Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас....
"Тэнгэрийн үүд хаагдах нээгдэх тухайд"
Х:
Эл чуулганд орох ёстой
Мянган улаачийг дуудсан билээ
Орох ёсгүй тэр л улаачдыг
Энэ чуулганд нь дуудаагүй
Тэнгэрийн үүд нь
Хаагдаж нээгдэх
Цаг хугацаа байдаг гэв үү?
Тэнгэрийн үүдэн
Хаагддаг нээгддэг
Цаг хугацааг айлдваас:
Мянга мянган жилдээн
Нэгэнтээ ихээр дэлгэгддэг
Сүүл сүүлд нь унжсаар
Тэнгэрийн үүд хаагддаг
Ирэх мянган эхлэхэд
Тэнгэрийн үүд нээгддэг
Тэнгэр эцэг ивээлдээ багтааж
Эх дэлхий
Наран саран
Хэлхээ холбоо амь нь
Энэ л цагт нь нэгдсэн билээ
Түүнийг их Аянгат хийсэн билээ
Газар хөлдөхийг
Тэнгэрийн үүдэн хаагдах гэв үү?
Газар гэсэхээр
Тэнгэрийн үүд нээгдэнэ гэв үү?
Агаараар амьсгалдагд л биз дээ
Хөх тэнгэр чинь
Харагдаж л байгаа биз дээ
Алтан нар чинь ээж л байна
Мөнгөр сар мандаж л байна
Ялгаа нь юу гэвээс
Ганцхан газар хөлдсөн л байна
Газар хөлдөхөөр
Хаалга нь хаагддаг
Ямар амьтад байдаг билээ
Оюун ухаандаа тунгаан үз
Газрын хөрсөнд амьдардаг
Амин хэлхээ сүнснүүд нь
Газрын гүндээ оддог билээ
Урин цаг ирэхэд
Газар гэсэх тэр л агшинд
Гүнээсээ дахин гарч дэлгэрдэг билээ
Газар гэсэх тэр л агшинд
Гүнээсээ дахин гарч дэлгэрдэг билээ
Тэр л сүнсийг
Сав шим ертөнцийн эзэн савдгуудыг
Хийх үйлээ гүйцэлдүүлээгүй
Их тэнгэртээ одож чадаагүй
Эгэлхэн нэгэн онгод ч болоогүй
Тэр л сүнсийг биедээ залчихаад
Газар хөлдөх гэсэхтэй харьцуулж
Тэгж айлдаж болно гэж үү?
Тэнгэрийн үүд хаагдлаа гээд
Харанхуй болдоггүй л биз дээ
Дээд тэнгэр ивээдгээрээ л ивээж
Дээрээс наран шардгаараа л шарж
Саран ижий мэлтийдэгээрээ л мэлтийж байна
Тэнгэрийн үүд хаагдлаа гээд
Наран үгүй болох уу?
Саран холдож одох уу?
Газар дэлхий хөлдлөө гээд
Тэнгэр бас хөлдөх үү?
Ухаарч нэг бодооч
Уужуу ухаандаа сэтгээч
Залхуу нэгэн үрийн
Заяагүй тарьсан тэр л үр
Өнөө цагийг будлиулж
Энд тэндгүй сүйтгэж байгаа нь
Энэ бус уу?
Ёс заншил бүрдээ
Өвгөд буурлуудын
Хийж бүтээсэн нэгэн үйл байдаг билээ
Өвөлдөө бөөлөхөөс залхуурсан
Өвөлдөө улаач үрсийг залаалахаас няцсан
Хүйтэнд тэсвэргүй
Энэхэн биеэ оторлосон
Тэр л нэгэн онгодын
Хийсэн үйл бус уу
Түүнээс хойшдоо үрс нь
Газар хөлдөхөөр
Тэнгэрийн үүдийг хаагддаг гэж
Элдэвээр ярилцах юм
Халх буриад болгон
Хагаргаж бутаргасан санаа буй
Халх ёс нь болбоос
Өөрийн дэгийг гуйвуулалгүй
Үлдээх гэж оролдсон
Буриад ёсон болбоос
Дэг жаягийг хүндрүүлэн
Хатуу болгох гэж оролдсон
Улаач үрсийг
Хатууд нь сургах гэж хичээдэг
Эл ёсууд аль нь ч бай
Дээд тэнгэр мөнх гэдгийг
Хүмүүн төрөлхтөн байгаа гэдгийг
Их монгол улс ганцхан гэдгийг
Энэ дэлхийд ганцхан
Их монгол улс
Хөх толботон байдаг гэдгийг
Ухааран ойлгох хэрэгтэй бус уу?
Хөх толботой төрсөн
Эх дэлхийн хүмүүн бүр
Их монгол улсын минь
Тамгатай үрс байдаг гэдгийг
Санан ухаарцгаа
Жаяг ёсоо гуйвуулагчид
Заншил ёсоор дарлагчид
Хар үйлийг шүтэгчид
Хайран биеэ өргөгчид
Алдар нэрийг хөөгчид
Ариун бүхнийг бузарлагчид
Хаа байна тэр дэг ёс чинь
Хаа байна тэр мэдвэл зохихуй чинь
Хаа байна тэр мэдсэн бүхэн чинь
Юу мэддэг юу чаддагтаа
Хийсэн бүхнийг гуйвуулан ашиглаж
Хэдэн биенээ талцан хуваалцаж
Хэмлэн мэрэлцэж хэлэх үгээ хурцлан
Хайран шидийг илгээнэв
Ухаарч бодоцгоо
Өтүгэн цагийн өвгөд буурлууд чинь
Хаанаас тэр хадаг яндрыг чинь гаргахав?
Хаанаас тэр архи сархадыг чинь хүртэхэв?
Эх дэлхийд байгаль ертөнцийг
Хадгаар ороож амийг нь таслагчид
Дахин нэгийг бодно биз
Өтүгэн цагийн өвгөд буурлуудаа
Эргэн нэг санана биз
Яагаад эх дэлхий дээрээ
Нүүдэлчин хэмээн
Хөх толботой үрс болон төрснөө
Ухаарцгаа та нар
Хэрхэн их мэдэмхийрч
Хэнээр заалгаснаа мэдэцгээ та нар
Эх дэлхий арга билиг нь
Ээлжлэн ээлжлэн
Эргэдгийн адил
Гал байвал болох бус уу?
Билиг ихдэхэд
Галаар тэтгэх бус уу?
Арга ихдэхэд
Усаар тэтгэх бус уу?
Тэгж байж аминг тэтгэх бус уу?
Өвөл болохоор галаа түлдэггүй
Монгол хүмүүн яах бол
Хөх толботон байх аваас
Тэр л хүн нь харин
Жаяг ёсыг эвдсэн бус уу?
Амин хүчинг доройтуулсан бус уу?
Хадаг яндар архи дарс
Элдэв жаягаар өөрийгөө чимэгчид
Алдар нэрийг шүтэн баригчид
Эд мөнгөнд шунагчид
Элдэв явдлаар замнагчид
Эрээ цээргүй аашлагчид
Нэгийг нэг санана биз
Хоёрыг нэг тунгаана биз
Өвөг дээдсийн ариун сүнс
Балчирхан улаачаар мэдүүлэхгүй байлгүй
Өвөл цагтаа онгодоо буулгадаггүй
Тэр л үрс ухаарцгаа
Өвөл цагт онгод буудаггүй гэж
Айлдаж яваа үрс нь байвал
Албин тийрэнтэй нөхцсөнөө санацгаа
Газрын гав руу оддогийг мэдэцгээ
Эрлэг луга оддогийг мэдэцгээ
Жаяг ёсыг эвдэлсэн
Онгод хэмээгч сүнснүүд сонсцгоо
Хэдэн цагтаа хэдийдээ
Яах гэж ямар зорилгоор
Үр хойчдоо
Шинэ жаягийг гарган
Шинээр жаяглахыг зааснаа
Онгод тэнгэрээ авах гэж
Эрдэнэт малын амийг тасалж
Энд тэндгүй өргөн барьж
Элдэв амьтадын амийг тасалж
Уул усын эздийг хилэгнүүлж
Буга согоо чоно гөрөөс
Араатан амьтан ан жигүүртэн
Эл бүгдээр хуягаа чимж
Элдэв янзаар жаягласан болгоноо
Эргүүлэн нэг санан биз
Яах гэж тэр жаягийг гаргасан билээ?
Эдэнд шунахаа оройдоо барьж
Эрдэм мэдлэгээ уландаа гишгэж
Үр хойчдоо бурууг жаяглуулж
Үр хойчоо хагаралдуулан бутаргах
Үйл эхэлснээ санацгаа
Өтүгэн цагийн өвгөд буурлууд нь
Хаанаас тэднийг чинь олох юм
Юугаар тахилаа хийдэг байсныг
Ойлгон ухаарч тунгаан бодоцгоо
Эрдэм мэдлэгээ оройдоо залж
Хад чулуундаа сийлэн үлдээж
Тахил шүтээнээ шүтдэг байсан
Тавилан заяагаа тэгшилдэг байсан
Хөх толботой үрсүүд нь
Энэ дэлхийгээр тарсныг санацгаа
Энэ дэлхийн нөгөө талд нь бас
Нэг хөх толботой үрс буйг санацгаа
Та бүхний гуйвуулсан
Тэр л жаягийг үл мэдэх
Тэр л хөх толботнууд адилхан
Өтүгэн цагийн өвгөд буурлуудын
Үрс байсныг санацгаа
Өвөлдөө та нар буудаггүй гэв үү?
Энэ дэлхийн нөгөө талд буй
Тэр л индиан өвгөнийг
Жаяг ёсыг нь өөрчилчихөөд
Өөрсдийн хүслээр залчихаад ир
Тэгвэл харин тэр жаягт чинь
Тээнэгэлзэлгүй нэг орчихъё байз
Яасан их мэддэг юм
Яасан их том дуугардаг юм
Энэ дэлхий дээр тэнэж тарсан
Хөх толботон үрс болгон
Өөр өөрийн хүсэл бодлоор
Эрдэм оюуныг оройдоо залж
Өөр өөрийн жаяг ёсоор
Босон суун өвгөдөө залж
Жаяглан амьдарч болж байгаа бус уу?
Өөрийн жаягаас бусад жаягийг
Үгүйсгэн гутаагсад санацгаа
Хар арьстай хөөн биетэй
Нүцгэн гүйгчид тэдний жаягийг
Очоод нэг өөрийн жаягтаа хутгаад үз
Тэр л жаягтаа дагуулаад ир
Тэгж чадвал жаяганд чинь дагая
Эс чадвал амаа хамхиад
Өтүгэн цагийн өвгөд буурлуудаа
Эргэн нэг санаад
Өндөр дээд буурлуудаасаа
Жаяг ёсыг дахин нэг асуу
Бага тэнгэрийн балчир үрсүүд
Хийсэн үйлээ тарьсан үрээ
Эргүүлэн нэг харж
Улаач үрсдээ сануулан айлдацгаа
Хийсэн үйлийн үр гээчийг
Өнөө цагтаа улаач үрс нь
Хэл амаа хурцлан байж
Хагаралдан бутралдан
Хэдэн биенээ хэмлэн байж
Шид юугаа үзэн байж
Хүч юугаа үзэн байж
Энэхэн биеэ зовоон байж
Мулгуу ухаандаа зэвсэг барьж
Өгсөн шидээр түмнийг зовоож
Түүхт их соёлоо
Гутаан доромжилж яваа гэдгийг ухаарцгаа
Тийм л үйлийг хийж буй үрсүүд
Бөө гэгээн тархи гээчийн утгыг олж
Өндөр тэнгэрийн үнэнийг тайлж
Эх дэлхийн жаяг ёсыг
Наран саран ээлжлэн
Өдөр шөнө ээлжлэн
Гариг ертөнцийн үнэнийг тайлж
Мэдвэл зохихуйг тархиндаа хурааж
Мэдсэн бүгдээрээ
Жаяглаж амьдрахаа бодвол дээр бус уу?
1 сэтгэгдэлтэй:
gerliin orgooniihon ta bugded ih talarhaj bgaa shuu saihan saihan medeelel ih oruulj bgaarai gadaadad bga bid hussen uyde ulaach nar der ochij ongod tengeruudees ihiig asuuh bolomjguii bolhoor ta bugdiin oruulj bga medeelel bur bidend unetei ym shuu ovog deedsuudiin mini surgali ymar aguu ym bee bid uneheer munharch guitsej bsn bnaaa
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002