2014-03-13

Нар мандахад та минь ирнэ. /Цацрагт хордсон хүний тухай та заавал уншаарай/



зурган дээр дарж томоор хараарай

НАР МАНДАХАД ТА МИНЬ ИРНЭ


Хамаг амьтан зовлон хийгээд шалтгаанаас үүрд ангид байх болтугай!
Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаантай байх болтугай!

Улаанбаатар хотоос зүүн хойш 960 км, Дорнод аймгийн Чойбалсан хотоос хойш 120 км-т Баяндун сумын нутагт оршдог ураны ордыг судлах ажил 1970 оноос эхэлжээ.

Энэхүү ордыг ашиглахын тулд гүний усны цооног гаргаж, 20 км ус дамжуулах шугам Улз голоос татсан аж. ОХУ-ын Хар нуурын УЦС-аас Мардайн орд руу татсан өндөр хүчдэлийн 110 квт шугам болон 25 мегаваттын дизель цахилгаан станцтай.

Орд газруудыг төвлөн байгуулсан Эрдэс хэмээх хаалттай сууринд зөвхөн оросууд л тусгай зөвшөөрлөөр нэвтэрч байлаа. Чита-Чойбалсангийн төмөр зам руу Чингисийн далан өртөөгөөр нийлдэг 130 гаруй км төмөр замаар Мардайгаас өдөр болгон хүдэр ачсан галт тэрэгний цуваа, өндөржүүлсэн хамгаалалттайгаар Оросыг зорьдог байв. Мардайд галт тэрэгний ачих, буулгах гурван станц байсан. Эдгээрийн эхнийх Дорнод орд дээр, дараагийнх тосгоны урд талд, төгсгөлийнх нь Гурванбулаг орд дээр байсан аж. Энэхүү Эрдэс-Мардай хэмээн нэрлэгдсэн уурхайчдын хотоос Ульханмайхан боомтоор гарах авто замтай, Краснокаменск-Мардайн хооронд шууд нислэг бүхий олон улсын нисэх буудалтай. Эрдэс-Мардайг тухайн үед “Монголгеологи”-ийн харьяа Уурхайчдын хот хэмээн нэрийдэж, тус хотод Дорнод аймгийн Мардай дахь гаалийн салбар үйл ажиллагаа явуулж байлаа. Энэ үед Мардайд 10000 орос иргэд амьдарч ажиллаж байжээ.

Энэхүү хаалттай бүсэд Монголын талаас хоёр гаальчин ажилладаг байснаас нэг нь эдүгээ бидний халуун ам бүлд багтаж, эх орны даалгавар болоод өргөсөн тангарагынхаа дагуу Дорнодын хязгаарт ажиллаж, амьдарч байсан эдүгээ АНУ-д хүнд өвчний учир эх орондоо ирж чадахгүй яваа ГУБ, тус салбарын эрхлэгч асан Даш-Оригийн Элчбатын тухай өгүүлэхийг зорилоо.

Даш-Ориг овогтой Элчбат 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1980-1987 онд БНБАУ-ын София хотын ЭЗДС-ийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Болгар, польш, орос, герман хэлтэй. 1988 онд БНАГУ-ын Гаалийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн, гааль хэмээх эх орны алтан босго түшилцэж 19 жил баяр гуниг, аз жаргалаа бидний л адил өнгөрүүлэн алтанхан залуу насныхаа ид оргил үеийг Төрийн саарал хувцастайгаа элээжээ.

1990 оны ардчиллын халуун салхи сэвэлзсэн цагаан морин жилийн хувьсгалын их түрлэг шуугианд Монгол орон хаврын зөөлөн салхин дор хонхон дуутай жагссан өдрүүд. Энэ л үед Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Даш-Оригийн Элчбатыг эх орны даалгавар болгож гадаад оронд эдийн засгийн өндөр боловсрол эзэмшсэн, гадаад хэлний өргөн мэдлэгтэй хэмээн тухай үеийн гаалийн удирдах төв байгууллага өндөр итгэл хүлээлгэн Дорнод аймгийн Мардай дахь гаалийн салбарын эрхлэгчээр томилсон байдаг.

Залуу халуун насны ид хавыг үзүүлэн, хийж бүтээхийн хүсэл, зоригоор тэмүүлсэн залуу хархүү эх орныхоо нэрийг өргөн ажиллахаар, өргөсөн тангарагтаа үнэнчээ илэрхийлэн эртний домогт Дорнод Монголын их талын баруун үзүүрт орших Мардай-Эрдэс хэмээх хэн хүний бараг мэдэхгүй шахам “нууц” хотод төрийн “элч” болон ирсэн билээ.

Ийнхүү төрийн элч, гаалийн элч Д.Элчбат 1990-1996 онд Мардай-Эрдэс дэх гаалийн байгууллагад тасралтгүй 6 жил ажиллахдаа ураны олборлолтонд гаалийн хяналт тавих, гаалийн хууль тогтоомж сурталчлах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэргээр өргөсөн тангарагтаа хоёргүй сэтгэлээр хандан эрүүл мэнд, амь насаа үл хайхран ажиллав. Хүний амьдрал өөрөө түүхээ бүтээж байдаг хэдий ч амьдралаас тусдаа гэгээрэл, ертөнцөөс хол бурхныг хайх хэрэггүй гэдэг. Зургаан жилийн хугацаанд өндөр хамгаалалтын дор цувах эрдэс ачсан галт тэрэг шалгах, ураны олборлолтонд гаалийн хяналт тавих ажлыг зохион байгуулна гэсэн ажлын өндөр шаардлагыг өөртөө тавин ажилласан. Хаалттай хотод хэн хүнийг оруулахыг дэг журмаараа хориглосон учир бүхий л зүйлд хар биеэрээ зүтгэн он жилийг өнгөрөөжээ. Мардайн ураны уурхайг оросууд нэг л өдөр хаагаад нутгийн зүг ирсэн шигээ буцсан. Энэ үед Мардайн гаалийн салбар татан буугдаж салбарын эрхлэгч маань Улаанбаатар хот дахь гаалийн газар гаалийн улсын байцаагчаар томилогдон ирэв. Энэ үеэс ураны тоосонцорын хордлого хэмээх өвчний шинж тэмдэг илэрч бие эрхтэнд нь өөрчлөлт гарч эхэлсэн юм. 

Учир нь Д.Элчбатыг ажиллаж буй үед үйлдвэрлэлийн туршилтууд явагддаг байсан бөгөөд хөдөлмөр хамгааллын болоод үйл ажиллагааны аюулгүй байдлын алдагдлаас болж эрүүл мэндэд нь хортой нөлөөлсөн байна. 

Ураны энэхүү тоосонцор нь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, үнэр амтгүй, байгаль дээрээ газрын хэвлийд царцмаг хэлбэрээр оршдог бөгөөд ураны ордыг олборлож эхлэхэд ад чөтгөр лонхноос гарч ирэх мэт болдог ажээ. Олборлолт эхэлсэн тэрхэн даруйд ураны дотоод дахь тэнцвэрт байдал алдагдаж, урвал задралын явц нь идэвхжин, цацрагийн хүч нэмэгдэж гадагш алдагдах аюул нүүрлэдэг. Тодруулбал, хүн мал идэвхт изотоп бүхий тоосонцороор амьсгалсны улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирдог байна. Нүдэнд үл үзэгдэх цацраг идэвхт тооцонцорыг хоол ундтай хэрэглэсэн эсвэл онгорхой шарх гэмтлээр нэвчсэн тохиолдолд тоосонцор цусны эргэлтэнд орж, бүх биеэр чөлөөтэй эргэх явцдаа цацраг хор түгээдэг. Хожуу хойно хорт хавдар тусах, амьгүй болон төрөлхийн гажигтай хүүхэд төрөх зэргээр эд эрхтэнд төрөл бүрийн хор нөлөөг цусанд орсон цацраг идэвхт изотоп үзүүлдэг ажээ.

Мангир цэцэгнээс цацраг бодис илэрсээр 

Энэ л аюулт өвчин ГУБ Д.Элчбат хэмээх гаалийн байгууллагад ажилласан 19.6 жилийнхээ 6 жилийг Мардайн гаалийн салбарт ажиллаж хөдөлмөрлөсөн идэр залууд хэлж биш хийсч ирэн зовлонгийн далайд шидсэн ажээ. Өвчний эсрэг өөрийн чадах бүхнийг хийсэн атал сайжрахгүй байсаар 2000 оны 10-р сард Монголд баруун хөлөндөө хиймэл түнх хийлгэх мэс засалд орсон боловч жилийн дараа зүүн хөлний түнхэд үсэрхийлэн 2001 онд дахин мэс засалд оров.

Тэрхүү амь нас дэнжигнэсэн хэцүү үед ажил амьдралаа зохицуулан, үүрэгт ажлаа хийж явсан боловч энэхүү ураны хордлогын улмаас даамжирсан ясны өвчин нь улам хүндэрсэн тул 2006 онд Буянт-Ухаа дахь гаалийн газар ажиллаж байхдаа ажил төрлөөсөө чөлөө авч, өөрийн амьдарч байсан орон байраа зараад алс хол АНУ-д эмчлүүлэхээр эх орон, элгэн садан, хайртай бүхнээ орхиод аюулт өвчнөөс ангижрахын гэгээн хүсэл тээн эх нутгийнхаа хилийн дээс алхсан юм.

Эр хүний сэтгэлийн их ухаан, зориг гаргаж дурлалт бүсгүйгээ зовлон болоод сэтгэлийн дарамтанд байлгахгүй, хүний сайхан охин үрийг зовоохгүй гэсэндээ гэгээн хайр сэтгэлээ ч илчилж чадалгүй хорвоог ганцаараа туулах болсон. Амьдралын энэ л гашуун үнэнд эр хүний сэтгэлийн аугаа их нүнжиг оршдог юмсанж. Энэхүү аюулт өвчин гэр бүлтэй, үр хүүхэдтэй болох, үр удмаа үлдээх хүний амьдралын сайн, сайхан бүхнийг аван одсон нь юутай гаслантай. 

Харийн орон, хүний нутгийн салхин дор цацраг идэвхт хордлогын хор нөлөөллийн улмаас анх эхэлсэн ясны өвчнөө эдгээх урт удаан хугацааны эмчилгээ эхэлсэн. Хэдий тийм боловч өвчин улам хүндэрч, сайжрахгүй байсан тул 2012 оны 09 дүгээр сарын 06-нд баруун хөлөндөө хиймэл түнх шинээр суулгах 180 000 ам долларын өртөг бүхий мэс засалд хамаг эд хөрөнгөө зарж борлуулан байж ороод, одоо АНУ-ын Конкорд хотын эмнэлэгт 3 сарын хугацаатай сэргээн засварлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгүүлэх зардалгүй болоод байгаа.

Үүний зэрэгцээ баруун хөлөнд хийсэн хиймэл түнхний хагалгаатай зэрэгцэн зүүн хөлд дахин өөрчлөлт гарч эхлэн аюул гамшиг дахин сэтгэлзүйн цочролд оруулаад байгаа билээ. Баруун хөлний эдгэрэлт нөхөн сэргээлтээс шалтгаалан зүүн хөлөнд хийх хагалгааг АНУ-ын эмч нар 2013 оны 11 сард хийхээр төлөвлөж байгаа.

Хагалгаа бүрийн өмнө эдгэхийн төлөө бурхандаа залбирсан, хоёр хөл дээрээ босоод эх нутгийнхаа зүг хүлгийн жолоо залах, хамт олонтойгоо учран золгохын хүсэл эрмэлзлэл нь усны ундрага шиг боргилон байгаа биз ээ. Зүүдэнд нь Монгол нутгийн минь цэнхэр тэнгэр, морин хуурын татлага, дагшин салхины чимээ, тэнгэр чимэглэн сүрэглэх шувуудын дуу, өргөн уулс ус маань харагддаг гэсэн.

Өөдрөг сэтгэлдээ Монгол хүний сэтгэлийн их зориг, тэвчээр гаргаж би эдгэрнэ, би буцаад эх орондоо, элгэн түмэндээ холын орноос буцаж ирнэ гэсэн гэгээн тэмүүллээр даль жигүүрээ хийн, навч хөглөрөх намрын уйтай шаргал өдрүүдэд эх орноо санан дурсан сууна гэсэн. Ажил амьдралаа зориулан байсан гаалийн албаны 100 жилийн ой болох тухай мэдээг аль хэдийн сонсчихсон холын чимээ чагнан сэтгэлдээ догдлон бодлоо имхэрдэн байгаа. 

Хүн хүнээ хайрлахын гэгээн тусгал хүмүүний амьдралыг чимж явдаг хэмээн ойлгодог билээ бид. Ирж буцахын нэг жимтэй энэ хорвоод хүний амьдрал мөнх бус учраас ядарсан, зовсон нэгэндээ урам зориг өгч, сэтгэлийн их тэнхээ хайрлавал хүн болсны ач гавьяа мөн билээ.

Монголын гааль хэмээх өргөн дэлгэр үйл ажиллагаатай, хүн чанарын бурхад цугласан энэ өргөөнд үе үеийн аавын хүү, ээжийн охид орж, гарч л байдаг. Тиймийн учир эргэх холбоондоо нарны алтан цацраг гийгүүлэн дараа дараагийн үеийнхэндээ сэтгэл зүрхний гэгээн тунгалаг сайхан зан үйл, биендээ тусалж дэмжихийн ариун үйлийг удамшуулвал гаальчин бидний ариун холбоо тэр биз ээ. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдэг.

АНУ-ын Конкорд хотын эмнэлэгт эмчлүүлж буй гаалийн улсын байцаагч Даш-Оригийн Элчбатын зүг гаальчид бид тусламжийн өгөөмөр гараа тэнийлгэн эрхэм нөхөртөө хүн чанарын гэрэлт дуулал өргөе. Тэр маань эх орондоо эргэж ирээд Та бидний зүг баярын халуун нулимс дуслуулан зогсох агшинг сэтгэл зүрхэндээ харцгаая. Бид бүгдээр хичнээн жаргалтай байх бол оо. 

Олны хүч оломгүй далай билээ. Туслацгаая гаальчидаа. Нэгдэцгээе!





Жич: Энэхүү мэдээг Гаалийн мэдээ сэтгүүлд гарсан байсныг энд блогтоо нийтэлж байна.
Түүний фэйсбүүк хаягийг олж холбогдох харилцсанаа хүргэе.


3/12, 6:22pm
Тэнгэр Хүү
Сайн байна уу та Би Гаалийн мэдээ сэтгүүлээс таны талаарх нийтлэлийг олж мэдлээ. Уншлаа. Таньд туслах хүсэлтэй байна.Таны энэ мэдээллийг олон хүнд түгээж Ураны хор холбогдлыг ойлгуулах мөн тусалж дэмжих хүмүүстэй холбож өгч болох болов уу?Аль болох олон хүн мэдвэл туслана гэдэгт итгэлтэй байна. Орон даяар хандивын данс ажиллуулвал олны хүч оломгүй далай гэдэг. Та хариу бичээрэй.

Today

12:07pm
Elchbat Dashorig

Sayn b.n uu?!Medeej hirig nadad tuslamj ih hirigtee b.n.Ireh ond 4-hhimil tunhni mes zasliin hagalgand oron.Mun ene urani hordlognoos bolood mini buh shuudig avsan yum.Ungursun jil.Shudni yasnuud uurj unaad b.san yum.Odoo himil shud hilihin tul dood talan 5000 am.dollar hirigtee bolod b.n.Gaalin Erunhi Gazar handsan bolovchtuslah bolomjguu gesen hariu sonsood gomdood suuj b.n.Ulsin ajil hiij yavaad bie iim bolson yumshtee.Yamar duraaraa guugeed ochood Mardayt ajilsan bish.Turiin ajil hiij yavsan daa.Unheer tusalj zadah yumbol mini bie tand mun ugoomor sedgiltee humuust ih bayarlan daa.Mini zugees yu hirigtee vee?Mini e-mailhayag itlat2014@yahoo.com.Ene hayagaar holbootee baavul yasan yum be?12:07pm

Санал:

Монгол улсад Уран олборлох олон улсын гэрээ 2013 оны 10 сарын 26нд хийгдсэн бөгөөд Ураны хайгуулын лиценз тоогоо алдаж туршилтын журмаар олборлолт хийсээр байгаа билээ. Жнь: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд туршилтын олборлолт хийсний үр дүнд төл малууд ихээр гажигтай төрөх болсон. Гэтэл ЗГ болон эрх баригчдын зүгээс Цөмийн хаягдал хэзээ ч хаяхгүй гэсэн л юмаа яриад байна. Үнэндээ Уран олборлох асуудал, түүний хор холбогдлыг ярих ёстой юм. Цацрагт хордсон малын баримт зөндөө байдаг бол цацрагт хордсон хүний тухай та бүхэнд хүргэлээ.

Сайн санаат Монголчууд минь энэ хүн өгөөмөр гараа сунгаж хандив өргөөсэй гэж хүсч байна. Өөрийнх нь фэйсбүүк хаягаар шууд холбогдон хандив өгөх эсвэл энд хандивын аян өрнүүлээд тийшээ илгээж болох юм.

Олны хүч оломгүй далай гэдэг. Таны нэг өдрийн хоолны мөнгө бүхэл бүтэн 1 хүний амь амьдралыг аврана.

Элчбаттай холбогдох: http://www.facebook.com/elchbat.dashorig
Мэйл хаяг: itlat2014@yahoo.com
Надтай холбогдох: 8807 7002


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР