ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАН
эх сурвалж: http://erhshar.blogspot.com/
2012 оны 12 сарын 21-ний морин цагаас 22-ны өдрийн луу цаг хүртэл үргэлжилсэн Түмэн онгодын чуулганд оролцож ирээд юу болсон тухай бичихсэн гэж бодсоор өдий олон хоног өнгөрүүлчихэв. Амралт, ар гэр, баяр, ажил төрөл гэсээр бараг л хоёр долоо хоногийн хугацаа өнгөрчихсөн байна шүү. Цаг хугацаа гэдэг улам л хурдлаад байх шиг санагдах юм...
Одоогоос нэг жил гаруйн өмнө chingiss-udgan.blogspot.com блогоос “Түмэн онгодын чуулган” гээч юмны талаар анх уншиж билээ. Тухайн үед ямар учиртай, ямар том үйл болох талаар огтхонч төсөөлөлгүй байсан нь ойлгомжтой. Хаана болох юм бол, юу болох юм бол очиж үзэж сонирхох юмсан л гэж бодсоноос өөрөө орчих юм гэж ёстой санаагүй явжээ.
Энэ чуулганы товыг Хаан дээдэс оролцох ёстой буурал дээдсүүдэд хандан “...Хөрстийн үйлийг эхлүүлэх Хоног хугацааг тогтоов Эзэн би 2012 оны 12 сарын 21 МОРИН ЦАГ...” хэмээн анх Тэнгэрийн Тамгат бүх Онгод Баатрууд Бөө нарт хандан 2011 оны 9 сард Зарлиг гарган тогтоосон байдаг.
Дээдсийн блогыг уншин, мэйлээр, утсаар гэх мэт харилцаа холбооны бүх л хэрэгсэл ашиглан, өөр бусад арга замаар Дээдэстэй холбогдон, Гэрлийн Өргөөнд нэгдсэн нэгдээгүй энэ олон хүмүүс бол нэг талаар энэ чуулганд оролцох ёстой хүмүүсийг цуглуулж байждээ гэж одоо боддог юм. Гэхдээ мэдээж ганц энэ чуулгантай холбоотой биш нь тодорхой. Түмэн Онгодын Чуулган бол дөнгөж эхлэл нь гэдгийг ХААН ДЭЭДЭС дээрх зарлигтаа тов тодорхой хэлээд өгчихсөн байна шүү дээ. Гэтэл энэ талаар мэдэхгүй хүмүүс өнгөц харж, өнгөцхөн дүгнэн амны зугаа болгож байгаа нь харамсамаар. Учир нь би өчигдөр http://www.shuurhai.mn/?p=31804 энэ холбоосноос хүнд огт хэрэггүй хов жив уншаад эгдүү хүрэв. Хэрэггүй юм бол юунд эгдүүцдэг юм гэж бүү бодоорой. Тэнд “...12 сарын 21нд дэлхий сөнөнө гэж 1000 бөө цугларсан сурагтай. Тэд үнэхээр монголчуудын хувь заяаг тэнгэрт даатгасан уу бөөнөөрөө амиа бодсонуу бүү мэд” ухааны юм бичжээ. Иймэрхүү хов живээ мэдээ гэж нэрлэн мэргэжил нэгт чадвартай нөхдөө, цаашлаад сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг унагааж байгаа сэтгүүлч нэртэнгүүд өөрөөсөө ичвэл таарна.
Дашрамд хэлэхэд бичиж байгаа мэдээ мэдээлэл, нийтлэл зэргээ сайтар судлан, эрж хайж, уншиж судлан, уулзаж ярилцан, үзэж харан байж бичихэд яанаа. Хоорондоо хов ярьж байгаа мэт хэн нэгний амаас хальт сонссоноо хов болгон бичихээ боливол таарна. Ийм мэдээлэл хэнд хэрэгтэй юм, хэнийг юугаар гийгүүлэх юм. Гэтэл сэтгүүл зүйн салбар ямар зорилготой, ямар ач холбогдолтой, нийгэмд ямар чухал үүрэгтэй салбар юм гэдгийг бодож баймаар юм... хэхэ За өршөөгөөрэй баахан хамаагүй зүйл бичлээ. ҮГҮЙ ЭЭ.......... Хамаагүй ч бишээ ер нь энэ мэт байх ёсгүй боловч байх ёстой мэт хэвшин тогтож, олон нийт түүнд нь дасан зохицож угаасаа л ийм байдаг би хэллээ гээд ямар засрах биш гэсэн ужиг бодлоосоо нэг ч гэсэн хүн салж өөрчлөхийн төлөө, зөв гольдролд нь оруулахын төлөө үгээ хэлж, өөрөө ч түүний төлөө явах цаг ирсэн. Энэ цагийн, энэ үйлийн эхлэл болж ТҮМЭН ОНГОД ДЭЭДСҮҮД чуулсан ч юм билүү. Энэ мэт хүмүүсийн дасан зохицсон, тэр бүү хэл ийм байдаг мэтээр хүлээж авах болсон ГАЖУУДАЛ ганц Монголд ч биш дэлхий дахинд хаа сайгүй л байна. Үүнийг л засан залруулж зөв гольдролд нь оруулж, хүмүүнийг хүмүүн байх үндсийг тавих шинэ эриний шинэ эхлэл ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНаар хийгджээ.
За эргээд гол сэдэв рүүгээ оръё. Түмэн Онгодын Чуулганд Хаан жилийн өмнөөс л Дээдсийг бэлтгэн Дээдэс ч биднийг бэлтгэж байсан нь одоо ойлгомжтой боллоо. Буурлууд гэж үнэхээр мундаг хүмүүс юмаа. Тэд юуг яаж хийхээ хамгаас сайн мэддэг бололтой. Аргагүй шүү дээ Тэд биднийг, бидний ертөнцийг бүхлээр нь томоор нь харж байгаам чинь хэхэ... Гэхдээ юуг, яаж хийхээ сайн мэднэ гэхээр бүхнийг буурлууд зохицуулаад болгоод байсан мэтээр ойлговол буруу. Буурлууд бүгдийг нь энэ цаг үед амьдарч байгаа биднээр бодуулж, сэтгүүлж, хийлгүүлж байсан. Мэдээж өөрсдөө хянах, хэлэх, зүглүүлэх, чиглүүлэх, зохицуулах тэр бүү хэл гар бие оролцон хийж байсан тохиолдол ч олон бий. Буурлууд өөрсдөө гар бие оролцон хийсэн, бүтээсний нэг тод жишээ бол ЕСӨН ТОЛГОЙ СУДАР.
Түмэн онгодын чуулганд өөрөө ч мэдэлгүй бэлдэж эхэлсэн нь аль жилийн өмнөөс байжээ. Бидний хэн маань ч адил. Бусдын л адил явсан бид нэг дор цугларч, уг удмаа мэдэж, Хааны даалгавараар анх Алтан Судар гээч зүйл байдгийг мэдэж, уншиж, судалж, Буурлуудын эдлэл хэрэглэлийг бэлтгэн, уг удмаа босгож, улмаар Дээдсийг даган Буурал дээдсүүдээ биежүүлэн хүчийг нь авхуулахаар нийтийн бөөлөө, нутаг орны уул усны амийг сэрээх тахих гэх мэт Дээдсийн үйлд даган явах, Өргөөний АНХДУГААР ХУРАЛДАЙ, сар гарны хугацаанд бүтсэн судрууд гээд л энэ бүхэн энэ л чуулганы бэлтгэл байжээ. Мөн босч амжаагүй олон ч улаач нар дотоод гадаадад байсан. Мөн аль хэдийн босч хүчээ аваад, Хаан Дээдсийг хүлээж байсан ойрын төрөл төрөгсөд, баатар жанжид нь өөрсдийн улаачаа Дээдэстэй холбож учруулсан ч тохиолдолууд олон байлаа. Манай аравтад л гэхэд ийм 2 улаач байсан юм. Нэг нь буурлуудаа биедээ залж биечлэн оролцсон бол нөгөө нь манай аравтын улаач нарын тоонд багтаагүй ч гал манагчаар бүртгүүлэн ирж оролцон бөөлөөний туршид ганц гал манах биш хуураар явган бөөлөн буурлуудынхаа үйлийг хийлгэсэн Хааны жанжины улаач байлаа.
Цаг хугацаа ойртох тусам Буурлууд ч Чуулганы талаар нарийн тодорхой зүйлүүдийг Дээдэс болон ажлын хэсгийнхэнд хэлж, Дээдсийн блогт Чуулганы талаар нарийн тодорхой олон айлдварууд тавигдсан байгааг та бүхэн уншсан биз. Дашрамд хэлэхэд нойр хоолгүй энэ их ажлыг зохион байгуулсан олон хүмүүстээ баяр хүргэе. Мөн дор бүрнээ чармайн зүтгэж энэ их үйлд хамтран оролцсон бүхэндээ халуун баяр хүргэмээр санагдлаа хэхэ...
Миний л санаж байгаагаар жилийн өмнөөс “2012 оны 12 сарын 21-ны Морин цагийг Монголчууд хүндэтгэн угт” гэж Хаан зарлигдан энэ өдөр бол шинэ эриний эхлэл, Монголчуудын он тооллын эхлэл байх талаар Дээдэс бичсэн бөгөөд тэр талаар би нэг нийтлэл бичиж Өргөөнийхөн маань сонинд хэвлүүлж байсан санагдана. Нэг зүйлийг лавтаяа хэлэхэд энэ өдөр ертөнцийн мөхөл, дэлхийн сүйрэл байна гэж лав л Хаан болон Дээдэс, бусад онгод буурлууд хэлээгүй бөгөөд харин ч шинэ цагийн эхлэл гэж байсныг дахин нэг сануулъя.
Гэтэл одоо хүний мууд дурлагчид, тэр бүү хэл Өргөөний зарим гишүүд мэр сэр “Нар яагаад баруунаас мандсангүйв, 3 өдөр 3 шөнө харанхуй болно гэсэн яав гэх мэтээр” Өргөөнд ам асуусан пост тавьсан байв. Уг нь бол ингэвэл та нар яах вэ гэж буурлууд асууж байснаас яг ийм юм болно гэж хэлээгүй юм шүү дээ. Тэдгээр хүмүүсийг буруутгах гэсэн биш бодит байдлыг мэдээсэй гэсэндээ энэ талаар мэдээгүй олон гишүүддээ мэдээлэл өгөхийн тулд жаахан дэлгэрүүлэн бичье.
“Төмөр ба түүний нөхөд” гэдэг шиг “Дээдэс ба түүний нөхөд” болсон өргөөний биднээр хийх ёстойг маань хийлгэхээр анх буурлууд 2012 оны 12 сарын 21-ний өдрийн талаар нилээд хатуухан айлдвар айлдаж байсан юм. Тэр айлдвар бүтнээрээ Дээдсийн блогт бий. Миний одоо цээжээр санаж байгаагаар Гэрэлт өдөр гэнэт харанхуйлна гэж ирээд л 5 өдөр 5 шөнө харанхуй болбол та нар яах вэ хэмээн Дээдэс болон тэнд байсан улаач нараас асуусан байдаг юм. Дээдэс ч өргөөнд биднээс ингэвэл яах вэ гэж асууж бидний байр суурийг тандан байж билээ. Тэр үед Хааны урьд нь хэлж байсан зарлигийг санахын оронд үнэхээр тэгвэл яах вэ гэж ургуулан бодож байж билээ хэхэ.. гэхдээ тэр үед яагаад ч юм тийм муу муухай зүйл төсөөлөгдөхгүй байсан нь сонин. Ингээд л буурлууд судар тайлах, бүр цаашлаад ЕСӨН ТОЛГОЙ СУДАР гаргах тухай даалгаварыг Дээдэст хэлж шинэ эринээс өмнө амжиж энэ 9 толгой судрыг гаргаваас 21-ний ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНаар хийгдэх хатуу, хартай дайтах хатуу үйл нь гэгээрлийн 9 толгой судрыг залсан, зарласан сүүн цагаан үйлсээр солигдох тухай айлдвар айлдаж тэр дагуу нь “Дээдэс болон түүний нөхөд” олон баг болон хуваагдаж сарын хугацаанд том жижиг гэлтгүй сэтгэл, гар нийлэн сайтар ажилласан нь Буурлуудын зүгээс биднийг шагнах сайхан шалтгаан болсон байх. Буурлууд биш Тэнгэр юм байна. Тэнгэр эцгийн зарлигийг хүлээн буурлууд хүртэл бидэнтэй хамт догдлон байгаагаа хэлсэн байдаг юм.Тийнхүү сарын хугацаанд шаардлагатай 6 судрыг /5+1/ бэлтгэн хэвлэлтэнд явуулсанаар Зайсан дахь Дээдсийн байрлаж байсан Өргөөнд Тэнгэрийн зарлигийг хүлээн догдолсон нэгэн өдөр болсон юм. Би тэр өдөр Тэнгэрийн зарлигийг буурал дамжуулж байх үед нь очсон санагдана. Энэ зарлиг мөн л Дээдсийн блог болон Дуулин блогт байх ёстой. Ер нь энэ хугацаанд маш олон буурлуудын айлдвар Тэнгэрийн зарлиг ирж байсныг блогуудад байрлуулсан байгаа. Та бүхэн сайн хайж уншаарай. Хар соно зайрангийн буурал хүртэл Өргөөний нэгэн хурал дээр анх удаа өргөөнд бууж Тэнгэрийн зарлигыг дамжуулсан удаатай.
Ингээд судрын ажил дуусч 21-ний Чуулганы хугацаа болон үйлийн талаар Тэнгэрийн зарлиг гаран бөөлөөний хугацааг нэг өдөр болгон хатуу хүнд үйлийг зөөлрүүлэн сүүн цагаан үйл болгосон талаар дамжуулсан буурал ихэд сэтгэл догдлон айлдаж үрс бидэнтэйгээ нийлэн Тэнгэр эцгийн зарлигийг хичнээн сэтгэл догдлон бас түгшин хүлээж байсан тухайгаа хэлж байсан нь буурлуудаа хайрлах сэтгэл хүчтэй төрүүлсэн юм. Үүнээс өмнө Дээдэс болон түүний нөхдийг сайн ажиллаа гэж шагнан бөөлөөний хугацааг 3 хоног болгон багасгаж, улмаар энэ хугацааг цаашид багасгах, харанхуй болгохгүй байх зэргийг бидний үйлээ хэрхэн хийхээс хамаарна гэж буурлууд хэлсэн тухай Дээдэс дамжуулж байсан юм. Энэ бүгдийг би маш товчоор бичиж байгаа гэдгийг ойлгон дэлгэрэнгүй сайн мэдье гэвэл тухай бүрт хэлж байсан буурлуудын айлдварыг та нар минь Дээдсийн болон Тэнгэр Монгол Газар блогоос олж уншаарай. Энэ хугацаанд ямар их үйл явдал, ажил төрөл өрнөснийг эргээд бодоход өөрсдөөрөө анх удаагаа л бахархмаар санагдаж омогшлоо байна хэхэ...
Анх мэдсэн цагаас авхуулаад энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх өөрийн болон хань ижил ойр тойрныхны өөртэйгөө, буурлуудтайгаа, хоорондоо гаргаж байсан сэтгэл зүйн тэмцэлээс эхлээд л гарт баригдаж нүдэнд харагдах энэ олон ажлын ард гарсан нэг жилийн хугацаа бол өнөөдрийг хүртэл миний л хувьд амьдралын минь хамгийн өндөр үр бүтээлтэй жил байлаа. Магадгүй үүнээс цааш ихийг хийж мэдэх ч ЭХЛЭЛ гэдэг бол мэдээж хамгийн том амжилт шүү дээ. Бид нар хамтдаа энэ бүхнийг ямартаа ч эхлүүлж чадсан юм. ДЭЭДЭС нэг юмыг байнга хэлдэг юм. Юу гэвэл “Бид чадна. Дэлхий сөнөхгүй. Сөнөх байсан бол, чадахгүй байсан бол энэ олон буурлууд бууж яахын, энэ олон бөө нар босч яах юм. Чадах учраас л бууж байгаа юм” гэж байнга хэлдэг юм. хэхэхэ... Ингэж хэлэхдээ Дээдэс яг “Хаан ийм л хүн байсан байх” гэмээр төрх гаргадаг юм хэхэ...
За тэгээд Тэнгэрийн тэр зарлиг гарсанаас хойш Чуулганы ажлын хэсэг ёстой л нойр хоолгүй ажилласан даа. Тэд нараараа бахармаар. Дээдсийн гэр бүлээс эхлээд л өргөөнийхөн бүгд л их бага хэмжээгээр хичээж байлаа. Энд ямар нэг нэр цохож бичсэнгүй учир нь ажлын хэсгийн болон ажлын хэсэгт байхгүй ч гар бие оролцон хүчин зүтгэж байсан тэр олон хүнээс би мэдэх, мэдэхгүй олон хүн байгаа тул заримых нь нэрийг бичилгүй гомдоовол яана хэхэхэ... Тэгээд ч надад тийм эрх байхгүй билээ хэхэ...
Ингээд миний мэдэж байгаагаар ойролцоогоор зуун дал наяад улаач нар оролцсон байх. 200 хүрсэн эсэхийг мэдэхгүй байна. Яг нарийн тоог ажлын хэсгийнхэн хэлэх байх. Маш олон улаач нар хөдөө гадаанаас Дээдэстэй холбогдон уулзах нь уулзаж ярих нь яриж байсан байх тэгээд нутаг нутагтаа тэр өдөр үйлийг дэмнэн орон нутгаасаа оролцоно гэдгээ мэдэгдсэн гэдэг. Яг их үйл болох ёстой буурлуудын товлосон газар биечлэн очиж оролцох улаач нар аравтад хуваагдан бэлтгэл ажлуудыг хийж байсан юм. Өвлийн дулаан хуяг бэлдэх, буурлуудын зэр зэвсэг бэлтгэх, тэнд очоод байрлах гэрээ бэлтгэх гээд л бүтэн сар илүүтэй их ажил өрнөв. Ажлын хэсэг тасралтгүй манах МЯНГАН ОТГИЙН түүдгийн галыг бэлтгэхээс авхуулаад их ажлыг өрнүүлэв. Энд маш их бэлтгэл ажил өрнөсөн нь харагдаж байлаа. Зөвхөн 1000 отгийн галын байрлал бүхий зурагнаас л зөвхөн энэ байрлал гэхэд ямар нарийн, ямар их ажиллаагаатай, цаашлаад нарийн учир, бэлгэдэл, төдийгүй дайны тактиктай холбоотой байсныг гадарлаж болохоор байсан бөгөөд дээр хэлсэн бүгдтэй холбоотой байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Буурлуудын санааг бид яаж тааж мэдэх билээ. Судрын ажил дуусаагүй ид явагдаж байхад л Чуулганы зохион байгуулалтын ажил ид өрнөж байсан юм. Маш олон шат дараатай ажиллагаанууд хийгдэж байсан. Үүнийг нэг бүрчлэн бичих нь гардан хийсэн хүмүүсийн ажил тул би дундуур нь мэдэмхийрэн бичээд яахав хэхэ... Дараа нь яг гардан хийсэн хүмүүсийн дурсамж ном гарах ч юм билүү хэн мэдлээ.
За тэгээд манай аравт бол Цагаадай хааны улаач нэгэн залуугаар толгойлуулсан аравт юм. Ер нь одоо бодоод байхад энэ аравтын хуваарилалт ч бас сонирхолтой санагдаад байгаам даа хэхэ. Манай аравтад улаач, гал манагч нартайгаа нийлээд боссон 11 улаач байсан юм босоогүй хэдэн угтан байсныг бүү мэд. Ямар ч байсан манай нөхөр бид хоёрын түшээ хийхээр явсан үеэл дүүг минь угтай гэж манай буурлууд нэг удаа ам алдана лээ. Чуулганд орсоноосоо хойш мэлмий нь нээгдээд сүнс, хий биет хараад сонин сонин болоод байсан гэсэн бөгөөд яг өнөө орой манайд ирэхээр тохиров. Манай аравтынхан ихэнх нь олон жил бөөлсөн улаач нартай харьцуулахад шинэхэн улаач боловч хүчээ авч, цээрийн хоногоо хураасан мундаг буурлууд цөөнгүй байлаа. Мөн манай Аравтад Хавт Хасар Дээдсийн улаач, түүний хүү Хатан Бүүвэй баатрын улаач, би, миний нөхөр, Нисдэг балчир, Гэрэлт-Од, Магнай, Нарангэрэл эгч, Даваасүрэн эгч гээд нийт арван улаач байсан бөгөөд 11 дэх улаачыг бас онцгойлон хэлбэл зохино. Тэрээр хэдийгээр хуяг хувцастайгаа ирж оролцоогүй ч бөөлөөний үеэр хуурдан явган бөөлж энэ их үйлд буурлуудаа дэмнэн оролсон юм. Энэ улаач бол Дээдсийн блогт нэгэнтээ бичигдэж байсан Түмэн онгодын чуулганы талаар жилийн өмнө буурлууд нь хэлэн нэгэн эмэгтэй хүн толгойлж бөөлөх бөгөөд түүнтэй холбогд гэснээр мөн л жилийн өмнө Дээдэстэй холбогдон түүхэнд нь орсон ХААНЫ жанжин ЖАНХАЙ ГЭГЭЭН БААТАРын улаач юм. Энэ цагтаа тэр улаач нь Хасар Дээдсийн улаачийн хамаатан байсан нь сонин шүү. Энэ мундаг Дээдсүүд Эринийг эхлүүлэх энэ чуулганд гардан оролцсон гэдэгт би л хувьдаа эргэлзэхгүй байна. Ер нь манай буурлууд энгийн үед бодлын зөн мэдрэмж гэдэг юм уу ямар ч байсан бодлоор минь нилээд юм хэлж өгдөг гэдэгт одоо итгэлтэй болсон. Учир нь тэр бодлууд минь үнэнээс зөрөх нь бараг үгүй. ЖАНХАЙ ГЭГЭЭН баатарын улаач олон таван үггүй залуу байв.
Манай аравтаас аравтын ахлах ЗАРГАЧ болон ХАВТ дээдсийн улаач, ХАТАН БҮҮВЭЙ баатрын улаач, манай нөхөр, би, өө тийм Өргөөний шинэ боссон улаач Төгсөө /би ингээд нэрлэчихлээ хэхэ/ нээрээ манай аравтад бас нэмэгдсэн юм байна. Ингэснээр манай аравт 12 боссон улаачтайгаар энэ үйлд оролцжээ. Дээр нэр дурьдсан 6 улаач 20ны өдөр ИХ ҮЙЛИЙН товлосон газар очсон бөгөөд бусад маань өмнө нь очин байрлаж бэлтгэл их ажилд тусалж байсан юм. Манай аравтын хүчээ авч бүрэн биежин, цээрийн хоногоо хураасан буурлууд улаач нартаа “Үдшийн бүрэнхий, үүрийн харанхуйд ширүүхэн тулаан болно. Тэрнээс наана гэрэлтэйд үрсүүд минь хүчээ гамнан бөөлөөрэй” гэснийг Хатан Бүүвэй баатрын улаач дамжуулж байсан юм. Ер нь бөөлөөний үеийн байрлал их учир утгатай байлаа. Үүний нарийн учрыг төдийлөн сайн мэдээгүй л байна. Мэлмий, жанжид, мөргүн, хатад гээд буурлуудын айлдсанаас суудал нь хамгаалалтын болон дайралтын нарийн тактиктай байсан байх гэж таагаад байгаа юм.
Тэгээд энэ чуулганд 1000 отог омгийн мянган улаач оролцох байсан ч олон шалтгаанаар товт газар биечлэн бөөлөх 200 орчим /энэ бол миний цээж тоо юм шүү/ улаач нар цугласан МЯНГАН отгийн галыг хүнийг гэлтгүй ирсэн бүх улаачид даан хэнгэрэгийн дуу таслалгүй бөөлөх, Мянган отгийн галыг таслалгүй манах, бадраах нь бидний зүгээс хийх гол ажил байлаа. Харин буурлууд, дээдсүүд бол Нар, сар, дэлхийн амийг газарт буулгах, тэтгэх, хар сүнснүүдтэй тулалдах, хураах, гэгээрлийг эхлүүлэх гэсэн гол гурван үйлийг хийв. ЭНЭ БҮХНИЙГ МЭДЭЭЖ ДЭЭДСҮҮД ДУНДАА ХААН ОРОЙЛОН, ЗАМБИД ДЭЭДЭС МААНЬ ТОЛГОЙЛОН БИД ДЭМНЭН ҮЙЛДЭВ.
1000 улаач байх ёстойгоос 200 арай хүрэхгүй улаач нар ирсэн байсан нь улаач нар нилээд таруу байрлан, нэг жигүүр нэг зуутад, арваадхан улаач нар л оногдож байв. Нэг цацрагын 9 галыг нэг улаач манан цацрагаас цааш улбаалсан 100 отгийн гал дээр нэг ээлжинд гэхэд 4 5 улаач байхаар таарч байв. ер нь цаг цагаар солигдсон нь бараг үгүй бөгөөд бие засах болох халуун юм уухаар багахан хугацаагаар улаач нар солигдож байлаа. Мөн огт солигдохгүй бөөлсөн олон улаач нар бий. Сайн мэдэхээрээ өрийн аравтыг бичье. Манай аравтаас л гэхэд Гэрэлт-Од, Магнай, Нисдэг балчир, Даваасүрэн эгч, Нарангэрэл эгч, манай нөхөр, Хавт болон Бүүвэй дээдсийн улаач нар, Заргач гээд бүгд л бие засахаар болон цөөн удаа цай уухаар 20 30 минутын хугацаатай ээжлэн завсарлаж байв. Жирэмсэн гэдгээрээ би л ахиухан амарсан байх. Гэрэлт-Од бол бүүр нэг удаа Магнай 2хон удаа л арваадхан минутын завсарлага авсан байх. Уг нь анхнаасаа Дээдэс намайг нээлтийн болон хаалтын бөөлөөнд нэг нэг цаг л бөөлнө бусад хатуу үйлд чамайг оруулахгүй гэж байсан боловч нэгэнт тэнд очсон хүн яаж тэгэж чадахав.
Чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзнэ гэж бодож байв. манай гал манах болон түшээгээр ирсэн улс ч амарсан нь тоотойхон. Тухайлбал миний сууж байсан цацрагын Жанжин Гол түүдгийн хамгаалалтад сууж бөөлөх болсноор би цацрагтаа ганцаар үлдэв. Нөхөр бид 2 дундаа нэг түшээтэй явсан тул хол хол газар хуваарилагдсан бидэнд бага зэргийн хүндрэл гарав. Манай 1 дүгээр жигүүрийн гал манагч маань зуутынхаа галыг байнга манах болсноор цацрагын 9 болон зуутын эхний нэг гал манах хүнгүй болж улаач би гал манах, бөөлөх ажилдаа түүртэж эхэлсэн тул 2 жигүүрийн дунд гүйж байсан дүүгээрээ дамжуулж нөхрөөсөө тусламж гуйн, нөхөр маань манаж, бөөлж байсан галуудаа Хавт Дээдсийнхэнд даатгаж орхиод надад туслахаар ирж цацрагтаа 2 улаачтай болж дүү маань цацрагын 9 гал, цаашлаад зуутын зарим ганц нэг галыг манан бадраах ажилтай болов. Бөөлөөн эхэлсэнээс аваад, наран жаргаж харуй бүрий болтол яг яаж бөөлж, ямар үйлдэл болсныг мартчихсан байх юм. Хачин юм даа. Уг нь би өөрийн мэдрэмжтэй байж бүрэн хяналттай байж байсан мөртлөө яг л энэ үед ямар үйл явдал болж байсныг мартчихаж. Ёстой гайхчихлаа харин.
Орой 11 цагийн орчим амрах гэртээ орж цайлан сууж байтал ЦАГААДАЙ Дээдсийн улаач болон Хасар Дээдсийн улаач нар орж ирэн “одоо Бон гараад хэрэггүй байх. Нилээд ширүүсч байна. Зөндөө ч их юм орж ирж байна одоо Бон амар амар” гэцгээв. Намайг гэр лүү явах үед нөхөр “чи одоо унтаж амар битгий гарч ирээрэй Око бид 2 үүр цайтал энэ цацрагыг манана. Угаасаа чамайг эхэн төгсгөл хоёрт л ороорой гэсэн гээ биздээ. Чи санаа зовох хэрэггүй” гээд бараг хөөх шахууны юм болов. Тэр үед улаачаа юунд оруулах, яахаа бид мэдэж байна гэх буурлуудын бага зэргийн хилэн мэдрэгдээд өнгөрсөн ч би тэрийг нь ил гаргаж хэлсэнгүй. Үгэнд нь орогч болж гэр лүүгээ явав. Гэрт ороод аравтынхаа хэдийг тэгэж хэлэхэд нь “Өө би зүгээрээ. Надад угаасаа тийм ширүүн мирүүн юу ч мэдрэгдэхгүй. Зүв зүгээр байна” гэж зөрсөөр жоохон нуруугаа тэнийлгэж сайхан амарч аваад гараад алга болов хэхэ.. Нөхөр дээрээ очсон чинь хэнгэрэгний дууг урамтай нь аргагүй пижигнүүлж байнаа. Цацрагын галаа нэг эргэчихээд очтол болих шинжгүй пижигнүүлж байхаар нь “Өршөөгөөрэй буурал минь үр нь ирлээ” гэтэл удалгүй болив. “Хүүе чи юу хийж байгаан явж унтаач” гэв. Би сайхан амарчихлаа. Та 2 одоо харин очоод бие засаад халуун цай уугаад ир гэж ятгав. Нөхөр маань “буурал орж ирээд хэцээ сэгсэрч үзээд байна. Нилээд ширүүн буурал нүдэж нүдэж гарлаа” гэв хэхэ... Учир нь хэцээ хийлгэж дуусаад хэцэнд нь хамгаалалтыг нь хийж амжилгүй очсон байсан юм. Тэгээд Мухулай жанжины улаачийг дүрслэн хэлж тэр залуу ирээд “Хэц чинь сайхан дуугарч байна шүү. Чанга дуугарч байна” гэсэн гээд их л баяртай хэлэв. Тэр 2-ыг ятгаж оруулаад бүх гал дээрээ мод нэмчихээд хэцээ нүдээд дөнгөж эхлэв үү үгүй юу хамаг бие хачин болоод явчихав. Юун нөгөө би яах ч үгүй гээд байсан хүн чинь 2 гар бүр сулран хэц тойвуураа даахаа байж, 2 жавьжнаас хар шүлс цуван хоол горьдсон нохой шиг шүлс асгараад, дотор муухай болон хий баахан огиулав. Яаж ч хичээгээд хэцээ үргэлжлүүлэн нүдэж чадсангүй. Хий огих бүр нүднээс нулимс гарна. Тэгээд сууж байтал Дээдэс биеэ засаад ирж байгаа бололтой машинаас буув. Очиж нэг хэлж засуулюу гэснээ энэ их үйлийн харуугаар би ч юучивдээ гэж бодоод очсонгүй. Харин хажууд ирсэн байсан Дээдсийн охины яриаг сонсон өөрөө өөрийгөө янзлахыг хичээн дуудлага хэлэн зогсов. Бие муу байсан болохоор охинтой нь ч юм ярьж чадсангүй ярьсан юмыг нь л бага сага ойлгов. Энэ хооронд нүднийхээ булангаар Дээдэс рүү горьдон харсаар л байлаа хэхэ.
Юмыг яаж мэдэхэв яагаад хэцээ нүдэхгүй байна гээд ирвэл хэлээд янзлуулъя гэж бодсон ч Дээдэс зуутуудыг тойрохоор явах шиг болов. Харин Гэрэлт-Од зуутынхаа даргаас заавар авахаар ирж таарч буурал нь янзалж овоо юм ховхлов. Гэсэн ч би буцан сууж хэц нүдэх гэсэн боловч бас огиулаад болив. Бодвол юм үлдсэн бололтой. Ашгүй нөхөр дүү 2 ирж би үг дуугүй гэр лүү ортол араас дүү ороод ирэв. Нөхөр санаа нь зовоод намайг харуулах гэж дүүг явуулсан бололтой. Ортол Магнай орж ирсэн байлуу араас орж ирлүү мартчихаж. Ямар ч байсан хуягаа арай гэж л тайлав. Магнай харин үлдсэн юмыг нь гаргаж өглөө. Гэрэлт-Од ах таны дотор орсоныг нь үлдээчихэж гээд хөөх ийм их юм таниас зүүгдсэн байна ш д гээд л ямар нэг зүйл суга татаад байх шиг болов. Үнэхээр дотор уужраад, шүлс цувахаа болив. Мөн манай дүү толгой өвдөөд дотор сонин болоод байна гэж бас Магнайгаар засуулж авав. Магнай надад нэгэн могой өгөөд энийг өвөртлөөд жоохон хэвтчих гээд өөрөө яаран гарч одов. /Үүгээр дамжуулан МАГНАЙ, ГЭРЭЛТ-ОД, ЗАРГАЧ, МУХУЛАЙ дээдсийн улаач нарт талархсанаа хэлье. Өмнө нь Бас Заргач, Содоо 2оор янзлуулж байсан юм хэхэ./ Мөн хуягаа ариулаарай гэв.
Хуягаа ариулж байна гэж гэрээр дүүрэн утаа май болгон ганга уугиулж аваад хэвтсэн чинь өөрийн эрхгүй унтчихаж. Нэг сэрээд цаг харсан чинь цаг гаран унтсан байв. Яаран босоод хартал дүү маань сайхоон хажууд минь унтаж байдаг гэж байна ш д хэхэ... “Хүүе чи чинь яаж байнаа ахыгаа ганцааранг нь орхичихсон юм уу хурдан бос гал мал баларлаа хөөе” гээд л орилоод босов хэхэ... Гялс хуягаа өмсөөд яаран гарав. Очсон чинь нөхөр маань тамхи татчихсан бүх гал нь овоо сайхан бадарч байв. хэхэ Шөнийн эргүүлд явж байсан Гээгэл эгч галаа тэтгэ гэснээр бүх галаа нэмчихээд тамхилаад сууж байгаа нь тэр гэнэ. Удалгүй бүх улаач нар гурвалжингийн хамгаалалтад дуудагдаж, би цацарагтаа үлдэв. Хэр удаан суусныг бүү мэд гал манагчаар дүүгээ үлдээн бие засахаар яваад иртэл дүү гал нэмэхээр тонгойгоод өндийхөд 2 эвэртэй нүүгэлтсэн хар юм яг өөдөөс тулаад зогсож байлаа үхтэлээ айлаа гэсээр угтав. Хэхэ.... ер нь энэ тэрүүгээр юм шун шун гээд л нисэлдээд байна та мэдэрч байна уу гэв. Би ч яахав хөл хүнд болохоор буурлууд сайтар хамгаалж байсан нь тодорхой. Хэсэг бөөлөөд бас амрах хэрэг гарав. Нуруу тасарчих шахаад болохгүй байсан тул бас цаг унтсан бололтой. Сэрээд цаг хартал үүрийн гэгээ орсон байв. Санаа зовон хурдан хуяглан гарлаа. Үүрээр нилээд жавартай хүйтэрсэн байв. Үүрийн жавар үдэш орой, харанхуй шөнөд нь даараагүйгээр хөл хөрч, нүүрний ил гарсан хэсгийг хайрч эхэлсэн нь үнэхээр л ХАВТ ДЭЭДЭС болон ХАТАН БҮҮВЭЙ буурлуудын хэлснээр үүрээр бас хатуухан байв. Гэгээ татаж эхэлсэн байсан юм намайг гарч ирэхэд. Дүү маань галаа манаж, нөхөр маань бусад улаач нарын адил гурвалжингийн хамгаалалтад суусаар байв. Цацраг дээрээ хэсэг суун бөөлсний эцэст нар мандахаас өмнө нөхрөө амраахаар явуулаад өөрөө оронд суув. Хэдийгээр цаг гаран амарсан ч хэцээ нүдэх хооронд үе үе нүд анилдан байв. Үүрийн жаварч ч бас овоо хүчтэй хайрч байсан шүү. Хэхэ Тэр өглөөний нар яагаад ч юм их л удаан мандах шиг санагдсан.
Үдшийн бүрий, шөнө дунд саран жаргах үе, үүрээр гээд байдал үнэхээр ширүүсч байсан шүү. Хаан үүнийг мэдээд л улаач нарыг дуудан байрлалыг өөрчлөн, шөнө дундаас сар жаргах үеэс эхлэн гол амиудыг буулгасан голын түүдгийг байдаг хүчээрээ хамгаалан үдшийн бүрэнхийгээс эхлэн бүх зайрангуудыг гурвалжингийн хамгаалалтад суулгаж байсан бол шөнө дунд сар жаргах үед зайран удган гэлтгүй бүгдийг нь гол түүдгийг хамгаалан тойргоо хумиж гурвалжинд суулгах шиг болов.
Ингээд Хаан Дээдэс Өглөө наран ургахын өмнөхөн бүгдийг босч бөөлөхийг даалган босч бөөлснөөр ШИНЭ ЭРИНИЙ УРГАХ НАРАНГ тосон хэнгэрэгээ дэлдэцгээв. Шинэ эриний шинэ наран ямар тод, хурц, 6 цацраг гарган цав цагаан өнгөөр урган мандсан гээч. Бид бүгд нарыг харан баярлалдан байв. Тэр хурц нарыг бүгд нүд цавчилгүй, түүртэлгүй харсан. Нарыг тойрон маш олон ягаан бөмбөлгүүд байв. Хаа сайгүй. Маш их байсан. Наранд маш олон янзын дүрс харагдан байв. Яг ямар дүрс хараад байгаагаа би сайн ойлгоогүй хэхэ.Тэр олон ягаан бөмблөгүүд бол 99 Тэнгэр гэж ХААН ДЭЭДЭС хэлэв. Мөн Тэнгэр эцэг, Тэнгэр эхийн дүрийг харуулав. Энэ өдрийн нарыг хараад нулимс минь маш ихээр урсаж байлаа хэхэ.... Сэтгэл их догдолж, цаанаасаа л огшоод байв. Яагаад ч юм бид чадлаа гэж бодогдоно.
ХААН ДЭЭДЭС маш их догдолсон өнгөөр “БИД ЧАДЛАА. БИД ЯЛЛАА” гэхийг сонсоод ХААН ДЭЭДЭС, бүх БУУРАЛ ДЭЭДСҮҮДЭЭ өрөвдөн өөрийн эрхгүй өмөлзөн уйлав... хэхэ одоо бичиж байхдаа бас уйлчих гээд л байна. Тэднийгээ хайрласандаа шүү тэрнээс өөр хэрэггүй нулимс биш.
Бид болон Буурал дээдүүд хамтран энэ үйлийг амжилттай хийв. Бид Шинэ эринийг угтах хүндэтгэлийн болоод гэгээрлийн бас хатуужил шалгасан үйлийг амжилттай давав. БИД ХАМТДАА ДАВСАН, ХАМТДАА ХИЙСЭН, ХАМТДАА ЭХЛҮҮЛСЭН...Одоо цаана нь ямар их үйл хүлээж байгааг мэдэхгүй. Нэг нь нэгийгээ нөхөж чадсан. Эвлэж, нэгдэж чадсан. Муудах сайдах юм байсан ч эцсийн дүндээ нэг нэгийгээ нөхөж, эвлэн нэгдэж, нэг нь нөгөөгөө хайрлаж чадсандаа өнөөдөр ёстой харц дээгүүр, толгой гэдгэр байна хэхэ...
БҮГДЭД НЬ ХАЙРТАЙ шүү яадгийн хэхэ... ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР. Одоо хамтдаа сурах юм их байна даа. ДЭЭДСИЙН МИНЬ АЛДАР БАДАРТУХАЙ.
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР
Бас нөхөртөө болон хадам буурлууддаа, бас Мухулай дээдэс, аравтынхандаа, ТЭГЭЭД ХАМГИЙН ИХЭЭР ХААН болон ДЭЭДЭСТЭЭ, БҮХ ДЭЭДЭС, БҮХ УЛААЧ НАРТАА БОЛОН БҮХ ИРСЭН ТУСАЛСАН ТҮШЭЭД, ГАЛ МАНАГЧ болон ӨРГӨӨНИЙХӨӨ БҮХ ГИШҮҮДЭД дахин дахин БАЯРЛАЛАА.
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002