2012-05-25

Сайхантуяа: "Нэгдэцгээе" /дуу/


Үг: Сайхантуяа
Ая: Сайхантуяа


Түүхээ өмөөрөн босоо зогсож, цусандаа үнэнч үлдсэн Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриад, Хазара гэх мэт өөр олон Монгол Үндэстнүүддээ, тэдний тэмцэгч нарт, Монгол нутаг, ард түмэндээ эрх чөлөөг олгохын тулд алтан амиа өргөсөн дайчин баатруудад, одоо ч Хятадын шоронд тамлуулан хоригдож буй тэмцэгч Хадаа болон Хуучинхүү нарт, мөн өнөөгийн Монгол улсад тогтсон авилгач арилжааны феодализмыг эсэргүүцээд эрүүл мэнд, эрх чөлөө, энхрий хайрт хүмүүсээрээ хохирсон одоо цагийн бахархалт тэмцэгч нарт хандсан миний талархал юм аа.


Тэргүүн бадаг: Гандаж харласан хүмүүн заяа
Ганхуулж зөрүүлсэн үнэн цадиг
Гадуурхаж алагчлах төр засаг...
Улсаа мөхөхийг үзэж тэвчээгүй
Удмаа доройтохыг хүлцэн тэсээгүй
Ургаа хад мэт учрах бэрхэд сөхрөөгүй
Эх орныхоо төлөө 
Эжий аавынхаа төлөө
Эрэлхэг тэмцсэн
Үнэний ганцхан замаас 
Ухарч няцаагүй
Үе үеийн үндэстний баатрууд 
Өрлөг түүхийн эзэд


Дэд бадаг: Тэнгэрт халихдаа босоо зогссон 
Монгол нэрээ зүрхэндээ дээдэлсэн
Газар нутгаа сахин хамгаалсан 
Ариун үйлсийн төлөө
Ард түмнийхээ төлөө
Амиа үл хайрлах 
Хорвоогийн ХАС хуулийг 
Хоёрдуулж зөрчөөгүй 
Мохошгүй зоригт Монгол баатрууд 
Мөнх Тэнгэрийн бахархал 


Гутгаар бадаг: Эв нэгдэл - эцсийн сонголт
Эцэг өвгөдийн түүх гэрчилдэг
Эсгий туургатай үндэстэн Монголоороо
Амьд бүхний төлөө
Алаг үрсийнхээ төлөө 
Нэгдэх цаг ирж...
Бурангуй нийгмийг гийгүүлэх 
Гэрэл болон цацар
Салхи мэт түг, хур болон буу
Сайхан ирээдүй ирнэ ээ. 
... Мөнх Тэнгэрийн хүчин дор
Их Суу Залийн Ивээл дор
Бүү эргэлз...
Бат итгэ. 

Жич: Дууны бадгуудад ЭЗЭН ДЭЭДЭСийн, Монголын ҮНДЭСТНИЙ ҮЗЭЛТНҮҮДийн болон БИД ЯЛАВ номын зохиолч агуу судлаач Ч. Эрдэнэ гуайн үзэл санаа, ишлэлүүд тодорхой байгаа. Бид бүгдээрээ л Монгол Үндэстний НЭГДЭЛ-Сэргэн мандалтын төлөө зүтгэж байгаа гэж мөхөс би дүгнэдэг тул аймшиггүйгээр нэгэн дугараанд нэгтгээд оруулчихлаа. 


Хамт очиж байгаа бичлэгэн дээрээ би өөрөө дуулсан юм. Энд надад дуулаад өгөх хүн байхгүй учраас. Хэрвээ та бүхний дунд энэ дууг амилуулах хүсэлтэй хүн байх аваас миний бие ихэд баярлах болно. 


Тэнгэр Монгол Газар. 

Хүндэтгэсэн Буяннасан овогтой Сайхантуяа

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР