2016-11-02

Анагаах Ухааны доктор Х.Алтайсайхан: Домчийн судрын тухай сэтгэгдэл


Могой жилийн өвлийн адаг сар, ээлжийн амралтаараа цөөхөн хоног эх орондоо ирэхдээ энэ агуу Онгодын айлтгал сургаалийг сонсох аз тохиосон билээ. Яг үнэндээ бол ил сургаалыг сонсоод шинжлэх ухааны мэдлэгээ сэргээж, цэгцэлж тэр бүү хэл, цоо шинэ мэдлэг олж авах юм гэж төсөөлөөгүй байлаа.

Учир нь миний бие АУИС-ийг хүмүүний их эмч мэргэжлээр төгсөж, сургуульдаа багшаар үлдэж номын мөр хөөсөөр, Япон улсад эрдэм судлалын ажил хийж АУ-ны докторын зэрэг хамгаалж, 20 гаруй жил шинжлэх ухаанд зүтгэж профессор цол хүртэж, 2011 оноос далайн чанадад анагаах ухааны их сургуулийн захирлаар томилогдон ажиллаж буй болохоор өөрийгөө их л тоож байсан юм.

Гэтэл Их Биет дээдэс хэмээх Онгод хүмүүний биеийн бүтэц, үйл ажиллагааг маш сайн мэдэх төдийгүй энгийн хэрнээ утга төгс эрэмбэлж, нэг эсийн төвшингөөс эрхтэн тогтолцооны төвшинд био зохицуулгын зарчим, харилцан хамаарал, эрүүл эмгэг байдалд хэрхэн хувирч өөрчлөгдөх, эмнэл зүйн ямар шинж тэмдгээр хэрхэн илрэх, яаж эмчлэх, цаашлаад хүндэрч архагшуулахгүй байх, тэр бүү хэл урьдчилан сэргийлэлтийн арга зарчмийг төгс төгөлдөр ярьж тайлбарлан алмайруулж орхив.

Амьд биеийн оршин тогтнох үндэс нь хүрээлэн буй орчиндоо бодисын солилцоо явуулж, эд эсийнхээ өсөлт хөгжлийг хангахын зэрэгцээ дотоод орчныхоо тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангахад оршдог. Энэ нь мэдрэл, дотоод шүүрэл, дархлааны тогтолцооны харилцан шүтэлцээ,
бодисын солилцоо, био зохицуулгын талаарх биологийн ухааны нэлээд нарийн төвөгтэй ойлголт бөгөөд анагаахын оюутнууд, залуу эмч нарын толгойг чамгүй зовоодог эд.

Их Биет домч Онгод амьд биеийн бодисын солилцоо био зохицуулгыг ердөө л “ХҮРД” гэдэг ойлголтонд базаж, хэм, эрчим, байрлал, өнгө, хэлбэрээр нь ангилж тайлбарлав. Эдгээр хүрднүүд ажилладаг зарчим, эрхтэн тогтолцоог хэрхэн нэгтгэн удирддаг, эрчим энергийн чиглэл урсгал нь хаанаас хаашаа чиглэдэг талаар зааж сургав.

Өрнийн анагаах ухааны явцуу мэдлэгтэй намайг огторгуйн оддоос туссан эрчим эх дэлхийд ойж, эргэж урсах зарчим, хүмүүний биеийн хүрд, энергийн соронзон хэлбэлзлийн урсгал, өнгө, хэмнэл, чиглэлийн тухай айлдан ичээж орхив. Монголчууд бидний өвөг дээдэс амьдарч буй газар нутаг, хоол хүнс, ахуйдаа зохицон амьдрах аргыг эзэмшин өвчин эмгэгийг уул усны эрчим нөлөө, хоол хүнсээрээ эмчилж эдгээж байжээ.

Онгод дээдсүүдийн бахдам ололт нь ураг бүрэлдэхээс авахуулаад насан өөд болтол бүхий л амьдралын жам хэмнэлийг ахуй амьдралтайгаа хэрхэн зохицуулах төгс мэдлэгтэй байсанд оршино.

Үр удмаа эрүүл бие, саруул ухаан, гэгээрсэн сүнстэй байхаар бодож сэтгэж, зохицуулж байжээ. Элдэв өвчин эмгэг туссан тохиолдолд зөвхөн биеийг илааршуулах төдий бус сэтгэл санаа тэр бүү хэл сүнсийг эрүүлжүүлж төгс эмчилдэг байжээ. Агуу өвөг дээдсийнхээ эрдэм сургаалыг амьдрал ахуйдаа эргэн хэвшүүлснээр Монгол улс мандан бадарч хүмүүн төрөлхтний хөгжлийг тэргүүлэх цаг тун удахгүй бололтой.


Анагаах ухааны доктор, профессор
Ихирэс овгийн Хасагийн Алтайсайхан
(Монгол Домчийн судар, Хуудас 5)

Домчийн судрын агуулга: 






0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР