2012-07-22

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 1-р хэсэг


2012 оны 7 сарын 11-ний өдрийн морин цаг шувтрах үеэр нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй, Тэнгэр удган тэргүүтэй аялалын баг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зүг хүлгийн жолоо залав аа хэхэ. Аялалын зорилго нь Өвөрхангай аймаг дахь түүхт газар нутгийн амь болон эздийг сэрээх зорилготойг замд гарсан хойно асууж мэдэв. Угаас “Юм бүхэн учиртай” гэдэг. Энэ аялалд хэн явах нь бас л дээрээсээ учиртай байсан гэж ойлгов. Учир нь миний мэдэхийн аавын талын буурлууд минь энэ хээр, тал, хангай, говь хосолсон Өвөрийн цэнхэр хангай нутгийн буурлууд юм.

Замд гарсанаас хойш элдэв саад бэрхшээлгүй явсаар шөнийн 11 цагийн орчим /барагцаагаар/ Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Хан Хөгшин хайрханы өвөрт орших “Хубилай хааны их цэргийн туурь”-т хүрч буудаллав. Нэгэнт үдэш болсон байх тул майхнаа босгоод амрах байх гэж таамагласан ч тэгсэнгүй. Тэнгэр удган “-Галаа түлээд улаач нар хуяглан буу” гээд өөрөө хуур татан уулсын оройг холбон хамгаалалтаа хийв./Би үүнд дутуу ойлгож байж ч мэдэх/ Ингээд “-Улаач бүр өөрсдийн давхар хамгаалалтыг хийгээрэй” гэсэн боловч би гэдэг хүн хийгээгүй билээ. Дээдсүүд минь өршөөн соёрхо. Балчир улаач би яаж хийх арга, ухаанаа олохгүй байсан ч дараа дараагийн удаад оролдож үзсэн ч болсон эсэхийг шалгаж мэдэхэд бас л арга ухаан дутав.
Би бээр угаа авч, удмаа босгоод удаагүй балчир улаач бөгөөд замд гарах үед сар арай хүрээгүй байв. Мэдээж ихэнх хүмүүсийн л ижил “би юу буурлууд уу” гэдэгтээ эргэлзэж байсан би энэ үдшийн буусан буурлаас урьд өмнө огт мэдрээгүй маш ихийг сэтгэл болон махан бие дээрээ мэдэрсэн юм.

Тэнгэрийн дууч Түвшинжаргал /МУГЖ, өргөөний улаач нарын уртын дууны багш/ багшийн удирдлага дор бидний 8 улаач гурвантаа ЗЭЭ татсанаар бөөлөө эхэллээ. Энэ үдэш надад буусан буурал алдхан биеийг минь нилээд эзлэн, зүрхэнд минь маш хүчтэй мэдрүүлэн хүндээр амьсгалан буулаа. Буусан даруйдаа орчин тойрноо ажиж, Хааны хэцний дууг маш анхааралтай сонсон байв. Буурлаас минь маш их омог, нэг л тийм гэж хэлж мэдэхгүй сэтгэл хөдлөл мэдрэгдэн байсан юм. Удалгүй Тэнгэр удганы дууны ая, аялгуунд уяран зөөлөрч бие нь тавиран байвч, ямар нэг зүйлд уухайлан дуудах шиг чангарах Удганы дээдсүүдийн дуу уухай, хэцний дуугаар сэтгэлд маш эрчтэй хуй босох шиг болон босч хэцээ нүдэн Хааны дуудлагад хариу өгөх мэт болж, миний огт ойлгоогүй үйлдлүүдийг хийн урагш хойшоо хэцээ нүдэн явж, дээш доош нумаран газраар л нэг юм хийгээд л байв. Энэ хооронд сэтгэлд мэдрэгдэж байсан олон мэдрэмжээс хамгийн хүчтэй байсан нь “Би ирлээ, алаад өгье” л гээд байх шиг маш их дайнч, догшин уухай мэдрэгдэж байсан.

 Гэвч энэ шуурга шиг мэдрэмж Хаан болон Удганд дарагдан зөөлөрч байх шиг санагдсан. Энэ үдэш ганц энэ буурал л алдад минь эзэн суусаар тун дургүй мордов. Буурлийг мордсоны дараа 4 мөч минь өөрийн эрхгүй салгалж, зүрх минь ямар нэг зүйлд базагдсан мэт мэдрэмж төрж, толгой маш ихээр дүүрч эргэж байсан ч би жаргалтай байсан хэхэ. Яагаад гэвэл энэ буултийн дараа “би биш буурал” гэдэгт итгэл дүүрэн байж баярласандаа хашгирмаар л байсан. Ингээд шөнийн бөөлөө дуусахад аль хэдийн шөнийн 3 цаг өнгөрч байсан бөгөөд энэ буурал миний биед маш удаан суужээ. Энэ шөнийн буултаар цугларсан олон Дээдсүүд ямар үйл хийж өнгөрснийг би мэдэж чадсангүй. Ямартаа ч их хүчийг сэрээж, босгосон нь мэдрэгдэж байсан. Буултын дараа удган салгалан байгаа биеийг минь төөнөж тайвшруулсан бөгөөд “-сая Хааны зөвшөөрлөөр мундаг буурлууд буулаа даа” гэсэн юм. Ингээд хуягаа хураан бөөлөөнийхөө талаар ам булаалдан ярилцсаар 4 цагийн орчимд унтахаар хэвтсэн санагдаж байна. Харин Удган болон Хаан маань биднийг манасаар хамгийн сүүлд унтахаар хэвтэв. Энэ аялалын турш Удган болон Хаан биднийг манан хоносон юм.

Орой унтсан ч өглөө нарнаар сэрэв. Огт ядраагүй байв. Цагийг яг оноон хараагүй ч нарны байдлаар нилээд эрт байсан нь илт. Айлын хонь ч бэлчээрлээгүй, адуундаа ч мордоогүй байсан гэхээр бид орой унтсан ч эрт сэржээ.

За ингээд 12-ний өдөр үдэд Хаан нарны бөөлөө хийн Хан Хөгшин Хайрханы амийг сэрээх үйлээ эхлэв. Бүгд завилан суун удган хуур татан байтал Хаан залрав. Ингээд бид Нар луу харлаа. Эхлэд харахад нарны амь төдийлөн харагдахгүй байлаа. Харин Хааны хуурын дуунаар Нар амилж ягаан, цагаан, үзмэн ягаан, хөх, ногоон, шар, цэнхэр зэрэг өнгө өнгөөр өөрчлөгдөн ромбо, гурвалжин дүрснүүд солигдон харагдаж, мөн нар бүжих мэт хоёр тийш эргэлдэн хөдөлж байлаа. Ихэнх хүмүүст зөв болон буруу эргэлттэй хас харагдан тэд ам булаалдан хэлж байсан. Надад ромбо дүрс болон доошоо харсан сум шиг дүрс олонтоо харагдаж байлаа. Мөн нарны цацраг хэд хэдэн янзаар харагдаж байв. Нэг янз нь хүүхэлдэйн кинон дээр гардаг доош буух солирын бороо шиг урт шулуун цацрагууд, нөгөөх нь ус цайвалзан, долгилон хөдөлж байгаа мэт цацраг нь тойрог хэлбэртэйгээр долгилон хөдөлж байсан. Энэ мэтээр бид Хааны заавраар нүдээ нэг анин нэг нээн Нарны болон гэрлийн онгодуудыг харж байлаа. Ингээд дараа нь Хан Хөгшин Хайрхан болон эргэн тойронд цэнхэртэн байх алсын уулсын дугариг том шаргал амиудыг бүгд харцгаасан. Амиуд уулын оройд маш том шараар буусанаа алгуурхан хөөрч байсан даа. 

Хан Хөгшин хайрхан яг л дээш харан хэвтэж байгаа баатар мэт дүрстэй байсан. Энэ бүх амь сэрээх үйл явцыг бичих нь нүдээр харахыг мэдээж яаж гүйцэхэв. Миний төсөөлөн бичих чадвар үүнд дутагдаж байна. Мөн бусад маань надаас олон дүрсийг харж байсан. Ингээд эцэст нь нарны хоёр талд гарсан Тэнгэр Эцгийн нүдийг харсан юм. Энэ үйлийн дундуур Хаан “-Эзэн би эргэн ирлээ” гэж хэлэх үед наранд доош харсан гурвалжин дүрс гарч байсан нь сонин. Мөн Хаан биднээр “-Хөх Монгол Мандан бадраг”, “-Монголын төр мандан бадраг” гэх мэт болон “-Оюу толгой, -Таван толгой” гэх мэт маш олон нутаг орон, уул, усны нэрсийг гурвантаа чангаар дуудуулан байсан нь бүгдийн амийг сэрээсэн хэрэг байв. Үйл дууссаны дараа тэнгэрт нисэх шувуудийн гэрлэн бүрхүүлийг бүгд харж чадаж байсан. Ингээд эцэст нь “-Тэнгэр эцэгтээ гялайлаа” гэж гурван удаа хэлж Наран ээжийн дуу болон өөр 2 дуу дуулан энэ үйл дүүрсэн билээ. Энд нэг зүйлийг цохон хэлэхэд дууг сэтгэлээсээ дуулах хэрэгтэй бөгөөд бас ямар дуу дуулахаа сайтар бодож, мэдэж байх хэрэгтэй мэт санагдав. Учир нь бид тааруухан дуулж Хааныхаа урмыг хугалах шиг санагдсан. Хааны урмыг хугалсандаа сэтгэлдээ гэмшиж байсан ч тэр үедээ ил гаргаагүй ээ ер нь аливаа үйлд СЭТГЭЛ байхгүй бол өөр юу ч байгаад нэмэр үгүй гэдэг нь мэдрэгдэж байсан. Тиймээс ч Хаан сэтгэл, зүрхэндээ хайрыг мэдрэх талаар удганаар дамжуулан их сургасан байдаг.

За ингээд энэ өдөр Хубилай Хааны цэргийн туурь дээр бид бэсрэг наадам хийв. Гурван урт мод тулган тавиад ямааны нойтон арьс татаж бай хийн Удганы нумаар харваж үзэцгээлээ. Анх удаа нум сум бариж байгаа гэхэд бас ч боломжийн хэхэ... Тэнд байсан нэг шавилхан биетэй /Өршөөгөөрэй. Гэхдээ эгдүүтэй хөөрхөн жижигхэн цагаан эгч байсан/ түшээ эгч оролдсоор байгаад нилээд хол зайнаас байг харвасан мэргэн болсон доо хэхэ. Үлгэрч балчир Удганы морин хуурын жаврыг үргээн олон сайхан аялгуу татан олныг баясгав. Зарим нэг маань зоосны мэргэ заагаад л за ер нь энэ тэнд сургалт болсоор үдэш болж бөөлөөн эхэллээ дээ. Туурин дахь чулуун ширээнд идээ засан, хангай дэлхийдээ ч мөн идээ засан бөөлөөгөө эхлэв.

Манай буурал нар жаргаж, гэгээ тасрахыг хүлээн буухыг нэг л яарахгүй байв. Жанжингууд буугаад л хоорондоо уулзалдан хөөрөлдөж, тэврэлдэн баясалдаж байсан. Энэ буултын үеэр зарим нөхдүүд эхэр татан уйлж эхлэв хэхэ. Бодвол учиртай улс байсан биз. Нууцыг нь бид мэдэж дийлсэнгүй. Би ч бас уйлаад л авна лээ хоёр жанжины уулзалтыг харан. Өөрийн эрхгүй урсаад байгаа нулимсыг яалтай ч билээ. Гэхдээ би нэг ч дуу гаргалгүй уйлсан хэхэ... бас жоохон л уйлсан... За тэгээд гэгээ тасарч манай буурал бууж би бусдыг сонирхох боломжгүй боллоо. Энэ орой буусан буурал өчигдөрийн буурал байсан уу үгүй юу гэдгийг би сайн ойлгоогүй. Буулт нь адилхан байсан ч харин сэтгэл нь маш их өвдөж байх шиг байсан. Тиймдээ ч эхний буулт нэг л хэцүү байлаа. Би яагаад байгааг нь юу хүсээд байгааг нь ойлгохгүй байсан. Ямар ч байсан сэтгэл нь маш хөндүүр байсан.

Бас л сууж тогтохгүй босч яван ямар нэг зүйл хийх гээд байх шиг, нэг л тухгүй ч байх шиг, их л сонин байсан. Хэр удаж юу хийснийг би одоо санахгүй байна. Ямартай ч удалгүй мордож хэсэг байзнаад дахин буув. Их л догшин, ширүүн байж, нарийн дэг жаяг ёс шаардан, энэ тэндээс дуугарах дэл сул дуу чимээ, хэл яриа, өөрийн буусан биеэс өндөрт мэдрэгдэх зүйлд ихэд дургүйцэн байсан бөгөөд ХААН болон Удганыг мэдэрч зөөлөрч байв. Энэ өдөр Хаан улаач нарт эрлэгээ буулгах зөвшөөрөл өгсөн бөгөөд зайрангууд эрлэгээ буулгав. Эрлэгүүд их догшин байсан бөгөөд удган исгэрэн эргэн тойрноор нь зөөлөн ташуурдан байж зөөллөж байсан. Энэ буултуудын үеэр хэн ч ганхийх авиа гаргахгүй амьсгаа даран харж байсан даа. Удгад эрлэгээ буулгах болтол харин буулгачихсан байдаг байгаа хэхэ. Бодвол урьд өдөр юм уу эсвэл зайрангууд эрлэгээ буулгахаас өмнөхөн гал дээр буун, хамрын самсаа нь сарталзан, аахилан байсан тэр буурал байж мэдэх юм... хэхэ...

Бөөлөн дүүрч өндөрлөх үеэр буурал минь дахин буумаар болон буув. Бас л дошгин буух шиг хүндээр амьсгалан, хамар сарталзан омог мэдрэгдэж, зүрх нэг юмаар дүүрээд ч байх шиг үгээр хэлж чадахгүй нөгөө л мэдрэмжүүд. Энэ үеэр удган эргэн гал дээр ирж дуугаар болон хэцээрээ үйл хийлээ. Дээдсүүд дуулаад л, хэцнийхээ нүүрэн дээр хэрээслээд ч байх шиг. Тухайн үед буурлаа буулгасан байсан тул сэтгэлдээ л үйлийг нь мэдэрч байв. Сонин нь би буруу санаагүй бол энэ дуун засал эхлээд “... зүүдэнд зөнгөөр учирсан хайлан бүүвэй орчлондоо хамгаас нандин хайр минь...” гээд дуулж эхлэв. Энэ үеэр буурал минь зүрхэндээ уйлж, аргадуулж тайвширч, нэг огшиж нэг дарагдаж тэр сэтгэл дотор ёстой байгалийн үзэгдэл мэт л юм юм болсон. 

Зүйрлэх юм бол хуй салхи эрчилж байснаа намдаж бороо зөөлөн шивэрч тэгснээ нар ч гарах шиг буцаад аймар аадар ороод тэгснээ шиврээд л тэгснээ бороо зогсож намуухан салхилж байгаа юм шиг сонин сонин зүйлс сэтгэлд дээр дээрээс мэдрэгдэн улаач миний нус, нулимс хамаг юм л урсан байх шиг байсан даа. Ингээд тэр буурал энэ их байгалийн үзэгдэл шиг сэтгэд хөдлөлийг надан мэдрүүлж удаан суусны эцэст удганы үйл дуусахын өмнөхөн сэтгэл нь амран мордсон юм. Одоо бодоод байхад Удган болон Дээдсүүд тэр дуун заслаар маш их зүйл хийсэн. Сэрээгээд л шууруулаад л, намжаагаад л, дахин босгоод л юу хийснийг бид цаг нь ирэхээр л мэдэх байхдаа. Энэ талаар дээдсүүд болон удганыг үйл хийж байхад нь дэргэд нь сууж байсан хэд маань бичиж бизээ. Ийн үйл хийсээр бас л шөнийн 3 хүргэсэн байлаа. Тэгээд маргааш нь бид эртхэн ахуйгаа цэгцлэн дараагийн аянд гарлаа.



7 сарын 13-ний үдэд Нарийнтээл сум руу хөдлөх замд газар гандуу, өвсний гарц муу, үе үехэн бөөн бөөн овоолсон шороо, уурхайн тэмдэглээ бүхий ухсан газрууд тааран явсаар нилээд гандуу нэг газар түр зогсов. Тэнд Мандухай Сэцэн хатны цэргийн харуулын хороо байсан болтой чулуун хороо байв. Манай унаа жагсаалын сүүл бариж явсан учраас яг ямар учиртай газар болох талаарх дууны багшийн ярьсан түүхээс хоцорсон тул ийн бүдэг бадаг зүйл бичлээ.

Тэнгэр удган бүгдийг чулуун хороон дээр зогсон амийг мэдрэхийг хичээ гэлээ. Анх олигтой зүйл мэдрэгдсэнгүй. Удган наранд халсан халуун чулуун дээр хөл нүцгэн хуур татан явтал онгод орсон байлаа. Тэр онгод рашаан авчир хэмээгээд өөрөө тэнд байсан жижиг хонхорт орон унтаж гарав. Рашаан авчирхад тэр буурал рашаанаар нилээд үйл хийв. Дараа нь биднийг доош суу гээд нарны амийг мэдрээдэх гэв. Бас л юм харагдсангүй. Учир нь тэр газрын амь унтаа байсан тул бидэнд юм мэдрэгдээгүй ажээ. Ингээд мөн л бөөлөө эхлэн биднийг нар луу харуулан юу харагдаж байгааг тод чанга дуугаар хэл гэж байв. Бидний ам амандаа гөвтнөхийг сонсоогүй буурал уурлан “-Юм зааж өгөх гэж байхад дуугарахгүй. Ийм зайран, удгадууд байдаг уу зааж өгөхөө болилоо” гэсэн ч зааж өгөв. 

Ингээд нарны бөөлөөний дараагаар эргэн тойрний уул хайрхадын амийг сэрээн хөөргөж байв. Ингэхдээ хамгийн алсад харагдах уулс бүрийн оройг холбон харж сэрсэн амиудыг хөөргөж байв. Түүний дараа тэр газар, нутаг усны эзэн баатруудыг дууд гэв. Тэр үед нүдээ анин сэтгэлдээ нутаг усны эзэн баатруудыг дуудахад яагаад ч юм уйлчих гээд сэтгэл огшоод байлаа. Түүний дараа буурал юу мэдэрсэн талаар асуухад манайхан морин төвөргөөн сонсдох, морьтой олон баатрууд харагдах гэх мэтээр олон зүйлүүд мэдэрсэн байв. Амь сэрээсэний дараа хүн бүр чулуунд чихээ наан сонс гэлээ. Газар хэвтэн чулуун дээр чихээ наан сонсоход зөгий дуугарах мэт их дүнгэнээн гарч хажуугаар нь сулхан зүрхний цохилт мэт зүйл сонсогдож байв. Харин манайханд зүрхний цохилт чангаар сонсогдсон гэв. Ингээд тус газрын хатан онго чулуун хорооны том чулуунаас нэгэн цагаан өнгийн гурвалжин мэт чулууг заан “-Үүнийг 2 3аараа дамжлаад ир” хэмээв. Энэ чулуу ямар их учиртай байсныг бид тэр үед төсөөлөөчгүй юм. Чулуун хорооноос буун бүгдийг энэ газраас гурав гурван чулуу ав гэв. Бууж ирээд авсан чулуугаа юунд хэрэглэх талаар зөөлөн ярисан тул сонсож чадсангүй. Тэгээд Тэнгэр удганы биед заларсан онгод рашаанаар бөхийсөн нуруугаа засан тэгшилж газраас авсан чулуугаа гурван удаагийн шидэлтээр хороо руу оруулж харин нөгөө том цагаан гурбалжин чулууг машинд хий гээд хатан онго морьдон удган маань эргэн ирэв.

Ингээд бид цааш хөдлөн явсаар Нарийнтээл сумын ойролцоох голын эрэг дээр мөн л нар жаргаж харанхуй болсон хойно буудаллав. Биднийг замд явж байхад бороо орсон бөгөөд үер бууж гол үерлэсэн байлаа. Буусан дариудаа удган маань бөөлж эхлэв. Яг голын эрэг дээр бөөлж газар хэвтэн өнхөрч хариугүй ус руу орчих гээд байсан тул удганы 9 өрлөгийн нэг бөгөөд дээдсийн улаач эгч биеэрээ хаан ус руу оруулахгүй хамгаалж байв. Энэ орсон онгод бол тус голын эзэн лус нь байжээ. Удганыг буунгуут шахаж эхэлсэн тул удган шууд бөөлж эхэлсэн байв. Лус маш ихээр туялзан хөдөлж газраар нааш цааш хөрвөөн байсан бөгөөд рашаанаар нилээд ундаалан байж морьдов. 

Морьдсоны дараа маш ихээр огин тавгүйрхэж байлаа. Бас би ч тэр газар буугаад толгой өвдөн дотор муухайрч дуу ч гарахаа болив. Гэтэл энэ нь лусаас буух онгод маань шахаж эхэлсэн байсныг мэдэлгүй “- Бие өвдөөд байна маргааш өглөө бууя” гээд унтахаар хэвтэв. Манай майханыхан тэр өдөр буугаагүй бөгөөд бүгд маргааш буухаар тохирон унтацгаав. Учир нь бүгд л бие нь тавгүйрхсэн байсан. Харин шөнө маш хүчтэй салхи салхилж бороо орсон ч манай бусад хэд маань унтаагүй гал тойрон буух нь бууж хэц дуугаран дуулах нь дуулж байгаа нь сонсогдсоор тэд бас л нилээд шөнө дунд хүргэн унтсан байв. Удган минь яасан ч ядардаггүй юм бэ дээ мах, цуснаас бүтээгүй мэт л явах юмдаа гэж байнга бодогдох юм. Энэ өвлөөс эхлэн дэлхийн өнцөг булан бүрт очин амь сэргээж, тахилга хийж явсаар ирсээр ч үргэлжлүүлж байхад нэг удаагийн явалтыг дагаж явсан бид унаад өгсөн байх гэж хэмээн бодон хэвтсээр унтсан байв.
Үргэлжлэл бий.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР