2012-12-04

"ОНГОДЫН ШИД, ТАМГАНЫ ТУХАЙ"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ШИД, ТАМГАНЫ ТУХАЙ"

А: Оролцсон улаач нарын нэр хүнд, онгодын шид, тамга, энэ бүхний учрыг тайлбарлах хэрэгтэй байна. Улаач нар ямар их хайр ивээлийг тэнгэрээс хүртэх? 

Х:
Шид юу хэмээвээс
Тамга юу хэмээвээс
Тамга гээчийн утгыг эхлээд тайлъя

Тамга гээчийн үүсэл нь
Отог омог бүлүүд
Өөрийн шүтээн болгож
Өөрийн хийж бүтээсэн
Шингээсэн тамгатай билээ

Тэр л тамгыг
Өөрийн удам бүртээ
Өөрийн улаач бүртээ
Тамгалан явдаг билээ

Мянган онгодын чуулганаас зугтсан
Хайран биеэ хайрласан
Тэр л улаачийн тамгыг хурааж
Чуулганд орох
Тэр л улаачид нь шилжүүлсүгэй

Отогийн онгон шүтээн
Тахил бүр нь
Шид бүр нь
Оюун ухаан мэдлэг бүр нь
Оролцоогүй онгодых нь
Отог бүлийх нь хураагдаж
Тамгыг хүртсэн улаач
Тэр л омгийг ахлах болно
Тэр л шидийг ахлах болно
Тэр л шидийн
Үйлийг нь хийх эрхийг хүртнэ
Шидийг хураасан улаач бүр
Эх дэлхийн амин сүнсийг
Эх дэлхийн амийг сэргээх
Тэр л үйлэнд шамдсан
Тэр л үр нь
Зовлон бүхнийг даагаад гарсан
Гурван гаригийн нойрыг даагаад гарсан
Тэр л улаач үрс бүр
Тэнгэр эцгийн ивээлд багтаж
Тэнгэртээ одохдоо
Дээдийн дээддээ
Алтан урагтаа залрах болно

Хүчит луугаар хүлгээ хийж
Хүссэн тэнгэрээрээ эрхлэн зорчиж
Түмэн онгодыг залан захирч
Буман онгодыг араасаа дагуулж
Тийм л нэгэн шидийг
Тийм л нэгэн эрхийг олгох болно
Тэр л эрхийг хүртэгсэд
Бүхий л тамгыг хүртэх болно

Гурван түмэн тамга буйг
Гурван түмэн шид буйг
Тэнгэр эцэг л хүртээдэг билээ
Тэр л улаачид хүртэх болно
Гурван түмэн тамгыг хүртвэл
Орохгүй гарахгүй тэнгэр үгүй
Орчихгүй зорчихгүй газар үгүй
Эрлэг лус нь захирах болно
Эрлэг лусаар зорчихдоо
Өөрийн хүсэлд дагуулах болно
Тэр л хүчийг хураах болно
Тэр л шидийг шингээх болно
Тэнгэр эцэг тэр л өдөртөө залрах болно
Улаач үрсийг таних болно
Өөрийн тамгаар тамгалах болно

Махан биений богино амьдралыг
Махан биений богино жаргалын хүслийг
Тэвчин байж тэр л гарагтаа
Үйлээ арвинтаа хийсэн
Тэр л балчир үрсүүд
Тэнгэртээ одохдоо
Онгод бус тэнгэрүүд болно.

А: Мянгаас олон улаач ирвэл яах вэ? Шидийн тэмдгүүд яах вэ?

Х:
Мянган улаач тэр л гарагтаа цуглаваас
Нэгэн улаач нь гурван тамгыг хүртэх болно
Тэнгэр эцгийн тамгаар тамгалуулна
Мянган улаач дундаас
Хорон санааг өвөрлөж
Бусдад атаархаж
Бусдыг гоочилж
Эх дэлхийд үйлээ зориулалгүй
Бөлчир улаач нар луу
Хар үйлэн
Харваа намнааг үйлдэх аваас
Хайран биеийг нь ниргэх болно
Хад чулуу дэрлүүлэх болно
Хүсэл зоригийг нь мохоох болно
Онгод бүрийг нь хураах болно
Хатуу бүхнийг үзүүлэх болно
Удам угсаа нь тасрах болно

Мянгаас илүү гарах аваас
Тамгыг тэнцүү хүртээх болно
Сэтгэл зүрхээрээ мянгуул
Нэгэн зүрх луга цохилох аваас
Отог бүл бүр аврагдах болно
Эх дэлхий дээр
Тэр л гаригтаа нэг ч хүн үл үхнэ
Хар бүхэн одох болно
Харанхуй тивийхэн сөнөх болно.

А: Мянга гэдэг бол хөх толботны голлох онго тэнгэр шүтээний тоо гэж үзэж болох уу? Учир нь юу вэ? Есөн зуун ерэн ес байгаагүйн учир?

Х:
Ерэн есөн тэнгэр
Арав арван
Тэргүүн үйлтнээ дагуулаад
Эл дэлхийдээ заларваас
Тэнгэр эцэг нь
Тэнгэр эцгийн зарлигаар заларсан
Арван улаачаа дагуулаад
Тэр л гаригтаа заларваас
Мянган улаач бүрдэх билээ
Түмэн онгод нь залрах билээ

Ерэн есөн тэнгэр
Тэнгэр эцэгтэйгээ залрахад
Зуун тэнгэр тэндээ заларч
Есөн зуун онгод үйлээ нэгтгэж
Зэргээ хүртэж
Тамгаа авах болно
Тийм л учраас мянга гэж
Түмэн онгод гэж айлдсан юм.

А: Улаач нарт гарч болох эрсдэл, аюул? Үйлээ хийж байгаа амиа алдах айдас байна. Харваа хийж байгаад амиа алдсан тохиолдол гарвал?

Х:
Эзэн хааны есөн сайхан өрлөг нь
Заларчихаад байхад
Харвах намнахаас айх юун?
Өндөр тэнгэр эцэг заларчихаад байхад
Өөдгүй сэтгэлтнээс айх юун?
Ерэн есөн тэнгэр нь заларчихаад байхад
Элдэв харвааг явуулах
Зоригтон нь хаана байна?

Атаа жөтөө сэтгэлийг дарж
Арвин их шидийг хүртээх тул
Айх зүйл үгүй билээ
Өндөр дээдүүд залрах
Эрхийг авсан тамгыг хүртсэн
Тэр л улаач бүр
Өөрийн махан биеийг
Гурван гаригтаа өвтгөлгүйгээр бэлд

Харзны усанд орж
Галын шидийг хүртэж
Гал дээр бөөлж
Билгийн шидийг хүртэж
Амин эрчмээ сэргээж
Махан эрчмээ эрүүлжүүлж
Махан идэшнээс салж
Эл биеэ засваас үхнэ хэмээн айх юун?

А: Мянган онгодын чуулган түүхэнд болж байсан уу?

Х:
Буман жилээс хойш зуун тавинтаа болж байна.

А: Эзэн богдын үед болж байв уу?

Х:
Эзэн богдын үед
Мянган онгод чуулж
Их үйлээ бүтээж
Эзэн хаанаараа
Тэмүчин үрийг сонгож
Тэнгэр эцэг тамгалж
Чингис цолыг хүртээсэн

Ард иргэд нь хаанаар товлож
Тэнгэр эцэг нь
Чингис цолыг хүртээсэн
Арга билгийг хослуулан явах
Гайхамшигт шидийг хүртээсэн
Оюун билгийн хурыг нь гайхан шагшиж
Түмэн ард нь буман ард нь
Эзэн хаандаа өргөсөн билээ.

А: Мянган онгодын чуулганыг мянган жилдээ хийх үү? Дараалж хийх үү?

Х:
Гариг хугацааг айлдсан билээ
Дахин дахин үйлдэх хэрэг юун?
Түмэн ардаа нэгдүүлсэн бол
Түмэн олноо аварсан бол
Дахин дахин хийх хэрэг юун?
Газар дэлхийдээ
Гэгээрлийг түгээх үйлэндээ шамдаж
Ард олноо
Их үйлэндээ шамдуулах бус уу?
Их төрөө бүтээх бус уу?

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР