2012-07-10

Сайхантуяа: Гэрлийн Өргөөнийхөндөө


Баяр наадмын хөөр цэлэлзсэн
Бадаг найргийн уянга мэлтэлзсэн
Хөхүүртэй айргийн ааг амт нь чивчирсэн
Хөхөөтэй зуны наран хуран тэгширсэн

ХӨХ ИХ Дээдсүүд минь хорвоог дэнслүүлэн заларсан
Хөвчин дэлхий амарлих хүчит ЗӨНг далласан
Зуун зуунаар алслагдсан Монгол үрсүүдийн учраанд
Зузаан Буурал түүх зүрхээ тэмтчин уярсан Сэтгэлийн галыг бадраасан энэ л нэгэн зуны
Сэвшээ салхинд эрхэлсэн эгэл энэхэн өдөр
Гэгээрлээс гэгээрэлд зорих эрхэм хүслээр жигүүрлэсэн
Гэрлийн Өргөөний андуудаа магтан дуулсу, би
Гэгээ татуулсан Өргөөгөө шагшин СУУлсу, би

Ургахуйгаас шингэхүй хүртэл улс түмнийг эрчилсэн
Урдах замыг нь засч, хойтох мөрийг нь тэгшилсэн
Хотол олон түмэндээ ХӨХ ТНГР-ийг мэдүүлэн захирсан
Хойчийн үрс бидэндээ эргэн ирэхээ сануулан зарлигдсан
Амар амгалангийн СУУ Заль төгөлдөр гэгээн
Аугаа хүчит Эзэн Богдоо сүсэглэн мөргөмү

Дээдийн Дээд Тэнгэрүүдийг дэргэдээ залан буулгасан
Дэлхий ээж, уул усыг дуугаараа аргадан амилуулсан
Далай хайрын сэтгэл нь орчлонг уяраан ариулсан
Дайчин Аянгат Удгандаа сөхрөн биширмү би,

ХААН Дээдсийн эгэлгүй айлтгалыг
Хатан Удганы эргэмгүй шийдвэрийг
Харж, үзсэн даруйдаа хайлан уйлан нэгдсэн
Хажир мэргэн үнэнийг халуун зүрхнээс мэдэрсэн
Ухаант дээдсүүдийн учиртай үгсийг
Ухан ойлгож амьдралд дэлгэрүүлсэн

Таньсан мэдсэнээ тархаан хэлэлцдэг
Талын нүүдэлчин ургийн залгаас балчруудтай
Удмынхаа буурлуудыг хүндлэн залсан
Уран цэцэн улаач олон балчруудтай

Ороод л ирэнгүүт мэлмий юуг баясгасан
Оройн дээд оломгүй эрчим тунарсан
Гэнэ гэнэхэнд зочлоход сэтгэл юуг сэргээсэн
Гэм зэмийн тоос нь үгүй Гэрлийн Өргөө мину зээ.

Хараалын муу үгсийг, хэн ч
Хайвч эндээс олохгүй
Хайрын гэгээн хайллууд, харин
Хаа сайгүй тааралдана
Осолдож эндсэн алдааг
Ойлгож залруулах буянтнууд
Дэмий хэлсэн үгсийг ч
Тэвчиж засахын ачлалтай.

Зорьж яваа үйлс нь
Зоргоор бүтчих амар биш ч
Золбоот балчруудын сэргэг оюун,
Зоригт баатруудын эрэмгий сургаалиар
Хад чулууг хага бутлах мэт давшина
Хар мууг ор мөргүй хөөж дарна.

Сайн сэтгэлт АНДуудын минь
Санасан үйл саадгүй бүтэг
Ариун журамт АНДуудын минь
Ажил хэрэг амжилтаар дүүрэг.

Эх түүх Монголчууд сэрэхийг хүлээн өндөлзөнхөн байна
Эрэлхэг Дээдсүүд ижий Монголоо хараад омогшинхон байна
Эргэх ертөнц Монгол уухайн дууг санагалзанхан байна
Эрхэс мичид Монгол түмний хурайг зүүдлэнхэн байна.

Уухай уухай уухай
Ухаан, Хайр, Үнэн эрчимнэн түгтүгэй
Хурай хурай хурай
Хөх тамгат үрс эвлэлдэн нэгдтүгэй

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР