2012-07-22

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 2-р хэсэг


14-ний өглөө. Энэ өглөө манай майханыхан ариун цэвэр гээчийг мандуулан бадруулж, үс гэзгээ угааж, өнгө зүсийг олов... хэхэ... Харин биднийг босохоос өмнө Тэнгэр удган болон Тэнгэрийн дуучийн майханыхан боссон байв. Ер нь энэ шөнө удган маань амарч чадсан эсэхийг бүү мэд. Учир нь Тэнгэрийн дуучийн төрсөн дүү босоод 2 жил орчим болж буй удган Хан Хөгшин хайрханаас эхлэн бидэнтэй нийлсэн юм. Тэрээр хуяг, хэцээ буруу хийсэнээс (өөр шалтгаан байсан эсэхийг би мэдэхгүй) болон дээд буурлууд нь нилээд догширсон байсан ажээ. Энэ гол дээр ирж буудалсанаас эхлэн Хааны зөвшөөрлөөр буусан Дээд буурлууд нь ихэд хилэгнэн хэд хэдэн удаа татаж унаган тэр тоолонд нь удган минь засаж янзалсаар биднийг сэрэхэд ч мөн л тэр удган унасан байдалтай Тэнгэр удган засаж байв.

Тэнгэр удган муурч унасан удганыг тайвшруулан хэвтүүлээд голын хайрга дээгүүр дуу аялан явж их л нухацтай чулуу түүж байлаа. Авсан чулуу бүртээ нэг дуу дуулан амандаа ойртуулан үлээж, шившэн байх шиг харагдав. Биднийг тахилын цайгаа чанан буултанд бэлдэхийн өмнө Тэнгэр удган манай майхнаар айлчлав. Учир нь удган маань сонирхол төдий чулуу түүсэн биш харин бидэнд зориулан шид шингээн түүжээ. Хэн хэн ямар чулуу авсаныг (өнгөц харахад бид өөрсдөө сонгосон мэт байвч эзнийг нь оноон түүсэн чулуудаас эзэд нь танин авсан ч байж мэдэх юм) сайн санахгүй ч хүн болгон өөрт хэрэгтэй чулуугаа авсан байлаа. Миний санаж байгаагаас Аби эгч биеийн өвдөлт шингээх чулуу, Хааны нэг өрлөгийн улаачид хэнгэрэг шиг хэлбэртэй дугуй чулуу өгөв. Учир нь тэр жанжины эрлэг нь биед нь залран морьдохдоо хэнгэрэгээ цуу татсан юм. Угаас түүний Дээдэс энэ миний хэнгэрэг биш гэдэг байсан талаар ярьж байсан. Хэдийгээр өөрийн хуяг, хэцийг байх ёстойгоор нь бэлдүүлээгүй ч “Уур хилэнгээ уулын цаана гээн” их зүйлийг хүлцэн байж үрдээ заларсан энэ Их Жанжиныг би сэтгэлдээ хүндэтгэн хайралдаг бөгөөд түүний улаач Дээдсийнхээ түүхийг өөрөө бичиглэнэ биз ээ. Мөн бүдүүн зүрх гарган элдэв зүйл бичсэн бол Дээдсүүд өршөө...

Харин Удганы дэлгэсэн чулуудаас би нэгэн зүрхэн хэлбэртэй цайвар чулууг сонголоо. Ингэх ч шалтгаан байсан юм. Харин тэр чулуу дангаар биш хосоор байсан бөгөөд Удган хос болох зүрхийг нь нэмж өгөв. Энэ хос зүрхэн чулуу шидээ гаргасан ба ТЭНГЭР УДГАН болон ХААН таньдаа маш их баярлалаа.

За ингээд удганаас том бэлэг авсан бид хэд чихэрэнд бялуурсан хүүхдүүд шиг баясан хуяглацгаав. Голын эрэг дээрх энэ буултад хоёр Жанжины улаачид Жанжид нь буун харин 2 удганд лус буув. Буухаасаа өмнө би Жанжидын буултыг багахан сонирхов. Хэцээ цуу татуулсан Жанжин Тэнгэр удганы хэцээр буусан бөгөөд удганы хэцийг ихэд хайрлан, илж, уйлж байлаа. Ер нь буурлуудын буултаас бидний өвөг Дээдүүд бие биедээ ямар ЧИН сэтгэлээр ханддаг байсныг байнга мэдэрч байсан юм.

Энэ өдөр миний биед буусан буурал гараа ч хөдөлгөж дийлэхгүй байсан бөгөөд хатсан мэт мэдрэмж төрж байлаа. Түшээ маань рашаан аяглан өгөхөд тэр буурал хэлээ булталзуулан их л сонин ууж байв. Хэр их рашаан хүртсэнийг бүү мэд. Мөн түшээ хийж байсан Аби эгч гар дээр минь ус асгаж өгөхөд тэр буурал бүүр сэтгэлийн угаас талархан баярлаж байсныг үүгээр дамжуулъя. Энэ буурал лус байсан.

Ингээд бид ачаалан Хүйсийн Найман Нуур хэмээх үзэсгэлэнт газрыг зорилоо доо. Найман нуур орох зам шавар шалбааг, хат чулуу ихтэй байсан бөгөөд Тэнгэрийн дууч микро болон нэгэн солонгос тэрэг хөлөглөсөн бидний хэдэн нөхдийг Найман нуур хүрч дийлэхгүй гэсэн урьдчилсан “прогноз” гарган явж чадах газраа хүртэл яван буудаллаарай гэсэн лүндэн буулгасан билээ. хэхэ... Үнэхээр ч бид өмнөх 2 машиныхаа барааг алдан маш удаан явж буухдаа бууж, түрэхдээ түрж, зам анги ажиллуулахдаа ажиллуулж шархдсан цэрэг шиг дайвагнасаар нар жаргахын алдад нөгөө хэд дээрээ хүрлээ. Биднийг доороос уухилан ирэхийг харсан хэд маань чангаар УУХАЙлан баярлан угтсан даа. Тэнгэр удган маш их баярлаж хөөрсөн байсан бөгөөд “-Та хэдийг ирж байхыг хараад уйлах шахлаа” гээд баярлан инээж байсан. Энэ бол уйлах дуртайдаа биш, харин сэтгэл гэж юу вэ гэдгийг харуулсан хэрэг... Замын турш удган нэг бол тайван ажсан байдалтай, тун цөөхөн үед ширүүн дүртэй харагдаж би дотроо эмээн, заримдаа ухаалаг бодолд орсон харагдаж хайрлан, заримдаа хүүхэд шиг хөөрөн баясаж, дэггүйтэн өхөөрдмөөр... Удган минь удган минь... энэ дэлхийд ховорхон байх энгийн бөгөөд эгэлгүй нэгэн... (Элдэв зүйл бичсэнд Дээдсүүд өршөөнө үү.гэхдээ л ...)

Энэ үдэш Нисдэг буурлаа буулган Хаан манаж, Хийморийн тэнгэрийн майханыхан инээлдсээр харин бид унаад өгөв.

Өглөө эртлэн босч өндөр уулсаар хүрээлүүлэн орших үзэсгэлэнт Хүйсийн Найман Нуур луу удган тэргүүтэй сүүлдэж ирсэн хоёр машиныхан алхлаа. Тэнд удган найман нуур болон эргэн тойрны уулсын амийг сэрээн нутаг усыг эздэд нь даатгах үйлийг хийх байжээ.

Өндөр уулын оройд гаран өргөлөө өргөснөөр бид газар завилан сууж, Удган хуураа татан үйл эхлэв. Үйл эхлэхийн өмнө удганы заавраар бид тус газрын амийг мэдрэхийг хичээсэн ч мөн л олигтой зүйл мэдрэгдсэнгүй. Үйл эхэллээ. Тэнгэр бүрхэг, салхи ихтэй. Нар луу харан өөрчлөгдөн солигдох дүрс, өнгүүдийг харж мэдэрсэнээр Нуурын амийг сэрээв. Биднийг очиход салхи их байсан ч нуурын ус давалгаалан хөдлөхгүй байсан юм. Харин удган нуурын амийг сэрээн бидэнд харуулахад нуурын ус яг л удганы хэлснээр бүхэлдээ нэг шар ногоон болж, нэг ягаан болж өөрчлөгдөж байлаа. Мөн “- одоо та нар сэтгэлээрээ нуурын усыг наад захаасаа нь эхлэн давалгаалуул” гэж хэлээд өөрөө хуур татахад яг л наад захаасаа эхлэн давалгаалж эхлэв. “-Одоо давалгааг бүр хүчтэй болгоё” гээд хуур татахад яг л усны давалгаа илүү өндөр болж байлаа. Үүний дараагаар Хүйсийн Найман Нуурын эргэн тойронд дүнхийх өндөр хөх уулсын амийг сэрээн том шар ногоон өнгийн дугариг амиуд тодрон харагдаж нэг уулын оройгоос нөгөө уулын орой хүртэл шилжин амилсаар алгуурхан өөдөө хөөрч байлаа. Ингээд биднийг газар хэвтүүлэн газарт чихээ наан энэ газрийн амийг дахин мэдрээдэх гэв. Эхлээд ус оргилон байгаа мэт зөөлөн чимээ гарч байснаа улам тодрон хүчтэй урсгал ус урсан байгаа мэт болж эхлэв. Тэгээд нүдэнд урт цагаан, нарийхан хөмсөг, урт цагаан нарийн сахал бүхий нүүр харагдав. Энэ талаар удганд хэлтэл “энэ газрын эзэн загасан төрхтэй” гэлээ. Ингээд бид чангаар ТМГ дуудлагаа хэлэн амиудыг харж мэдэрч чадсандаа баярлан буув. Нээрээ ийм бөөлөөн болгоны дараа бидний дээр заавал жигүүртэн (элээ байх том мөртлөө бор цайвар өнгөтэй) хэд хэдээр ирж байсан бөгөөд тэр болгоны гэрлэн бүрхүүлийг бид харж чадаж байсан.

Майхан дээрээ очин мөн л хуяглан буурлуудаа буулгав. Энэ өдөр буусан буурал минь их аядуу зөөлөн сайхан буурал байсан бөгөөд ямар нэгэн огт мэдэхгүй дуу аялан хоёр гарны минь дотор талыг тойгуураараа зөөлөн тогшин байв. Тэгээд ярилаа. Энэ өдрийг хүртэл манай буурлууд ярьдаггүй байсан юм. Харин бусдын маань Жанжид, эрлэгүүд дараалан бууж, бусад маань буусан буурлуудад сэтгэлээсээ ая дуу өргөн байлаа. Нэгэн удганы буурал байгаль эхийн талаар сургааль айлдаж, өмнө нь тойрон суусан хэд мөн л уйлж суув. хэхэ...

Буултын дараагаар бид мөн л юмаа ачаалан аяндаа гарлаа. Дараагийн зогсоол Улаан Цутгалан.

Бид найман нуураас Уянга сумыг зүглэн явав. Микро болон солонгос тэрэг өмнөх 2 машинаас хоцрон явав. Замын бартаа арилж, шулуун замд ороход тал дунд нөгөө хэд маань бүгд буун нэг газар сууцгаасан байв. Буун очтол Хаан буужээ. Газраас ургасан том цагаан чулууны дэргэд Хаан сууж хуур татан байх бөгөөд бүгд чимээгүй байв. Хаан үйлээ хийж байхдаа нулимс нь ихээр урсан үе үе тэр нулимсыг том цагаан чулуунд түрхэж байлаа.

Тэр чулуу бол газраас ургасан ургаа чулуу бөгөөд анх хонины сүүлний дайтай байжээ. Чулууг хонины сүүлний дайтай байх тэр үед Халхын Сайн ноён хан Намнансүрэн “-Энэ чулуу төлөгийн дайтай болоход Монголын төрд эргэлт гарна” гэж хэлсэн түүхтэй аж. Өнөөдөр тэр цагаан чулуу төлөгийн дайтай болж Мандухай хатны цэргийн харуулын тууриас хатан онгодын зааж авхуулсан тэр цагаан чулуу харин толгойгүй төлөгний толгой байсан бөгөөд түүнийг онгодууд толгойн тус газар нь байрлуулсан байв. Түүнчлэн 2 гурвалжин хэлбэрийн босоо чулуу тууринаас авхуулсан байсан нь тэр чулуунд босгосон хөшөөний хоёр талд байрлуулжээ.

Мөн төлөгний бие хэсэгт удганы гар, хуруу, шууны оромнууд байсан бөгөөд онгодууд тэдгээрт удганы гар, хуруунуудыг яг тааруулан үйл хийсэн байв. Мөн удганы нэг хурууны (яг аль гарын аль хуруу гэдгийг санахгүй байна) хажууд байх жижиг хар мэнгийг цагаан төлгөн чулууны биед байх жижиг нүхэнд амсуулан ундаалсан гэсэн. Энэ үйлээс бид хожимдсон бөгөөд яг харж байсан хүмүүс бичих бизээ.

Бид очин чимээгүйхэн сууцгаахад хаан “Монгол төрийг завхруулагч хэн бүгд там руу тонилго” гэж гурван удаа чангаар хэлүүлэв. Мөн “Монголын төр мандан бадраг” гэж гурван удаа чангаар хэлүүлэв. Энэ бүгдийг хэлэх явцад Хаан хуур татсаар бас нулимс нь урссаар байсан бөгөөд үүний дараа юу харагдсаныг хүмүүсээс асуув. Ихэнх хүмүүст доороо ирт мэстэй дээрээ очиртой зэвсэг харагдсан байв. Надад доошоо харсан сум эсвэл, зэв харагдлаа. Энэ харагдсан зүйлийн цаад өнгө ув улаан байв. Үйл дуусч дуудлагаа хэлэн гурван удаа ХУРАЙлснаар бид цааш хөдлөв

Уянга сумын төвд ирэн төвөөс Бат-Өлзий сум орохоор хөдөллөө. Уянга сумаас дөнгөж гарав уу үгүй юу алтны ордууд дараалан тааралдаж бөөн бөөн овоолсон шороо, алт угаасан шалбааг ус, “АЛТ, ХҮНС, НЭГЖ” гэж бичсэн зүс муутай гэрүүд... сэтгэл нэг л тавгүй...

Энэ дүр зургийг дөнгөж өнгөрөөгөөд мод, хад бүхий уулын даваан дээр зогсов. Салхитай, бороотой, сэрүүхэн байсан ч яг бидний байх газар бороо тойрон байлаа. Удган нүүрээ алчуураар битүү ороон хэцээ аван ганцаараа хадтай уул руу гаран Уянга сумын зүг харан суув. Биднийг нааш гарах хэрэггүй гээд үлдээсэн байв. Сураг сонсоход удган замын турш алтны уурхайн талаар Тэнгэрийн дуучаас асуун хэн анх энэ үйлийг эхлүүлсэн, хэн зөвшөөрлийг авсан зэргийг мэдэж авчээ. Хаан түшээгээрээ рашаан авчруулан Уянга сумын зүг харан хэцээ нүдэн газраар нэгэн үйл хийв. Энэ үйлийг хийхдээ ч түшээгээ өөрөөсөө хол байлган ганцаар хийж байлаа. Дараа нь рашаан усаа гартаа дүүргэн уурхайн зүг цацан гараараа дохиж байв. Энэ үйлдлээ хэд дахин давтан хийгээд үйл нь дүүрч бууж ирэн бид хөдлөв. Тэнд юу хийсэн талаар мөн л нарийн зүйл хэлсэнгүй, бид ч асууж зүрхэлсэнгүй.

Энэ шөнө бид замд таарах эзгүй айлын гэрт хоноглон цай чанаж уугаад талархсан сэтгэлээ илэрхийлэн орон дээр нь аялалын сангийн сайдын зүгээс амттан үлдээн үүрээр эрт хөдлөв.

Зам сайхан тул тун удалгүй Орхоны Улаан цутгаланд хүрлээ. Удган үйлээ эхлэхийн өмнө биднийг хаданд чихээ наан амийг нь мэдрэхийг хүсэв. Би л хувьдаа юу ч мэдэрсэнгүй. Бусад маань ч адил байсан байх. Унтаа амь мэдрэгддэггүй гэж ойлгов.

Бүгд нарны зүг харан бөөлөө эхэллээ. Нарыг амилуулан өнгө өнгөөр солигдон гэрэлтэх амь, дүрсээ өөрчлөн байхыг харан бүгд ам амандаа одоо ягаан, одоо шар одоо гурвалжин, одоо тод цагаан, нар том болсон байна гэх мэтээр юу харж байгаагаа хэлэв. Дараа нь хүрхрээний амилсан амийг харж доош буух хүрхрээний ус шар ногоон болж байна, одоо ягаан болж байна, одоо солонгорч байна гээд л удганы хуурын дуунд өнгөө солин амилах амийг ам булаалдан хэлцгээв. Одоо нүдээ анин, алгаа хүрхрээний чулуун дээр тавин мэдэрцгээ юу харагдаж байна гэв. Энэ удаа би өөрийн харсан зүйлдээ сатаарч бусдын юу гэхийг сонсож чадсангүй. Би юу харсан бэ гэвэл. Эхлээд нүдээ анихад харанхуй байв тэгснээ хөшиг нээгдэх мэт тэр бараан дүрс дундаасаа бүрэлзэн яг бодит мэт ногоон зүлэг бүхий хошуу, хошуун завсраар ташуулдан харагдах гол нэг цагаан гэр харагдсанаа алга болчихов. Бас яг тэрэн шиг өнгөтөөр, тодоор нэг юм харагдсаныг юу байсныг одоо таг мартжээ. Тэр үедээ тод санан байсан ч би хэлээгүй юм. Учир нь яг тэрхэн агшинд юу харснаа ойлгоогүй бас итгээгүй юм даг.

Ингээд бүгд чулуунд чихээ наан хүрхрээний амийг мэдрэх даалгавар авч чихээ наатал сулхан зүрний цохилт нэг хэмтэй цохилж байв. Харин бусдад минь тод сонсогджээ. Би ер нь бусадтайгаа харьцуулахад хоцрогдолтой байгаагаа мэдэрч байлаа. Манайхан энэ олон хоногийн бөөлөөний турш миний харж чадаагүй олон дүрсийг харж байсан. Гэхдээ энэ бүхэн хувь хүнээс л шалтгаална.

2 цагийн дараа Хар хорины зүг хөдлөв. Бидний хамт явж байсан Хааны нэгэн охин үр Хархорин орох замд маш сайхан цайлан дайлсан бөгөөд баярлаж талархсанаа бас л үүгээр дамжуулъя.

Үд нилээд хэвийсэн хойно Хархоринд ирлээ. Эрдэнэ зуу хийдийн хойно байрлах туурь дээр Тэнгэрийн дууч биднийг аваачлаа. Ер нь энэ аялалын замч бөгөөд тайлбарлагч нь Тэнгэрийн дууч Түвшинжаргал гуай байсан юм. Энэ хүн “Монголын нууц товчоо”-н дээр гарсан бүх нутаг орноор явсан бөгөөд, Монголын түүхийн талаар маш их мэдлэгтэй нэгэн байлаа. Тэр ч бас өөрөө Монголын түүхэнд гавъяа байгуулсан баатруудын удам байсанаа аялалаас ирээд удганаас сонссон байх. “Учиргүй юм гэж үгүй”

Тэр туурин дээр 11 дөрвөлжин цутгамал суурь (буруу санаагүй бол), нэг дугуй цутгамал суурь байлаа. Дугуй дээр удган хөл нүцгэн зогсож, харин улаач болон угтангуудыг дөрвөлжин суурийг өөрсдөө сонгон хөл нүцгэн зогс гэлээ. Удган хэлэхдээ тэнд бас нэг дөрвөлжин байх ёстой дутуу байна гэж байлаа. Бүгд өөрсдөө сонгон нэг нэг дөрвөлжин дээр зогсов. Миний сонгосонд дөрвөн нүцгэн хөлний мөр байсан бөгөөд дөрвүүл миний хөлөнд таарч байв. Миний өмнө зогсох Нисдэг балчир мөн л энд хөлийн улны мөр байна миний хөл яг таарч байна гэв. Удган хуурдлаа. Бид нүдээ анин мэдрэхийг хичээв. Удган хүн болгоноос юу харагдсаныг асуув. Энэ удаа бүх хүнд өөр өөр дүрс харагдажээ. Эхний удаад надад нэг улаан ромбо харагдав. Дахин хуур татаад дахин асуув. Надад өөр хэдэн дүрс нэмэгдэж харагдав. Доош харсан зэв, гурван хэлхээ ромбо, дээрээ ромботой доороо хар самлага мэт нийлүүлээд харахад туг мэт нэг дүрс харагдав. Харин бусад хүмүүст ямар дүрс харагдсаныг тогтоосонгүй. Мөн хүн бүрт өөр өөр мэдрэмж төржээ. Би тэр дөрвөлжин дээр гарч зогсонгуут маш их баярлаж инээмээр болсон юм.

Ингээд бидний аялал ерөнхийдөө дүүрч бид гэрийн зүг гэдэн годон хийлээ дээ...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР