2016-04-07

Биднийг хүрээлэн буй ТАВАН тив


Хүмүүс бид “махан бие, сүнс” 2-оос тогтох бөгөөд махан бие үхээд газарт шингэдэг бол сүнс түүнээс урт наслаж өөрийн ой санамж, оюун ухаан, амьдрах хугацаандаа олсон мэдлэгтэйгээ өөр орон зайд шилждэг. Тэрхүү орон зайг Монгол бөө мөргөлд 5 тив хэмээн нэрлэх бөгөөд энэ тивүүд нь Эх дэлхийн оршихуй, жам ёсыг сахиулан, хий дүрээр оршин тогтнодог. Таван тивийн тухай задлан өгүүлвэл:

Лус тив. Эх дэлхийн амьдралын эх үүсвэр болох Ус буюу бүхий л төрлийн гол, мөрөн, далай, тэнгис, нуур, цөөрөм, гадаргын болон гүний усыг хариуцаж байдаг ЛУС ТИВ. Ус нь цэвэр ариун бөгөөд Арвин их байх ёстой. Үүнийг хадгалж хамгаалахын тулд Лус тив оршдог бөгөөд хамгийн догшин сүнснүүд энэ тивд байдаг. Хүмүүн лусыг догшруулваас төрөл бүрийн арьсны өвчин, яр шарх, идээ бээрэнд баригдах аюултай. 

Савдаг тив. Хөрс шороон дээр орших бүх амьтай зүйлс буюу байгалийн бүтээл болох Газар шороо, Уул тал, Хөндий, Ой мод, Ургамал, Амьтан зэргийг хариуцан, хамгаалан орших хий биетнүүдийн оршихуй. Газар ухах, Мод тайрах, Ан амьтныг зүй бусаар хоморголон хороовол Савдагууд догширдог. Газар шороог хэт их ухаж зэрэмдэглэх, алт болон бусад үнэт эрдэнэсийг нь ухаж авсанаар эх дэлхийн эргэлтийн тэнцвэрийг алдагдуулж, 4 улирал жам ёсоороо эргэх, байгаль цаг уурын тухт байдал алдагдахад хүрдэг.

Хан Хурмаст тив. Эх Дэлхийн Агаар мандал, Хур бороо, Аянга цахилгаан, Цас мөндөр, Ээх нарыг хариуцан орших ба Агаарыг цэвэр ариун байлгах, амьтай бүхнийг тэтгэх үйлтэй. Хурмастын догшрол хүмүүний хувьд үр удамд нь илрэх бөгөөд төрөлхийн зүрхний цоорхой, уруул сэтэрхий, тагнайн цоорхой үр төрөх гэх мэтээр амьсгалахад бэрхшээлтэй өвчнөөр илэрдэг. Ний ардад бол: Ган зуд, Үер ус, Хуй салхи, Газар хөдлөлт г.м-ээр бусад тивүүдээ хамруулан илрэнэ. Дээрх 3 тив болвоос Эх Дэлхийг оршоож бүрэлдүүлж байдаг тив юм. 

Эрлэг тив. Хүмүүн нас барсаны дараа түүний сүнс хаа очиж, юу хийхийг шийдэх ЭРЛЭГ ТИВ. Зүйрлэвэл бидний сайн мэдэх ШҮҮХ шиг бөгөөд сүнстэй бүхэн махан биеийг орхиод тэр тивд очин амьдран ахуйдаа хийсэн сайн муу үйлээ дэнслүүлдэг тив юм.Та амьд ахуйдаа ажилчин байсан уу Ерөнхийлөгч байсан уу? Алдартан байсан уу гуйлгачин байсан уу эс хамааран хүн бүрийн сүнс энэ тивд очин шүүгддэг.

Там. Эх дэлхийд хорлолтой үйлийг арвин их үйлдсэн нь Эрлэг тивийн шүүлтээр тогтоогдсон сүнс энэ тивд зочлоно. Махан биетээр аж төрөхдөө үйлдсэн үйлийн үрийг энд сүнсээрээ төлдөг. Сүнс бүхэн мөнх байдаггүйг мэдүүлнэ. Алив сүнс 950 төрөлт байх ба түүнээ дүүргээд ч Онгод болж чадаагүйг нь Нар руу явуулж бүрэн цэнэгээр нь устгадаг. 

Тэнгэр. Тэнгэр буюу Онгодуудын Ертөнц. Зүйрлэвэл бидний диваажин хэмээн ойлгодог ертөнц бол Дээд Тэнгэр буюу Онгодуудын ертөнц юм. Диваажин ба Там нь хүнийг айлгах эсвэл мөрөөдүүлэх гэсэндээ бус үнэхээр бодитой оршин тогтнодог бөгөөд эх дэлхийн оршил, жамт ёсыг сахиулын тулд ажилладаг.

Замба тив. Энэ бол бидний амьдран оршиж буй тив юм. Энд Лус, Савдаг, Хан Хурмаст, Эрлэг, Там, Тэнгэрийн Онгодууд гээд бүхий л төрлийн хий биетэнгүүд зэрэгцэн оршдог онцлогтой тив юм. 

Монгол бөө мөргөлд дээрх ойлголтуудыг Тэнгэр, Хурмаст, Лус Савдаг, Эрлэг Там, Замбатив хэмээн 5 тив болгон багцалдаг. 

Энэ бүхэн хэн нэг хүний санаанаасаа зохиосон сургаал, номлол биш бөгөөд бодитой оршин буй байгалийн жам ёсыг таньж мэдээд бидэнд өвлүүлж буй Өвөг Дээдсүүдийн маань, Онгодуудын маань сургааль юм. Тэд сүнсний их ертөнцөд олон зуун, мянган жилийг дамнан суралцаж орчлонгийн жам ёсыг таньж мэдсэн тул бидэнтэй харьцуулшгүй агуу их эрдэм чадалтай юм. Тийм л агуу их мэдлэг мэдээлэл, эрдмийн сангаас Улаач хүн өөрийн хөдөлмөр зүтгэлийн хэрээр хувь хүртдэг. 

Өөрөөр хэлбэл байгалийн хууль, жам ёсыг таньж мэдсэн хүмүүний сүнс л Онгод болдог бөгөөд Монгол бөө нар жамыг таньсан Өвөг Дээдсүүдийнхээ Онгодыг биедээ залж, үг сургаалийг нь түмэн олонд түгээн дэлгэрүүлэх ажил хийдэг. Үүнийг хичээнгүйлэн хөдөлмөрлөж байж суралцдаг тул Монгол бөө нь мэргэшил болдог юм. 

Хүмүүс бид нэг л амьдрах юм шиг боддог. Магадгүй энэ хорвоод хүний биеийг олж төрөөд нэр алдар зүүгээд амьдрах нь нэг удаа байж болох ч сүнс чинь 950 төрж Жам ёсыг таньтлаа эргэх хорвоод эргэлдсээр байдгийг Монгол бөө сануулан оршдог.

Хэрэв Онгодууд та бүхэн үнэхээр олон зуун, олон мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүний сүнс юм бол бидэнд өөрийн түүхээ хүүрнэнэ үү хэмээхэд тэд өгүүлдэг. Баталгааг нь тэдний хэлсэн үг, хийсэн үйлийн үр дүнгээр хэмжиж болно. Тэд өөрсдийн улаачаар дамжуулан үгээ хэлж, түүхээ ярьж, ном гаргаж, ёс заншлаа зааж сурган, дуу хуур, бүжиг наадгайгаа өвлүүлэн, тэднийг сургахыг зорьдогийг харж болно.



Тухайлбал: Эдгээр ном нь Онгодоор яриулсан түүхүүд юм. Бөөгийн Түүх, Далд ертөнцийн тухай 27 онгодын айлдвар, Хатдын Түүх, Монголын Түүх, Хадны сүг зургийг тайлсан судрууд г.м-ээр урьд өмнө хаана ч бичигдэж байгаагүй түүх, танин мэдэхүйн асар их мэдлэг энд бий. 



Онгодууд бас Улаачдаа буугаад зураг зурж чадна. Улаач нь зураг зурж чадахгүй ч Онгод нь бууж түүх хүүрнэх зуураа л энэ зургийг зурчихсан юм. Энэ бол 1200-аад оны үед Их Монгол Улсын үед амьдарч байсан Чанай Дээдэс буюу түүхэнд Чарахай өвгүн хэмээн бичигдсэн Онгодын зурсан “Биднийг хүрээлэн буй таван тив” хэмээх зураг.
  
Бид “Эх Дэлхий” гэдэг нэг л гариг дээр амьдардаг. Монголд байдаг нар, Европт байдаг нар бол хоёр өөр нар биш нэг л нар. Түүнтэй ижил энэ хорвоогийн жам, байгалийн хууль нэг л байдаг. Тэрхүү жам ёс, байгалийн хуулийг цаг цагийн суутнууд, гэгээнтнүүд, номлогчид өөр өөрсдийн өнцгөөс таньж мэдэхийг оролдон, түүнийгээ өөрсдийн номлолоор тайлбарлан баяжуулсаар иржээ. Харин Монгол бөө мөргөлд жамыг сахиулагчид нь өөрийн биеэр улаачдаа морилж үг сургаалаа хэлдэгээрээ онцлогтой билээ.


Онгод Дээдсүүдийн айлдсан Бөөгийн Товчион судар болоод 5 тивийн тухай айлдварыг сурвалж болгон бичив.




ГЭРЛИЙН ӨРГӨӨ

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР