Амар байцгаана уу блогийн уншигчидаа.
Өнөөдөр 2012 оны 6 сарын 4-ний өдөр. Энэ бол миний хувьд чухал тэмдэглэлт өдөр юм.
Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 6 сарын 4-ний өдөр миний бие Хөх Монголын хаан Эзэн Богд Чингис хаанд анх удаа бараалхан сургаалийг нь сонсож байсан хувьтай. Эзэн Богдод бараалхан сургаал айлдварыг нь сонсон суухдаа гар утсаараа ярилцлагыг бичин авч түүнийгээ блогоороо дамжуулан түмэнд хүргэж байсан.
Энэ удаад яг нэг жилийн өмнө болж байсан тэрхүү ярилцлагын 2-р хэсгийг олон түмэнд хүргэж байна. Эхний хэсгийг тавьсаны дараа бөөн ажил ундарч ихэд завгүй болон явсаар байгаад 2-р хэсгийг хүргэлгүй нэгэн жилийг ардаа үдчихэж. Бас л их залхуурчэээ. Залхуурах залхуурахдаа бүхэл бүтэн 1 жилээр залхуурчээ. Бас л сонин байгаа юм шүү. Над шиг 1 жил залхуурдаг хүн энэ хорвоод байдаг болов уу үгүй болов уу?
Магадгүй энэ ярилцлаганд 3-р хэсэг гэж байсан бол тэр 3-р хэсгийг 2013 оны 6 сарын 4-нд тавих бололтой дог. Гэхдээ энэ ярилцлаганд 3-р хэсэг гэж байхгүй. Эзэн Богдтой ярилцсан энэ ярилцлага дээрх бичлэгээр өндөрлөж байгаа юм. Блогийн шинэхэн уншигчдад хэлэхэд Эзэн Богдтой уулзсан тухай миний эхний тэмдэглэлийг дараах линкээр орж уншиж болно. http://duulin.blogspot.com/2011/07/1.html. Түүнийг уншсаны дараа энэ нийтлэлийг уншаарай гэж зөвлөх байна.
Эзэн богдтой уулзсанаас хойш миний амьдралд их өөрчлөлт гарсан. Хорвоо дэлхий дээр хорин хэдэн жил туучсан амьдралын минь түүхэн дэх хамгийн их өөрчлөлтүүд энэ нэгхэн жилийн дотор болж өнгөрсөн байх юм. 2011 оны 6 сарын 2-нд анх Аянгат удгантай чаатлан тэр өдрөө Чингисийн Монгол нэртэй фэйсбүүк групыг үүсгэн байгуулсан нь өдгөө Гэрлийн өргөө нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж хүсэл зорилго нэгтэй Хөх ардуудын нэгдэл болжээ. Гэрлийн өргөөний хууль ёсны зохион байгуулалтын хэлбэр болох Монгол Тэнгэр Үнэн ТББ 2011 оны 10 сарын 9-нд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулаад 8 сарын нүүрийг үзсэн байна. Энэ бүхнийг тоочихын учир нь энд дурдсан зүйлээс миний амьдрал хамааралтай болсоны учраас билээ. Ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага, амьдралын туйлын зорилго, хүсэл мөрөөдөл, танин мэдэхүй, алхах гишгэх, бодох сэтгэх, амьсгалах минь хүртэл өмнөхөөсөө тэс өөр болжээ.
Үүнийг үл лавшруулан цааш өгүүлэх завсарт 6,4 гэдэг учир битүүлэг тоонуудын тухай богинохон өгүүлбэрүүдийг бичиж үлдээе. Эзэн Богдтой анх 6 сарын 4нд уулзсан. 2 дахь удаагаа Чингисийн Монгол бүлхэмийн залуус эзэн Богдтой чатаар уулзсан өдөр нь 10 сарын 6-нд 604 тоот өрөөнд болж байж. Монгол Тэнгэр Үнэн ТББ-ийн анхны хурлууд мөн л 406 тоот өрөөнд болж байж. 4 ба 6-ийн тоо. Алив юмны эхлэл суурийг тавьдаг гэж хаанаас ч юм бэ сонсож байж билээ. "6 сарын 4"
Эзэн Богдтой хөөрөлдсөн яриандаа би монтаж хийсэнгүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ээрч түгдэрсэн асуулт, гацаж ярьсан яриа зэргээ засаж залруулалгүй тэр чигт нь л тавьлаа. Энэ бичлэгийг хийж байх зуур олон удаа дуудлага ирж тэр хэрээр бичилт тасарч байсан тул яриа зарим хэсэгтээ тасарсан бөгөөд түүнийг сийрүүлэн бичихдээ ....-р тэмдэглэсэн байгааг анзаарна буй за. Мөн тус бичлэгийн зарим хэсэгт юу ч бичигдээгүй эсвэл пянз зурагдаж байгаа юм шиг чихрах чимээ бичигдсэн байсан тул тэр хэсгүүдийг хассан. 10 минутын бичлэг байлаа гэж бодоход түүний минут хэртэйд нь зүв зүгээр бичигдээд, үлдсэн 9 минутанд нь пянз зурагдах л бичигдсэн байх жишээтэй байв. 99 тэнгэрийн чуулганы ихэнхи хэсгийг бас хасаж бичив. Уг нь бол би эзэн хаантай олон цаг ярилцсан боловч түүнийхээ 10 хувийг л бичлэгт буулгаж чаджээ.
Аан нээрээ маш гоё нэг зүйл энэ бичлэгэнд бий. Энд Тэнгэр эцэг бууж ирэн ярьсан жаахан хэсэг бий. Тийм бичлэг энэ дэлхий дээр байхгүй гэдэгт итгэлтэй байна.
"Эзэн Хаантай хөөрөлдсөн минь 1-р хэсэг" гэсэн бичлэгийг Юутүүбд тавиад 10 сар болоход олон ч хүмүүс итгэж олон ч хүмүүс үгүйсгэж төрөл бүрийн сэтгэгдлүүд бичсэн. Сайныг нь дэмжиж муутай нь шүлгээр байлдсаар байтал сүүлдээ бүр шүүхэд татагдахад хүрсэн дээ. Чи элэрсэн баларсан үеийн бөө ярьж ард олныг мунхрууллаа гэж байсан нэгэн маргааш нь харин С.Жаргалсайханыг харааж алсан чамай муу бөөг шүүхэд өгнө дөө гээд эрс тэс хувирчихсан явж байх жишээтэй. За ямар ч байсан би буруу зүйл хийгээгүй, бас худал яриагүй, мөн хэн нэгний эрх ашигт харшлаагүйг Тэнгэр мэдэж байгаа. Уншигч олон үүнийг ойлгон сэтгэгдэл бичихдээ бас анхаарч байна бизээ.
За ингээд Эзэн богдтой хөөрөлдсөн ярилцлагын 2-р хэсгийг сонирхоно уу.
Эзэн Богдын сургаалийг сийрүүлэн үг үсэг авиа гээлгүй дор толилуулъя.
........За яахав, Эзэн Чингис намайг энэ газар шороонд булагдаад үхлээ гэж ярьлаа, тэрнээс хойш бид Тэнгэртээ очоод тэр чигтээ алга болчихсон гэж бодож байна уу? Ийм хэдэн зуун хугацаа өнгөрсний дараа яагаад миний яс махны цусны тасархай голомтон дээрээ би буучихав? Энэ миний удган бидний цус эргэлдэж миний удам явж л буйн шинж, тийм үү
Тэгэхээр энэ хооронд миний үрс ямар байсан? ..... Төмөр ямар байсан миний Үлегбек ямар байсан? Тийм биз дээ, Би үхсэн ч миний үйл хэрэг ямар байсан? Одоо танай энэ замбативд миний үйл хэргийг үргэлжлүүлж байгаа ямар их агуу хүмүүс байна? Тэр галан холбооны тэр нэг ийм малгайтай залуу хэн гэнэ вэ? Жавхлан
Жавхлан биш, тэр чинь дуучин, тэнгэрийн дуучин, тэр нэг толгойлогч, тэр толгойлогч гэхэд бидний үйл хэргийг өндөр эцэг өвгөдийнхээ үйл хэргийг үргэлжлүүлээд явж байна, тийм үү? Миний удмын амиа алдсан өчнөөн олон ургийнхан байна. Энэ биднийг үргэлжлүүлж байсан бус уу
Миний энэ удган, миний Тэнгэр удган, Чингис удган өнөөдөр амьд байна, маргааш үхнэ, баталгаагүй ертөнцөд байж байна. Тэгэхээр би буусан буугаагүй миний удган хийх ёстой үйлээ хийгээл явах байсан, тийм үү
Эцэг өвгөдүүд нь байсан, Тэд юу хийж байсан? Би буугаагүй ч миний удганыг төрүүлж өдий биднийг эргэж буух бүхий л бэлтгэл ажлыг хийж байсан байх нь. Тийм үү
Үүнтэй эгээ л нэгэн адил 9 өрлөг маань чам дээр бууж байж, гэртээ заларч байж үйлээ хийнэ гэж үү? Үр удам бүгд хийнэ
Чи тэр Зэв жанжныг хар, Миний Зэв жанжныг хар, Удам судартаа одоо бөө нь гараагүй, сахиусаа залсан нь байхгүй, Тэгэхээр үр удам нь төрийн ажлаа хийгээд төвшин амгалан зөв явж байна. Энэ бол гайхамшиг бусуу? ..Зөв явж, амьдралаа аваад, төрдөө зүтгээд явж байна гэдэг, энэ бол байгалаа хамгаалаад, модоо тариад түмний төлөө явж байна гэдэг тасарсан биш хэлхээ холбоо бусуу? Тэгэхээр чи өндөр дээд чинь буусан буугаагүй хийх үйлээ хүн болж төрсөн энэ үйлээ чи хийх л ёстой Тийм үү? одоо чи ойлгов уу?
Тэгэхээр одоо өөр юу асуух хэрэгтэй вэ?
Айлтгал үг алга гэнэ. Гэхдээ чи энэ болгоныг өөрийн оюун ухаанаараа бодоод үз, ойлгов уу? Өдий хүртэл энэ Монгол хөх Монгол яагаад энд байж байна? Биднээс хойш энд байж байна гэдэг гайхамшиг одоо байж байгаа та нар бол гайхамшиг?
Монголын Газар нутгийн онцлогийн тухай асуухад:
Энэ бол Тэнгэрийн хэвлий. Ойлгов уу? Яг чиний энэ доор яг энэ миний өргөн дор миний Тэнгэр удган дэлхийн хүйсийг, эхийнхээ хүйсийг сахиад дээр нь буусан юм шүү дээ. Яг энэний доор, энэ дэлхийн цэвэр ундны усны ганцхан эх булаг нь байгаа юм. Иймийн учраас л миний энэТэнгэр удган яг дээр нь бууриа засаад гурвалжин хэнгэргээ бариад Эзэн надтай хамгаалаад сууж байгаа юм шүү дээ. Яг энэ доор энэ дэлхийн эхийн чинь хүйс нь байгаа. Энэ газрыг хөндөж ухаж, энэ газрыг яргалах юм бол дэлхий сөнөнө. Ийм аймшиг яг энэ доор байгаа. Иймийн учраас л бид энэ газрыг дархалж энэ дэлхийнхэн энэ тухай мэдээсэй гэж хэлж байгаа юм. Хэрвээ энэ хүн төрөлхтөн зөвхөн монгол, хөх монгол ч биш, хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө бүгдээрээ амиа хорлоцгоож үхье гэж бодвол энэ дор, яг энэ доодхыг ховхлоод, ухаад авахад л дуусна шүү дээ. Энэ бол аймшигт үнэн. Энэ бол дэлхийн дархалсан газар. Миний Тэнгэр удганы дээр нь сууж байгаа газар. Хэдэн зуун жилийн дараа энэ газрыг Аянгын газар гэж нэрлэх болно доо.
Хүн төрөлхтөн байгал дэлхийг их сүйтгэж байгаа. Тэд Тэнгэрийн гэсгээлийг хүртэх үү?
Ихийн их гамшиг болно. Ихийн их гамшиг болно. Та нар зогсоож чадахгүй. Яагаад гэвэл .... чимхэхээс нааш ухаардаггүй үзүүлэхээс нааш мэдэрдэггүй, тийм үү. Энэ болгоныг бид мэдүүлж байж тэнгэрийн тулган хүлээлгэлтийн дор өвдөг нь чичрээд сөхөрч унасан цагт бид бүгдийг зогсоох болно. Гэхдээ дэлхий сөнөх аюулыг миний Тэнгэр удган зогсоож чадсан юм шүү дээ. Хөөрхий энэ замбативийнхэн одоо ч мэдэхгүй. Тэгэхдээ мэдэх цаг нь ирэхээрээ нулимас нь асгарахаас өөр аргагүй болно доо.
Дэлхий даяар болох гай гамшгийг хүмүүст урьдчилан хэлж сануулж авран хамгаалах боломжийн тухайд?
Иймийн тулд л бид бууж ирсэн юм шүү дээ. Бид хүний цусанд улайрч хүний мууг үзэж... Ийм л учраас бид яарч Удганыгаа үтэр түргэн түүхээ бичиж түмэнд түгээ гэж яаруулан сандруулан хагас дутуу юм хийлгүүлэн тавиулж байна, Хэрэв тийм биш байсан бол бид энд өргөөндөө налайгаад сүүгээ уугаад хэвтэж байхад, дуугаа дуулаад байж байхад жаргалтай бус уу? Бид энэний тулд л бууж ирж, энэний тулд л түмэнд түгээж хэлж байна.
Заавал тэр эхчүүдийн нулимсыг урсгаж байх хэрэг юу байна? Энэ идэр хүмүүс амиа алдаж байх хэрэг юу байна? Тэнд дайн болж биенийгээ хядаж байх юу байна? Тийм үү? Энэнийг л ойлгуулах гэж өндөр дээд өвөг дээдсүүд, Тэнгэрүүд бууж ирээд байгаа юм шүү дээ. Тэрнээс бид Тэнгэртээ жаргалтай, тэндээ жаргалтай байж л байсан, тэнд юм дутаад доошоо бууж ирээд ингэж түмэн олны толгойг эргүүлээд тамлаад....
За өөр айлтгал юу байна. ...Би Тэнгэр удгантай мөнхийн хамт явдаг юм шүү дээ. Та нар хэнгэрэг нүдэхээр л орж ирдэг гэж бодно уу? Мөнхөд хамт байдаг. Хэн юу гэж ярьж байна? хаашаа юу гээд чалчиж байна сонсоод л явж байдаг юм шүү дээ. ....Ойлгов уу? Миний энэ хэнэггүй улаач чинь хэлсэн ч хэнд хэрэгтэй юм бэ? яршиг гэж магадгүй хүн. Тэгэхээр чамд маш чухал зүйл болвол чи зориуд зорин байж хэлэх хэрэгтэй. Миний энэ улаач эрх дураараа, одоо бол танхай гэдэг... их эрх дураараа, энэ эгэлгүй юм байгаа юм. Бид хэлэхээр: “Төвөг төвөг төвөг”, “хэн тэгж байдгийн” гээд л том том томоор нь ярина шүү дээ.
.....Миний улаач чамд тэрнийг үзүүлнэ, ойлгов уу? Чи миний улаачаас өөр олон зүйл мэдэж авч болно. Миний улаач яахав өөрийнхөө санааг л гэж хэлэх байх, тэрүүгээр дамжуулж бид бас үг хэлдэг юм шүү дээ. Одоо миний улаач 99 тэнгэрийн тэр чуулган гэдэг юмыг нүдээр чинь харуулъя. Ойлгов уу?
Тэнгэр эцэг буугаад хэлсэн нь:
“ЧИ СОНСОЖ ЭЭ, ТЭНГЭР ЭЦЭГ, ДЭЭД ТЭНГЭР ЭЦЭГ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА”
..... Тэнгэр эцэг сүрийг үзүүлэн бууж цөөн хэдэн айлтгал айлдсаныг миний утас бичиж авах хүч хүрсэнгүй бололтой. Пянз шиг чихраад юу ч бичигдээгүй үлдсэнийг та бүхэн бичлэгээс сонслоо.
Эзэн Богдтой нэгэн жилийн өмнө хөөрөлдсөн энэхүү ярилцлагын бичлэг энд хүрээд өндөрлөж байна. Одоо бол цаг өөр болсон. Эзэн Хаан маань өөрийн айлтгалаа дүрсжүүлэн бичиж авахыг бидэнд зөвшөөрсөн бөгөөд тэрхүү дүрсжүүлсэн айлтгалыг тун удахгүй Тэнгэр Монгол Газар сайтад нийтлэх болно.
Энэ удаад харин жилийн дараа биш гэдгийг амлая...
Дуулин
1 сэтгэгдэлтэй:
шал худлаа юм сайн сонсож үзлээ энэ удган нь их чадварлаг жүжигчин юмуудаа
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002