2011-09-19

П.Нэргүй: Өвөг дээдсээс уламжлагдсан 73 мэдвэл зохихуй гэж юу вэ?


Тэнгэр Монгол Газар блог маань Алтан Аялгууны нууцаас тайлж Хөх Монгол дахин мандан бадрах нууцыг бүтээх, Монгол арга ухаан, суу билгийг судалж, ард олноо гэгээрүүлэхийн төлөө ажиллах зорилготой билээ. Тэгвэл Алтан Аялгууны бас нэгэн хэсэг энэ нийтлэлд явж байна. 
Аянга удган 73 эрдмийн тухай блогтоо цухас цухас дурдсан байсан. Энэ мөн байж магадгүй юм. Ингээд Доктор П.Нэргүйгийн эмхэтгэсэн нийтлэлийг хүргэж байна.

Бидний өвөг дээдсүүд 73 мэдвэл зохихуй гэдгийг амьдралынхаа туршид баримталж явсан. Энэ 73 мэдвэл зохихуй дотроо хэд хэдэн хэсгээс бүрэлддэг. Энэ 73-аас 16-г хар зөн гэж нэрлэдэг. Өвөг дээдэс маань 16 хар зөнгөөс гадна 16 хар зэм гэдгийг бас учрыг нь тайлж, дотоод холбоос уялдааг нь олсон. 16 хар зэм бол нийгмийг бүхэлд нь унагахад дэглэмийг сууриар нь донсолгоход аюул учруулдаг тийм зэмийн тухай ярьж байна. Энэ 16 хар зэм бол 16 хар зөнтэй адил гурван хэсгээс бүрэлдэж байгаа. Эхнийх нь таван тамлал, дараачийнх нь долоон доройтуулал, гуравдахь нь дөрвөн үхвэр. Ийм ангилалтайгаар 16 хар зэмийн асуудлыг гаргаж тавьсан.

Бид 16 хар зэмийг дурдъя. 16 хар зэмийн 5 тамлалд дараах зүйлүүд орж байгаа юм. Үүнд:
1. Тархигүй ганганцарууд
2. Баялгаа бусдад булаалгах,
3. Улсаа мунхагжуулах,
4. Засаг зарчим хариуцлагыг мөхөөх,
5. Гэгээрлийг тэнэглэл хэмээж хойд насандаа жаргахыг номлодог. Ийм таван зүйл бол таван тамлалд ордог юм. 16 хар зэмд 7 доройтуулал гэж байгаа. Үүнд дараах долоон доройтуулал орж байгаа,
1. Монголчуудыг архичид, өвчтөнгүүд болгох,
2. Тусгаар тогтнолыг нь булшлах,
3. Хохирлоор нь улсыг дампууруулах,
4. Харийнхныг дуурайх,
5. Аймшгийг дээдлэх,
6. Нийгмийг живүүлэх,
7. Сэрэхүйг хоослох зэрэг 7 зүйлийг доройтуулал гэдэг нэр томъёогоор томъёолсон. 16 хар зэмийн 4 үхвэр гэдэгт:
1. Улсаа ханзлах,
2. Тэгш эрх гэгчээр засгийг үгүйсгэх,
3. Баялгаа зээлийн төлбөрт өгөx улсаа хоосруулах,
4. Монголчуудыг өстөнгүүд болгож алалцуулах зэрэг 4 зүйл орж байгаа юм. Тэгэхлээр Дээд онол дотор Дээд үнэн, Дээд сэтгэхүй, Дээд зөн зэрэг бол манай улсад олон зууны туршид тохиосон, туулж өнгөрүүлсэн хүнд бэрхшээлүүдийг цэгнэн дүгнэж 16 хар зөн, 16 хар зэм гэж томъёолсон. Үүнээс гадна, 16 хар зэм бол дотоод өвөрмөц шүтэлцэлтэй.
            Уг шүтэлцлийг дурьдаж харуулъя. Гадныхныг дууриах, мунхаглалыг дээдлэх явдал монголчуудын сэрэхүйг хоосолж биеийг нь сүг болгодог. Энэ гурван хар зэм дараагийн 3 хар зэмийг үүсгэнэ. Тархигүй ганганцарууд Монголчуудыг өстөнгүүд болгох, архичид, өвчтөнгүүд гэсэн бүлэглэлүүдийг нийгэмд буулгаж өгдөг юм. Энэ ганганцарууд, өстөнгүүд, архичид, өвчтөнгүүд бас өөрийн гэсэн буруу ойлголт буруу үйлийг хийнэ. Тухайлбал одоо зовж хойд насандаа жаргана гэгч юмуу, эсвэл тэгш эрх зарлаж зовлонг жаргал мэтээр төсөөлөх, аль эсвэл амиа алдахыг зөвтгөх гэсэн ийм нийгэмд эвгүй үзэгдлүүдийг бий болгодог. 16 хар зэм бас сүйрлийг бадрал гэж үзэж улсаа панзлах үзэгдлийг үүсгэнэ. Улсаа панзална гэдэг маань Их засагийг орхиж баялгаа бусдад булаалгах хохирлоор улсаа дампууруулах, баялгаа зээлийн төлбөрт өгч улсаа хоосруулах гэсэн ийм үр дагавруудыг араасаа дагуулдаг.
Ингээд бидний сая дээр дурьдсан арван 3 хар зэм, эцэст нь хариуцлагыг хоосолж, тусгаар тогтнолыг хямдруулж, түвшин сайхан нийгмийг булшлахад хүргэдэг. Энэ дээрх бидний дурьдсан 16 хар зэм манай оронд байна уу гэвэл байж байгаа. Учир нь бид үүнийг яагаад ярьж байгаа юм бэ гэвэл Монголчууд найман зуун жилийн тэртээ онолын дээд сэтгэхүйтэй, Дээд онолтой, дээд үнэнийг тайлсан тэр гайхамшгаа бүгд мартчихсан байсан. Одоо үүнийг сэргээж ярих шаардлагатай. Гадныхны номлолоор, гадныхны бодлогоор, гадныхны зарчмаар ажиллаж болохгүй гэдэг хүн бүхэнд ойлгогдож ирсэн. Их монгол улсыг байгуулах гэдэг тийм амархан үйл явц байгаагүй.
Монголчууд 40 мянган жилийн тэртээгээс нийгмийн үзэгдлүүдийг өөрийнхөө оюун ухаанаар судалж онох алдах буруутах, ялах, ялагдах энэ бүх зовлонг туулж байж онолын дээд түвшинд очсон. Бид түрүүчийн ярилцлагад Их Тэмүжин Чингэс хааны агуу хоёр том гавъяаг дурьдаж хэлсэн.
Нэг нь, Дээд онол, нөгөөх нь 9 өлзий. Тэгэхлээр манай хөгшчүүд ер нь дээд онол руу орох тэр нарийн арга зүй, арга билгийг төгс эзэмшиж байж нийгмийнхээ үзэгдлүүдийг ойлгох дүгнэх, мэдсэнээ онол болгох, онолоо үзэл болгох, үзлээ том бодлого болгох, бодлогоо хэрэгжүүлэх явцад оносон алдсанаа цэгнэх энэ бүгдийг мэддэг байжээ гэсэн дүгнэлтийг өнөөдөр бид хийж байгаа юм.
Үүнээс гадна бидний өвөг дээдсийн ялангуяа Чингис хааны гоц гавъяаг дурьдаж байх хэрэгтэй. Юу вэ гэвэл, тусгаар тогтнол гэсэн асуудлыг монголчууд дээр үеэс маш өвөрмөц хэлбэрээр гаргаж тавьсан. Тусгаар тогтнолын асуудлыг ерөнхийлж ярьж байсан удаа нэг ч байхгүй. Яг бодит амьдралаас ургуулж ярьж байсан. Тусгаар тогтнол гурван түвшингээр яригддаг. Анхдагч түвшин, дундаж түвшин, дээд түвшин гэж. Анхдагч түвшин бол гэрийн онолын түвшинд тусгаар тогтнолын асуудлыг хөнддөг. Дараагийн дундаж түвшин бол андын түвшинд, эцэст дээд түвшинг улсын хэмжээнд, гүрний хэмжээнд ярьж байгаа юм. Одоо энэ асуудлыг тодруулъя. Монголчууд гэрийн онолыг боловсруулах явцад айлын таван тусгаар тогтнолыг ярьсан. Андын түвшинд үндэсний таван тусгаар тогтнолыг улс гүрний хэмжээнд таван тусгаар тогтнолыг илэрхийлж зааглаж ярьж байгаа юм.
Үүний хамгийн гол зангилаа нь андын түвшинд ярьдаг үндэсний таван тусгаар тогтнол байгаа юм. Үндэсний таван тусгаар тогтнолыг анд хариуцсанаар айлын таван тусгаар тогтнол бодитой болж, улс гэрийн таван тусгаар тогтнол 108 түвшин сайхныг олж амилдаг. Андууд үндэсний таван тусгаар тогтнолыг дараах таван чиглэлээр ярьж байгаа.
            Нэгдэх нь цус,
Хоёрт нь тархи,
Гуравт тархи,
Дөрөвт нь үйл,
Тавд нь орон зай. Эндээс анд бол үндэсний таван тусгаар тогтнолын эзэн мөн гэсэн томъёолол гарч ирсэн.
Хэрэв үндэсний таван тусгаар тогтнол амилвал айлын таван тусгаар тогтнол улс гүрний таван тусгаар тогтнол амилна. Тэгэхлээр андгүй болно гэдэг зүгээр нэг эд мөнгөн дээр ч юмуу, ашиг сонирхлын үндсэн дээр андын холбоо байгуулдаггүй. Андын асуудал өөрийн гэсэн зүй тогтлын дагуу төлөвшиж бий болдог. Тухайлбал, андууд дөрвөн том шалгуурыг баримталж анд болцгоодог. Энэ дөрвөн шалгуурт:
Нэгд нь оршихуй,
Хоёрт нь амьдрахуй,
Гуравдахь нь өрх толгойлох,
дөрөвт нь дур булаах
гэсэн дөрвөн шалгуур байгаа. Оршихуй гэдэг маань андын ойлголтоор бол хамтын хариуцлагыг баримтлах биеэр үйлдэх гэсэн ойлголтыг багтааж явдаг. Амьдрахуй гэдэг нь өөрийн оюунаар дээд дэмийг дотоод хүчин болгох гэсэн утгатай. Өрх толгойлох гэдэг нь эзэн биеийг олж үнэнч амьдрах. Дур булаах гэдэг нь өөрийнхөө давуу гоц авъяасыг харуулах гэсэн утгатай юм. Ийм дөрвөн шалгуураар анд болдог. Энэ дөрвөн шалгуур нэг зүйлд захирагдана. Нэгд нь, анд болох эрдэм нь таван тусгаар тогтнолоо хамтран хариуцна гэсэн утгыг агуулж байгаа юм. Энэ дөрвөн шалгуураас гадна, боловсрохуй, гэгээрэхүй, дэлхийчлэхгүй гэсэн ийм гурван чиглэл андын үйл ажиллагаанд илэрдэг. Гэгээрэхүй гэдэг нь нүүдлийн соёлыг амилуулах. Боловсрохуй гэдэг нь нүүдлийн соёлоор өөртөө эзэн болох эрх эдлэх. Дэлхийчлэхүй гэдэг нь хүчээ зузаатгаж улс орноо хамгаалах гэсэн утга санааг агуулж байна. Үүний зэрэгцээ анд нь удирдахуй, их засагч гэсэн утгуудтай холбоотой. Удирдахуй дотор тооцоолохуй, хэмжихүй гэсэн хоёр ойлголт багтдаг. Тооцоолохуй гэдэг нь цээжээр бодож, урлахуйг эзэмшихийг хэлж байна. Хэмжихүй гэдэг нь онолоор жаягаар, хохирлоор аливааг тодорхойлохыг хэлж байгаа юм. Тэгэхээр анд болно гэдэг бол бидний өнөөгийн ойлголтоор элдэв янзын бүлэглэл болох мөнгө олох, баяжих гэсэн санааг огт агуулдаггүй. Анд бол түүхэн нөхцөлд Монгол улсыг хүчирхэг гүрэн болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн ийм нэгэн өвөрмөц монголч шинжтэй зохион байгуулалтын хэлбэр байсан. Өнөөдөр монгол улсыг аврах тухай ярихад хамгийн түрүүнд үндэсний таван тусгаар тогтнол дээр тулгуурласан, энэ таван тусгаар тогтнолоо хамтран хариуцдаг зарчмаар андыг буй болгох ёстой. Анд гэдэг бол дотроо тодорхой түвшингүүдтэй. Тухайлбал, зохион байгуулалтын хэлбэр нь юу вэ гэвэл дээр үед монголчууд аравт, зуут, мянгат, түмт, бумт гэж ярьдаг байсан бол андын зохион байгуулалтын хэлбэр үүнээс өөр. Түрүүчийн дурьдсан хэлбэр бол цэргийн зохион байгуулалтын хэлбэр юм. Харин аж ахуй, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт өөр хэлбэртэй байсан. Тухайлбал гал, чангас, отог, аймаг, улс, гүрэн, их улс эдгээр ойлголтууд бол андтай холбоотой бий болсон утгууд юм. Гал гэдэг маань арван өрхийг, шандас гэдэг нь зуун айл, отог гэдэг нь мянган өрх, аймаг гэдэг нь түмэн өрхийг багтаасан ойлголт. Улс гэдэг нь зуун мянган өрхийг хамрах жишээтэй. Тэгэхээр зохион байгуулалт нь хүртэл өөрийн гэсэн онцлогтой болж таарч байна.
Одоо бид андын түвшинд үндэсний таван тусгаар тогтнолын асуудлыг ярихын зэрэгцээгээр гэрийн түвшинд бас тусгаар тогтнолын асуудлыг хөндөх шаардлагатай. Энэ бол анхдагч түвшин. Бид гэр бол агуу их оршихуй, гэгээн сэтгэхүй гэж тодорхойлж байсан. Тэгвэл гэр маань өөрөө монголчуудын агуу их оршихуй төдийгүй гэрийн онолоор монголчууд их гүрэнг байгуулсан түүхтэй юм шүү. Одоо бид гэрийг хэрхэн онол руу оруулсныг дурдъя. Монголчууд дээр үед 6 ханатай гэр барьдаг байсан. Одоо өнөө үед ихэвчлэн 5 ханатай гэрт амьдарч байна. 6 ханатай гэр 95 уньтай. 6 хана нь 550 нүдтэй. Гэрийн ханын 550 нүдийн 550 шалтгаан үр дагавар гэж тодорхойлжээ. Гэрт 5 тусгаар тогтнол байдгийг гаргаж тавьсан. Тухайлбал, удам, ахуй, засаг хэрэгцээ, зоригдол. Энэ бол айлын таван тусгаар тогтнолыг илэрхийлж байгаа ойлголт. Үүнийгээ зүгээр нэг нэрлээд зогсоогүй. Гэрийн дотоод бүтэцтэй холбож тайлбарласан. Тухайлбал унь гэдгийг удмаар, тотго гэдгийг ахуйгаар, сагалдаргыг засгаар, чагтага гэдгийг хэрэгцээгээр, хярсан гэдгийг зоригдлоор нэрлэж таван тусгаар тогтнолыг гэрийн дотоод бүтцийн таван бүтцээр нэрлэсэн байгаа юм. Ер нь байшинг, бидний сууж байгаа шавар байшин байна уу, орон сууцанд бидний яриад байгаа таван тусгаар тогтнолыг нэрлэе гэхэд олдохгүй байна. Харин гэр бол тийм биш. Монголчууд аливаа зүйлийг бодит зүйлтэй холбож ярьдаг нь тэр үеийн сэтгэхүйн өндөр түвшин  төлөвшихөд нөлөөлсөн. Ер нь унь, тотго, сагалдаргар, чагтага, хярсан таваар айлын таван тусгаар тогтнолыг нэрлэж баталгаажуулна гэдэг бол хэний ч санаанд багтамгүй зүйл байгаа юм. Гэтэл ингэж чадсан нь гайхамшигтай. Үүнээс гадна гэрийн хоёр багана бас зориулалттай. Гэрийн баруун багана бол эцгийн удамшлыг заана. Гэрийн зүүн багана бол эхийн уламжлалыг дагана.
Монголд шарын шашин орж ирснээс хойш монголчуудын дунд эмэгтэйчүүдийг үзэн ядах тийм үзэл рүү оруулсан. Шарын шашинд лам нарыг гэр бүлтэй болгодгүйн учир нь эмэгтэйчүүдийг хамгийн бузар амьтан гэж үздэг байсан. Эмэгтэйчүүдийг эдийн шуналтай, хорын тулам, хэрүүлч гэр бүлийг сүйтгэгч гэх маягаар нэрлэж, өөрөөр хэлбэл гэрийн доторхи зүүн баганыг устгаж өгсөн шүү дээ. Үүнийг бид мэдэхгүй олон зууны турш эмэгтэйчүүдийг эрчүүддээ, ялангуяа өндөр хэргэм зэрэгтэй эрчүүддээ ойртуулахгүй, том бөхчүүдийн дэргэд эмэгтэйчүүдийг зогсоолгохгүй ирсэн. Одоо болохоор эмэгтэйчүүдийн талаар юу ч дугарахгүй байгаамдаа. Шарын шашин лам нар гэр бүлгүй байна гэсэн үзлээс ухраад гэр бүл болсоор байгаа. Гэтэл монголчууд эмэгтэйчүүдийг, эх хүнийг ээжээсээ дээд гурван эрхийг хүндэтгэдэг байсан. Өргөмжлөл, гэрийн зүүн багана болох эхийн уламжлалыг, гэрийн баруун багана болох эцгийн удамшлыг дагана гэснийг гаргасан байгаа. Үүнээс гадна гэрийн онол бол монголчуудын үндэсний дархлааг өөртөө дагуулж байдаг. Энэ нь юу вэ гэвэл доодчууд нь гэрийн хананд багтаж, дээдчүүд нь гэрийн туурганд нэгдэж аливаа бүхэн тоонондоо захирагдах ёстой гэсэн монголчуудын үндэсний дархлааг буй болгосон юм.
Үүнээс гадна, улсын түшмэд, гүрний түшмэд тусгаар тогтнолын асуудлыг хөндөх явдал онцгой ач холбогдолтой байдаг. Бид тусгаар тогтнолыг өнөөгийн түвшинд эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн тусгаар тогтнол, оюуны тусгаар тогтнол, мөн соёлын гэж ярьж байгаа. Харин найман зууны тэртээ монголчууд таван тусгаар тогтнол гэж ярьдаг байсан. Энд юу юу орж байна вэ гэвэл
тархи эрдэнэ,
айл эрдэнэ,
Их засаг эрдэнэ,
Хаан эрдэнэ,
Нийхэм эрдэнэ гэсэн ийм таван зүйлийг багтааж байгаа. Тэгэхлээр бид айлын таван тусгаар тогтнол, үндэсний таван тусгаар тогтнолыг хооронд хутгаж болохгүй. Бүгд хоорондоо холбоотой гэдгийг энд анхаарах ёстой юм.
Анхдагч түвшинд тусгаар тогтнолыг сүлжээг гаргахдаа айлын засаг бол өрхийн тэргүүлэгчийг хэлж байгаа юм. Удмаа хадгална, удмаа хадгалж чадвал өрхийн ахуй тогтноно. Айлын засаг бол зорилтоо тодорхойлох ёстой, тэгвэл хэрэгцээгээ хангана. Ингээд ахуй хэрэгцээ хоёрын холбоог гаргаж ирж байгаа юм. Үндэсний таван тусгаар тогтнол гэдэг бол айлын тусгаар тогтнолтой шууд холбоотой бөгөөд өрхийн тэргүүлэгч гэр бүлийн амьдралаа үнэнч зохиосноор андын болзлоо хангаж байгаа юм. Үүнээс гадна өрхийн дотор оршихуй, амьдрахуй, давуугаа харуулах шалгуурыг хангасан байх ёстой. Ингэж анд руу орно. Андын хариуцдаг үндэсний таван тусгаар тогтнол бол үйл, засаг, орон зай, тархи, цус гэсэн таван зүйл юм. Харин улсын хэмжээнд, их засаг хаан тархитай байх ёстой, эзэн хаантай байх ёстой, айлуудын төвлөрөл нийхэм болж хувирдаг. Ингэж таван тусгаар тогтнолын асуудлыг ярих шаардлагатай болсон.

Доктор П.Нэргүй

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР