Тэнгэр Монгол Газар блог уншигчдын амар амгаланг айлтгая. Гэрлийн Өргөөний Улаач Сувдан Сондорын Гэрлийн Өргөө фэйсбүүк групт бичсэн цуврал нийтлэлийг нэгтгэн та бүхэндээ толилуулж байна. Та бүхэн доорх нийтлэлээс нэгийг ухаарч хоёрыг тунгаан оюун бодолдоо ухаарлыг шингээнэ буй за. /Жич: гарчигийг өгөөгүй байсан тул блогийн админаас гарчиг өгөв/
Сувдан Сондор: Тэнгэрийн лүндэн
/
Амар байна уу Гэрлийн Өргөөнийхэн минь.
Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлэхийн сацуу өөрт тохиолдсон нэгэн сонин түүхийг сөхөн Тэнгэрийн лүндэн бууж, Тэнгэрийн сорилд орсноо та бүгдтэйгээ хуваалцахаар шийдлээ. Түүх гэж дээ ердөө л саяын долоо хоногт болж өнгөрөн өчигдөр л гэхэд Эрлэгийн шулмас болон зовлон шаналалд автсан нэгэн охины хар муу болгоныг нь хуу татан хамж Эрлэгийн тамын тогоо руу илгээн, хоригдсон онгоуудыг нь чөлөөлөх сонин үйл хийснээ та бүхэндээ илүү үгээр нуршилгүй, элдэв санааг нь алдагдуулалгүй түүх яаж эхэлснээс нь үйл яаж дууссан хүртэл хүүрнэн өчье.
1. Түмэн Онгодын чуулган эхлэх гээд ид ажилтай байх үед цахим хаягаар минь нэгэн үл таних хүнээс зурвас ирсэн байлаа. 2 жилийн өмнө угаа авч дээрдэх биш дордсоор үе мөчний өвчин нь хүндрэн, хүнээр түшүүлэн явж, хэвтэрт шахуу орсон гэнэ. Залаалан босгосон багшаараа удаа дараалан засал хийлгэж, уул ус тахин, хий гэсэн болгоныг нь хийсэн ч дээрдэх биш дордсоор өдий хүрсэн аргаа барсан охины цөхрөлийн зурвас байлаа. Ямар аргаа хэрэглэн, юу хийхээ мэдэхээ байсан охин нэгэн орой унтах гээд хэвтэж байтал сэрүүн зүүдлээд байгаа ч юм шиг, унтаад байгаа ч юм шиг... Сувдан Сондор, Сондор, Сувд, Сувдан Сондор гээд л хэн нэгэн хэлээд байгаа юм шиг болж гэнэ, тэгснээ чамд зайран хүн биш эмэгтэй хүн, тэдэн оны, тийм жилтэй, ийм тийм гээд миний ерөнхий төрхийг дүрслээд замхраад алга болсон гэнэ. Тийм нэртэй хүн байдаг юм болов уу, нэгэн номын нэр юм болов уу, сайн ойлголгүй сэрүүн зүүдлээд байгаа ч юм шиг байсан гэнэ. Хэдий угаа аваад 2 жил болсон удган хүн гэсэндээ ГЭГЭЭН СУДАР-ууд гарсныг сонсон гэртээ авч тавьсан байсан гэнэ. Өглөө сэрээд судруудыг барин Гэгээн Зөн судрын арын хуудаснаас эргүүлж гарсан гэнэ. Тэгтэл нүдэнд нь зүүдэнд нь шивнээд байсан тэр нэр байж байхад ихэд гайхсан гэнэ. Тэгээд л нэтээр хайн Гэрлийн Өргөөнөөс миний хаягийг олон надад зурвас үлдээсэн нь тэр байлаа.
2. Охины бүх шаналлыг өөрийн бие дээр мэдэрч, сэтгэл гутарч эхлэн даруй шууд хариу бичлээ. Гэрлийн Өргөөний оффис дээр ирээд уулзах боломжтой юу, бид тэнд өдөржингөө байж байгаа гээд бичлээ.
Түмэн Онгодын Чуулган болох гээд бүртгэлийн болон гэрээний ажил ид оволзож байх үед нэгэн охин хүнээр түшүүлэн орж ирээд тантай уулзах гэсэн юм гээд надад хандлаа. Уг нь оффис дээр олуулаа сууж нааш цааш холхилдон байсан ч намайг гэж яаж мэдэж байгаа юм гэтэл зүүдэнд харуулсан хүн мөн байна гэнэ. Пүүжээ эгч нааш цааш гүйн, орон гаран л байлаа. Байгалаа бид хоёр бүртгэл, гэрээний ажлаа хийн ирсэн орсон болгонтой уулзан ажлаа хийж байлаа. Охиныг суулган ажиж эхэлтэл ийм мэнгэ чиний тэнд байна уу? тэдэн настай тийм хүүхэд танайд байна уу? эгчийн чинь нөхрийн талд угтай хүн байна уу? гээд л байцаж гарлаа. Тийм нээрээ байдаг гэнэ, ингэдэг тэгдэг гээд л асуусан болгон таараад л, лавласан болгон батлагдаад л байлаа. Хэдий би гээч хүн босоод удаагүй ч харсан хэлсэн болгон үнэний ортой байгаад байдаг болохоор өөртөө болон Буурлууддаа эргэлзсэнгүй. Хаалтны цаанаа аравтынхаа хурал хийж байсан Бон маань яасан гэнээ ийсэн гэнээ гээд л байн байн босч ирэн, хуралдаа биш бидний ярианд чих нь сортолзоод суусан бололтой, хэхэ. Боныгоо бодохоор өхөөрдөж эрхлүүлмээр санагдаад цаанаа л нэг хайр хүрээд байдаг юм. Учиртай болоод л бас тэгдэг биз дээ. Чуулганаас өмнө биднийг Дээдэс элдэв үйл заслыг тэвч гэсэн болохоор яах ч аргагүй гэдгийг Байгалаа учирлан тайлбарлаж, ямар их үйл болох гэж байгаа, чуулганы тухай товч мэдээллэл өгөн болж өгвөл удмынхаа галаа манан, боломж муутай бол ядахнаа чуулган болох газар очин Цагаан сүлд, Хар сүлдэндээ мөргөөд явахыг захилаа.
Товлосон газраа тогтсон цагтаа их үйл маань эхэлж ид бөөлж байх үед хөөрхий тэр охин хүнээр түшүүлэн миний байгаа цацрагт ирсэн байлаа. Гэрийнхэнтэй нь мэнд усаа авалцан учрыг нь тайлбарлан галаа манаж чадахгүй ч сүлдэндээ мөргөөд явахыг захилаа. Дараа өөрөөс нь сонсохнээ Хар Сүлдэндээ мөргөж байхад нь хар суунагласан утаа шиг юм биенээс нь гарах шиг болсон гэсэн. Тэгээд удалгүй буцсан гэж байсан.
3. Угаа авснаас хойш өөрт мэдэгдсэн зүйл гэвэл элдэв юманд их хүлээцтэй болж, уужуу сэтгэдэг болж, улам өрөвч нинжин сэтгэлтэй болж ер нь их л өөрчлөлт гарсан байх. Саяхан би Малайз орныг зориод ирлээ. Тэнд явж байхад Дауны синдром гэх аюлт өвчтэй үрс яасан ч олон байдаг юм бэ. Тийм хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй зүрх минь өвдөн, нүдэнд нулимс цийлэгнэн: эвий минь дээ, энэхэн үрс минь яажшуухан амь зуун хорвоог барах энэхэн багахан хугацааг яаж элээнэ дээ гэж өрөвдөн хүний гарын асрамжинд, эцэг эхийн харуусал, харийн хүний зэвүүцэл, хүүхэд балчруудын доог тохуу болох тэрхүү эмгэнэлтэй дүр зураг нүдний минь урдуур жирэлзээд өнгөрч билээ. Тэгж байтал өөрийн эрхгүй миний гар сунан сунасаар тэрхэн балчир үрсийн магнайг илэн зулайн дээр нь даран хөх туяан эрчим түгээж байх юм. Багахан ч болов дэм болог гэж Буурал Дээдсүүдийн минь илгээх эрчим юм болов уу даа.
Ийн явж байхдаа захидал бичсэн охины тухай байнга бодон, яаж тус болох вэ, өвчин шаналалаас нь багахан ч болов ховхлоод авах юмсан гэж бодон буурлуудаасаа гуйдаг болсон байв.
Өөртөө зав гарган нэтэд орон Гэрлийн Өргөөгөөрөө өртөөлөн Түмэн Онгодын Чуулганы талаар сонсчих сонин соргог мэдээ юу байна гэтэл том үйлийн ард гарсан андууд минь үнэхээр сэтгэл амарсан бололтой хээр бөөлөөн хийн онгод тэнгэрүүдээ баясган, өөрсдөө Шинэ Жилийн баяраа хэрхэн яаж тэмдэглэн баярлах талаар ярилцан баярын уур амьсгалаар дүүрэн байгаа нь мэдрэгдлээ. Би ч дагаад хөөрөөд, хий хөөрөхөөс цаашгүй, хэдий хамт байхгүй ч зүрх сэтгэлээрээ Та нартайгаа хамт шүү гээд зурвас бичээд орхилоо.
Баяр хөөрлийн хажуугаар гунигт мэдээ ирсэн байна. Хэдий 20 дөнгөж гарч яваа ч хамаг бие нь өвдөн шаналж, орондоо хэвтэн таныг хүлээн өдрийг баран байна, сэтгэл санаа бүүр ч авах юм алга гэсэн аргаа барсан хүний гутранги санаа илэрхийлсэн хүндхэн захиа байлаа. Хөөрхий охиныг ийм болтол нь сэвтүүлж, амьд хүнийг үхдэл болгосон хар муу бүхнийг зүхэн гэнэт дотор оволзоод, уур хилэн хүрэн хамар ам савсалзаад хамаг бие салагнаад явчихав. Охинд урам хайрлах хэдэн үг холбож бичээд зоригтой бай дүү минь, тэгж ч хоёулаа амархан бууж өгөхгүй шүү, эгч нь удахгүй очно гээд хариу бичлээ.
4. 2013 оны 1-р сарын 5 Бямба гариг
Шинэ он гаргаад хэдэн хоногоос нутгийн зүг мордлоо. Нас яваад ч тэр үү, онго шүтээнээ аваад ч тэр үү эх орноо их санагалздаг болжээ. Уг нь ямар их олон хоногоор явсан биш, цөөхөн хоног л явсан шүү дээ. Оройхон ирсэн болохоор усанд ороод хүүхдүүдээ унтуулчихаад ойрд тайван нэтэд суугаагүй тул мэйлээ шалган уншихыг нь уншин, бичихийг нь бичин суутал нөгөө охин маань
- Амар байна уу та, Монголдоо ирсэн үү? таныг бодож байтал та чатанд байж байх юм гээд бид хоёр чатлаж эхлэв. Нэтээр бага зэргийн засал хийж биеийг нь нэлээн тандлаа. Аймаар л юм байлаа, бага багаар өөрт нь мэдрүүлэн тийм юм байна, ийм юм байна гээд л... Угаа аваад 2 жил болсных тэр охин өөрөө ч бас сайн мэлмийдэж байна, мэдрэмж нь ч сайн байлаа.
- Ард дагзаа мэдрээдэх гэлээ, нил хар зунгааралдсан овооролдсон хар могойнууд үнэн муухай, харахаас аймаар, нил өмхий үнэртээд л үнэр нь хүртэл мэдрэгдэж байлаа.
- Харин тийм ээ, 8 сараас хойш миний дагзаар хатгуулж өвдөөд байгаа юмаа гэнэ.
- Үүрээ зассан байна гэтэл
- Ий, ямар муухай юм бэ гэнэ хөөрхий.
Өөрийнх нь бие дотор нэг нүд нь улан, нөгөө нүд нь цэнхэр хачин муухай царайтай юм над руу ширтээд сууж байх юм.
- Нүдээ мэдрээдэх гэлээ. Угаар нь хатгуулаад байна гэнэ. Хэвлий доогуур татаад л явчихлаа.
- Чиний хэвлий доогуур өвддөг үү гэхэд тиймээ, сүүлийн үед тэгээд байгаа юм гэтэл бас л муухай нөжирсөн ногоон юм оволзоод л өнгөрлөө.
Хамаг хүчээ төвлөрүүлэн засал хийлээ. Хийлээ ч гэж ямар би хийж байгаа биш, буурлууд минь л хийж надад мэлмийдүүлж байгаа нь тэр шүү дээ. Засал хийж байх явцад харсан юмныхаа нүдийг сайн харахыг бод л гэх юм билээ буурлууд. Нэлээн орой ч болсон байсан тул ингээд завсарлаад ойрын хэдэн хоногоос манай буурлуудтай ирж золгон тэгэнгээ чамайг сайн танадаадахъя гээд завсарлалаа.
Тэгж байтал Абу Үжи чатанд ороод ирлээ. Амар мэндийг нь эрэн ойр зуурын юм хуучлан эртээдийн нөгөө охинд сая жоохон засал хийгээд гэж байтал намайг хамгаалалтаа сайн хийж байгаарай гэж сануулав. Өөрийгээ харсан чинь ямар ч хамгаалалтгүй том алчуураар биеэ ороосон, ганц хүзүүний гинж маань л байна. Удалгүй толгой манараад л бие хачин болоод явчихлаа.
Абу Ужид чи мэдэрч байна уу, танай манай хоёр уулзаад байгаа юм шиг байна гэтэл -үгүй, гэж байна.
Тэгж байтал цэлийсэн сайхан том өргөө гэрт нэгэн ихэмсэг хатан цай уун сууж байх юм. Гайхаад ажиж байтал би өөрөө том тогоонд цай самраад сууж байх. Хулдай гэнэ үү Дулдай гэнэ үү тайжийн хүүгийн хурим найрын тухай хөөрөлдөн суух юм. Би ч -xөөх танай хатан ёстой гоё хатан байна, гоё угалзан хээтэй гуталтай, цайвар өнгийн дээл, өнгө дагуу уужтай, хоёр салаа гэзгээ унжуулан цайвар өнгийн даавуун эдээр толгойгоо боосон байх юм, сувдан ээмгээ хуруугаараа шувтраад л гэтэл
- тэгдэг юм, манай хатан нээрээ ээмгээ оролдоод л байдаг ш дээ гэнэ. Цэгц суун биеэ авч байгаа байдал нь цаана л нэг гоё ихэмсэг, тайлбарлах үг ч олдохгүй юм. Тэгж байтал намайг зэмлэн энгэр замаа задгай тавин, үсгэзгээ салдан тавин гээд л ширүүхэн хэлж байна. Би ч -ээ яанаа өршөөгөөрэй гээд Абу Үжээс салдан гэж юу гэж байгаа юм болоо гэтэл задгай гэж байгаа юм болов уу л гэлээ. Би ч гэж аймар арзайсан нөхөр усанд орчихоод алчуураар биеэ ороон сууж байсан юм. Надад тэгж ширүүхэн хэлэхийг бодоход нэлээн ноцтой бололтой гээд л эргэн тойрон харлаа. Абу Ужийн хамгаалалтаа сайн хийж бай гэсэн үг санаанд орон эргэн тойрноо ажтал зэр зэвсгээ агссан битүү цэргүүдийн хамгаалатанд би дунд нь нүцгэн шахуу сууж байх юм. -Ээ яанаа, одоо энгийнээрээ ч байхад хэцүү болж хаа яваа газраа өөрийгөө танадаж байх болж байна уу гээд л бид хоёр хи хи ха ха болтол, араас түг гэх шиг л болов, за өршөөгээрэй буурлууд минь буруу юм хийсэн бололтой, ёстой л Дээдсийн маань блог санаанд ороод явчихав. Тэгээд л Абу Үжийн хатан Үжид дамжуулах юмаа надад мэлмийдүүлэн хэлүүлэв. Абу Үжи:-мунхаг намайг ойлгохгүй болохоор танаар хэлүүлж байна,-биднийг ч зүгээр яриулчихгүй юмаа гээд л бид хоёр өндөрлөв.
5.2013 оны 1-р сарын 7 Даваа гариг
Өдрийн цагаар тохирсон ёсоор нөгөө охин маань аав ээжтэйгээ ирлээ. Хэрэглэж байсан толь, эрхээ авчраарай гэсний дагуу тэднийгээ үзүүлэн мөн хуураа авчирсан байлаа. Нэтээр засал хийсний дараа хуураараа хуурдаж өөрт юу мэдрэгдэх нь вэ ажаарай гэхэд нойр нь хүрээд л бүтэн 20 минут эвшээлгэсэн гэж байсан. Хуурыг нь гаргуулан хуурдуултал оршуулгын газар харагдан газар нь оволзон хар хар муу юмнууд газраас гараад л хөөрч байгаа харагдлаа.
- Чи ямар ая тоглож байгаа юм гэтэл,
- Мэдэхгүй өөрөө л ийм ая орж ирээд байдаг юм гэнэ
Хуураа хаанаас авсан бэ гэтэл багш нь өгсөн гэнэ. 2 толийг нь харлаа хуулирсан хар ангал л харагдлаа. Эрхийг нь барьж үзлээ, гар янгинаад л явчихлаа. Өөрөөр нь мэлмийдүүлэх гэж оролдлоо. Миний харж байгааг л хэлж байна, бас нэгэн эрхийг нь барин өөрөөр нь мэлмийдүүлтэл харахгүй байгаа бололтой. Надад бол хоёр салаа эвэртэй чөөгийгийн толгой харагдлаа. Нэг эвэрт нь нэг бөгж углаастай байх юм гэтэл
- миний бөгж байна, багшаараа засал хийлгэж байхад алга болчихсон эд байгаа юм, гэж охин хэлж байна.
Нөгөө эвэрт нь нэлээн хэдэн онгод хүлээстэй байх юм. Бас л багш нь тэр эрхийг өгсөн гэх юм. Ухаад цааш нь харахад эцэг талаас нь 5 үеийн удмын хараалтай байх юм. Тэр хараалыг нь арилгалгүй хөөрхий охины биед Уг наасан байх юм. Хатан ээжийгээ буулган золгууллаа. Тэр хараалынх нь талаар юугаар, яаж, хэн хийснийг нь тайлбарлан хэлж тэр охины мэлмийд хараал хийсэн удганыг нь хүртэл мэлмийдүүлэв. Өөрөө судар номын хатан болохоор хар үйл засал хийдэггүйгээ учирлан дайчин хатан онгыг минь залан хараал тайлах үйл хийлгэлээ.
Тэр заслыг хийж байхад хэн нэгэн нь муухайгаар инээх нь охинд сонсогдсон гэсэн. Аав ээж нь ч олон юм ярихгүй юм, асуусан зүйлд тоймхон хариу өгөөд л, за энэ ч дээ тус болох болов уу даа, нөгөө л нөхдийн адил засал хийж л байдаг, дээрддэг юм гэж үгүй биз гэсэн янзтай байлаа. Надад л тэгж санагдсан. Арга ч үгүй биз дээ удмын угаа залгуулан, үр хүүхдүүдийнх нь аж амьдрал нь дээшлэн сайн сайхан болно гэж итгэж явсан тэдний сэтгэлдээ юу тээж, юу бодож явсныг би яахан мэдэх билээ дээ. Угаас үе мөчний өвчтэй охиноо угтай гэж мэдээд, угаа авахаар сайжирна гэж хамаг бүхнээ зориулан явсан биз. Тэгтэл охины бие дээрдэх биш бүүр дордон, хамаг үе нь хавдан, сүүлдээ явж чадахаа болиод эмнээс хамааралтай нэгэн болсон байна гэх юм. Юутай ч тэр өдрийн засал өндөрлөн маргааш нь гэрт нь очиж тахил болон гэрийнхнийг нь ажихаар боллоо.
6.2013 оны 1-р сарын 8 Мягмар гариг
12 цагт тэр айлд очно гэж тохирсны дагуу гэрийг нь заалган байшингийнх нь гадаа ирлээ. Хуяг дуулга, эд зүйлсээ хийсэн жижиг цүнхээ болон хэцээ барьчихсан айлд засал хийх гэж байгаа өөрийгөө харсан чинь гэнэт инээд хүрээд бүүр доогтой нь аргагүй өөрийгээ шоолон ганцаараа баахан зогслоо.
Намайг ингээд явж байна гэж танидаг хүн амьтан харсан бол лав л үнэмшихгүй байх. Юун инээд манатай, юутай тулгарахаа зүүдлээ ч үгүй явж байж дээ хөөрхий би. Айлд ороод түр амс хийн цай ууж суутал айлын балчир үрсийн нүд нь хялаагаад л их бага гэлтгүй бүгд сэвтсэн харагдана. Бие муутай охины гарыг хазаж үе үе муухай ааш гаргадаг гэх гурван настай балчир хүүг дуудан өвөр дээрээ суулган иллээ. Гэрийнхэн нь ч гайхаж байна гэнэ, танихгүй хүний өвөр дээр суун хүнд илүүлж үнсүүлэх байтугай бидэнд ч ингэдэггүй хүн гэнэ.
- Эвий минь дээ та нар юнд ингэдэг юм, ийм сайн хүүхэд байхад, ямар өөрөө тэгээд байдаг биш гээд орхилоо. Босоод зогсож байгааг нь тэр охинг бодлоо төвлөрүүлэн сайн мэлмийдэхийг оролд гэлээ.
- Яанаа , ямар муухай юм бэ, сүүлтэй, нил үстэй, гахайн хоншоортой ч юм уу гэнэ.-хөлийг нь хардаа гэлээ, туурайтай, нэлээн дээр үед, зуны дунд адаг сар байсан ч билүү, Дээстэйгээ бид цугларан Алтан судраа тайлах гээд хөөрөлдөн суухад Мэлмий Тэнгэрийн үр Утааг би даган Эрлэг тив түү зочлоход Утаа надад яг тэгж харагдаж билээ. Хоёр салаа эвэртэй, гахайн хоншоортой, сүүлээ годолзуулаад л, хачин бие галбиртай, битүү үстэй хөх саарал амьтан харагдаж байна гэтэл Утаа:-би л байхгүй юу гэж байна. Яг тэрэнтэй адил дүрс хүүг харахад дүрээрээ байж байна. Жоохон зөөлрүүлээд хүүхэлдэйн кинон дээр гаргад шиг гээд л хэллээ.
Танайд 3 настай эрэгтэй хүүхэд бий юу гэж асууж байхад: -манай эгчийн тийм хүүхэд байдаг юм, хааяа намайг зодоод, муухай аашлаад байдаг юм. Эртээд намайг бүүр хазчихсан гэж байна. Арц гангаар утан, шившсэн сүү өгөх гэхлээр муухай хашгираад зугатаагаад байдаг юм гэлээ. Хөөрхий тэр бяцхан хүүд хар муу юм биед нь шүглэн тэр охин руу байн байн дайран улам сэвтүүлээд л байсан бололтой. Засал хийх гээд дуудахад ирэхгүй байна. Эрэгтэй хүүхэд болохоор нь зэр сэвсгээ сонирхуулан анхаарлыг нь сарниулж байгаад засал хийлээ. Харин санасныг бодвол биед байсан зүйл дороо хууртагдан миний зэмсгэнд наалдан дор нь тамын нүх хуйлруулан онгойлгож тийш нь хийлээ. Хүүгийн нурууг хэд сайн илж аваад сүү шившэн өгөөд галаар зулайг нь таглаж өгөөд өвөр дээрээсээ буулгалаа. Царай нь шууд гэрэлтээд, нүд нь хүртэл асаад л за гайгүй болж гээд дараагийн хүүг авлаа.
Аравхан сартай бяцхан амьтан бас л сэвтэй байна. Биед байсан муу зүйлсийг нь зулайгаар нь хөөж гаргаад хөх толбыг нь сүүгээр эрчимжүүлэн сууж байтал эх нь гээд нэг туранхай охин бие нь мурилзаад, хачин дуу авиа гарган гэдсээ бариад л суучихлаа. Гэдэс нь байдгаараа цүдийгээд жирэмсэн юм уу гэтэл үгүй гэнэ. Үе үе ингээд юм ороод ирдэг юм гэнэ. Надад гайхаад суух байтугай хуяглаж, толь эрхээ зүүх ч сэхээ байсангүй шууд л босоод зайран аавынхаа зэр зэмсэгтэй бүсээ аван өөрийгээ нэг ороон бүсэлж аваад охин дээр очлоо. Бүснийхээ нэг үзүүрийг аван охины нуруугаар ороолгон: -гар чи, балчир үрсийн зовлогоор наадан, зовлон шаналлаар нь цадахгүй байна уу гээд их л юм амандаа бувтнаад байн байн гар чи гээд л байснаа санах юм. Охин мурилзан муухай хашгираад л, тэр яхир муухай хашгирах дуу нь одоо хүртэл чихэнд сонсогдох юм.
Урд нь гадны Exorcist гэдэг кинон дээр л хүний биед шүгэлсэн буг чөтгөрийг хөөж буй тухай үзэж байсан болохоос биш өөрийн нүдээр хүний бие гадны хар сонин хүчинд автан өөрийн мэдэлгүй дуу авиа гарган авирлаж байгыг хараагүй билээ. Мөн 2-3 жилийн өмнө гарсан Hollywood-н алдарт од Энтoни Хопкинс гэдэг жужигчний тоголсон The Rite гэдэг кинон дээр хүний биед шүгэлсэн хар муу хүчийг хөөдөг ламын тухай гардаг юм. Тэр киног олж үзвэл миний бичээд байгаа зүйл улам ойлгомжтой болох бизээ.Элдэв хүчинд автагддаг энэ охин бол нөгөө миний бичээд байгаа бие муутай охины төрсөн эгч, засал хийлгэсэн 10 сартай хүүгийн ээж нь бөгөөд нэг жилийн өмнө өөр багш дээр босч угаа авсан гэнэ. Сүүлийн үед нэг л хачин байгаад байхлээр нь сүүлийн сард онгодоо буулгааж ундаалаагүй гэх юм. Элдэв сонин юм өөрийн биед нь залраад 2 жил шахам болж байгаа гэнэ. 6 настай хүүхдийн сүнс орж ирээд би ээжийгээ хайж яваа юм гээд яридаг гэнэ, заримдаа өөрийн биеэ мэдрэлгүй буланд шигдэн хөнжлөө мэрэн сууж байдаг гэсэн. Элдэв юм дайраад орж ирэхэд бие нь хөшин, хөдөлж чадахаа байж эзэмдсэн юм нь ярьж эхэлдэг гэсэн.
Удалгүй охин тайвширч охиныг хэвтүүлээд биеийг нь ажлаа. Үлгэрт гардаг цасан цагаан царайтай, цав цагаан хувцастай дагина мэт... Царайг нь харлаа. Ий ий, аймаар аймаар. Дүү охин хажууд нь хараад л сууж байна юу харагдаж байна гэтэл:-ямар муухай юм бээ, муухай урт хумастай хуруугаа хөдөлгөн нааш ир гээд дохиод байна гэж байна.Тэр гоё хувцасны цаана ясан хэдрэгэ болсон зэвхий саарал юм хэвтэж байна. Хөл гар нь төвийсэн төвийсэн урт хумстай, нүүр царай гээд дүрслээд байх юмгүй ч цэхэр зэвүүн нүдийг нь сайн тогтоон харлаа. Дайчин хатныхаа хэрэглэдэг хумсуудыг таван хуруундаа углаж аваад л охины толгойноос эхлүүлэн биеэр нь гараа явуултал мушгираад л муухай орилоод байна. Хэд сайн угзарч аваад охиныг босгож ирээд ургаа арц асаан бүх биеийг нь утлаа.
Мэлмийдэж чадсан юм гэвэл охины биед тэр юм дотроо зад үсрээд хэдэн тийш утаа болон замхрав. Юу хийж байгаагаа мэдэхгүй шууд л бүсээ агаарт эргүүлэн ямар нэгэн юм хураагаад байгаа юм шиг үйл хийгээд байсан. Мунхаг би сүүлд тунгаан бодохнээ хэдэн хэсэг болж замхарсан эдийг Эрлэгт нь илгээх гэж цуглуулсан бололтой. Үйлийг дутуу хийж болохгүй гэж энэ бололтой. Хэдий дэлбэрээд алга боллоо гэж хуурталгүй дараах арга хэмжээг нь авч байхгүй бол дүрээ хувирган өөр зүйлд очин наалдах бололтой. Хэдий би та бүгдэд хийсэн үйлээ дэлгэрэнгүй бичиж байгаа ч бөө болгоны буулт өөр бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг шиг дуурайж, өөрсдийн буурлуудын засал үйлийг битгий гажуудуулаарай гэсэндээ үүнийг анхаарууллаа.
Юу юу болоод өнгөрснийг ажих ч сэхээгүй хуяглан Хатан Ижийгээ буулган, дараагаар Лусын ээж залран гэр оронг нь ариулан лусын засал хийнэ гэлээ. Гэрийнхэн нь ч бид ч хийлгээгүй засал гэж байхгүй дээ, галын засал, лусын засал, чулуунд хүртэл даруулж, хонины хэлхээ ясаар гээд олон олон юм хийлгэсэн, нэмэр болсон юм алга даа гэжбайна. Ижий маань бууж ирээд хүн гэж ю вэ, хүмүүн болон хөрстөд мэндлээд, хүмүүний мөн чанараа олон юуны төлөө, яах гэж амьдарч байгаагаа тунгаан бодоцгоо гээд сургаалийн хэдэн үгс хайрлаад ширүүхэн: Бид ном судрын үйл эрхлэн, балчир үрсээ бэлдэн гэгээрлийн үйлийн төлөө явж байгаа болохоос хаа хамаагүй харын засал хийн айл хэсээд явдаг улс биш. Охины чинь зүүдээр мэдрүүлэн улаач үрд минь Тэнгэрийн Лүндэн буулгасан болохоор яах ч аргагүй энэ үйлийг хийж байна, итгэл бэгнэх хэрэгтэй дээ, та нарын хайр итгэл бишрэлээр мань түмэн бид чинь хүч тэнхээ юуаа сэлгэж явдаг гээд мордлоо. Залгуулаад Лус ээж минь залран лусын засал үйлдээд мордлоо.
Хийсэн үйл нь чамлагдсан уу, эсвэл үнэхээр ингээд болоо юу гэсэн янзтай байсан тэдэнд би учирлан сүүлийн үед буусан дээдсүүдийн хүч гэж агуу. Доод, дунд, дээд гарвалын тухай товч тайлбарлаад манай дээдсүүд бүгд дээд гарвалын онгодууд болохоор хийж буй үйл нь хүчтэй, та бүгд өөрсдөө итгэх л хэрэгтэй, итгэл муутай байвал бид мянга засал хийгээд ч нэмэргүй гээд лусын засал хийхэд бидэнд заавал гурван голын бэлчирт очин уул ус тахин, идээ будаа залан, өргөл барьц өргөх шаардлагагүй гэдгээ учирлан хэллээ.
Бүгдийнх нь биенд засал хийн галаар арвилсан тул элдэв газраар явахгүй байхыг сануулан тахил хураасан шүүгээг нь галаар хүлж орхиод 3 өдрийн дараа ирж тахилыг чинь цэвэрлэн танай онгодуудыг суллан дуудах болно гээд тэр өдрийн засал өндөрлөлөө.Гэртээ харих замдаа болсон бүх зүйлээ тунгаан бодон айдас ч хүрэх шиг, ийм засал хийж үзсэн биш, чөөгий гэдэгтэй нь нүүр тулж үзсэн биш, ядаж Өргөөний дайчидтайгаа хээр яван нөгөө айхтар тулаануудад нь явж дайтаж үзээгүй болохоор үнэхээр их айж байлаа. Тэгтэл ТЭНГЭРИЙН ЛҮНДЭН БУУЖТЭНГЭРИЙН СОРИЛД АВТСАНАА ойлгож байна уу үр минь. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг гээд толгой дундуур буулаа.
7. 2013 оны 1-р сарын 11, Баасан
Өргөөний нэгэн балчирын Лүндэнгарав гэх нэрийг мэдэхээс цаашгүй би ЛҮНДЭН гэх үгийг нээг их ойшоосонгүй, өнөө цагийн бидний өдөр тутмын үгийн санд хэрэглээд байдаг үг биш дэг. Лүндэн гэдэг үгийн учир утгыг сайн ойлгохгүй, ямартаа ч цаад утга нь цаанаа л зарлиг тушаал гэж ойлгогдож байв. Гэртээ ирээд нэлээн сайн бодлоо. Би тэр охинд сэтгэлийн дуудлагаар бага ч болов тус болохыг л бодсон болохоос биш өөрийгөө сориод үзье, мэдэхгүй чадахгүй юмаа хийгээд үзье гэсэн санаа ер агуулаагүй билээ. Би гэдэг хүн нэлээн хаашир, мэдэхгүй чадахгүй тэр болгон руу за гээд дайраад байдаггүй хүн мөртлөө энэ үйл рүү ягаад ч юм юу ч бодолгүй давхиад орсон байх юм. Гэхдээ би чадахгүй мэдэхгүй гэхээсээ илүү буурлууд маань чадна гэх тэдэндээ итгэх итгэл минь, тэднийгээ хайрлах агуу хайр минь, өвөг дээдсүүдийнхээ агуу хүчинд итгэсэндээ энэ үйлийг хийгээд эхэлсэн байсан. Үүнийг би яагаад бичээд байна гэхээр надтай адил шинээр боссон хүч чадалдаа итгэл мохос байгаа, би юу, буурлууд уу гээд мунгинаад байгаа олон улаач нар байгаа учраас өөрийгөө дөвийлгөн, нэгэн айлын гашуун зовлонг түмэн олонд дэлгэн байж бусдаар сайн, мундгаараа дуудуулан гайхуулах гэж үүнийг бичиж байгаа юм биш шүү. Та бүгдийн минь хэнд нь ч ийм шалгуур ирж болно, лүндэн бууж болно. Гол нь буурлууддаа болон өөртөө итгэлтэй түмний төлөө, бусдын төлөө, сайн сайхны төлөө явбал эргээд бидэнд шид юугаан хүртээн урам зориг хайралдаг юм байна гэдгийг л та бухэнтэйгээ хуваалцах гэсэн маань энэ юм. За энэ бол бяцхан халил байлаа. Үйлийн маань сүүлийн даваа тулгараад байдаг... Хар муу юмтай үзэлцээд сурчээ. Хамах үедээ хамаад, хураах үедээ хураагаад, тонилгох үедээ тонилгоод, харин ганц л юмыг ухаж дийлэхгүй байна. Онгодуудыг чөлөөлж дуудаж өгнө гэж ам бардам гарсан хүн чинь нэг л ухаанд бууж өгөхгүй байлаа. Өргөөн дээр болсон Дээдсийн заслын үеэр Дээдсээр удирдуулан Утаа нэгэн удганы хоригдсон онгодуудыг хулгайгаар суллаж байсныг сонсож л байсан болохоос ямар мэлмийдэж үзсэн биш нэг л сэтгэлд бууж өгөхгүй байлаа. Энд тэнд бичээстэй, элдэв бөөгийн сайт дээр Онго яаж суллах вэ гээд байдагсан бол ороод харах гэсэн. Хэдий буурлууд маань чадна гэж бодсон ч тэр үйлийг Дээдэс л хийгээд байсан болохоос биш өөр тийм юмны тухай дуулаагүй би нэлээн тулгамдлаа. Юу ч гэсэн энэ тухай Дээдэстээ мэдүүлээд асуугаад үзье гээд залгалаа утас нь салгаастай байна, хилийн чанадад байдаг дүү рүүгээ түсламж хүсэхээр ярьлаа. Өөр хотод явж байна гэнэ. Өөрөө жилийн өмнө Аянгат Удганаар хорионд байсан онгодуудаа чөлөөлүүлж байсан болохоос яг юу хийж, ямар үйл хийснийг нь сайн мэдэхгүй байна гэнэ. Жилийн өмнө угаа авч надаас илүү хүч тэнхээ хурааж, мэлмий нь сайн нээгдсэн болохоор юутай ч Эрлэгийн болон зайран ааваа, харын ээжийгээ тань руу явуулья, та үйлээ хийхээсээ өмнө ийм ийм юм аваад ингээд тэгээд дуудаарай гээд зааж өгөв. Утаа охиноос асуулаа, мэдэхгүй ээ, тийм үйл хийдэггүй ш дээ л гэнэ. За юутай ч нээг их айхтар сандарсангүй маргааш өглөө нь үйлтэй тул нам гээчийн унтаад өглөө нь сэрлээ.Айл руу явч байх замдаа юу ч гэсэн Дээдэстэйгээ дахин холбогдоод узье гээд залгалаа, утсаа авч байна. Дээдэстээ бүхий л болсон юмаа хам хум ойлгуулан яахаа асуутал хүндхэн юм руу орж дээ, юу ч гэсэн үзээд л алд, буурлууд нь хийх юм чинь сандраад яахав, цагаан эрх нь бий биз дээ, болохгүй бол хэлээрэй тусалья гэж хэлэхэд нь миний санаа амарлаа.
Хуяг хэцээ барьсаар нөгөө айлдаа орлоо. Бүгд гэрэл гэгээ цацруулаад, балчир үрс нь шаагалдаад сайхан болжээ. Тухалж суугаад байлгүй түргэн гээчийн хуяглаж аваад үйлэндээ орохоор зэхэж байтал утас дуугарлаа. Утсаа автал хүүгийн маань сургуулиас багш нь ярин хүү чинь сая амьсгал нь боогдоод, нүүр нь хөхрөөд бид их сандарлаа. Эмчийн өрөөнд оруулан бага зэргийн эмчилгээ хийн, хиймэл амьсгалын аппарат зүүлгэн хэвтүүлсэн, та хурдан ирэхгүй юу гэж байна. Би хотоос хол явж байгаа учир жоохон удаж очих байх гээд тавилаа. Намайг хараад сууж байгаа улсуудад юу ч ярилгүй, дотроо муусайн хар хүчнүүд намайг энэ үйлийг хийлгүүлэхгүй гэж миний алаг үрийг минь хүртэл оролдож байна уу, ёстой бууж өгөхгүй шүү гээд надаас ч гарахааргүй шийд гарган ханцуй шамлан үйлэндээ орлоо. Охин хэлсэн ёсоор хураасан тахилаа гарган тавьсан байлаа, эгчийнх нь тахилыг бас гэрээс нь авчруулан бүгдийг ажиж эхэлтэл дотор муухай оргиод л, толгой дүүрээд л, дотор муухайраад л. Тахил дээр байх нэгэн хөрөг болон тэмээн уналганаас нь уясан бөөгнөрүүлж ороосон улаан утас нүдэнд зог туслаа. Энэ утасны тухай би анх охиныг өргөөн дээр ирж байхад асууж байсан эд мөн байна. Мөн Хатан ижий тэдний удмын таван үеийн хараалын тухай ярьж байхад нэгэн бөс даавуу, баримтагны тухай яриад байсан нь одоо л юмны учиг нь тайлагдаж байлаа. Тэр улаан утсыг бас л замчилсан багш нь уналгад нь уяж өгсөн гэж байсан. Залаалан босгосон багш чинь өөрөө юу хийж байгаагаа мэдэлгүй ховсдуулан юу чамд хийснээ өөрөө ч мэдэхгүй яваа гэсэн Хатан ижий хэлж байсан нь бас л толгой руу орлоо.За ямартаа ч эхлээд тахил болон хуяг, зэр зэмсэг, хэц хэнгэрэг гээд элдэв зүйлд шингэсэн бүхий л муу болгоныг хураан там руу нь илгээх болно гээд охиныг голд нь суулган 2 эгчийг нь 2 талд, би өөрөө нэг өнцөгт гурвалжин болон суугаад 3 давхар гурвалжин хамгаалалт хийн урьдчилж бэлдүүлэн тавьсан зүйлээ охиныг тойруулан тавьлаа. Охины урд хураах бүх зүйлсийг нь хийгээд дээрээс нь урхидах архиа шившиж хийгээд, бөөлж байх үед гарах зүйл байвал бүгдийг гаргаарай гэж захиад үйлээ эхлүүллээ.
Хэцээ нүдэж эхэлтэл Түмэн Онгодын Чуулганы үеэр гар өөрөө өөр өөрөөр нүдэж, өөр өөр хэмнэлттэй цохилт орж ирж байсантай адил би гараа мэдрэхээ болилоо. Сүүлрүүгээ бүр хүчтэй цохилсоор биеэ савчаад л босоод ирлээ. Хоёр хөлөө ээлжлэн дээш өргөн Цам харайж байгаатай адил хөдөлгөөн хийгээд байх юм. Хо хо гээд л их л ширүүн хөдлөн нэг л том юм над руу орсныг мэдэрлээ. Толгой задрах гээд ч байгаа юм шиг, хувцсандаа багтаж ядаад, энд тэндээс бариад байгаа ч юм шиг сонин мэдрэмж төрөн сонин сонин авиа гарган хэцээ нүдсээр байлаа. Тэгтэл удалгүй ха ха аха ха ха гээд л муухай эвгүй нарийхан хоолойгоор инээд алдаад л бүжээд байх юм. Нүцгэн хөлтэй, арзайсан үстэй, салбайсан сонин хувцастай, үлгэрт гардаг шулмас шиг сонин амьтан болон аяглаж өгч байнаа би. Дуу дуулаад л, үсчээд л, сэгсчээд л, дотроо юм бувтнаад байснаа санах юм. Бувтнах болгонд муухай юм хуйлран хуйлран эргэлдээд л нэгэн зүгт хийсээд байх юм. Удалгүй буцаад нөгөө том юм ороод ирсэн бололтой бие задрах гээд л үл ойлгогдох юм хэлээд л байна, ганц ч үгийг нь тогтоож авсангүй. Тэгснээ нөгөө гурван балчирт хандан сайн гаргаад бай, сайн гаргаад бай үрсүүд минь, цээжинд нь ирээд буглаатаад байна гээд л нэлээн сайн шахлаа. Нөгөө гурав ч зогсолгүй огиулаад, бөөлжөөд л. Голд суусан охин маань эвгүй арагшаа гэдийгээд л, муухай эрэгтэй хүний хоолойгоор орилоод л байх юм. Тэгж тэгж нэг арай гайгүй болцгоолоо. Одоо яаж байна, бие нь хөнгөрч байна уу гэхэд тэгж байна л гэж байна. Миний дотор хачин болоод хоолой хорсоод, гашуун оргиод л, Жанжин ааваа буулгахад тийм мэдрэмж төрдөг байсан юм. Сүүлд мэдэхнээ хааяхан буулгадаг тэр аав маань Эрлэгийн элч байсныг мэдсэн юм.
Тахил дээр нь зул асаалгаад аавын тухай дуу дууладах гэлээ. Тэгснээ би тахил дээр байсан залуу удганы зургийг аваад энэ яагаад байж байгаа юм бэ танай толгой онго чинь зайран байна шүү дээ гэхэд харин тийм ээ багш эхлээд зайран хүн бууна гэсэн мөртлөө буулгахад эмэгтэй онго орж ирсэн тэгээд л янз янзын л онго ордог байсан гэнэ. Тэр зургийг харахад жоохон эвгүй байсан юм. Зургийг доош нь харуулж тавьж байгаад аавын тухай дуу дуулаа тэд. Би хэцээ зөөлөн нүдсээр л. Бие муутай охин маань учиргуй уйлаад хайлаад явчихав, дуулаад л байна, уйлаад л байна...Бүүр эхэр татуулж байгаад л уйлаад байна, би ч бас уйлах нь. За эхийн тухай дуу дуулаадах гээд л бас хэцээ аажуухан нүдлээ. Дуу дуулангаа нөгөө гурав маань бас л уйлж байна, хөөрхий дөө миний ч дотор уужран нэг л сайхан эхэр татуулан уйлмаар болсон. Дуугаа дуулж дуусаад нөгөө хэдээсээ юу мэдрэв гэж асуулаа. Охин маань: нэгэн өвгөн ирсэн, өрөвдмөөр юмаа л гэнэ, буурлуудаа буулгадаг гэх эгч нь: нэгэн эмгэн ирээд л хажууд нь уйлаад толгойг нь илээд суусан гэнэ. Хөөрхийдөө, хүний өөрийн гэлтгүй өвөг дээдсүүдээ бодохоор өөрийн эрхгүй өрөвдөн, зүрх шимширдэг юм. Мунхаг балчир үрс биднийгээ өнө удаан олон жилийн турш харсаар л.., хайрласаар л..., хамгаалсаар л...Үйл хийх явцад охины мэлмийд харуулж байсан нөгөө удмын хараал хийсэн удган харагдсан гэнэ. Тэгэхлээр багшийг нь ховсдон байж, зайран буух ёстой байхад анх биеийг нь эмэгтэй онго эзэмдэн буусан гэхлээр энэ бүгдийн учир нь тайлагдах шиг.
Сүүлд асуухад охиныг залаалан босгосон багш нь олон жил бөөлсөн нэр төртэй настай хүн байдаг гэх юм. Мэдээж шавь босгож байгаа хүн чинь албин наагаад өгье гэж бодоогүй л байлгүй. Учрыг нь сайн ололгүй,олон засал хийгээд болохгүй байгааг нь мэдсээр байж, хойноос нь яаж байна гэж асуух ч үгүй хөөрхий охиныг зэрэмдэглээд хаясан багш хэмээх тэр хүний өмнөөс үнэхээр ичиж байна. Ийм түүхүүд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байнаа. Ямартаа ч миний бичсэн зүйлээс та бүгд ихийг тунгаан бодох бизээ.Босох гэж байгаа улаач нар учир начираа сайн лавлан, замчлах багшаа сайн сонгож байхгүй бол хайнга нэгний золиос болон эрүүл мэнд, аж амьдралаараа хохирохыг үгүйсгэхийн арга үгүй.Мөн та бидний хэн нь ч олон жилийн дараа олон шавь босгон нэр алдраа цуурайтуулаад явахгүй гэх газар үгүй тул хийж буй үйлдээ сэтгэлээр хандаж байхыг уриалж байна.
Үйл маань дуусч, 9 өдөр тахилаа засан, цай, сүү идээнийхээ дээжийг өргөөд онгодуудаа тахил дээрээ ундаалаад байгаараа гэж захиад сая нэг ухаан орон хам хум юмаа хамж аваад хүүгийнхээ сургууль руу давхилаа.Удахгүй очно гэсэн би бүтэн цагийн дараа очиж байна. Хүүхэд нь хэцүүдэж байна гэхэд санаа зоволгүй бүтэн цагийн дараа ирж байдаг харицлагагүй эх вэ гэж багш нь бодсон байх даа. Хүүгээ тэвэрч аваад гайгүй болохоор нь санаа амартал СОРИЛОО МИНИЙ ОХИН САЙН ДАВЛАА гэх шиг боллоо.
Сүүлд өөрийгөө бодохнээ би бүхий л амьдралаа гэр орон, нөхөр, үр хүүхэд гэж явчихаад амь нь тулсан хэцүү цагт юуг ч орхиод гүйх ёстой атал зовлон шаналалд автсан бяцхан охины төлөө үр хүүхдээ золиослон үйл хийж явсан нь тэнгэрийн сорил байсан юм болов уу.Ай даа, Та бид ямар хэцүү тавилантайг мунхаг би одоо л оройдоо буулгаж байна даа.Их ядарсан тул гэртээ оронгуутаа хэвтээд өглөө. Маргааш нь охиныг яаж байна гэтэл шөнө сэрээд унтаж чаддаггүй байсан, харин ч сайхан нам унтаад өглөө сэрсэн гэнэ. Яамайдаа, ямартаа ч хийсэн үйл маань хүрсэн бололтой. Хөөрхий тэр охин олон жил үе мөчний өвчнөөр шаналж яваа бөгөөд ид шид шиг бие нь тийм ч амар тэнхрэхгүй л байх. Гэхдээ Та бүгд сэтгэлдээ сайн сайхныг билэгдэн охины төлөө сэтгэл гарган Тэнгэр Монгол Газар гэж өдөр болгон хэлж байхыг үнэн сэтгэлээсээ гуйя.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002