2011-09-17

ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ





(Тэнгэрийн тамгат бүх Онгод Баатрууд Бөө нарт хандсан)


Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Хөрст Алтан Дэлхийн цээжинд
Хөх Монголын Заяат  үрс
Хөх тамгатан улаачдаа заларсан

Үгэнд ижилдэн
Сэцэн болсон
Илдэнд ижилдэн
Баатар болсон

Үнэнд нэгдэж
Үхэлд ч хамтарсан
Үүрдийн үнэнч Андууд
Үлгэрт  мөнхөрсөн Баатрууд минь


Өлзий заяа нь түшээд
Өргөө гэртээ тухална уу
Ариун өнөр голомтондоо
Амар амгалан морилно уу.

Цэвэр Үнэний төлөө
Цээлийн усыг тасартал
Цэгээн чулууг бутартал
Цэрэглэн тулж, хатгалдан дайтсан

Цуу нь цуурайтаж
Суу нь алдаршсан
Төмөр хүрээ мэт Андууд минь
Төв шударгуут Баатрууд минь

Төрөл садан үрсдээ
Түвшин амгалан заларна уу
Түмэн олон арддаа
Тунин гомдон уурсана уу.

Ядрах цуцахыг үл мэдэн
Ямбалж хэвтэх завсар зайгүй
Ялахын төлөө Уухайлсан
Яруу алдраа дуурсгасан

Хаан надад Хань болж
Хөх Монголд бүл болж
Хөрст Дэлхийг амирлуулсан
Хөлөг морьт миний Баатрууд минь

Хэнгэрэг юугаан дэлдэн
Хуяг юугаан хажигнуулан
Хүч юугаан гайхуулсаар
Хүний энэ замбативд
Хөрстийг авралцахаар тухлав уу
Хөөрхийсийг гэгээрүүлэхээр морилов уу

Зуун, зуун өнгөрөвч
Зурайх жим нь тодорсон

Түүх балран одовч
Түүхийг амилуулан сэргээсэн
Үрэгдсэн хойноо ч цуурайтсан
Үлэмж цуутай Миний Баатрууд

Алалдахуйн дор
Ар шилээ үзүүлээгүй
Арслан Барс шиг архиралдан дайрч
Ард олноо авран өмгөөлж
Алдар цуугаа ертөнцөд цуурайтуулсан

Зөвийг дагаж
Бурууг жигшин
Хоёргүй сэтгэлээр
Хорвоог элээсэн

Зовлон бэрхийг
Зовж хамтдаа туулсан
Баяр бахдалыг
Бахархал болгон дээдлэн

Зорьсондоо хүрсэн
Зоригт миний Баатрууд минь
Зовсон Монгол оронгоо
Зовж шаналан харна уу
Зон олны зовлонг
Зоондоо үүрэн туслан байна уу

Шүлсээрээ ундлан
Шүдний махаар хооллон
Морин дэл дээр
Өдөр, шөнийг өнгөрөөж
Монголын төлөө  Би-гээ мартаж
Үнэний төлөө
Үхлийг сонгосон

Эр зоригийн Хавтайг
Эр хүний Хийморьтойг
Эрдэм чадлын Бахтайг
Цэрэг хүний Баатрыг
Цэцэн ухааны Цэлмэгийг
Цэгц үнэний Шударгууг
Цул болгон батжуулан

Олны сэтгэлд сэрүүн мөнхөрсөн
Омголон бардам миний Баатрууд

Үнэнийг мартсан үрсдээ
Үнэхээр гомдон цухалдана уу
Хорлож хуурсан Дайсанг нь
Хороож устгахаар Догширон байна уу

Хатуу ёсын Халтайг ч
Хатуужин дагаж, даван

Мөнх Тэнгэрийн хүслийг
Мөнхөд ноёрхох алдрыг
Халуун цусаа урсган
Бүлээн амиа золин

Хүчирхэг Монгол нэрээр дархлан
Хүний орчлонд тамгалан үлдээсэн
Эзэн миний эрхэм Баатрууд минь
Эзэнгүй Монгол орондоо
Элэг эмтрэн гаслана уу
Эрхэм Засгийг үгүйлэн
Эрж хайн гайхна уу

ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЭЭД
ЭГЭЭ Л ЧАМ ШИГ ЧОЧИРДЛОО
ЭВИЙ ҮРСЭЭ ХАРААД
ЭЛЭГ АГШИН ЧИЧИРЛЭЭ

Гэвч

Мандах буурах жам ёсон
Мөнх Тэнгэрийн соёрхол буй ч
Хөх Монголын мохош үгүйг
Мөнх Тэнгэр таалсан буй за

Улс Монголын үрс хойчис
Эзэн ёсоор эрмэлзэн хичээвэл
Угтан асуй түмэн он жилд
Монголын заяа алзахгүй буй за

Агуу түүхт улс ардаа
Алаг үгүй Гэгээрүүлж
Аху төрөө шударга түвшин болговол
Алдарших нэрийг
Ахин олох буй за

Мөнх Тэнгэрийн Хүчийг бидэн
Хүн биед амьдрахдаа ч үзсэн
Хөрстийн гүнд булуулахдаа ч харсан
Хөөрөн дэгдэн
Хурмастад дүүлэн
Хөл дорхоо өнгийхдөө ч итгэсэн
Хагацаж салсан урагтаа
Хас эргэн буухдаа ч бататгалаа

Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Мөнхөд бид оршин буй за
Мөнх Тэнгэрийн тамгат үрс
Мөнхийн ҮНЭНийг нотлох буй за.

Эргэх Хорвоогийн жамаар
Эцгээс үүдэн олдож
Эхээс нярайлан
Тэнгэр, Этүгэн соёрхсон
Хүмүн төрхөт үрсэд төрөн
Газарт мэндэлж
Гайхамшгийг бүтээгээд
Тэнгэрт одсон Чингисийн Баатрууд минь

Тэнгэрт дэгдээд
Этүгэнд эрхлэн
Тэнгэрийн төрхт үрсэд хувилан
Тэнгэрт мэндэлж
Газарт гайхамшиг болон морилсон
Галзуу хөлөгт Чингисийн Онгод Баатрууд минь

Хас зөвөөр Тэнгэрт дэгдэн
Хас буруугаар Этүгэнд эргэх
Хий биетэй
Хийсгэлэн дүртэй
Омголон Бардам
Онгод Баатрууд минь

Мөнх Тэнгэрийн Дуудлагаа
Тэсэн тэвчин хүлээв үү

Эзэн намайг залрахыг
Нуун нуун хүлээв үү
Хоног, хугацаа хоёрыг
Хуруудан тоолон тооцоолов уу
Хонгор хайртай улаачаа
Хайрлан хайрлан бэлдэв үү

Эзэн Би бээр
Буй  сүнсээ Онгон болгон
Хас төрөө бэхэлсү

Бүтэхүйн өмнө учирсан
Баатар олон Онгодууд минь
Бүтэх төрийн аргамж болж
Хас төрөө бататгахтун

Бүтэн төрд бүл болж
Хүчээ өргө Онгод Баатрууд минь
Бутарсан түмнийг нэг болгож
Хүч сүрийг бадраагтун

Чингис алдрыг минь цэвэршүүлж
Чин шударгууг тогтоогтун
 Ах захыг мэдүүл
Асуусан бүхэнг ухааруул

Урьдын ёсын нууцыг задлаж
Үг, арыг нь ойлгуулагтун
Хүний ухаанд нь тааруулж
Хатуу зөөлөнг хослуулагтун

Эзэн Би бээр
Эрхэм улаачдаа морилон
Эрчим хүчээн эгнэгт авсан тул
Мөнх Тэнгэрийн Хүчийг
Мөрлөн сахиулахаар
Тэнгэр удгандаа тухлан
Тэнхээ тамираа сэргээв би

Харанхуй бүдүүлгийн туйл
Хомхой шунахайн зуунууд
Хагацал зовлонгийн хаан
Ховдог цэвдгийн зуунууд

Ханаж цаддаггүй Бирдүүд
Холын бодолгүй Мулгуунууд
Хорьж цагдсан Ороолонгууд
Цаасаар биеэ ороосон Эрдэмтэд

Зоосоор бүхнийг үнэлэх Тийрэнгүүд
Төрөөр тогоо хийсэн Албинууд
Түмэн олноор утгуур хийсэн Чөтгөрүүд
Зажилж биш залгиж иддэг Мангасууд
Төөрөгдлөөр онол болгож
Төмрөөр тор хийсэн Төр
Төөрсөн шүтлэгтнүүдийн мангуурал
Төгсгөл болох энэ эринд

Цээлд хаясан чулуу мэт
Зэгсэнд тавьсан зэв мэт
Өвсөнд унаган зүү мэт
Өөрөөсөө ч нуусан Эрдэнэ
Өнгөрсөн Үнэнг илчлэн

Холын ирээдүйг бүтээхээр
Ойрын зорилгыг биелүүлэх
Хорьсон үгийн хориог цуцлав
Цаазалсан үйлсийн
Цаазыг тавив

Мэдтүгэй. Нэгдтүгэй. Дагатугай.

Нууцалсан үйлсийн
Нууцаас дэлгэв
Нуугдсан ҮНЭНг ил гаргав

Тулах уньгүй бол
Тооно үл тогтмой
Түших андгүй бол
Түмэн үйлийг хэрхэн хиймой

Хөхрөхүйн алсад одовч
Дэргэд мэт
Хөрстийн гүнд булавч
Ил мэт
Хагацах ёсон дагавч
Амьд мэт
Хэлж захьсан боловч
Андгай мэт сахигч
Миний Онгод Баатрууд

Мэдэгтүн, Түгээгтүн, Сахигтун

Тольдох хугацаагаа өнгөрөөнгөө
Тэвчин ядан догдолном
Хөрстийн үйлийг эхлүүлэх
Хоног хугацааг тогтоов  Эзэн би
2012 он 12 сар 21өдөр МОРИН ЦАГ

Дахин алдраа дуурсгах
Дуудлага үгийг тогтоов Эзэн би
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР
Тэнгэрийн Хөхийг амилуулан
Тамгатан бүхний босоо заяаг дуудах
Тэмдэгтэй, Амьтай, Заяатайг

Сонордогтун, Мэдэгтүн, Түгээгтүн

Тэнгэрээс буусан шидтэн царайлж
Тэнэгтэн буй Тийрэнгүүдийг
Тонилгон устган Тамд илгээх
Тод зарлигийг Дагагтун, Сахигтун, Үйлдэхтүн

Үнэн шүтээд айн бэмбэгнэх
Үнэлж гүйгээд үгүйрч хоосрох
Удмаа сэргээх гээд улам дордож
Удам биш Албин наалгасан
Ухаан муутай, урагшгүй залхуу
Орчин цагийн шинэ мангдай нарыг
Оройлон бид өмгөөлөхгүй бол
Олон отог устаж үгүй болох аюул байна

Ойлгуулан, ухааруулж
Онцгойлон анхаарч
Онгодын оронд алиалагч
Орон гэргүй Тийрэнгүүдийг
Олзолж чирж тамд тушаагтун

Олны итгэлийг оргүй хаяж
Онгон шүтээнийг бузарлан нулимсан
Олон Тэнгэрийн нэрийг барьж
Онгод Хувилгаадын сүрийг гутаасан

Мөнх тэнгэрийг басамжлан доромжилж
Миний, чинийхээр нь ялгаж хуваасан
Шуламын шидээр итгэлийг олж
Шуналгүй дүрээр шунархайран алиалагч
Тоймгүй зоосонд сэтгэл нь цадалгүй
Тийрэнгийн хааныг хөхүүлэн дэмжигчийг

Их, бага, балчир гэлгүй
Илчилж, шинжиж, нягтлаад
Тэнгэр эцэгт мэдүүлэн
Тамын Хаанд таниулан
Огт үгүй үнс болгон хийсгэтүгэй
Ор үгүй бие болгон булсугай.

Утаагүй улаан дайныг эхлүүлж
Урсах цусгүй, уйлах нулимсгүй
Үнэртэх үнэргүй, өгүүлэх биегүй
Үзэгдэх юмгүй, харагдах үгүй ч
Үнсээр нь самран хийсгэх
Үнэн тулааныг эхлүүлсүгэй
Үр хойчид нь мэдрүүлсүгэй

Мөнх ТЭНГЭРИЙН зарлиг дор
ХААН эзний ЗАР дуудлагыг
Хоног өдөр сааталгүй
Хол ойрдоо сонордуулагтун

Хурмастад дэгдсэн Миний Баатрууд
Хуран чуулсугай
Хуралдан тогттугай
Хөрстөд морилсон Миний Баатрууд
Хэлэлцэн  Мэдтүгэй. Санатугай. Дагатугай

“За” андгайгаа Дурстугай
Завсар үгүй андаа Дуудтугай
Сайн нөхрөө Санатугай
Саарыг дарахыг Зарлатугай.

Хатуужбал ашид Зовлон үгүй
Сэрэмжилбэл ашид Аюул үгүй
Ханьсвал ёс Төр сахигтун
Саднасвал Эв эеэ хичээхтүн

Тамгатай улаачаараа дамжуулан
Түмэн ардаараа дэмжүүлэн
Тэнгэрийн зарлигийг гүйцэлдүүлмү Бид

Түмэн олныг гэгээрүүлмү Бид
Түнэр харанхуйг гэрэлтүүлмү Бид
Эцгийн голомтоо бадрааму Бид
Эрэлхэг алдрыг нь өргөмүй Бид

Мунхарсан ухааныг гэгээрүүлмү Бид
Мунгинасан олныг дагуулму Бид
Хагацсан улсаа хамтатгаму Бид
Бутарсан улсаа бүрдүүлмү Бид

Буруу бүхнийг илчилмү Бид
Буцах, төрөхийг нь тасламуй Бид
Бодол оюунд нь шингэмүй Бид
Буух буудлыг нь зааму Бид

Өвгөд буурал Онгод Баатрууд минь
Өөрийн үүргээ үл умартагтун
Үнэн дүрээ ил болгогтун
Сорилтын мөчлөгийг хаахад бэлтгэж
Сод авьяаснуудаа илчлэгтүн

Дуудлагаа тогтоогтун
Товлосон хүртэл
Бэлтгэлээ базаагтун

Уран Улаачаа эрчлэгтүн
Ухаан бодлы нь ухааруулагтун
Урдах замы нь засагтун
Уруудах бүхнээс сэргийлэгтүн

Онгод буурал Баатрууд минь
Уур хилэнгээ
Уулын цаана гээгтүн
Зангидсан гараа
Зөөлрүүлэн суллагтун

Өеөдсөн олон түмэндээ
Өгүүлж зөвлөж засагтун
Өршөөж соёрхон заагтун
Эвдэрснийг эвлүүлэх бэрх ч
Эргээд эхлэхээс бэрхшээх юун

Үгээр илд хий
Ухаанаар бамбай бэлд
Урмаар тэтгэж
Унтсаныг нь сэргээ
Зорьсноо бүтээхэд
Зүтгэл хичээл эрхэм

Танхил балчир улаачынхаа
Тархи оюунд шивнээрэй
Биеэ засах эрдмийн Дээд
Билэг оюуныг нь хурцлаарай

Сэцэн билэгт ойр үгүй ахул
Судар дэвтрээс сургаарай
Судар дэвтрээс сурахын өмнө
Сайтар ухааруулж ойлгуулаарай

Ухаан хэр гүнийг
Өгүүлэх үг илчилмүй
Үйлс хир зөвийг
Үйлдэх бүтээх үзүүлмүй

Баларсан түүхийн балаг
Тасарсан удмын уйд золиослогдсон
Бага балчир улаач нар чинь

Нартад төрөөд
Нэр эс олбол
Намтар түүхтэй Онгодын улаач болоод яах вэ

Хэвлээс унаад
Хүмүнжиж эс чадвал
Хүмүн төрөл олсны
Хэрэг тус юу билээ

Тэнгэрээс зарлиг аваад
Танин мэдэж чадахгүй бол
Тэнгэрийн үйлийг хийх
Тамгатан байсны ач юун

Сайн үйл хэргийг
Мунхаг үл бүтээмой
Сайн нэр төрийг
Муу үйлээр үл олох тул

Мууг нь сайнаар арилгамуй
Мунхагийг нь эрдмээр үргээлгэмүй
Хилэнг ухаанаар дармуй
Хилсийг үнэнээр цайруулмуй

Уг залгах Улаач
Удам дамжуулах үүрэгтэн нь
Ухаан мунхаг бол
Эл насных нь эмгэнэл
Эцэс хойчын уй тул

Тэнгэрийн тамгат улаач нартаа
Амин зуурын ашиг харж
Алив хүмүнийг
Завшихыг нь хорь

Өгөө авааг нь
Өөрийн биер хянаж
Өндөр ТЭНГЭРийн алдрыг
Өчүүхэн ч бүү сэвтүүлүүл

Авах завшихыг
Урьтал болгохыг цээрлэ
Айлгаж аяглахыг
Алдас гэдгийг ойлгуул
Аламгай залхууг нь
Ужиг болгохыг нь цээрлүүл

Төрсөн алд бие нь
Төгсөх болтлоо хайран ч
Үүрд одох өдөр хүртэл нь
Үйлийн сайныг бүтээлгээрэй

Онгод Тэнгэрийн нэрийг сэвтүүлэх
Отог овгийн алдрыг гутаахыг цаазлан
Омог бардам занг нь дарж ойлгуул
Олон таван үгийг нь хорьж ойлгуул

Үлдээх өвийн Дээд нь
Үлгэрт мөнхөрдгийг ухааруул
Үлдээх муу Нэр нь
Үндэс тасалдгийг нь мэдрүүл

Хөх Мөнх Тэнгэрийн дор
Хөрст энэ Дэлхийн дээр
Төрсөн ахул төгсдөг ёсонг
Тэрсэлж сөрж хэн ч чадахгүй ч
Тойроод эргэх хорвоо байдаг
Төөрөөд учрах тавилан ирдэг

Газарт мэндлээд
Тэнгэрт өссөн нэгэн байхад
Тэнгэрт мэндлээд
Газарт булагдах нэгэн ч бийг сануул

Нартад нэртэй
Намтартаа алдартай
Тэнгэрт зүстэй
Газарт цуутай
Түмэнд хүндтэй
Түвшин амгалан Улаач болгогтун.

Өглөө үдшийн ялгаа  юун
Өөдлөх үйлд шамдуулагтун
Үнэн худлын ялгааг
Үтэр түргэн ухааруулагтун

Хорголын чинээ олзноос
Хөрстийн чинээг алдуузай
Хумхын чинээ ашгаас
Хорвоогийн чинээг үгүйрүүлэв зээ

Зовж зөөж бүтээснээ сэргээлэгтүн
Зорьж зүдэн хичээснээ бүтээлгэгтүн
Засахуйн билэгт үргэлж шамдуулагтун
Засаглах ёсонг шударга болгоход зориулагтун

Тэртээх цагийн Чингисийн Баатрууд
Одоох цагийн Онгод Баатрууд минь
Улаачын биед тухлан
Учирсан олонд ухааруулахдаа

Хол ойрын зоригсодын
Сэтгэлийг сэвтээн алдвал
Хотол дэлхийг алдсанаас
Ялгаа үгүйг мэдтүгэй.

Ирж буцах олны
Итгэлийг эвдэн эвгүйцүүлбээс
Мөнх Тэнгэрийн итгэлийг
Мөн чи алдах болно

Мөнөөх Алдарт Шүүлтэнд
Урьдын гавьяаг тооцохгүй
Ураг ясыг хүндлэхгүйг
Улаач үрээр чинь шүүнэ Мэдтүгэй

Мөнхөд өс зангидвал
Мөхөх ёс нүүрлэдэг
Мөнх ТЭНГЭР хилэгнэвэл
Хөрст эзгүйрэн гуних буй за

Хөх Монгол  сэрэн өөдлөхүйд
Хэл нь болон Хөг нэмтүгэй
Мөнх Тэнгэр мандан бадрахад
Хүч нэмэн Уухай түртүгэй

Хөх Дэлхий ээжийг аврах үйлст
Хүн зоныг хөгжөөн сэргээтүгэй
Хөх Монголын Сууг дуурсгагтун
Хөрст Дэлхийг энх болгогтун

Нартад буусан Онгод Баатар бүр
Алив үйлд шударгууг эрхэмлэ
Авах гувчихыг гол үл болгон
Асрах тэтгэхийг урьтал болгон хичээгтүн

Тэнгэрийн зарлигийг биелүүлхэд
Хэн, юугаар нь ялгалгүй
Хэрэгтэй, хэрэггүйгээр нь зэрэглэлгүй
Балчир гэлтгүй сургаж
Өтгөс гэлтгүй даатгаж

Толгойтой  бүхнийг  бодуулан
Гартай бүхнийг гавшгайлуулан
Хөлтэй бүхнийг хөдөлгөн
Ухаантай бүхнийг уралдуулан
Улсаа аврахад оролцуулагтун

Магад ҮНЭН эл шударгууг
Мөнх Тэнгэр таалан соёрхоно

Хэцүү их алдраа
Хорвоод дахин дуурсгатугай
Хөх Мөнх Тэнгэрийн
Хөх Монголын суугаа Бадраатугай
Мэдтүгэй. Дагатугай. Чандалтугай

МӨНХ ТЭНГЭРИЙН ТАМГАТ УЛААЧ НАРТ

Магадлан, Чандлан Сэрэмжлүүлж Зарлигдах нь

Тэнгэрийн тамгийг авсан хэн боловч
Аюутугай. Дагатугай. Сахитугай

Чинийх бишийг Өөрийн болгох гэх
Чин сэтгэлийг Хөсөр хаягчид

Газарт булаатайг Өөрийн үйлд дуудах
Гай далласан Гамшиг агуулагсад

Атаа жөтөөргөөр жигүүрлэж
Алж устгах, хорлохыг Гуйгсад

Авах идэхээр шунан тэмүүлж
Аргадан Аргалуулахыг санаархагчид

Өөрийн буруугаас Өргөстөд орогсодыг
Өмгөөлж хамгаалахыг үглэн гуйгсад

Эх орны Эрдэнэ бүхнийг
Эзэнгүй мэт эзэрхийлэхийг хүсэгчид
Энэ бүх Увайгүй Хүсэгчдийн
Хүсэлтийг нь бүү хүлээн ав
Зовлонгий нь Зоон дээр нь

                      ҮҮРҮҮЛТҮГЭЙ

Сонссон авч сонсоогүй мэт
Мэдсэн авч мэдээгүй мэт
Ашиг харан өнгөнд шунан
Тэнгэрийн зарлиг зөрчих аваас

Онгод Буурлыг хураан цэгцэлж
Огторгуйд Дэгдэх эрхийг нь цаазлана
Олон дахин үйлдэх аваас
Отог омгийн Голомтыг нь таслана.

Мэдтүгэй. Аюутугай. Сахитугай.

Худал өгүүлэгчийг нь
Хулгайч адил цээрлүүл
Хуурмаг авирлахыг нь
Урвах адил цаазал

Дуу ихтийг нь бүү давруул
Дутуу ухаантныг нь бүү өргө

Сайн мууг ялган
Садар самууныг таслан
Үнэн худлыг салган
Үйл бүрийг суртугай
Үнэний Дээдэд суралцтугай

Сурсан эрдмээ сэлбэн яв
Сураагүй эрдмээ шамдан сур
Заншсан муу занг зайлуулж хая
Зам мөрөө тэгшлэн хичээ

Буй бүхэн дээр
Мөнх Тэнгэр буй
Буй бүхний дээр
Засаглах ёсон буйг
Мэдтүгэй. Санатугай. Сахитугай

Үхсэний хойно үлдэх
Нэр төрөө эрхэмлэ
Үрэгдсэний ард хоцрох
Үрс хойчоо хүмүүн болго

Мөнх Тэнгэрийн дор
Хөрст буй цаг дор
Хөх Монгол орштугай
Мандан бадартугай
Мандуулан бадраатугай

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР
АЮУТУГАЙ. СӨГДТҮГЭЙ. БИШИРТҮГЭЙ
  

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР