шүлс гоожив. Шаагив
Шинжилснээс сэтгэж мөнхрөх мөнгөжихийг бүтээв. Шуурав. Бүдрэв.
Шилмэл бүхнийг хураан шинэ оюуныг бүтээв. Зарлав. Зараалав. Зарав


Билиг байхгүй аргыг бишрэв. Хошуурав. Хэрэглэв
Билчээр даахгүй бодлогыг бэлэнчилэв. Хуулав. Үрэгдэв
Байгалийг эрхшээнэ гэж балмад авирлав. Давшилав. Нураав. 
Буруу зөвийг ч ухааралгүй бүгд ухав. Хуйлрав. Дулдуйдав 



Бурханд хүрсэн гэгээрэл бусдыг хүлцэнгүй болгов. Хоосров. Ядуурав
Ардчилал эрх хоёроор арын хаалга зузаарав. Авилгадав. Ард хөсөрдөв. 
Аргад шүтэж уралдаад алтаар наадаж эхлэв. Мөнгөжив. Үйрэв
Шүтэхүйн барилдлагагүй бодлого сөгдөв. Гацав. Зогсов


Дэлхийг ноёрхох эдийг шүтсэн бодлого элсэнд хийсэн ус мэт
Дэлхийд алдаршсан аргат ухаан хад мөргөх тугалган жад мэт
Дэлхийг хэсэгчилэх мөрөөдөл тэнгис далайд живэх болд мэт
Даяар бүгдээр зэрэгцэн мухардлын зовлонд унажээ.


Билиггүй аргыг шүтэн биеийг нь сэлгэлэсний хариуг
Эрх ардчилалаар гулхийн хариуцлагагүйг дэврээсний хариуг 
Эдийг шүтээн болгож хүмүүнийг хөсөр хаясны хариуг 
Эргэх орчлон шүтэн барилдлагаараа эргээд авах цаг нь ирж.


Тэгвэл олон зууны тэртээгээс 
Тэнцүүлэх онол зүй байдгийг
Тэнгэрээс таньсан арга билигтэн
Тэлмэн орчлонд төрж 
Ахуй замыг нь АЙЛ-ын сургалаар 
Бүхүй замыг нь БҮЛ-ийн сургалаар
Ончтой замыг нь ОТОГ-ын сургалаар
Улс засах замыг нь ИХ ЗАСАГ эрдмээр
Зэрэгцэн орших замыг ЭВ ЭХ эрдмээр
Тэнүүн орших амьдралыг нь Уялгын онолоор
Тэнгэрийг таних ухааныг өвгөдийн ИХ ЗӨН-гөөр
Таниулж та бидэнд үлдээсэн бусуу.


Амьдрахын ам 
Аж ахуйн ар
Хамтрахын хана
Хариуцлагын унь
Тогтохын тооно
Тооцох зөн 
Хүний жаяг
Эвийн эх
Улсын ул 
Оршихын орон болсон сургалыг
Хуучин хэмээж хуулан хаяж
Хоцрогдсон хэмээн хол чулуудаж
Билиггүй ухааныг биширч бусдын боол болсныг 
Буурал дээдэс минь бидэндээ ойлгуулан мэдрүүлэхээр
Хий бие хийсгэлэн дүрээрээ балчирууддаа заларч
Тэнгэрийн хуулийг жаяглаж
Шинэ мянганыг эхлүүлэхээр айсуй. 






2011.12.25 Төгсбадрах

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР