Нэг хүн үзэж эмнэж, домнох хугацааг нэгэн судар бичиж түмэн хүний оюун санааг эмчлэхэд зориулвал илүү өгөөмөр хэрэг болох бөгөөд тус нь арвин байх билээ.
Хүний зовлон жаргалыг үзэж харах ажлаас илүүтэй, судар ном бүтээх, Онгодын сургаал айлтгалуудыг түмэнд түгээх, эх түүхээ сэргээх зорилготой Тэнгэрийн олон улаачдын нэг хэсэг нь Гэрлийн Өргөөний Улаачид юм.
Өнөө цагт Бөө бол "хэнгэрэг нүдэж, хүн үзэж хардаг", чингэхдээ зарим нь үнэхээр мундаг, зарим нь харин хулхи байдаг гэж нийгэм ойлгодог болжээ.
Тэгвэл түүхийг сэргээж, түмнийг ухааруулдаг, ном бичдэг, эрдэм шинжилгээний ажил хийдэг Бөө бас байдаг гэдгийг үйлээрээ харуулах зорилт бидэнд бий.
Гэрлийн Өргөө байгуулагдаад 3 жил болж байна. Ирэх 9 жилдээ бид Тэнгэрийн 81 судрыг гаргаж ард олондоо өргөн барих зорилготой. Энэ их үйлийг Эзэн Богдын Улаач Аянгат удган тэргүүлэн үйлдэж байгаа билээ.
Одоогоор 5 боть судрыг хэдийн хэвлүүлсэн бөгөөд энэ жил гэхэд мөн тэр тооноос дутахааргүй олон судар гарахаар төлөвлөгдөөд ажил үйл ихтэй байна. Бөө бол зөвхөн хэнгэрэг нүдээд хүн үзэж хараад явдаг үзмэрч, тэр дундаа хүн хараадаг хараалч огт биш юм.
Бөө бол Бүхний учгийг шинжигч МЭРГЭШИЛ. /Хар Бэхи Дээдэс/
Бөө бол Эмч, Багш гэдэг шиг л мэргэжил. Тэр тусмаа Сүнстэй харилцдаг хорвоо дэлхий дээрх хамгийн ховор онцгой гойд мэргэшил юм. Мэргэжилдээ Эзэн болж байна уу эсвэл гологдох уу гэдгийг Улаач нь мэддэг.
Бид Улаач хүн мөн бөгөөд түмэн ардын зовлон жаргалыг хуваалцан, засал ном хийх нь нэгэн үүрэг мөн хэдий ч түмэн олондоо гэгээрлийг түгээх нь бас л нэг үүрэг юм. Тиймээс бид аль бүгдийг нь алдагдуулахгүй хийхийг хичээдэг. Энэ жилийн хувьд судар номын үйлийг чухалчилж байна.
Засал номын үйлийг хийхдээ анагаах ухааныг илүү гүнзгий учгаар нь тайлж, судар номтой нь, онолтой, нь дадлагатай нь хамт хийж баталгаа нотолгоотойгоор, үзэгдэх үр дүнтэйгээр үйлээ хийхийг зориж байгааг ГӨ-нөөс харж болно.
Энэ онд өргөөнийхөн судар ном гаргах үйл ихтэй байгаа бөгөөд Өргөөний улаачид өөрсдөө боловсорч гэгээрэх, өөрсдийн биеэ засаж, алив үйлээ маргаангүй батлагдах баталгаа нотолгоотойгоор төгөлдөр гүйцээх ухаанд суралцаж байж, өөрсдийн биесээр үлгэрлэн үзүүлж, түмэн ардаа гэгээрүүлж ухааруулах УЛААЧ ХҮНИЙ ҮҮРЭГ нь арвин их байгаа учир засал номын үйлийг хязгаартай болгосон билээ.
Иймээс Гэрлийн Өргөөний сургийг сонссон үзүүлэх харуулах тухай их асуудаг хүмүүст энэ хариулт болох болов уу гэж бодно.
Оффисоо бид хаасан. Чингээд зөвхөн Гэрлийн Өргөө групт онлайнаар үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв та бүхэн Өнө эртний Өвөг Дээдсүүдийн сургаалийг сонсож, оюунаа тэлж, ухаанаа нэмье гэвэл ГЭРЛИЙН ӨРГӨӨ та бүхэнд нээлттэй. Онлайнаар. Мөн засал номоос өөр шалтгаанаар уулзаж ярилцах бол холбогдож болно.
Гэрлийн Өргөөн нь зөвхөн ҮНЭН-ийг эрхэмлэдэг, Аав ээждээ, Өвөг Дээдэстээ хайртай, Эх орон Газар шороо, энэ Монголоо гэсэн сэтгэлтэй, Бусдыг хүндэлдэг,Өргөөний дүрэм журмыг баримтлана гэсэн хүмүүст нээлттэй.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002