2012-02-10

Баяр-Оч, Тэнгэрхүү, Ундрах: Гүнбилгүүнд зориулав




Гүнбилгүүнд зориулан эрч хүч, итгэл найдвар хайрлахаар Гэрлийн Өргөөний гишүүд шүлэг зохиов. Гүнбилгүүний тухай дээрх видеоноос та бүхэн үзээрэй. Мөн энэхүү үйлд туслах хүсэлтэй байгаа бол дараах Event-д нэгдэнэ үү. 



Амьсгалах тоолон бүрд чинь
Ах дүүс анд нөхөд чинь залбирч байгаа учир
Амьдралд гайхамшиг байдгийг
Анд минь чи батлах болно
Ардаа үлдэх ээжийгээ орхилгүй
Андгай тавин тэмцэх болно

Хөхрөн шаналах хором бүрд чинь
Хөх тэнгэрийн дээдсүүд хамгаалж байгаа учир
Хөрст дэлхий дээр шид байдгийг
Хүү минь чи харуулах болно
Хөх монголоо орхилгүй
Хүчит баатар чи ялах болно

Дордон сулидан гутрах бүрд чинь
Дотоод сэтгэл чинь шатаж байгаа учир
Дүрэлзэн асах гал байдгийг
Дүү минь чи үзүүлэх болно
Дурлал хайраа марталгүй
Домогт баатар мэт амьдрах болно




Гүнбилгүүнд зориулав.

Эрх, хайр, ивээлийг харуулах
Эзэн Тэнгэр байдгийг санаарай
Итгэл, сэтгэл, зоригоо чангалж
Эрүүл саруул, энх тунх амьдрах болно чи

Хөх Мөнх Тэнгэр эцэгт итгээрэй
Хөвүүн болсон Монгол үрээ харж үзнэ
Хөх толбоны эзэн гэдгээ мэдээрэй
Хөрстөд хийх ажил чамд их бий

Тэвчээр, хатуужил чиний найз шүү
Тэнгэр заяатай Монгол үр минь
Итгэл сэтгэл өөрийн чинь хүч шүү
Ирээдүй чиний өмнө гэрэлтэж байна

Хосгүй заяатай ховорхон үр гэдгээ санаарай
Хоёргүй сэтгэлээр өөртөө итгэ
Зүрхэн дотор чинь амьдруулах хүч бий
Зүгээр л сэтгэлээ чагна, зоригоо чангал

Сэтгэл гэдэг хамгийг бүтээх хүч юм шүү
Итгэл гэдэг хамгаас найдвартай эм юм шүү
Бодол гэдэг бүгдээс хүчтэй зэвсэг юм шүү
Залбирал гэдэг чиний хэл юм шүү

Хөх толбо чиний Тэнгэртэй холбогдох нууц шүү
Хөвүүн чи өөрийн ХҮСЛЭЭ ИЛГЭЭ
Залбирал гэдэг чиний Тэнгэрт хүргэх үг шүү
Заавал чи ИТГЭЛЭЭР ЖИГҮҮРЛЭ.

Тэнгэр Монгол Газрыг дуудаарай
Тэмцэж юуны ч өмнө бүү бууж өг
Ээжийгээ тэврээд инээмсэглэн мэндчилэх
Ирэх өдрүүдийг сэтгэлдээ төсөөлөөрэй

Итгэлийн гал чинь мөнхөд бадраг
Зүтгэлийн дүн удахгүй ирэг
Тэнгэр эцэг ивээж
Тэнгэр Өжий Өршөө

Тэнгэр Монгол Газар.


Б.ГҮНБИЛГҮҮН дүүдээ:

Хөх Монголын ҮР
Хөрст Дэлхийн ЭС
Хүн заяаны ДЭЭД
Хөх Толбот Дүү минь,

Хан энэ хорвоод
Хайж ирсэн ховор заяа шүү чи
Хурмаст энэ орчлонд
Хурайлж ирсэн агуу хайр шүү чи

Бодлын нууц замбуулинд
Болохгүй зүйл байхгүй
Буурал гэгээн орчлонд
Бүтэхгүй юм үгүй

Саруул аавын ГҮН хүү
Сайн үйлийн эзэн болноо
Сайхан ээжийн БИЛГҮҮН хүү
Санасандаа хүртэл амьдрах болноо

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР-ийн хүчээр
Тэвчээрийг олж аваарай дүү минь
Тэмцэлийн үрээр ялалт ирдэг тул
Тэнхээт сэтгэлээ улам бадраа дүү минь.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР