2011-09-04

Аянга удганы блогооос: Улаач болсон охины дурсгалд


За надаас бөөгийн талаар асуусан хүмүүс энэ бичлэгийг уншаарай. Аянга удганы блог http://www.chinggis-udgan.blogspot.com дээр энэ бичлэг нийтлэгдсэнийг хүргэж байна. Мөн энэ блогоос бөөгийн талаар сонирхон судлагч, бөө болох гэж байгаа хүмүүс, мөн шинэ залуу бөө нар их зүйлийг мэдэж авах байх гэж найдаж байна.



Улаач болсон охины дурсгалд


Монголоос нэг майл иржээ. Бөөгөөс болоод амиа алдсан хүний тухай. Түүнийг жилийн өмнө угаа авсан ч ааш зан нь хувирч, архинд орж, гэр орондоо тогтохоо больсоор сүүлдээ галзуу юм шиг болж байснаа нас барсан тухай бичиж. Би ийм олон тохиолдол сонсож, бас харсан. Нэг хүнийг Бөө болох ёстой хэмээн уг барих ёслол дээр нь архи уулган гүйлгэсээр байгаад бахардаад нас барсанг сонссон. Энэ бүхэн үнэхээр харамсалтай. Хайран сайхан Тэнгэрийн тамгатай улаачид Бөөгийн тухай сайн судлаагүй мэдээгүй, багшаа буруу сонгосноос болон эрдэнэт амиа цаг нь болоогүй байхад алдацгааж байна. Үнэхээр харамсалтай. Уур ч их хүрлээ. Уншигч Та бүхнээс хүсэхэд Та бүхэн энэ талаар бас өөр хүмүүсд хэлж зөвлөж л байх ёстой. Таны нэг үг хэдэн ч хүнийг буруудахаас сэргийлж, хэдэн ч отог омгийн хувь заяаг аврахыг бодоорой. Буяныг заавал өглөгөөр хийх ёсгүй. Биеэр зарим нь хийдэг ч ҮГЭЭР хийдэг БУЯН бас байдаг. Тэнгэр тэр бүхэнг чинь харж байгаа. Та Эрлэгт очиход бүх мэдээллийг чинь үзэхдээ л Энэ үг нь ийм овог аймгийг аварчээ гээд л Таны ҮНЭН ХАРЫН дэнслүүр ҮНЭН тал руугаа хазайна.
БӨӨ гэдэг бол нэг хүний хувь заяа биш бүхэл бүтэн Отог омгийн хувь заяатай холбоотой учраас Таны өөрийн сонссон дуулснаа хүнд хэлэн БӨӨ болох гэж байгаа бол олон юмс судлаарай, олон зүйлийг ойлгоорой хэмээн хэлэх үг чинь Таны ҮГЭЭР ХИЙХ БУЯН болно.
Анхаарах зүйлс:
1.    Хэрэв хэн нэгэн таныг угтай гэсэн бол дахин заавал өөр сайн олон хүнээс лавтай болгон мэдэж авах ёстой. Гэхдээ очоод л намайг тэр угтай гэлээ шалгаад өгнө үү гэх хэрэггүй. Сайн бөө нар нэр, жил, өөрийг чинь хараад л уншаад эхэлнэ.
2.    Сайн гэсэн Бөө бүхэн багш чинь байх албагүй. Энд Онгодын нүүр гэж юм бас байдаг юм. Хэрвээ урд төрөлдөө хоорондоо атаатан, дайсан байсан бол онгодууд зохицохгүй байх тал байдаг. 
3.    Сайн ч бай саар ч бай сүнстэй холбогдсон хүмүүс үнэн хэлдэг. Яг үнэн хэллээ гээд л сүйд болоод хэлсэн бүхэнг нь хийгээд багшаа болгох хэрэггүй. Тухайн хүний хэлж ярьж байгаа, байгаа амьдарч буй орчин гээд л бүх л юмсыг бас харж бодолцох хэрэгтэй. Улайм цайм хир даг болсон, бохир заваан орчинтой, архи уусан, түрэмгий иймэрхүү Бөө нараас хол байх хэрэгтэй. Тэдний ихэнхи нь Тийрэн оруулсан гудмаар хүртэл өмсгөлтэйгөө, тэнээд явж байдаг. Мөн ухааруулаад зөвлөөд өгөхийн оронд айлган, сандраах гэх мэт байдаг. Ямар ч л гэсэн хэд хэдэн хүн дээр очиж ҮНЭН гэдгийг ХАЙ.  Миний алдаа бол угтай гэж сонссон ч хэнэггүй царайлан арваад жил болсноос болж Зээ охиноо алдсан. Хэрвээ би тэр үед илүү хариуцлагатай хандсан бол дахиад өөр хүмүүсээс тодруулах ёстой байжээ.
4.    Өвдсөн зовсон бүхэн угтай биш шүү. Хараалтай, эсвэл үнэхээр өвчин туссан, эсвэл угаа аваагүй удсанаас онгод Тэнгэр нь голоод хаячихсан гэх мэт олон олон шалтгаантай хүмүүс байдаг.  Гэтэл зарим Дээд онгодууд шууд бас нууцалдаг тал бий. Хэн дуртайд нь харагддаг, мэдэгддэг бол түүнийг хорлох, бас онгодыг нь булаах, тамлах гэх мэт асуудал гардаг учраас будилуулах, мэдээллээ хаах гээд л олон чадвар бий онгодод. Ер нь Бөөгийн Далд ертөну гэдэг маш хэцүү ертөнц. Лав л миний хүүгийн Улаан ямаан онгодыг биднийг анх тодруулж өгөөд, дараа нь тэр олон жилд хамаг юмыг маань дааж, Хүлээлгэнд оруулж туслаад байна гээд байсан Удган маань хорин, өөртөө авчихсан байсан юмдаг. Сүүлд онгодууд маань учрыг хэлэн би ямар харанхуй тэнэг байснаа мэдсэн юмдаг. Энд сүйд болоод л хүлээлгэнд оруулж өгье, би даагаад яваад байя гэдэг Бөө нар ч бас л осолтой нь харагдаж байгааг анхаар. Таны нас барсан өвөг дээдэс чинь хүний гарт хоригдвол ямар байх вэ? Дуртайдаа хоригдохгүй шүү дээ, элдэв тамлага, хар юмнаас болон өөрийн үрс Та нарынхаа төлөө хоригддог гээд бодоод үз дээ.
5.    ХААН дахин дахин анхааруулж байсан. Гэгээрэх ёстой гэж. Гэгээрэл гэдгийг энэ олон жилд дан буруу ойлголтоор хэрэглэж ирсэн байна. Будда болон бусад шашны том мяндагтнууд  шиг болохоор л Гэгээрсэн гэдэг юм байна гэж ойлгох болжээ. Энэ бол хамгийн энгийнээр тайлбарлахад ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЭЗЭН БАЙХ, ӨӨРИЙН ГЭСЭН УХААНТАЙ БАЙЖ, ЗӨВ БУРУУГ ТАНИН ҮНЭНИЙГ МЭДЭХ гэсэн үг. ҮНЭНИЙГ ТА ХАЙЖ БАЙЖ ОЛНО. Хэн хэлсэн бүхнийг даган манарах биш түүнийг таньж харж чаддаг, бас ганц хүнийг биш олон олон хүнийг сонсож мэдэж байж ӨӨРӨӨ ТА ДҮГНЭЛТ ХИЙЖ ЧАДНА.
6.    БӨӨ болох гэдэг ганц таны хүсэл зоргоос шалтгаалахгүй. Таны ард аав, ээж, ах дүүс, төрөл төрөгсөд чинь байгаа. Та тэдний өмнөөс Алтан дэлхий болон ГАЗАР, ТЭНГЭРТ хариуцлага үүрэх гэж байгаагаа ойлго. ТАНД ЗӨВХӨН ТАНЫ ӨВӨГ ДЭЭДЭС ОРЖ ИРЭХ ЁСТОЙ. Энд нэг анхаарах зүйл нь таны онгод Тэнгэрүүд удам угсааг чинь өөрт чинь хэлдэг. Нэгэнт биежээд та тэднийгээ сайн таньдаг болон Бөөгийн эрдэмд мундаг болоод Өөр сүнснүүд орж ирж болох ч ажил хэргийн шаардлагаар л ордог.
Жишээ нь би БӨӨ болоод хэдэн сар болохдоо миний найз нарын өнгөрсөн аав, ээж, ах дүүс, хэн нэгнийг нь дуудаад л уулздаг, Тэд дэгдээгүй бол дэгдүүлж өгдөг. Хэлсэн үгийг нь дамжуулж хэлээд л баясаж өгч байлаа. Гэтэл Хадам буурал намайг загнан. Онцгой тохиолдолд ийм юмсаа хий. Чи бол хэнийг хэзээ ч оруулах эрхтэй ч гэлээ. Хааны онгон морилдог биеийг битгий Хогийн сав болгоод гутаах гээд бай хэмээн хатуу донгодсон юм. Түүнээс хойш би тэднийг биедээ залалгүйгээр асууж ярилцаж харьцаж сурсан билээ. Тэрнээс биш байсхийж байгаад л тэдний сэтгэлийг мэдэн ёстой төрөл бүрээр уйлж, төрөл бүрийн зан гаргадаг байлаа.
7.    Мөн нэг хэцүү асуудал нь хүсэл байлаа ч хясал гэж. Санхүүгийн асуудал байдаг. Энэнээс болж ихэнхи Тийрэн оруулсан хүмүүс хохирсон байдаг. Хямд юм байна. Хамаг юмыг нь цаанаас нь бэлдээд өгчих нь гэсэн ойлголт. Гэтэл СҮЛЖЭЭНИЙ БӨӨ гийнхөн хүн оёх оёдолчинтой, хэнгэрэг хийх хүнтэй, бусдыг нь бэлдэх юмс нь бүгд байдаг болохоор тэдэнд ашигтай. Хямд гээд Тийрэнг биедээ залах гэж үү.  Иймд заавал эрж, хайж, асууж, сураглаж, тэмцэж байж Зөв зүйтэйгээр Онгод Тэнгэрээ хүлээн авах нь чухал шүү.
СҮЛЖЭЭНИЙ БӨӨ гэсэн шинэ нэр томьёог Би тэд нарт зориуд хэлж байна. Би Бөө болохоосоо өмнө нетээр анх тэд нарын зургийг хараад яасан хөөрхөн юм бэ? Бүгдээрээ ижил би ийм болбол бүүр амар ялгарахгүй, хүн амьтан ялгаад харчихгүй гэж баясаж байсандаг. Надад Бөө болно гэдэг ичгүүртэй санагддаг байсан юм шүү анх. Гэтэл одоо өөрөө Бөөгийн тогоонд нь буцлаад ийм тэнэг юмсыг хараад ичиж байна. Тэр эр эм, хөгшин залуу ялгаагүй нэг ижил цэнхэр бас өөр өөр өнгөөр ижилсдэг нөхдүүдийг хуураад байгаа СҮЛЖЭЭНИЙ БАГШ, ОЁДОЛЧИД, ДАРХАНУУД та нар асуудалгүй ТАМД очихоо мэдэж авцгаа. Та нарын шунаг сэтгэлээс болж хичнээн Тэнгэр Газрын тамгатангууд төөрч будилан, удам угсаагаа, турсөн биеэрээ хохирох юм бэ?
Тэд үүнийгээ Буриад Бөөгийн ёс гэх юм. Арай ч Буриадууд ийм юм хийхгүй дэг. Тэдний үйлдвэрлэсэн нэг хүү өөрийгөө мөн гайхуулж байнаа. Манай багш 300 гаран шавьтай. Би 5 шавьтай гэнэ. Тэр босоод 2 сар болоод л шавь авсан юм байх. Надад нэг л онгод орж ирдэг. Ямар хүч чадалтай гээч, 50, 60 айлын галын засал хийсэн ч гэх шиг. Юу болж байнаа энэ чинь. Ийм нөхдүүдээр гал голомтоо тахиулаад явдаг айлын эзэгтэйн буруу. Тийрэнтсэн Бөөгөөр Галаа тахиулбал юу болох нь тов тодорхой. ТА ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛ, НӨХӨР, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ТОМ ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ХҮН шүү дээ. Иймд ямар ч заслыг үнэн зөвөөр нь, мэддэг хүнээр нь хийлгэх хэрэгтэй. Галын засал бол Хүнд засалд ордог. Буруу хийвэл бүх юм буруудах учраас учраа мэддэг БӨӨ нар тийм ч их дуртай ороод байхгүй л болов уу.
Лав миний сайн мэдэх 3 хүн ХУРЦЖАВХЛАН гэгч багшаас болоод сүйрлээ. Бөөн бөөнөөр нь шавь босгох нь түүний эрх байлаа ч ажилдаа хариуцлагатай хандмаар юм. Шавийн олноор биш чанараар байдаг биш үү. Түүний шавь нар гэх хүүхнүүд энд тэнд хэсэг бүлгээр нь угтангууд тодруулчихаад Бөөнөөр нь лагерийн байшинд аваачаад л бөөнөөр нь Сахиусуудыг нь бөөндөж өгөх юм даа. Тэдний хэлэх нь Тайж язгууртай гээд л лав нэг хүнийг босгосондог. Тайж язгууртай хүний өвөг дээдэс хэзээ ч бусад ардын адил бөөнөөр хөдөө хээр, архи уугаад ордоггүйг мэдэхийн дээдээр өөрөө мэдэж л байгаа. Тэр алдартай Бөө байж болох ч хийсэн бүхний чинь хариуг аль эрт Тэнгэр бэлдчихээд байгааг мэдэгдэе.
Монголд хамгийн их алдаршаад байгаа Сүлжээний Бөөгийн Багштан нь Хурцжавхлан гэж эрхэм ТА тодроод байгаагаа оюундаа тунгаагаад, Тэнгэрт тэрсэлсэн үйлдлүүдээ эргэж харах цаг чинь болжээ. Чамаас болж Тийрэн оруулаад амиа алдсан тэр охины өмнөөс маш их харамсаж байна. Багш нь юм бол зөв бурууг нь хянаж туслах ёстой байхад утсаа ч авахгүй зугтаадаг, уулзаад уурлаж загнасан гэхийг нь сонсоод ой гутав. Энэ бүхнийг би биш ТЭНГЭР шүүх учраас ҮНЭН тодрох бизээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР