ДЭЭДСИЙН ЧИКАГО ХОТОД АЙЛЧИЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ
Оршил оршмой.
Гэрлийн Өргөөний Америк дахь салбарын Туяа Энхээ нэг өдөр надруу залгаад Дээдэс Хавайд ирэх болсон тухай дуулгасан билээ. Тэгээд өөрөө нялх хүүхэдтэй, байнга машин барьж явдаг ажилтай, зав багатай тул намайг бусаддаа дуулгах ажлыг зохион байгуулах уу гэж асуухаар нь уухайн тас тэгье гээд л эхнээс нь залгаж эхэллээ.
2012 оны 12 сарын 21нээс өмнө Гэрлийн Өргөө Америк салбарынхан юмыг яаж мэдэхэв гээд онлайнаар холбогдож утсаа солилцсон байсан юм. Утсан дээр хадгалагдсан дугааруудаас эхлэн залгаж эхэллээ. Баруун эргийн Сүхээ ахтай яриад та наагуураа хүмүүстэй холбогдооч, ямар санаа оноотой байгаагаа ярилцья гэж хэлсэн билээ. Сүхээ ах ч дор нь 2 хүнтэй холбогдож, маргааш нь Сан Францискогоос Сайханаа, Сиатлаас Мийгаа ах нар над руу цувран залгаж, бидний л адил Дээдэстэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дээдсийг Хавайд ирэх болсоныг мэдээд за энэ завшааныг л алдаж болохгүй болж өгвөл гуйж байгаад Чикагод хүлээж авна, бүр болохгүй бол хаана байгаа газар нь очоод уулзана даа гэж өөрийнхөө хувьд дотроо бодож шийдсэн юм. Нэгдүгээрт нэгэнт зардал мөнгө гаргаад дэлхийн нөгөө бөөрөнд байгаа энэ улсад ирсэн бол уулзах л хэрэгтэй, хоёрдугаарт Америкт байгаа бид хэд интернэтээр л голдуу ийм төрлийн мэдээлэл авах хэдий ч хоорондоо ярилцах төдий учраа олох нь бага, үй түмэн асуултуудад хариулт авах зайлшгүй шаардлага байсан юм. Гуравдугаарт бид бүгд Дээдсийн блог уншиж хоорондоо холбогдсон, одоо бол үй зайгүй, анд нөхөд, ах дүүс шиг болсон хүмүүс билээ. Үүнийхээ учрыг тодруулж ямар учиртай яагаад бусдаас тодрон хоорондоо ингэж холбогдсон, цаашлаад Дээдэстэй ямар холбоотой, ямар үйл хийхээ мэдэхийг бүгд л хүсэж, хоорондоо ярилцдаг байсан юм.
Дээдэс судрын ажилтай, үйл хийхгүй маш завгүй байгаагаа мэдэгдэж, зүгээр л Хавай ороод буцахаар төлөвлөсөн, дараа тав тухтай бидэн дээр айлчлах тухай ч дараагийн захианууд нислэгийн цаг, буух буудал бүхий мэдээлэлийн хамт ирлээ. Энэхүү захиаг гишүүд уншаад дор бүрнээ л өө тэгвэл ирэхгүй юм байна гэсэн эргэлзэл, Дээдсийг ийм олон газруудаар явуулж, ядраагаад яах юм бэ, Хавайгаас нь буцаачихья гэсэн санаа тавьсан санал ч зарим гишүүдээс гарч байлаа. Дахиад л зарим гишүүдийн хүсэлтээр бүгд Дээдэстэй уулзах чин хүсэлтэй байгааг Туяа Энхээгээр уламжлуулсанаар Дээдсээс та нар нэг газраа цугларчихаж болохгүй юм уу? Би тэр газар нь очоод л та нартай бүгдтэй уулзчихья гэсэн нааштай мэдээ сонсоод би дотроо нэгэнт л нэг газар нь ирэх бол хүлээж авна гэсэн бусад газруудад ч ирэх боломжтой юм гэсэн дүгнэлт хийлээ. Харин намайг завгүй хойгуур гишүүд онлайнаар ярилцаад Сүхээ ахын хүсэлтээр Сан Франциско хотод Дээдсийг хүлээж авах нь дээр юм гэсэн шийдвэрт хүрчихсэн байлаа. Би сүүлд нь орж уншаад бүгдээрээ л ингэж шийдэж байгаа бол баруун эрэгт очоод уулзахад болохгүй юу билээ гэж бодогдов. Тэгтэл маргааш нь Сүхээ ах гэнэт ерөөсөө Дээдсийг ингэж ядраагаад дэмий юм байна. Энэ удаадаа хүлээж авахаа больё, дараа өөрөө ирнэ гэж байна гэж суурин дээрээ эргэсэн байв. Харин миний хувьд бараг 24 цаг зарцуулж нисэж ирээд, энэ газар нутгийн хир хол байдлыг бодитоор мэдэрсэний дараа ахиж илүү зардал гаргаж, цаг хугацаа зарцуулж байснаас одоо ирсэн дээрээ нэгмөсөн уулзах хүмүүстэйгээ уулзана байх гэсэн горьдлого Дээдсийн блогийг уншаад зан араншинг эчнээ мэдэхийн хувьд бодолд байсаар л...
Тэгээд л ямар ч байсан Хавайд ирэхээр нь холбогдож, Дээдсийн бодлыг өөрчилье гэж шийдээд ирсэн өдрөөс нь буудлынх нь өрөөний утас руу өдөржин залгав. Бас нүүр номонд нь захиа үлдээлээ. Тэгтэл яг машин барьж явах үед Дээдэс гэнэт орж ирээд, монгол хүний утасны дугаар үлдээгээд энэ хүнээс Монгол буцах билетийг өөрчлөх боломжтой эсэхийг тодруулаад болно гэвэл та нартай уулзах боломжтой байгаагаа мэдэгдлээ. Нөгөө хүнтэй нь холбогдсонд монгол дахь онгоцны билет хариуцаж буй компаний холбогдох утсыг өглөө. Ингээд монгол руу ярьж билет өөрчлөх боломжтой боллоо. Буцаад нөгөө хүнтэй холбогдож, Дээдсийг юун түрүүнд гар утас худалдаж авахыг санал болгоод ажил ундарлаа. Ямар ч байсан Сан Франциско, Чикаго хотуудад хүлээн авья, Сиатлид ганцхан Мийгаа ах байгаа юм чинь ойрхоноор нь Санд ирээд Дээдэстэй золгоно биз гээд л нэг их тоосонгүй. Харин Мийгаа ах Сиатлид хүлээж авах хүсэлтэй байгаагаа гуйвалтгүй илэрхийлсээр байв. Энэ нь ч цаанаа учиртай байсныг тухайн үедээ бидний хэн нь ч мэдээгүй билээ. Харин Дээдэс руу захиа бичих дашрамдаа Мийгаа ахын хүсэлтийг дамжуултал зөвшөөрсөн хариу өглөө. Энэ үед л өөрийгөө бодолгүй, өрөөлийн сэтгэлийг өндөрт тавьж буйг нь мэдэрч, үнэхээр сайхан санагдсан.
Хавай хэдийгээр Америкийн нэг муж боловч эх газраас тасарсан арал учраас хамгийн ойрын баруун эрэгт л очихын тулд зогсолтгүй 4 цаг нисэх хэрэгтэй байсан юм. Ингээд л Сан Франциско хотод хамгийн түрүүнд айлчлан ирсэн билээ. Тэнгэрхүү даргын тушаал, отог омгийн чинь хийх ёстой тэнгэрийн үйлийн нэг нь энэ Дээдэстэй уулзсан талаар юу сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцах юм шүү гэсэн шахалтын дагуу та бүхэн Сан Франциско, Сиатли хотуудаар хэрхэн айлчилсан талаар гишүүдийн бичсэн нийтлэлүүдийг уншсан бөлгөө.
Оргил цаг оршмой.
Дээдэс маань Чикагод ирэх өдрүүд ойртсоор л. Чикаго орчмын гишүүд бүгд Дээдсийг хэрхэн хүлээж авахаа хоорондоо ярилцаж ажил үүргээ дор бүрнээ хувиарлаж авцгаалаа. Зочид буудал ч захиаллаа. Харин дотроо Дээдэс минь буудалд буувал бид очиж байна, буцаж байна гэж маш их цаг алдана гэж тооцоолоод давхар зарахаар засвар хийж буй өөрийн амьдарч байсан байшинг ч бас тандлаа. Байшингийн эзэд болох америк хүмүүс чи өөрөө болноо гэж бодож байгаа бол бидэнд татгалзах зүйлгүй, аль болох засварыг нь дөхүүлэхийг бодьё гэж хэлсэн нь угтаа Тэнгэрийн үйл аяндаа сайхан бүтдэгийн нэг илрэл болсон билээ. Дээдсийн ирэх өдрийн өглөө нөгөө байшиндаа цуглараад түрүүлж ирсэн хоёрынхоо бодлыг сонслоо. Тэд ч энд нь дээр юм байна гэснээр шүүр, алчуураа барин цэвэрлэгээндээ орлоо. Бусад нь нэмэгдсээр нэгдэн цугларч америкчуудыг ангайтал ажлыг ч яралзуулав шүү. Цаг нь арай л амжихгүй нь дээ гэж бодохтой зэрэгцэн, онгоц цаг хагасаар хойшилсон тухай мэдээ ч ирэв. Онгодууд мэдээд зохицуулжээ гэж сүүлд нь бодогдсон.
Цаг хугацаа ч дөхөж хоёр маань тосохоор онгоцны буудал явж, бас Цээгий гэх эмэгтэй өөрөө мэдэж, өөрөө гүйж ирэн бидний ажилд дэм боллоо. Эхлээд орж ирээд Дээдэс жоохон эвгүй байх шиг санагдсан. Нэг л олон танихгүй хүмүүстэй уулзаад... Бид ч бас урьд нь энэ тухай бодолцож аль болох энгийн сайхан, хүндэтгэлтэй хандацгаая гэж ярилцсан юм. Бүгдээрээ ширээ тойрон сууцгааж, өөрсдийгөө танилцуулж, дуусашгүй халуун яриа өрнөв. Монголын нууц товчоо, Алтан судар, андын гэрээ, жам гээд л... Чалчих хүртэл шид гэдгийг сонсоод хоёр хүн нугадасхийснээ бие бие рүүгээ харчихжээ... Харин дараа өдөр нь хамт байсан хоёр бүсгүй асуулт асуух боломжийг хүлээн өндөлзөн, тормолзон, биеэр илэрхийлж болох бүх илрэлийг гаргасан боловч Дээдсийн амнаас гарах үг бүрийг тосон амаа ангайн суугаа чалчаа хоёрт тэднийг анзаарах ухаан сөхөө байсангүй... Дээдсийн тоглоомоор хэлсэн “Оо суу заль”-ийн хүчээр бид Дээдэстэйгээ 5 шөнө, 4 өдөр үй зайгүй хамтдаа байж, ухаантай, сургамжтай түүхүүд сонсож, үнэхээрийн мартагдашгүй сайхан цаг хугацааг өнгөрүүлсэн билээ.
Монголчуудтай хийсэн уулзалт. 2014 оны 02 сарын 22ны 12:00 цаг. Таван хоёр давхацсан цагт уулзалт маань эхэллээ.
Дээдэс урьд нь хоёр ч газар монголчуудтай уулзсан, уулзалтанд зориулж, ТМГ дуудлага хэвлүүлсэн байсныг нь Дээдэст өгөөд явуулна гэж байсан ч бүгд тэр газрууддаа үлдсэн билээ. Бид урьд нь ТМГ дуудлагыг энд байдаг монгол ресторанд залсан байсныгаа уулзалтанд хэрэглэе гэж бодоод явж байтал уулзалтын өмнөх өдөр Баяраа гэж хүн холбогдоод тусалж чадах зүйл юу байна, ах нь ойр зуурын юм хэвлэдэг гээд ТМГ дуудлага маань бэлэн болох нь тэрээ. Уулзалт цагтаа эхэлж Дээдэс маань тасралтгүй таван цаг одоо гарах гэж буй нууц товчоо, түүний тайлбар, эрүүл мэндийн сударын зарим сонирхолтой хэсгүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахдаа балга рашаан уусан уу, үгүй юу.
Савтай ус ойртуулаад тавихаар холдуулчих юм. Цангаж байгаа боловуу гэж санаа зовж л суулаа. Хажууд нь суугаа би 2 сав ус, 2 аяга сүү аль хэдийн уусан байлаа. Уулзалтанд ирсэн хүмүүсийн ихэнхи нь угаалгын өрөөгөөр ороод гарсан байтал Дээдэс маань ганцаараа л суусаар, ярьсаар л... Уулзалт дуусаж тавьсан идээ будаагаа шившихээр Дээдэс маань хуур татав. Хуурын аянд бүдүүн хоолой орж ирэхэд л бие сэгсчин уйллаа. Олон хүмүүсийн өмнөөс харж зогссон би өөрийгөө барьж дийлсэнгүй, бие хөдлөөд л нулимс урсаад л байлаа. Дээдэс маань үргэлжлүүлээд л уулзалтанд ирсэн хүмүүсийг үзэж, засал хийж, чөөгийг нь хөөлөө. Өргөөний гишүүд бид мэдээгүй нэгэндээ сонин хачнаа ярьж сэтгэл догдлон суутал нэг маань нүд нь сонин болоод онгод нь дайраад татаад эхэллээ.
Урьд өдөр нь нэг нь бас онгоддоо дайруулж унасаныг ч хэлэх үү, бид бүгд сандралдан, ойлгохгүй нэг нь гаднаас нь харвал жинхэнэ жүжиг тавив даа, хэхэхэ. Дараа нь бид бие биенээрээ тоглоом хийж өнөөдөр хэний ээлж вэ гэж асуудаг болсон шүү... Харин үүнээс сургамж авсан зүйл бол ухаан алдаж буй хүний уруулын дээд хонхорхойд эрхий хуруугаар дарахад сүнс нь эргэж биендээ ордог, мөн овог нэрээр нь чангаар дуудах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан нь маш хэрэгтэй туршлага боллоо. Мөн дээдэс зөөлөн чихэртэй халуун сүү тайвшрахад их тус болдог гэж хэлсэн билээ.
Мичиган нуур, нарны бөөлөө.
Чикаго хот гурван муж дамжсан томоохон нуур болох Мичиганы эрэгт байрладаг. Мичиган нуур монголчуудад их ээлтэй, Америктаа хамгийн олон монголчууд суурьшсан газар юм. Дээдэс минь Мичиган нуурын Фостерийн эрэг/Foster beach/ дээр нарны бөөлөө хийж, нэгэн модыг монголчуудад зориулан амилуулж өгсөн. Нарны бөөлөөний явцад нарны хөдөлгөөнийг мэдэрч, Дээдсийн хэлсэн ягаан өнгийг хараагүй ч, өмнө нь харагддаг байсан бор ногоон өнгө л улам тодорч харагдаж, нүдээ анихад жижиг цагаан бөмбөлөг дотор бүрээгээ барьсан сахиусан тэнгэр байгаа мэт, бас христийн загалмай шиг байснаа Дээдсийг хэлэхэд доод үзүүр буюу цацраг нь сум шиг л доошлохыг харж чадсан билээ. Мөн нарны цацрагаас тасарч нэгэн бөмбөлөг амилуулж буй модон дээр ирэхийг харахад үнэхээр сайхан байлаа. Сүүлд нь тэр амилуулсан модны үндэс нь хоёр талаараа ил гарсан нь эх хүний сав шиг хэлбэртэйг харахад үнэхээр л сүү барин ээждээ ирж зовлон жаргал, хүсэл мөрөөдлөө шивнэж байх сайхан газартай болсон.
Дээдсийн ирсэн ба миний ухаарал
Дээдсийн ирэх сургаар утасны цаанаас ярьсаар үй зайгүй андтай ч боллоо. Үл ойлголцож, бие биедээ гуниж туньж явсанууд нь эв эеийг хичээж, урьдын гомдол ор мөргүй арилав. Андын гэрээ, жам ёсыг сэтгэл зүрхээрээ мэдэрч ухаарав. Хамгийн чухал нь өөрийнхөө тухай лавтайяа тунгаан бодоход хүрэв ээ.
Төгсгөл оршмой.
Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурын нулимс нүдийг минь бүрхлээ...
Ажлын шаардлагаар Дээдсийгээ онгоцонд суулгаж чадалгүй хоёул хоолой зангиран тэврэлдэн салах ёс хийгээд ажилдаа явах замдаа бодохоор л нулимс мэлтрээд байж билээ. Харин өөрөөрөө үлгэрлэн буй энгийн мөртлөө эгэлгүй ижий болсон Дээдэс таныгаа хараад би ч гэсэн одоо л өөрийгөө засч залруулж, ядаж л отог омогтоо, цаашлаад улс орондоо хэрэгтэй олонд хүндлэгдсэн жирийн нэгэн байхыг ихэд хүсвээ.
Өмнөөс Наран ижий мишээдгээрээ мишээж, хүний хорвоогийн бас нэгэн гайхамшигт өдөр ирж буйг илтгэнэ... Бидний хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн дахин давтагдахгүй түүх болон үлдэнэ. Эргэх дэлхий жам ёсоороо, хүмүүн бидэн амар амгалан байж, үр хүүхэд минь үеийн үед энэхэн замбадаа амьдран жаргах болтугай...
Жич: Дээдсийн яриаг ихэнхийг нь хурааж авсан бөгөөд тусад нь буулгаж та бүхэнтэйгээ хуваалцах болохоор тэр тухай дурьдсангүй.
Тэ Эн Гэр Тэ Эн Гэр Тэ Эн Гэр
Мон Гол Мон Гол Мон Гол
Газ Ар Газ Ар Газ Ар
Тэ Эн Гэр Тэ Эн Гэр Тэ Эн Гэр
Мон Гол Мон Гол Мон Гол
Газ Ар Газ Ар Газ Ар
Тэ Эн Гэр Тэ Эн Гэр Тэ Эн Гэр
Мон Гол Мон Гол Мон Гол
Газ Ар Газ Ар Газ Ар
Т. Гэрэлтуяа
АНУ Чикаго хот. 2014 оны 02 сарын 27
Unlike ·
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002