2012-03-13

Гэрлийн Өргөөний гишүүдийн шүлэглэж хэлсэн мөртүүдээс хүргэж байна



Танхай Балчир
Хондод унасан миний аниргүй цагаан тал
Хорвоогийн хар шуурганы хадан цохиот нөмөр
Хоёргүй их сэтгэлийн магтаалын халуун илч
Хойворгон задгай явдлын хатуу ирт хуурай

Танхай Балчир

Хөх Монголын дээдсүүддээ.
Ээрэм талын дунд тэмтчинхэн байж хайлаа
Энгүй өндөр тэнгэрт сүсэглэнхэн байж хайлаа
Өрлөг их түүхээсээ уншинхан байж хайлаа
Үлдсэн арвин соёлоо уханхан байж хайлаа

Хөлгүй их орчлонд тэсвэрлэнхэн байж хүлээлээ
Хүүшлэх өндөр ууланд бэдрэнхэн байж хүлээлээ
Хөх Их Монголоо сануулан санууланхан хүлээлээ
Хөл алдсан үрсээ бодуулан бодууланхан хүлээлээ
Үлдсэн үдэлсэн хөхүүд уйлалданхан байж уулзлаа

Үлгэр түүх туйлсууд амиланхан байж уулзлаа
Уламжилсан тод тэмдэг эрчимжинхэн байж уулзлаа
Улирсан их үйлээ тамгаланхан байж уулзлаа

Цаглашгүй орон зайд эзэгнэнхэн байж мандлаа
Цаламлах нарийн учгийг тайланхан байж мандлаа
Цагаан бүхний эрчмийг мэдрэнхэн байж мандлаа
Цаад наадхаа бодон эвлэлдэнхэн байж мандлаа

Ерөөлтэй уудам орчлонд хорвоог танинхан хөгжлөө
Егөөтэй олон зонд ертөнцийг ойлгууланхан хөгжлөө
Дээлтэй хөхийн домгийг дэлхий мэдэнхэн хөгжлөө
Дээдийн зарлиг дор тэнгэр буйг таниуланхан хөгжлөө


Undrah Tmg

Гэрлийн Өргөөнийхөндөө зориулав

Үлгэрийг
Амар сайханд нь жаргуулахын тулд
Амаргүй үйлийг хийж барах ёстой
Аливаа зүйл хялбараар бүтдэг бол
Айх айдасгүй жаргаж л байх байсан.

Төдийгөөс өдий хүртэл
Түмэн зовлонг туулан байж
Төрөлх нутгаа алдалгүй
Төвөгт их бэрхшээлийг
Туулж давсан өвгөд буурлууд минь
Тоочиж яншиж эс өгүүлсэн ч

Толгой томт би хагас хугасаас нь
Та бүхэндээ сануулахаар
Тархиндаа нэгийг бодоосой гэж
Тайлбар богинохон нийтлэл
Толилуулж буйг хүлээн авна уу

Гээгдэх цаг ойрхон байна
Гэгээрэх хугацаа богинохон байна
Гэнэн бодлоосоо салаач
Гэтэж буй аюулыг санаач

Тэнгэр Дээдсүүд минь
Тэвдэж буйг ухаараач
Тэнхээрч сэтгэлээ чилээн
Тэвээрэгжин оюунаа тэлээч, АНДууд минь
Тэнгэр Хүү
Удмын нэрээ бүү хөөд

Овог омог нь ямар ч байлаа
Одоо амьдарч буй нь хэн бэ гэдгийг санууштай
Удам судар язгуур гарал чухал ч
Ухаан санаагаа хичээхгүй л бол горьгүй

Өндөр дээдийн гарал угсаатай ч
Өөрөө хэн байх нь хэзээд чухал
Алтан ураг гэдэг цусан төрлийн нэр биш
Алдар гавьяа, хичээл зүтгэлээр олдог нэр

Хааны угсаа байлаа гэмээнэ
Хан ухаанаа хичээх ёстой
Хатдын удам хэдий мөн ч
Хамгаас илүү биеэ хичээх нь ёс байлтай

Удам судар, угсаа гарвал гэдэг
Уралдаж гайхуулах амны зугаа биш
Өндөрт өргөж нэр төрийг нь эрхэмлэн
Үргэлж хичээж мөнхөд мандуулах
Үргэлжлүүлэн залгамжлуулж хадгалах
Үр ачдаа өвлүүлэн үлдээх хариуцлагат ёс

Хамгийн дээд хааны үр ч
Хамгаас эрхэм дээдсийн удам ч
Өндрөөс өндөр заяанд байлаа ч
Өөрөө хэн байх нь л хэзээд чухлыг сана

Удмын нэрэндээ бардаж
Эцгийн нүүрэнд баярхаж
Дээдийн ивээлд омгорхож
Дэндүү мунхаг авирлавал

Өгсөн юмыг авч болдог хойно
Өмөөрч харах Тэнгэр нь хаяна
Өөрөө тэр хэн ч биш болно
Өрөөл тоохгүй булай болно
Удам судар нь голж хаяна
Ухаан мулгуу нь тэр чигтээ үлдэнэ
Өгсөн заяандаа амьдарч чадалгүй
Өндөр дээдсээ гутаасан
Өршөөж болшгүй гэмд унана.

Удам судар нь өндөр сайхан ч
Ухаан мулгуу нь дэндсэн нэгэн
Ойворгон бодол, онгироо зантай
Бодлогогүй хэл, болчимгүй үйлтэй бол

Нуурыг гутаах намгийн мэлхий
Усыг булингартуулах бохир
Мөчиргүй мод шиг хувхай
Мөнгөгүй баян шиг ичгүүр
Эмээлгүй морь шиг дутуу
Эзэнгүй гэр шиг хоосон билээ.
Энэ биеэ чимэх зүйлээс
Эрдэм мэдлэгийг түрүүнд тавих ёс бий
Би өндөр гэж хичнээн хашгиравч
Биеэрээ үзүүлэхээс нааш биелдэггүй номтой
Алив хар гэж хашгирахаас илүүтэй
Айлдах сургааль нь үнэ цэнэтэй байдаг
Үз намайг, бас судал гэхээс илүүтэй
Үйлээрээ бүгдийг харуулвал болдог л номтой


Bayar Och
Гадаад гэвэл диваажин
Гадагшаа гарвал эрх чөлөө юм гэнэ
Газар мод шороо биш
Ганган өндөр барилга сайхан юм гэнэ
Эхгүй хүүхэд шиг царай алдан
Элдэв хар ажилд боолчлуулах нь боловсрол юм гэнэ
Эх оронгүй мэт хүнд гуйлгачлан
Энэ насаа барах нь бахархал юм гэнэ

Монгол эр хүн муудсан гээд
Монхор хамартай шар толгойт нь сайн юм гэнэ
Монгол нутаг минь хоцрогдсон гээд
Мунхаг тэнэг гээд дайжих ёстой юм гэнэ

Эрээн цаасан дээр буусан
Элдэв гоёмсог зураг нь цөм худлаа
Элдэв өвчний үүр болж
Эзэн бие алдан боол болно

Хөгжил соёлын хажууд байлаа гээд
ХӨгийн чи юугаараа ахив
Хөрст дэлхийгээ бузарлах
Хөрөнгө бол эзэн гэдгийг л сураа биздээ?


Үлгэрч Балчир
Хүн бүхний хаа нэгтээ
Хий салхи тээгдэнэ
Хөл толгой, уушиг, зүрх
Хөндий хэсгүүд энд тэнд

Хөлдөө хийтэй нь ойж бууна
Хөнгөн нэгэн нь хөөрөн ниснэ
Хий нь гарахдаа шуугин исгэрч
Хэсэг нэг нь питхийн хагарна

2011/03/07, 20:58 минут.


Sonya Hoida
нүдээ анив сохор болохыг хүсээд тэр
чихээ таглав дүлий болохыг хүсээд тэр
гараа атгав нудрага зангирах тул тэр
хөлөө хавчив хамаагүй өшиглөж магадгүй тул
бүсээ чангалав биеэ барих зориг олохын тул
бодлоо чагнав бэлтгэл ажилд зоригдохын тул
зохигч байлаа гээд зорилготой бол дийлэх л болно
нэхэгч байлаа гээд шалтгаангүй бол хоцрох л болно
шүүгч байлаа гээд шударгуу бус бол үл хүндлэгдэх л болно
хамагийг мэдэгчийн цус буцлавч
хамрын нүхээр нь утаа үл харагдана
хамгийн сүүлд хэлэхэд монголоороо л оршигтун


Tugs Badrakh
Би байвч чи үгүйд өнчин
Чих байвч авиа үгүйд дүлий
Хэл байвч үг үгүйд дутуу
Хөл байвч суугаа үгүйд мунж
Мэргэн байвч дэмч үгүйд худалч
Сэтгэхүй байвч эс шийдвээс сэрэхүй биш
Бодол байвч биелэхгүй байваас зүүд
Чи үгүйд би юу ч биш гэдгийг
Суу зоригийг билэг болгох дэмч
Нэгэн их аялгуу болон олдов Дэмчийн аялгуунаас


Тэнгэр Хүү
Гарчиггүй

Бэхгүй бийр муутуу харлуулж
Бичиггүй нэгэн судар уншиж
Эргүй эм хүүхэд төрүүлж
Эрдэмгүй хүн түшмэл болж уу

Нар мандаагүй байхад тахиа донгодож
Навч цэцэглээгүй байхад хавар ирж
Нялх байхад байхад үс бууралтаж
Намайг амьд байхад ачын ач зөнөдөг хэрэг үү
Адуугүй Адуучин Ард үгүй Хаан
Газар нутаггүй Улс Гар хоосон Баян
Цэрэггүй дарга Цээж үгүй бөгс
Тархи үгүй толгой Тамхигүй хөөрөг
Эцэг үгүй хүүхэд Эрдэмгүй сэхээтэн
Удам сударгүй хүн Уушиг үгүй амьсгал
Сүүдэргүй бие Сүнсгүй амь байх уу?

Далай мэт гүнзгий сэтгэхүйн хажууд шалбааг мэт өчүүхэн билээ эгэл нэгэн.
Даяар олны сэтггэлд бүгдээр нийцэх нь боломжгүйн жишээ билээ энэ.
Эргүүлэгт хорвоо ертөнцөд эзэмших ёстой эрдэм мэдлэг нэн өргөн билээ
Эрх биш сүнс байдаг тул гэгээрэлд хөтлөх зам яавч нэгэн насных биш ажгуу.

Ялаа яаж хөнөөхийг ялтанд заах хэрэг байгаа юу
Ятга яагаад дуугардгийг хөгжимчнөөс асуух хэрэг бий юу
Ухаж ойлгохгүй хүнд ухаан заяасны тус гарах уу
Уншаад мэдэхгүй хүнд бичиг заасны хэрэг бий юу

Хүссэнээ сонсохыг эрмэлзэх нь хүний төрөлхийн зан буюу
Хүслээр болдоггүй хорвоо харин энэ ертөнцийн жам буюу
Хүссэн нэгний тааллаар хорвоо хөдөлдөг бол юу болох вэ
Хүй Ертөнцийн жам ёсондоо захирагдаж орчлон эргэдэг нь юутай зөв

Тэнгэр Хүү
Гарчиггүй мөрүүд 

Өөрөөсөө цаадахыг үл харан
Өөрөө л ганц байгаа мэт сэтгэн
Өрөөл бусдыг дорд үзэж үл хүндлэх нь
Өнө эртнээс эв эвдрэхийн шалтаг болжээ

Орон зайндаа эзэгнэх дөхсөнөө
Огт оргүйд эзэгнэх мэтээр сэтгэх нь
Балчир тархины царааг нь харуулж
Балагт үйл тарихын цондон болдог

Өөрөө эхлээд хэн байснаа, юу байснаа
Өнө Мөнх санаж оюундаа шингээвэл
Гишгэсэн мөрөө эргэн харж, санаж тунгаагаад
Гэгээрч сэхээрэхээс өмнө ямар байснаа санавал зохино

Бусдыг үл хүндлэн сэхүүн аашилж
Буурал дээдсийн ухааныг үл тоох бол
Оюун ухаан нь болоогүйн шинж
Огт бас гэгээрээгүйн төлөв тэр

Тэнгэр Хүү
ӨВГӨД БУУРЛУУД

Өнөө өглөө би нэг Өвгөнг харлаа
Өөвийсөн тэр өвөө мод үүрээд
Салгалан байж автобусанд орж ирэхэд
Санаа тавьж туслах хүн байсангүй

Үрчийж хорчийсон нүүрэнд нь
Өнгөрсөн амьдралын зовлон бичигджээ
Өмсөж зүүсэн хувцас гутал нь
Өөрөөс нь ч дор элэгдэж хуучирчээ

Бээрсэн гараа хөөрхий тэр өвөө дулаацуулахаар
Бээлийгээ тайлаад үрчиж байлаа
Бээвийсэн тэр өвөөг хараад үнэндээ би өрөвдөв
Бэтгэрсэн сэтгэл минь хөндөгдөж өвөөгөө би дурслаа

Өндөрт өргөөд асарч сувилах
Үр хүүхэд, ач зээтэй болов уу энэ өвөө
Өөрөөс нь өөр мод цуглуулаад
Өвлийн хүйтэнд өглөөгөөр явах хүн байгаа болов уу

Ямар үйл хийсэн гэж өвгөд буурлууд
Ясаа ч амраалгүй өөрийгөө зовоон явна вэ
Үйлийн үр нь ямар ч бай
Үр хүүхэд нь хуваалцах ёстой бус уу

Өвгөд буурлуудаа бид ингэж асардаг болсон уу
Өнөө хүмүүнлэг, иргэний нийгэм гэдэг энэ үү
Настан буурлууддаа бид ингэж санаа тавьдаг уу
Найртай сайхан жаргуулах ёстой бус уу

Хөрстөд хийх үйлээ гүйцсэн л баймаар даа
Хөөрхий тэр өвөө юунд ингэж явна вэ
Ач зээгээ тойруулаад
Алаг үрсээрээ хүрээлүүлээд

Хүндлэл хайраар өлгийдүүлээд
Хөөр баяртай жаргаж суух ёстой биш үү
Өвгөд буурлууд үл хүндлэгдэж
Үг сургаал нь үнэ цэнэгүйдэж
Аав ээжээ үрс нь асрахаа больж
Алт мөнгийг тэргүүнд шүтэх
Хар нийгэм гэдэг энэ үү
Харалган болсон нь бидний Монголчууд уу

Ээж ааваа хүндлэх нь
Эгнэгт сахих ёс биш үү
Эцэг өвгөдөө шүтэх нь
Эртнээс Монголын уламжлал биш үү

Шүтээн гэдэг чиний өвөг дээдэс чинь л биш үү
Шүүгээн дээр байгаа шавар баримал юм уу эсвэл
Тэнгэр гэдэг чинь тэртээд орших өвгөдүүд чинь биш үү
Тэр дээр харагдах хөхрөгч огторгуй юмуу эсвэл

Ийм байтал өвгөдөө бид мартах гэж үү
Ичих нүүр, зовох чанар бидэнд үлдэв үү
Амьдад нь жаргааж чадахгүй байж
Алга болсных нь дараа яаж хайрлах гээ вээ

Өвгөн байхад нь асраагүй нэгэн
Өнгөрсөн хойно нь яахин туслах бол
Бодож бүгдээрээ тунгаацгаая
Болчимгүй алдаагаа залруулъя

Ухаан мулгуу үрс нь ийм байхад
Уужуу тэнэгэр өвгөдүүд чинь хайрласаар л байна
Тэнгэрийн орноосоо ирчихээд
Тэмүүлж ухааруулахаар хичээж байна

Хальтирахад чинь түших гэж
Хамаг бүхнээ зориулж байна
Ойчиход нь тулаад авах гэж
Орой үдэшгүй манаж байна
Айхад нь зоригжуулах гэж
Алдахад нь засах гэж
Аврал эрэхэд нь сонсох гэж
Амралт, чөлөөгүй дагаж байна

Өөдгүй нэгнээс өмгөөлж явна
Өвчин зовлонгоос зайлуулж явна
Харагдахгүй хар сүнснээс дайжуулж явна
Хамаг биеийг тань асарч явна.

Бууж суусан ч дагасаар л явна
Бурууг үйлдсэн ч манасаар үлдэнэ
Хулганы нүхэнд орсон үрээ ч хамгаална
Хар муу сүнстэй хайр найргүй байлдана

Тийрэн шүглэсэн газар ч очно
Тэвчиж үрээ дагаж л явна.
Ийм байхад мунхаг бид
Ач тусыг нь хэр мэдэх вэ?
Айлдвар сургаалийг нь хэр санадаг вэ?
Өнгөрөхөд нь буян хэр хийв
Өндөр дээрээс хардгийг нь хэр мэдэв

Бие нь алга болсон ч сэтгэл нь буйг мартав уу
Бэдэрч Тэнгэр дээрээс чамайг хардагийг нь мэдэх үү
Өөрийнх нь оршуулга явагдаж байхад
Өндөр дээрээс харж байдгийг мэдэх үү
Үрс балчир нь гашуудаж байхад
Үргэлж хажууд чинь байна гэж шивнэдгийг мэдэх үү

Алга болчихвол л байхгүй гэж бодно уу
Алтан дэлхийд ганц л амьдарчээ гэж эндүүрэв үү

Одоо бүгд дууссан гэж боддог уу
Орчлон дэлхийд ганцхан ертөнц байдаг гэж
Одо болтол төөрөлдсөөр явна уу
Огоорч ойлголгүй гүрийсээр байна уу

Чамд харагдахгүй ч чамтай зэрэгцээд
Нүдэнд үзэгдэхгүй ч нүгэл буяныг дэнслээд
Хайгаад олдохгүй ч хажууд чинь хараад
Дэлхийд хаана ч зугтсан дээрээс чинь тольдоод

Ивээл хайраа түгээх үү? Эргэж бид төрөх үү
Эсвэл үрсээ шийтгэх үү? Ингэж бид амьдруулах уу гээд
Дээрээс харж байдаг ертөнц бий
Дэргэдээс сахиж байдаг дагуул бий

Хажууд харж байдаг харуул бий
Харин бидэнд харагдахгүй далд Ертөнц энэ байдаг.

Өвгөд чинь ингэдэгт итгэхгүй байна уу
Үзэхгүй л бол үнэмшихгүй гэхнүү
Тэгвэл одоо сонсож бай
Тэвчээр гаргаад чагнаж бай

Хамгаас хайртай бүхэн чинь
Хайраа илгээж буучихаад
Чиний л мэдэх бүхнийг
Чихэнд чинь шивнээд байвал яах вэ

Аав та хоёрын чинь мэдэх үнэнийг
Аймшиггүйгээр зарлаад байвал яах вэ
Сэмхэн шивнэсэн үгсийг чинь
Сэтгэлдээ хадгалж байсан дурсамжийг чинь
Сэргээж яриад эргэж дурсаад
Сэр сэр хийтэл өгүүлээд байвал яах вэ

Өвгөд дээдэс чинь үгүй болоогүй өөдөө болсон юм
Өөрийн биеэ орхиж Тэнгэрт одсон юм
Эмгэд буурлууд чинь бас алга болоогүй
Эргэж төрөх гээд илгээгдсэн юм Тэнгэр рүү
Энэ бүхэн үнэн юм
Эгнэгт хэрэгжих нь жам юм
Оюун санаа нь мөнх юм
Ой санамж нь хэвээрээ юм.

Өвөөгөө хайрлан жаргааж
Эмээгээ энхрийлэн асарч
Өндөр дээдсээ санан
Өөрийн биеэ хичээхтүн

Далд ертөнц оршдогийг мэдэж
Дайчин сүнс байдгийг ойлго
Өвөө эмээ чинь байгааг сана
Өөр Ертөнцөд амьдарч байгааг мэд
Өөрөө бас тэнд очихоо сана
Өрөөлд бас тэрийг ойлгуул

Өвгөдөө сонсохгүй бол
Өөрсдөө бид хэн ч биш
Тэнгэрээс ивээгдэхээ больвол
Тэр жинхэнэ сүйрэл
Тэнгэр Монгол Газаргүй бол
Тэр жинхэнэ гамшиг

Сүнсийг ойлгохгүйгээр Хөх Монгол мандахгүй
Сүүдэр арилахгүй бол бол гэрэл тусахгүй
Хар сүнсийг устгахгүй бол Монгол өөдлөхгүй
Хаан дээдсээ сонсохгүй бол бид мандахгүй

Учир юуг тунгааж ухаан бодолдоо санаж явна уу.
Уужим сэтгэлээр хандаж зүрх сэтгэлээ сонсоно уу

Тэнгэр Монгол Газар
ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ ШҮЛГИЙН БУЛАН-аас та бүхэнд толилуулав.
https://www.facebook.com/groups/gerliin.shuleg

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР