2016-09-24

Эх Дэлхий Мину 2016 олон улсын бөөгийн чуулган амжилттай зохиогдлоо



Эх Дэлхийдээ ээлтэй жамд нийцтэй амьдрах арга ухаан үзэл санааг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 9 сарын 21-22-нд зохион байгуулагддаг Эх Дэлхий Мину Олон улсын Чуулган 2 дахь жилдээ 2016 оны 9 сарын 21-22-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны уудам хөндийд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулган нь:
Эрдэм шинжилгээний хурал, 
Бөөгийн зан үйл, Галын тахилга
Бариа засал, Үзлэг оношилгоо
Цагаан сар
Бэсрэг эрийн 3 наадам
Үндэсний урлагийн тоглолт

г.м олон арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагддагаараа онцлогтой юм.

Энэ жилийн чуулганы сэдэв: Нүүдлийн Соёл Өв уламжлал сэдвээр хэлэлцсэн бөгөөд Гэрлийн Өргөөний Улаачид, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл, аймаг сумдуудаас ирсэн малчдын төлөөлөл, эх орон газар шорооныхоо төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүд болон Гадаад улс орнуудаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, Дэлхийн Бөөгийн холбооны төлөөллүүд оролцон илтгэл тавьлаа.

Тус Чуулганд урилгаар: Дэлхийн Бөөгийн холбооны нарийн бичгийн дарга Франц улсын иргэн Катерин оролцсон бөгөөд мөн Серби, Вьетнам, Япон, Солонгос, Энэтхэг болон бусад олон орны бөө мөргөлийн төлөөллүүд оролцов.

Бөөгийн зан үйлд Гэрлийн Өргөөний улаачид болон тус үйлд нэгдсэн бусад отгийн улаачдын төлөөлөөс оролцож зорьж ирсэн дотоод гадаадын олон зочид гийчид Онгод Дээдсүүдтэй хөөрөлдөн золгов. Хүмүүн олны зовлонг хугаслах нь бөө хүмүүний нэгэн үүрэг билээ. Мөн махан биеийн бариа засал, үзлэг оношилгоог бариа заслаар суралцаж мэргэшсэн Гэрлийн Өргөөний улаачид хийв.

Бэсрэг эрийн 3 наадамд аймаг, сумын цолтой болон залуу 64 бөхийн барилдаан, Хурдан дааганы уралдаан, Сур харваа амжилттай зохион байгуулагдлаа. Мөн СУИС-ын уран бүтээлчид, ҮДБЭЧ-ын бүжигчид зэрэг урлаг соёлын хүмүүс уран бүтээлээ өргөн барьж Үндэсний урлагийн тоглолтоос сонирхууллаа.

Эртнээс Монголчууд өдөр шөнө тэнцдэг өлзийт Намрын өдөр Цагаан сарын баяр наадмаа тэмдэглэж өнгөрсөн нэгэн жил хийсэн ажлаа дүгнэж ирэх жил хийх ажлаа хэлэлцдэг байсан уламжлалыг сэргээж Гэрлийн Өргөө бүлхэм жил бүр энэхүү Эх Дэлхий Мину Чуулганыг зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь ашгийн бус арга хэмжээ бөгөөд Хөх Толбот Монгол Хүмүүст мартсанаа сэргээж, өв уламжлалаа эргэн санаж, Өвөг Дээдсүүдээс өвлүүлсэн эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг билээ. Мөн Монгол өв соёл, ахуй, бөө мөргөлийн уламжлалыг сонирхон буй Дэлхий нийтэд өв соёлоо сурталчлах, зөв зүйтэй ойлголт өгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх г.м давхар ач холбогдлууд бий болж байгааг дурдах нь зүйтэй.

Чуулганаар хэлэлцэгдсэн илтгэлүүд болон бусад мэдээ мэдээлэл тун удахгүй Гэрлийн Өргөөний сувгуудаар түгээгдэнэ.

Гэрлийн Өргөө бүлхэм Монгол Тэнгэр Үнэн ТББ.


Вэб сайт: www.TengerMongolGazar.mn
Email: tengermongolgazar@yahoo.com

Холбоо барих: 8807-7002

Зураг үзэх:

https://www.facebook.com/media/set/?set=a.1342276969117345.1073741874.100000051654080&type=1&l=5d8f7a3e0b

Бичлэг үзэх: 

https://www.facebook.com/gerliin.urgoo/videos/607876509393635/


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР