2012-02-20

Хатан Бүүвэй Өжийн сургаал


Хамаг орчлогийн тухай хааж нуухгүйгээр хөөрсөнийг Хаан дээдсийн тухай хайрлаж бахадсан сэтгэлийг, Бишрэн дагах мэргэн сургаал, айлдвар юуг билиг оюуны их ундаргаасаа Хатан эжий харамгүй айлдсаныг нь түмэн олондоо түгээж байна. 

- Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:
- Өнөөгийн Монгол
- Уг барьж удмаа босгох тухай
- Онгод буурлуудын шидийн тухай цухасхан
- Удахгүй болох үйлийн тухай урьдчилан сануулж хэлэх тухайд:
- Хаялага дайрлагаас хамгаалах тухай
- Нөгөө Ертөнцийн тогтолцоо, Сүнсний тухай
- Цагаан сарын тухай

Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:

Эзэн Хааны бага байх үеийг нь Хатан эжий буурал бага сага мэднэ гэж надад хэлэв. Хаан маань ямархуу хүн байсан болоо хэмээн асуухад: 


Багадаа галыг их шүтэж дээдэлдэг байсан юм. Хаа явсан газраа тулгат галаа дээдэлж хамаг бүхнээ даатган сүсэглэдэг байсан тул Гал Голомтны Тэнгэр нь цээжин биед нь шингэж хавь орчноо гэрэлтүүлэн хаа явсан газар нь хар муу бүхэн устаж үгүй болдог байжээ. Багын нэр нь ГэрлэнХүү байсан хэмээв. Хаан дээдэс хар багаасаа л буурь суурь суусан бөгөөд галаа шүтэж 4 туурайтны нуруун дээр өсөж өндийсөн бөгөөд Хүрэн тасыг хөлөглөж, 8 шаргаа манаж, Шонхор шувуугаар хараа юуг хийдэг аж. Уран Дархан ч хийж байсан, уяж оёж шидэхдээ ч гарамгай, элдэв бүхэнд эв дүйтэй, цаанаасаа л Хаан болохоор заяагдсан ухаан төгс хүү байлаа. Тулганы галын тэнд /яг хаана гэснийг нь сайн сонсож чадсангүй/ байдаг эсгийг 8 настайдаа анхлан оёж урладаг байв. Бүх л юманд эв дүйтэй юу л бол юуг хийж чадах чадвартай, тал талын авьяастай хүү байсан.

Идэр насандаа энэ хорвоог орвонгоор нь эргүүлж дэлхийн талыг эзэлсэн. Морин дэл дээр хийсч Монголоо мандуулсан. Эгэл дүр нь их даруухан бөгөөд энгийн үеийн царай нь инээмсэглэсэн дүр төрхтэй. Хөрслөг сайхан бор царай, нарийн сайхан хөмсөг, давхраагүй том алаг нүд, монхор сайхан хамартай, Тэвхийсэн сайхан өндөр нуруутай, өргөн сайхан цээжтэй, гарын алга томтой хуруу богинотой бөгөөд энэхүү гарын алга нь Газар дэлхийг бэлгэддэг байжээ хэмээн хожим улс түмэн хэлцдэг байсансан.  

Өнөөгийн Монгол

Утаан дундаа живж уушиг нь хордож дуусч, Таван цулын тал нь үгүй болж, Ходоод гэдэсгүй, Нүүр амгүй, хэл яриа байхгүй, сонордох сонор байхгүй, харах нүд нь байхгүй  одоогийн та нарын хэлээр тахир дутуу үр заяах нь олон болжээ. Тийм муухай газраас тийм муухай л төрнө.

Хөх толботой төрөх үр багасч Хөх Монгол харийнхантай ханилах нь их болжээ. Дөрвөн туурайтаа дөрвөн дугуйтаар солиод газар эхээ ухаж байгал дэлхийгээ сүйтгэн зоосоор бүхнийг хэмждэг болжээ. Тэр зоос гээч л байхгүй бол энэ замбад амьдрах аргагүй болсон гэв үү? 

Газар нутгаа ухаж, ус мөрнийг бохирдуулан амьдрах болжээ. Бидний үед ус мөрөндөө биеэ сайхан булхаж орох ч эрхгүй байлаа. Булаг шандаас балга ус ууж амны цангаагаа тайлахын тулд эзэн савдагуудаас нь гуйж мөргөж байж л арайхийн балга ус хүртдэг байсан юм шүү дээ.

Бидний үед энэ алт мөнгө хог шороо шиг л хаа сайгүй л байдаг байсан. Бид одоогийн та нар шиг бүгдийг ингэж зоосоор хэмжиж үнэлдэг байгаагүй. Арай ч ийм тартагтаа тулсан тарчиг байгаагүй сэн хэмээв. 
Энэ цагт эр хүн эмээсээ дор болжээ. 

Уг барьж удмаа босгох тухай

Халх бөө үүр шөнийн зааг, үдшийн бүрийн заагаар босдог жамтай. Гал тойрон бүжиж, наадаж буудаг. Цэцэг цэврүү мэт ариун дагшин байдаг тул улаач болох үр нь өчүүхэн төдий л сэвтвэл үргэж дайжаад алга болдог талтай. Тиймээс уг барьж улаач болох хүн сэтгэл санаагаа төвшин амгалан байлгаж, ам хэлний гэмийг цээрлэн, унагаах үгээ бодож байж хэлж, элдэв хараал хэлэхийг цээрлэнэ. Өргөө гэртээ босч болох ч өдөр шөнөггүй хэнгэргээ дэлдэж байж л өвгөд дээдсээ буулгадаг юм.  Босох өдөр улаачийн сэтгэл санаа их гэгэлзэж тогтворгүй болдог. Тэгж болохгүй. Сэтгэл санаагаа төвшин амгалан байлгах ёстой. Халхын буурлууд улаачдаа буух бүртээ шидээ шингээж өгдөг. Буух бүртээл нэг шидийг нэмж хайрладаг. Тиймээс Халх бөөгийн шид нь улаачийн махан биед шингэдэг юм. Харин бусад овог отгийнх бол эд хэрэглэлд нь шингэдэг юм. 


Онгод буурлуудын шидийн тухай цухасхан:

Онгод буурлуудын шид гэдэг оюун ухаан лугаа хязгааргүй билээ. Шид гэдэг их учиртай. Буурал дээдсүүд буух бүртээ л шид хайрладаг. Хамгийн наад зах нь л 81 хувилж чаддаг. Эзэн Хааны 9 өрлөг тун ч их шид, чадалтай байсан даа. Яаж л бол яаж хувирч чаддаг байсан юм. Эгэл ард болно, жанжин, баатар, лам, хар гээд бүхий л дүрд хувилах чадвар бий.

Мөн Харааны шид гэхэд л 3 янз байна.

1. Хөлийн улнаас толгойн зулай хүртэл нэвт шувт харах шид. Энгийн ард аливаа хүнийг толгойноос хөл хүртэл шинждэг бол Харааны шидтэй улаач хүн хөлийн улнаас авахуулан толгойн зулай хүртэл шинжиж, тухай хүний эд, эс, яс, цус, 5 цул, 4 мөч, бүх нүх сүвээр нь орж шинждэг. 

2. Нэвт тусах шид буюу Лазерын шид: Энэ шидээр харж байх үед улаач хүний мэлмийний харыг сайн ажих аваас зураас мэт харагдана.  Энэ шидээр гараа ч хөдөлгөлгүйгээр хүний амь насыг авч 
бас аварч ч болдог доо.

3. Энергийн шид: Гэрлийн хүрээний шид буюу Хүний биеийн 3 янзын гэрлэн бүрхүүлийг хардаг болно. Харааны энэ 3 шидийг эзэмшсэн хүн хаана ч явсан алзахгүй.

Барианы шид: Түлхэж, татах, урсгаж, соруулах, сунаж агших гэх мэт олон янзын шид бий. Барианы шидээр хэдэн мянган бээрийн цаанаас хүнийг барьж төөнөж, засал хийж чадна. Алганы гэрлийн шидээр хамаг өвчнийг ховхолж чадна. 10 хурууны үзүүрээс Гэрэл Туяа нэвт цацардаг шид билээ.

Хүний хамарт бас шид бий. Хэдэн бээрийн цаанаас бүхнийг үнэртэж чадвартай болдог. Энэ шидийг эзэмшсэнээр аливааг амтлахгүйгээр үнэртэж ялгаж чаддаг болдог. За тэгээд өөр олон шид бий. Шид гэдэг оюун ухаан адил хязгааргүй билээ. Энэ бүх шидийг махан биед нь шингээж өгдөг нь Халх ёсны онцлог юм. Бусад овгийнх бол эд хэрэглэлдээ шид нь шингэдэг. Тиймээс Халх бөө нар шидийг сайн хурааж  сурах ёстой.

Удахгүй болох үйлийн тухай урьдчилан сануулж хэлэх тухайд:

Тэнгэрийн үүд нээгдэхээр их л үймээн болох шинжтэй. Төр улсыг удирддаг хүмүүсүүд одоо зарим нь улилдаж буй ноход шиг зарим нь унтаж буй ноход аятай байна. Харин Их үймээний үе болоход Улилдаж буй ноход нь уралцаж хоорондоо эхлэнэ, унтаж буй ноход нь сэрж эхлэнэ. Тэр их үймээнийг тэрүүхэн тэнд нь намжааж чадвал их л тустай юмсан хэмээв.

Байгаль Ертөнцийн зүгээс Наран эх мишээдгээрээ мишээх ч  Хуй салхи эрчилж, Хуйсагнуур бороо цутгаж, Цасан Шуурга их тавих вий. Дэлхий эжий өөрийгөө хамгаалахын тулд жаахан хөрвөх вий дээ. Сонор сэрэмжтэй байж үймээн шуугиан болоход дагаж үймээд байлгүй байгаа суурин дээрээ бат бөх, ухаан санаагаа уужим сул байлга. 

Тэнгэрийн Үүд нээгдэхээр их л юм болно, их л бужигнаан болно доо. Их Тэнгэрийн үүдийг дээдсүүд өдөр цаг товлон байж нээдэг. Хэн дуртай нь нээж хаагаад байдаг тийм жижиг зүйл биш юм. Гэтэл хэл амны зоргоороо Тэнгэрийн Үүдийг хааж нээдэг улаач их олон болжээ. Ээ Гэгээ минь эдгээр улаач нар хэлсэн амнаасаа болж хэр их ял үүрэхээ мэдэхггүй байна даа.

Хаялага дайрлагаас хамгаалах тухай

Бөөгийн Ертөнцөд хаялага дайрлага, харваа намнаа гээд их л зүйл бий. Тортог гэж нэг зүйл бий. Тэр бол Буурлууд бидний хувьд одоогийн та нарын хэлээр бол их л жижиг асуудал юм. Гэсэн ч энгийн ардад бол их л уршиг тарих хэмжээний гай юм. 

Энэ бүгд атаа жөтөөнөөс их болдог ч өнөө ертөнцөд зоосноос бас их шалтгаалдаг болжээ. Хаялага дайрлагаас хамгаалах хамгийн эхний арга бол Хаан Дээдсийн хэлсэн амилсан 3 үгийг хаа явсан газартаа дуудаж явах юм.

Энэ 3 үгийг 9 удаа хэлэхэд 9 хүрээ үүсдэг. Өдөр бүр энэ үгийг хэлж 9 хүрээ үүсгэж чадвал түүнийг нэвтлэх харваа, намнаа гэж хаана ч үгүй билээ. Мөн өглөө бүр босоод Наран эжийдээ сүсэглэж эрчим авах ёстой. Наран эжийгийн нэг л цацраг 1000 нум харвасантай тэнцэх хэмжээний чадалтай. Ургах Наран ээжээс Гэрлийн Их эрчим авахдаа Тэнгэр Монгол Газар-ыг есөнтөө хэлэх ёстой. Тэгвээс тэр өдөртөө л бат найдвартай хамгаалалтын дунд явах болно.


Нөгөө Ертөнцийн тогтолцоо, Сүнсний тухай

Дээд, Дунд, Доод тив гэж бий. Дээд тив дундаа бас Их Дунд Бага гэж 3 янз бий. Дээд тивд ч бас хурал чуулган болдог. Өнөөгийн бидний энэ сайхан бөмбөгөр өргөө гэрт л болдог юм шүү дээ. Их сайхан том өргөөнд болдог доо. Далай цагаан сүүээ уугаад даанч нэг сайхан даа. Улаач хүн биежээд ирэхээрээ хий биеэрээ Дээд тив явж хурал чуулганд сууж ном эрдэмд суралцдаг. Хамгийн доороос нь багаас нь эхлээд л дээшээ явдаг юм.

Хүнд 5 махбодийн сүнс байдаг. Хүний сүнс дэгдээд Баруун урд зүгт байрлах Нар Хажидын өргөөнөө очдог. Тэндээс Домч 3 тэнгэрээр дамжаад 2 сүнс нь Арьяабалын өргөөнөө очиж тэндээ үлддэг бөгөөд үлдсэн 3 сүнс нь эх дэлхийдээ эргэн ирж нялх балчир болж дунд тивд мэндэлдэг юм.
Арьяабалын өргөөнөө үлдсэн 2 сүнс өөрийн өмнөх төрлүүд болон хүн байх үеийн бүх ой санамж, мэдлэг, мэдээлэл , дурсамжтайгаа байдаг хэдий ч тэд тэнд шинээр төрнө гэж хэлэхдэг бөгөөд Тэнгэрийн Их үйлд эхнээс нь эхэлж суралцдаг жамтай. Газарт олсон мэдсэнээ Тэнгэрийн далай мэт өргөн их мэдлэгтэй нийлүүлэн мөнхөд суралцдаг билээ. Тэд Онгод болдог.

Монголчууд эртнээс махан биеийг байгал дэлхийд нь шингээдэг байсан. Хүний дунд тив дэх амьдрал дуусч амьсгал хураах цагт ил байлгаж ТАсын дуудлагаар 5 бахбодийн сүнсний 2 нь дээшээ хөөрч харин энэ бие нь газар дэлхийдээ шингэж нэгэн цул болдог билээ. Тиймээс Газар эх гэдэг гайхамшигтай бөгөөд хүн зоныг газар эхээс тусгаарлан авч үзэж хэзээд үл болох юм. 

Газар бол хааж давах, татаж чангаах хүч нь хязгааргүй их билээ. Газар үгүй бол бид үгүй. Иймд газырг сэндийлэх хэрэг юун. 

Тэнгэр гэдэг бол Тэнгис далайгаас уудам бүгдийг энэрнэ гэсэн үг юм. Тэнгэр бол эх дэлхийг энэрэгч. Тэнгэр бол орших орон зай, онгод буурал болсон өвөг дээдэс, олныг хайрлах хайр энэрэл юм. Тэнгэр нэрийг дуудахад энэ дэлхийн амьтай бүхэн сэрдэг. Тэнгэрүүд хүн зоныг тэтгэдэг. Тэнгэрүүд цаанаа эзэнтэй буй. Буруу явбал будаа тээж Зөв явбал зон олныг тэтгэнэ гэх үг байдаг. Дээрээс Тэнгэр хүн зоныг харж цэгнэдэг. Эх Тэнгэр, Эцэг Тэнгэр гэж байхад Үр Тэнгэр гэж бас бий шүү.

Монгол гэдэг бол гайхамшигтай. Монгол гэдгийг бусдаас ялгахын тулд ахар сүүлнийхээ тэнд хөх толботой төрдөг болсон юм шүү гэж Өвөг дээдэс маань бидэнд хэлдэг байж билээ.

Хаан дээдсийн амилсан 3 үгийг дуудахад Үргүй хүн үртэй болж Үндэсгүй мод цэцэглэж Өвчинтэй хүн эрүүлжиж өвгөд буурлууд баярлан Хаа явсан газар гэрэл цацарч хайр энэрэл  гэрэлтэж явдаг юм. Энэхүү амилсан 3 үгийн чадал хүч асар их. Утга учир нэн гүнзгий. 

Цагаан сарын тухай

Бидний үед намрын налгар цагт буюу идээ будаа элбэг дүүрэн, хүн зон жаргал дүүрэн байхад Цагаан сарыг тэмдэглэдэг байсан. Одоо харин хаврын тарчиг цагт хүн зоныг хоослон байж хийдэг болжээ. Урд зүгийн Шаахайтны ёсоор шинэлдэг болсон байна. Бид үрсдээ энэ жилийн цагаан сарыг ёслон өнгөрөөгөөд ирэх жилээс Намар цагт шинэлж байхыг хэлж анхааруулсан.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР