2012-12-16

Түмэн Онгодын Чуулганы үеэр Хар, Цагаан сүлдэнд хэрхэн мөргөх тухайд


 Чуулганы үеэр сүлдэнд хэрхэн мөргөх талаар Буурал Дээдсүүдийн айлтгалаас түүвэрлэв.

  1.      ТЭНГЭРИЙН ГЭРЭЛТ ЕСӨН СУМ
Есөн зүгтээ тэнгэрийн сумыг тавьдаг үйл нь болвоос
Есөн өрлөг жанжидууд маань
Хар тийрэнг дарахаар
Хар үйлийг дарахаар
Үйл гүйцэлдүүлэх гэж буйг
Түмэн олонд таниулахаар
Тавьдаг жам байдаг

Тэр үйлийг гүйцээж
Түмэн олонд нь таниул
Түмэн олны итгэл сэтгэлийг
Тэр л зүгт нь хандуул
Хар тийрэнгүүдийг дарахаар
Хүчит их нумаа хөвчлөн байж
Хурд ихт сумаа тавьж буй нь тэр билээ

Есөн зүгтээ есөн сумаа
Гэрэл цацруулсан тавьдаг учиртай
Тэр л сум нь болвоос
Алтан шаргал нарны
Гэгээт нэгэн сум байдаг

  2.      ЕСӨН ЦАГААН СҮЛД
 Есөн цагаан сүлд нь болвоос
Ерөөл буяныг тэгшилж
Энх тунх амар амгалан амьдралыг
Авчрах учиртай билээ
Есөн цагаан сүлд маань
Өндөр дээрээ өргөгдөж байвал
Тэр л цагт нь
Энх тунх амьдрал
Амар амгалан буйг илтгэдэг билээ
Есөн Цагаан сүлдэндээ
Эрдэм оюун тэгшилж өгөхийг гуйн мөргөтүгэй

Түмэн олондоо
Есөн цагаан сүлдийн дор нэгдэн нийлж
Есөн зүгээсээ ирэх отог омгууд
Есөн Дээд Судартаа нэгдэхийг
Тэр л туг нь даллан дууддаг билээ

Цагаан сүлдний Дээдүүд нь болвоос
Есөн Их Хөлгөн Судрын
Өндөр Дээдсүүд байдаг билээ

Дээд тэнгэрийн ивээлд орохыг хүсвэл
Дээд тэнгэрийн ивээлт балчир үр нь болохыг хүсвэл
Есөн цагаан сүлднээсээ эрдэм мэдлэгийг гуй
Оюун ухаанаа тэгш сайхан авч явахыг мөргөн гуй
Есөн цагаан Судартаа суралцан шамдахыг амлан гуй
Балчир үрсүүдээ эрдэм оюун төгс
Энх тунх амьдран явахыг гуйн сөгд

Есөн Дээд Судрыг балчир үрсүүддээ
Өвлүүлэн зааж өгөхийг
Андгай тангараг болгон өргөж
Өөрөө шамдан суралцаж
Балчир үрстээ шамдан суралцуулан
Зааж өвлүүлэх тэр л ухааныг гуйтугай

Өндөр Дээд Тэнгэрүүдээсээ
Өршөөл буяныг нь гуй

Есөн Дээд Сударт нь
Ерөөл тавилант амьдралыг нь
Хэрхэн яаж  аз жаргалаар дүүрэн амьдрах
Тэр л бүхнийг айлдаад хэлсэн байгаа

Өвчин үгүй бол жаргал бус уу
Өр үгүй бол баян бус уу
Хорвоо дэлхий
Энэ л байгаагаараа сайхан бол
Үр удам чинь эрүүл энх тунх бус уу
Эл бүхнийг нууцыг нь
Энэ л Есөн Сударт нь өгүүлсэн байгаа
Түүнийг түгээн дэлгэрүүлэхийг
Энэ л бие сэтгэлээрээ амлан байж гуй

Тэгвээс \Есөн Судрийг түгээн дэлгэрүүлж чадваас\
Тэнгэр Эцгийн ивээлд багтаж
Удам угсаа нь тэгш сайхан заяа дүүрэн
Удаах арван дөрвөн үедээ
Энх тунх амьдрах болно доо үрс минь

Есөн цагаан сүлдэндээ мөргөхдөө
Есөн судраа тунхаглан зарлах хэрэгтэй
Есөн судраа тунхаглан зарлаж
Ард түмэндээ таниулж
Есөн Толгой Судрыг
Түмэн ард нь олон уншиж
Уншсан түмэн нь
Сэтгэл зүрхэндээ гэгээрлийг олох учиртай
Тиймээс
Их үйлийн чинь гол хэсэг
Есөн Судар гэдгийг бүү мартаарай

  3.      ЕСӨН ХАР  СҮЛД
Есөн хар сүлд нь болвоос
Хар тэнгэрийн есөн хар үйлний
Дарах их шид байдаг билээ
Хар үйл бүгдийг толгойлон дарах бүгд
Эл тугийн эздүүд билээ

Есөн хар тугандаа мөргөвөл
Хар хижүүдийг
Өөрийн төрлөөсөө салган хаяж
Хараал жатга бүгдийг
Өөрийн төрлөөсөө салган хаях
Тэр л үйлийг
Есөн хар тугнаасаа
Өрлөг жанждуудаасаа
Гуйн мөргөх үйл байгаа билээ

Хар ертөнц
Хар тэнгэр гэхээр
Хараал жатга хийдэг нь бус билээ
Хараал жатгыг
Мулгуу балчир улаачид хийдэг
Мулгуу балчир улаачдын
Хазгай гишгэж
Хазгай үйлдэж
Зоос ембүүнд дурлаж
Алт мөнгөнд шунаж үйлдсэнийг
Засан тэгшлэхэд
Хийсэн жатга бүрийг
Хорлосон хор бүрийг арилгахад
Хар тэнгэрийн үйл нь
Гарамгай байдаг билээ

Түмэн хүмүүсийн сэтгэл зүрхний
Хар бодол бүгдийг
Хар санаа бүрийг
Ховх татан хаяхад
Хар тэнгэрийн үйл нь
Гайхамшигтай шидтэй билээ

Тиймээс
Хар тэнгэртээ
Хар сүлдэндээ
Хар хүчиндээ мөргөхдөө хүмүүс
Өөрийн удмын
Хараал жатга бүрийг
Өөрийн отог омгийн
Хараал бүрийг тайлж өгөхийг
Хүсэн гуйж мөргөсүгэй
Өөрийн отог омгийн хийсэн
Муу үйл бүрийг
Цайруулан өгөхийг мөн хүсэхтүгэй

Улаач үрсүүд хэрвээ өмнө нь
Өөрийн мулгуугаас болж үйлдсэн
Хар гэм байвал түүнийгээ
Хар сүлдэндээ очиж мөргөж
Өршөөж уучлахыг хүсэн мөргөтүгэй
Өөрийн сэтгэл зүрхэнд байсан
Хар санаа бүрийг
Хийсэн хар үйл байх бол
Хүмүүн нь мөн адил
Хар сүлднээсээ өршөөл уучлал эрэн
Дахин үйлдэхгүй гэдгээ
Андгай тангараг өргөн мөргөвөл

Тэр л өдөртөө
Дээдийн Дээд Тэнгэрүүд
Өршөөл ивээлдээ авах тул
Мөргөхдөө андгай тангарагаа өргөж
Хар үйл бүхнээ
Ховхлон хаяж өгөхийг
Хар санаа бүрээ
Ховхлон хаяуулахыг
Хүсэн мөргөтүгэй
  
4.      ХОРИГЛОХ ЗҮЙЛ
Алт мөнгө
Авааль нөхөр
Элдэв эдийг тэвчин байж
Есөн Цагаан Сүлднээсээ
Гуйж болохгүй гэдгийг анхаарна уу

Хүмүүн нь хэрэвзээ
Зам мөр нь тэгшрээд
Сэтгэл оюун нь тэгшрээд ирвэл
Эл бүгд нь тэгштэй залгах учиртай
Түүнээс өнөө цагийн үрсүүд нь
Сэтгэл зүрхэндээ
Ембүү зоосоо бодоод
Алт мөнгөө бодоод
Гуйх аваас
Бусад заяа нь хазайдаг гэдгийг
Санатугай үрс минь

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР