Юуны өмнө Аянга удгантай уулзах сайхан боломжийг бүрдүүлж өгч дэмжсэн гэрлийн өргөөний гишүүн эгч Д.Отгон , дүү Б.Намуун, bas Т.Ундрах, мөн Гэрлийн өргөө бүлгэм, эцэг буурлууд дээдсүүддээ, их үйлийнхээ хажуугаар цаг зав гарган Парист мартагдашгүй сайхан мөчүүдийг хамтдаа өнгөрөөсөн Аянга удгандаа талархаж байгаагаа илэрхийлэе.
Миний өөрийн тухайд зухас дурдвал Их Эзэн Богд Хааныхаа сургааль айлдварийг түмэнд түгээгч Аянга удганы тухай анх энэ оны 1 сарын алдад сонсож мэдсэнээс хойш удганы блог дахь сонирхолтой түүхүүдийг догдлон уншиж, фэйсбүүк дэх гэрлийн өргөө бүлгэмд нэгдэн орсон юм.Энэ цагаас олон сайхан найз нөхөдтэй болсоны дээр бид бүгдийг нэгэн зуйл нэгтгэж байгаа нь Монголоо гэсэн,эх түүхээ судалж мэдэе, Эзэн Богд Хааны болон Ихэс дээдсүүдийн сургаал айлдваруудийг дагаж мөрдөе, түмэн олондоо мэдүүлэе гэсэн нэгэн санаатай байгаа нь надад хамгийн их таалагдсан юм.
Хэдийгээр гадаадад амьдарч байгаа боловч энэ өргөөндөө нэгдсэний ачаар Монголийнхоо түүхийг судалж мэдэх, судар ном улгэр туульсаа тайлж мэдэх ,өвгөд буурлуудийн сургааль айлдварыг чихээр сонсож, нүдээр үзэн хамгийн гол нь бөө мөргөлийн талаар хамгийн зөв талаас нь ойлгож, буруу зөвийг нь ялган таниж, ухаарах боломжтой болсон юм.Мөн Тэнгэр Монгол Газар дуудлагаа дуудан Наран, Саран, Дэлхий ээждээ цай сүүнийхээ дээжийг өргөн тэнгэртээ залбирч шүтдэг болсон гээд хувь хүн миний хувьд гарсан өөрчлөлтүүд үнэхээр их билээ.За одоо гол зүйлээ өгүүлэе.
Аянга Удган маань гадаад орнуудаар явж уул усний амийг сэрээж, ялангуяа Монгол цэргүүдийн байлдаж явсан газруудад очин тэдний сүнсийг амирлуулах их үйлийг хийхээр гэрээс гараад олон сар болж байгаа гэж блогноос нь болон өргөөнөөс сонсож байсан тул европт үйлээ хийхээр ирсэн сураг гаргаж аваад Франц улсад Атилла хааний байлдаж байсан газарт тэнгэрийн үйлээ хийгээд буцах үеэр нь Парист уулзаж 2 хоног хамт байхаар тохирч Ирланд улсаас зорин очсон юм. Өө бас удган маань хаа явсан газраа уулзсан таарсан Монголчууддаа засал хийн, их Хааны сургаалийг мэдээгүйд нь уйгагуй таниулж яваа гэдгийг дурьдяа.Уулзах мөч ойртох тусам толгойд минь түмэн янзын бодол өрнөж, бас Ихэс дээдсүүд маань хамт байгаа гэж бодохоор айх эмээх сэтгэл төрж байсныг нуух юун.
Болзсон цаг ч болж удганыг хөдөөнөөс Парист хүргэж ирсэн гэх ээж охин 2-ын хамт их удган маань буух буудалдаа ирэв. Амар мэнд мэдэлцэн золгосны дараа дөрвүүлээ гарч хамт хооллонгоо аян замых нь сонин сайхныг дуулж, ээж охин 2 засал хийлгэсэн тухайгаа, нар амьтайг нүдээр харж, шувууний гэрлэн бүрхүүл харсан зэргээ ам уралдан ярихыг алмайран сонсохоос гадна Удган маань алиа хошин зантай маш энгийн хун байхыг хараад сэтгэл минь тайвшрав. Тэр оройноо удгантайгаа элдэв сонинг ярилцсаар нэг мэдэхэд шөнийн 3 өнгөрсөн байв. Маргааш нь удган шөнөжин нөгөөдүүлтэй байлдлаа гэсээр босов. Би ч бас ядарсан
байсан мөртлөө тэдний байхыг мэдэрч, унтаж чадахгуй хөрвөөгөөд байсан нь ийм учиртай байж гэж бодлоо.Тэгээд өглөөний цайгаа ууж аваад өдөржин хамт байх тул юутай ч Парисийн хамгийн алдартай гэх Эйфэлийн цамхаг, Луврын Музей, Нотр Дам-ын шилтгээн зэргийг үзүүлэхээр шийдэн замдаа гараваа.Тэр өдөр бас Парист амьдардаг гэх 2 монгол охин орой ирж уулзахаар тохирсон байв. Хамгийн эхлээд Эйфэлийн цамхагыг үзэн зураг хөргөө даруулаад удган Нар-ыг амилуулж бөөлөхөөр шийдэв. Удган маань онгодуудаа исгэрэх, дуулах зэргээр дуудан сэрээхэд Наран ээж хариуд нь өнгө бүрээр гэрэлтэн гадуур нь солонгийн өнгүүд солигдон өөрчлөгдөн байх гайхамшгийг би өөрийн нүдээр харан дуу алдан байлаа.
Заримдаа би ямар өнгө гарч байгааг өөрөө хэлэн, заримдаа удган ийм тийм өнгө гарна гэдгийг надад хэлж өгч үнэхээр хэлсэн ёсоор нь хувиран байхыг харлаа. Нүдээ аниж байгаад хар гэхэд бүүр өнгө нь тод ялгарч харагдаж байсан төдийгүй хол нисэж яваа 2 шувууг хардаа гэхэд нь шувуудыг хүрээлсэн солонгорсон өнгийг бас олж харж чадав. Гайхамшиг гэж ёстой энэ байнадаа гэж дотроо гайхан баясаж байлаа.Хэ хэ биднийг хүмүүс хажуунаас харвал Эйфэлийн цамхагийн орой руу ингэж удаан хараад байгаа юм байхдаа гэж бодмоор байсан байх. Дараа нь алдарт Сена мөрний эрэгт суун онгодуудаа бас дуудан усан дээр гарах гайхамшгийг надад харуулав. Ус тогтуун байснаа яг бөөлж эхлэх үед ус долгиолон давалгаа нь хуйлран ус амилж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байв.
Тэгээд дараа нь Нотр Дам шилтгээнийг гаднаас нь харж баахан зураг дараад сүмийн орой дээрх чөөгийнүүдийн баримлууд ямар учир утгатай болохыг гайхан ярилцсаар дараагийн гол үзэх Луврийн музейг үзэхээр явав. Тэр хооронд бас Метрoний буудлаа хайж милээн мунгинан Аянга удганаа баахан ийш тийш алхуулан хөглөсөөр арай гэж Луврийн музэй дээрээ ирэн хоолны газар цай уунгаа амарч тухалж аваад цаг бага байсан тул удганы хамгийн үзэх дуртай уран зураг барималын танхимуудаар л орж үзэхээр шийдэн аялалаа үргэлжлүүлэв. Эртний уран зураг баримлуудын гайхамшгийг бахдан үзсээр алдарт Мона Лиза зургийг үзэж сонирхсноор аялалаа өндөрлөхөөр шийдэв.
Цаг ч нилээн орой болсон тул буудал руугаа 2 хүн хулээлгэсэн гээд яаравчлан хүрч очлоо. Тэнд биднийг 20 гаран насны 2 охин бараг 7 цаг хулээлээ гэсээр угтав. Өрөөндөө дөрвүүл ороод эхлээд 2 охин нэг нэгээрээ засал хийлгэхээр болов. Эхний охин удганы өмнө завилж суугаад удган гараас нь барин тэнгэр ээж минь өршөө дууг дуулж эхлэв уу гүй юү охин чангаар цурхиран уйлав.Удган хуураа татан онгодоо дуудан оруултал тэр буусан буурай онгод охинтой уулзан 2-уулаа эртний танил бололтой нулимс дуслуулан толгойгоо нийлүүлэн баахан суув.
Охины чихэнд хуучний хэлээр юм хэлээд байхыг нь би бээр хичнээн чих тавин сонсоод зөвхөн хатаан хатаан гээд дуудаад байхийг л ойлгож амжив. Удалгүй охин ч тайвшрав. Онгод гэнэт хоёр гар руу нь заагаад үүнийг хэзээ зүссэн, энийг яах гэж зүссэн, үхэж яахнав гэж охиноос асуутал охин хэлэхдээ заримдаа бүх зүйл утгагуй мэт санагддаг тухай, мөн өөртэй нь цуг нэг юм байхыг мэдрээд түүнээсээ их айдаг тул ээж аавтайгаа унтдаг гээд ,тэгээд амьдардаг байшингаа л хуучных болохоор сүнстэй байх гэж итгэсэн байснаа ярив. Бас сүүлийн үед ажил үйлс нь ерөөсөө бүтэхгүй байгаа тухайгаа хэлтэл онгод түүнд тэнгэрийн охин байна гэдгийг нь, мөн угтай гэдгийг нь хэлээд хажууд нь байгаа буурлууд буух гээд бүр тулсан байгаа,тиймээс ажил үйлс нь бүтэлгүй байсан тэднээс айх хэрэггүйг тайлбарлав.
Угтай мөртлөө тулсан тэгээд буурлуудаа буулгаж амжаагүй байгаа бол хуур амилуулан татаж, цайныхаа дээжийг өргөн буурлуудаа аргадаад байвал буурлууд нь шахахаа болиод түр хүлээдэг гэж охинд хэлж байв. Мөн охин урд насандаа хатан хүн байсан бөгөөд энэ насандаа улаач болох хувьтай төрсөн тул цаг нь болоогүй, хийх үйлээ дуусгаагуй байхад үхвэл тэнгэрт очиж хатуу шийтгэл амсах тухай, харин энэ насандаа амжуулах ёстойгоо хийж чадвал төрөл дээшлэн тэнгэртээ онго болж үлдэх тухай маш тодорхой ярьж өгөв. Тэр охиний ээж нь дараа нь утсаар яриад удганд их талархаж байгаа гэв. Учир нь монголоос өөрсдийх нь таньдаг бөө охинийг бас угаа авах ёстой бушуу монголд ир гэж хэлүүлснийг нь охин ерөөсөө итгэхгүй тоохгүй яваад байсан нь өөрийн биеэрээ мэдэрч сая нэг ухаарлаа гэж хэлж байлаа.
Дараагийн охин суугаад заслаа эхэлтэл охин огиж бөөлжих гээд байв. Удган ч бас огиулан охинд сав өгөөд гарах юмаа сайн гаргахийг хэлэв. Охин ч милээн бөөлжиж муу юмаа сайн гаргаж аваад удганыг гараас нь барин дуу дуултал бас л уйлав. Тэгээд бас тэр охин угтай байсан бөгөөд арай тулсан биш болохоор 2-3 жил Францад амьдраад нэг л өдөр монгол руугаа явахаар шийдээд явах юм байна гэдгийг нь хэллээ. 2 охин заслаа хийлгэж аваад хоюул нэг л сайхан тайван боллоо гэцгээв.
Охид Удганы тухай саяхан мэдсэн бас Гэрлийн өргөө, блогт орж уншиж үзээгүй тул удган тэдэнд бас уйгагуй тайлбарлан нэн түрүүн бөөгийн тухай ойлголттой болох, блогт орж сайн унших талаар зөвлөж байв. За хамгийн сүүлд нь миний ээлж болж удганыхаа өмнө завилан суугаад гараа тэнийлгэн суув. Бас болоогүй ээ өөрийгөө уйлж, бөөлжиж магад гээд 2 охиноос санаа зовж тэр 2-ийг гадуур явж байгаад ир гээд явуулсан гэж байгаан. Удган эхлээд заслийн модоор зүрхэн дээр дартал өөрийн бие дээр миний зүрх хааяа огцом өвддөгийг мэдрэн, бас хааяа милээн уурладаг болохыг минь мэдэж орхив. Мөн хамар яасан гэхэд нь би хааяа бөглөрөөд байдаг гэтэл толгой дух оройн хэсэг 2 талын чамирхайг заагаад маш их өвддөг юм байна, бас гар их хөлстэй,хөл дандаа даарч хүйтэн байдаг, амарсанч дандаа ядарсан байдаг гэж надад байдаг бүх л зовиуруудыг яг таг хэлэв.
Тэгсэнээ зүрхэндээ маш их гунигтай байна, их шаналсан эмгэнэлтэй байна, удмын юм байна гэсээр хүзүү гар хөлөнд том эрхүүд зүүгээд гарын алган дээр пирамид тавин заслаа хийж эхлэв. Би дотроо дуудлагаа хэлэн удган дуулж эхлэв. Тэгээд дуугаа дуулах дундуураа гар хөл рүү үлээн хөлийн хуруунуудын цэгүүд дээр дарах татах зэргээр засаж байв. Удган 3 янзийн дандаа хайрын сэдэвтэй дуунууд дуулаад л заслаа хийгээд байх хооронд зүрх минь нэг их тайвширч, дотроо хайр энэрлийг мэдрэн удганаа бараг тэврээд авмаар ч юм шиг, бас дуу дуулуулаад л тэгээд суугаад баймаар тийм сайхан болж ирэв.Яагаав нөгөө массаж хийхээр ерөөсөө дуусмааргүй байдагшдээ яг тийм мэдрэмж төрж байлаа. Удган за одоо нудээ аниад мэдэр гэхэд нь миний зулай маш халуун оргин, бас гарын алга халуу дүүгээд байгааг хэлтэл гар чинь хөлсгүй болсон байгаа биз гэв. Нээрээ гар хув хуурай болсон байв. Тэгээд миний хөл дулаан болж байгааг бас мэдрэв.
Хамгийн сонин нь нүдээ аниж байхдаа миний толгой нүүр хавиар онгод байгааг мэдэрч, нүүр хацрыг минь илээд байх шиг, бас эрүү рүү хатгах шиг болохоор нь удганыг хатгасан юм байхдаа гээд хартал удганы гар намайг хатгасан шинжгүй бүр хол байхыг харав. Бас нүдээ аниад ямар өнгө байгааг мэдэр гэтэл би тодорхой өнгө харагдахгуй байна гэсэн чинь хар саарал чинь өнгө мөн шүүдээ гэхээр нь хартал үнэхээр хар усан будгаар сааралтуулаад будсан мэт нэг тийм зэгэл саарал өнгө байв. Тэгээд удган тэр дунд байх арай гэгээтэй өнгө рүү анхаарлаа хандуул гэтэл дунд нь байх саарал өнгө арай давамгайлаад цайраад ирэв. Удалгуй засал ч дуусаж надад урд насны амьдрал минь зурхэндээ гунигтай байсан нь хайр сэтгэл нь бутэлгүйтсэн юмуу нэг тийм учир шалтггаан байсныг хэлээд түүний үрээр энэ бие минь гар нойтон, хөл хүйтэн бас цаанаасаа огцом уурлаж бухимддаг байсан тухай хэлэв.
Хамгийн сайхан нь энэ бүхэн нь засагдаж тэгшрээд цаашдаа дандаа сайхан байна гэж хэлсэн юм. Бас надад муу юм хоргодоогүй тул засал хийхэд элдэв янз болоогүйг хэлээд дуудлагаа хэлээд биеэ эрчимжүүлээд эхэлсэн хүмүүс харьцангуй амархан засагддаг гэж ярив. Одоо би өөрөө л зөв сайн явах хэрэгтэй юм байна гэдгээ ухаарлаа. Заслын дараа би өөрийгөө их зүүдэлдэг, өөрийгөө зөнтэй болохоор угтай байх гэж боддог байсан тухай хэлэхэд удган тайлбарлахдаа хүн бүр өөр гэдэг чинь энэ, бас монгол хүн бүхэн ямар нэг гайхалтай мэдрэмжтэй эсвэл зөнтэй байдаг гэдэг нь энэ гэж тайлбарласан юм.
Орой нь 4 үүлээ засал сайхан болсонд бүгд сэтгэлдээ баяртай байсан тул удтал ярилцаад маргааш нь 2 зүг хүлгийн жолоо залах тул эртхэн унтаж амрахаар болов. Удган маань биднийг хэвтсэний дараа хуураа татаж өрөөг цэвэрлээд, бас ханийн заяа дуудаж өгөв (2 охинд байх). Бид харин хуурдах аялгуунд нь бүүвэйлэгдэн унтсан байв. Маргааш өглөө нь сэрэхдээ бүгд сайхан амарсан байсан бөгөөд 2 охин удганыгаа гаргаж өгөхөөр болон би бас буцахаар онгоцны буудал руугаа явах болж удгандаа үнсүүлэн дахин уулзахийн ерөөл дэвшүүлэн тэнгэрийн үйл нь арвин байхыг ерөөгөөд салцгаав.
Удгантайгаа байх хугацаанд эгэлгүй гэдгийг нь алхам тутамдаа мэдрэн, бас өөрөө маш хөгжилтэй энгийн хүн гэдгийг нь харж, хэлсэн ярьсан үг бүр нь өвөг дээдсийн сургааль тул маш зөв бөгөөд үнэн гэдгийг нь ойлгон суув. Бидэнд сургасан зарим ярианаас хэсэгчлэн өгүүлвээс : Монгол хүн бүр ямар нэг тэнгэрлэг мэдрэмж чадвартай байдаг бөгөөд зарим нь тэнгэртэйгээ харьцдаг бөө улаач байхад, зүүд нь зөн совинтой нэгэн байх , далдыг хардаг чадвартай, байгалын болон амьтадийн хэлийг ойлгож мэддэг чадвартай байх гэх мэт янз бүрийн байхаас гадна энэ чадваруудаа Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлэн тэнгэртээ сүсэглэж, цай идээнийхээ дээжийг өргөж гуйснаар хурдан олж болох тухай, хүн бүрийг өвөг дээдэс нь дагаж харж хамгаалж явдаг тул сүү цайнийхаа дээжийг өргөн ,өвгөд буурлуудаа ундаалж юу хүссэн зүйлээ тодорхой хэлэн гуйж байвал хүсэл нь бүтдэг тухай, мөн нүүдэлчин амьдрал юугаараа агуу вэ гэвэл байгаль ээж минь угаасаа байгалийн цэвэрлэгээ хийхдээ хэсэг хэсэг газраар хийдэг, тухайлбал нэг хэсэг газар нь ган юмуу үер болгоод нөгөө хэсэгт нь өвс ногоог нь сайн ургуулаад байдаг үүнийг нь монголчууд өөрийн өндөр арга ухаанаар урьдчилан мэдээд тэр газраасаа нүүн холдож,хаана аюулгүй, хаана өвс ногоо сайхан байгаа тэр газар нь нүүдэллэж байдаг, тиймдээ ч байгалын элдэв гамшигт өртөхгүй байж чаддаг ард түмэн байжээ.
Гэтэл одоогийн энэ суурин шаваарсан амьдрал нь хүний байгалтайгаа харьцах зөнтэй чадвараас нь холдуулаад элдэв гамшиг ирэхэд ямар ч бэлтгэлгүй тул бүгд өртөх аюултай байдгыг тайлбарлан хэлж байв. Ёстой л өвөг дээдэс маань "Алтан сударт" гардгаар элдэв төвгийг угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж гардаг тийм л гайхалтай ард түмэн байжээ.ӨӨ бас нэг зуйл мартах шахаж би урьд нь Буддийн шашныг сонирхон итгэдэг хүн байсан юмлдаа. Тэгээд 21 дарь эхийн магтаалийг монгол хэлээр хаа явсан газраа уншдаг байсан юм. Тэгээд Аянга удганаасаа одоо уншиж болох эсэхийг асуухад ингэж хариулсан юм.
Тэгж уншихад ямар ч харшлах зүйл байхгүй, Хаан өөрөө ч амьд байхдаа аль ч шашнийг энэ худал гэж үгүйсгэж байгаагүй бүгд л үнэн, бүгдээрээ л бодит хүмүүс байсан харанхуй мунхаг үед тэд гэгээрүүлж чадаж байсан. Буддын шашин бас монголчуудийг тэнгэрээсээ холдсон үед ямарч байсан уул усаа хайрлаж хамгаалдаг, буян нүгэл , дараа төрөл мэт олон зуйлийг мартуулалгуй авч ирсэн ачтай харин ганцхан сул тал нь хүнийг номхон хүлцэнгүй байхыг сургадаг талтай. Гэтэл хүн гэдэг төрөхөөсөө авхуулаад дандаа тэмцэгч байх ёстой байдаг гэсэн үг нь нээрээ л гүн сэтгэгдэл төрүүлсэн юмдаа. За ингээд өөрт тохиолдсон гайхамшигт түүхээ элдэв нэмэр хачиргүй яг болсоноор нь та бүхэнтэйгээ дэлгэрэнгүй хуваалцлаа. Дэндүү нуршсан бол өршөөгөөрэй. Монгол хүний босоо заяа эргэн ирж, эх орон минь мандан бадрах болтугай.
Тэнгэр Монгол Газар.
Д.Энхжаргал
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002