12 хоногийн өмнө нэгэн найзын төрсөн өдөрт нөхрийн хамт уригдсан ба нөхөр бид 2 төрсөн өдөр дээр жаахан байж байгаад шөнийн 12 гэхэд гэртээ ирчихье хэмээн тохиролцов.
Би сүүлийн 4,5 жилийн хугацаанд 2 хүүхэд гаргасан тул нэг бол жирэмсэн, нэг бол нялх хүүхэдтэй байсан тул архи дарснаас хол байдаг байлаа. Тэр тусмаа Гэрлийн өргөөнд элсэж Эзэн Хааны өдрийн тэмдэглэлийг уншсанаас хойш орой үдэш гэрээс гарахыг цээрлэж, шаардлагатай баяр ёслолд нэг хоёр хундага улаан дарс уудаг байлаа. Нэг үгээр 4,5 жилийн хугацаанд согтож үзээгүй байв. Гэтэл тэрхүү төрсөн өдөр дээр юм л бол улаан дарс уугаад л байлаа. Нөгөө өөрийгөө хянадаг цэнэдэг нь хаачсан юм бүү мэд. Хоолноос гараад бүжиглэцгээнэ гэж байна. Нөхөр бид ердийн үед баар цэнгээний газар огт орох сонирхолгүй ба орохоор хөгшин хүн шиг толгой эргээд нойр хүрээд байдаг. Гэтэл дарсандаа ялимгүй халсан би тэгье явъя болчихлоо. Тэнд найз Martini авчихсан байлаа. Зөвхөн улаан дарс л ууя гэж хэлэхээс нэрэлхээд адилхан улаан өнгөтэй чихэрлэг амттай болохоор нь нөгөөдхөөс нь уугаад л байлаа. Бүжиглээд л байлаа. Шөнийн 2.30 гэж тэндээс харьсан. Өглөө унтаж байхад зүүдэнд хүүхэд уйлаад л байх юм. Сэрж чадахгүй унтаад л байв. Аргагүйн эрхэнд арайхийж сэрэхэд 1 настай бага хүүхэд маань уйлчихсан ороо түшээд зогсож байх юм. Хэр удаан уйлсан юм бүү мэд. За өчигдрийн нөгөө ороож ороож гарсан үс маань 4 зүг 8 зовхис болчихож, царай зүс зэвхийгээд авах юм алга. Тэгээд удалгүй бөөлжиж гарлаа, ходоодонд юу ч байхгүй хэрнээ ходоодны гашуун шингэн гартлаа бөөлжөөд л байх юм. Үнэхээр муухай байлаа. Их л хордсон юм байна гэж бодов. Улаан дарс, Martini 2 хоорондоо зохицдоггүй юм байна гэж дүгнэв.
Үдээс хойш яалт ч үгүй гарах ажилтай болоод лифтэнд суутал жингүйдэж байгаа юм шиг бөөлжис хүрээд аягүй байлаа. Машинд суугаад явтал татах гэж байгаа юм шиг нүүр ам бага зэрэг жирэлзээд, таталдаад байх юм. Тэгэхээр нь за би чинь дуудлага хэлдэг хүн шүү дээ гээд Тэнгэр Монгол Газар гээд хэлтэл нөгөө татах гээд байгаа юм шиг байсан нь бүүр хүчтэй болоод, гэдэс ходоод ч атиралдаж хөдлөх шиг, хамаг бие хэсэг хүчтэй жирэлзээд зүгээр болсон. За ийм үед дуудлага хэлэх буруу юм боловуу гэж бодоод больчихов. Оройдоо бие хамаагүй дээрдээд тэр өдөр өнгөрөв.
Тэрний маргааш өдөр амралтын өдөр байлаа. Хүн өвдөж зовохоороо бурхныг илүү санадаг гэдэг шиг хүч тамиргүй болсон би ойрд Тэнгэр Эцэг, Газар ээж , Өвөг дээдэстээ сүү өргөөгүйгээ санаад өглөөгүүр сүүгээ аваад гарлаа. Ердийн үед урагшаа харах эсвэл Тэнгэр ажаад л явдаг бол яалт ч үгүй газар л ширтээд яваад байх юм. Санаа алдаад л амьдрах утгагүй ч юм шиг, намайг хэн ч ойлгохгүй юм шиг , уйлмаар ч юм шиг, хэрүүл хиймээр ч юм шиг дандаа сөрөг гутранги бодлууд орж ирээд байлаа.
Урьд нь сүү өргөхдөө итгэл дүүрэн алхаад л, дуудлагаа хэлээд л, хүнгүй газар ТЭНГЭРРРРР гэж архираад л, яг газар шороон дээр зогсож байгаад сүүгээ өргөөд сэтгэл өндөр байдаг байлаа. Гэтэл тэр өдөр нөгөө сэтгэл хөдлөл алга, тэгсхийгээд л сүүгээ өргөөд дуудлагаа хэлээд харих замд мөн л газар ширтээд л явах юм. Гэртээ ортол дотроос хэрэлдэх хүсэл төрөөд байх юм. Сайхан хэрэлдээд уйлаад орилоод бужигнуулаад өгөөч гэж хүн хатгаад байх шиг. Хэрүүлийн бузар муу муухайг мэдэхтэйгээ болсон тул гэртээ дуугүй л байгаад л байлаа. Тэнэг юм шиг дув дуугүй гутранги бодолдоо хөтлөгдсөөр тэр өдөр өнгөрөв. Тэр өдрөөс хойш 10 хоногийн турш ядранги ууртай байлаа. Нөгөө халуу шатаад байсан гар хөл хүйтэвтэр байдаг болчихлоо. Энэ явдлаас үндэслээд мөхөс оюундаа дараахи дүгнэлтийг хийв.
1 ХОЛБООС
Хүн эх дэлхийд төрөөд ТЭНГЭР ГАЗАРтайгаа холбогддог ба төсөөлөн бодоход хүн толгойноосоо нэг утсаар ТЭНГЭРтэй, хөлнөөсөө нэг утсаар ГАЗАРтай холбогдож энэхүү Тэнгэр Газрын ХОЛБООС нь биднийг дэлхийн эрчимтэй холбож хүн байгалийн амьтан гэдэг шинж чанарыг бидний биед суулгаж, Өвөг дээдэстэй холбож, Өвөг дээдэст үр хүүхдээ сургах харж хамгаалах боломжийг олгодог байх.
Гэтэл сүүлийн хэдэн зуун жил бид язгуур шүтлэгээ огоорч, харийн соёлуудаас улбаалсан муу зуршлуудад автаж мөн бие биетэйгээ дайтаж хараал жатгыг харамгүй хийснээс үрс нь эх дэлхийн эрчимээ авах чадваргүй болсон. Нэг үгээр холбоос тасарсан юм болов уу.
Шоудсаны маргааш өдөр надад үнэхээр миний холбоос тасарсан мэт санагдсан. Холбоосгүй бол муу сүнсний хоол болоод дуусах юм байна даа гэж төсөөлөгдөв.
2 АРХИ
Архи чөтгөрийн ундаа гэдэг юутай үнэн үг вэ. Ухаан бодлыг самууруулж, өөрийн хяналтыг сулруулж, муу бодлуудыг өдөөгч, Тэнгэр Газрын холбоосоос салгагч нэг үгээр Хар сүнснүүдийн ХҮНД ТАВЬДАГ ХАВХ юм байна хэмээн муйхарлав.
Уу уу гэж уулгана
Дуул дуул гэж хөгжөөнө
Уйл уйл гэж хатгана
Үх үх гэж тавлана
Надад үнэхээр найзын төрсөн өдрийн маргааш нь үхчихвэл ч амар юм шиг бодол төрөөд байсан болохоор архи нь хүнийг үхэл руу түлхэгч юм байна хэмээн бодов.
Баярлаж ирсэн шөнө 1 настай хүүхдээ хөнжлийг нь нөмөргөж чадаагүй нам унтсан тул хүүхэд маань маргаашнаас унжралдсан нов ногоон нус маш ихээр гарч 10 хонож байж зүгээр боло. 1 өдөр баярласан биш хүүхдээ эмнэлэг авч явах, эм өгөх, усанд оруулах, утах, байгальд авч гарах гээд 10 хоногийн ажил өөртөө бий болгожээ. Дээр нь бие сэтгэл цаанаа л нэг хөндүүртэй, зовиуртай байсан гэхээр өөрөө өөрийгээ нилээн хөөрхөн шоглочихсон эсвэл шоглуулчихсан байгаа биз. хэхэ
3 ӨВӨГ ДЭЭДЭС
Ойрын хэдэн жил дандаа л сайн сайхан бодлууд төрж байсныгаа би өөрөө чухам гэгээлэг болж байгаа юм байна гэж бодож байсан чинь Өвөг дээдсүүд маань хөглөдөг байжээ. Дуудлага хэлэн Тэнгэр Газрын ХОЛБООС маань өдрөөс өдөрт сайжирч Өвөг дээдэс маань надад дандаа итгэл сэтгэл хайрладаг юм байна.
Гэтэл хордлогонд ортлоо дарс ууснаас болоод холбоос тэрхэн үед тасрахад амьдрал өнгөгүй мэт, утгагүй мэт, юу ч хиймээргүй ганцаараа л баймаар, хэд ч хоногоор хамаагүй, хаашаа ч хамаагүй явмаар санагдсан. Уул нь амьдралд маань тийм гадуур галзуу юм шиг тэнэхэд хүргэх гүн гүнзгий асуудал байхгүй л байгаа юмсан. Энэ хар сүнсний өдөөн хатгалга хэмээн муйхарлав.
Ердийн үед хүнд асуудал тулгарсан ч дандаа л өөдрөг бодол орж ирдэг нь сайхан. Болноо, Бүх юм сайхан болно, Бүтнээ, Заавал гарц байгаа гээд л дандаа эерэг бодол төрдөг нь Өвөг дээдсүүд маань охиноо дэмнэж байгаа нь тэр юм байна.
Бид нялх хүүхдээ төрөхөөс эхлээд өөрсдөө үхэн үхтлээ үр хүүхдэдээ бүх цаг заваа зарцуулж, хөлд орохоор нь байнга хараад л гишгэж сурахаар нь баярлаад л миний хүү хамгийн хөөрхөн, миний охин маш ухаантай, ийм сайхан хүүхэд, ийм мундаг хүүхэд гэдэг шиг Өвөг дээдэс ч биднийг нүдний цөцгий мэт харж хамгаалан, урам зориг өгч урамшуулж байдаг юм шигээ.
Ингээд бодохоор хүнийг Өвөг дээдэсээс салгаж бодох аргагүй мэт. Хамтдаа байж л өвөг дээдэс үр хүүхдээ сурган удмын үйлээ үргэлжлүүлэн, үр удам нь өвөг дээдсээрээ замаа заалгаж зүгээ чиглүүлүүлж, утга учиртай, урам зоригтой амьдардаг юм боловуу.
4 АРХИЧИД
Би гэгч гэрийн мухарт нөхөр хүүхдүүдтэйгээ нилээн шигддэг хүн ганц өдөр дарс уухад би хэн бэ гэдгээ мартах дөхөж байхад монголын архичид маань өдөр бүр архи ууж би хүн үү?амьтан уу? гэдгээ ялгахаа больсон нь аргагүй л юм байна.
Тэдний ХОЛБООС тасарсан тул Хар сүнсний боол, зарц болон амьдарч байгаа нь юутай харамсалтай вэ?
Би гадуур явж байгаа архичдыг хараад их боддог.
-Аав ээждээ ямар хөөрхөн эгдүүтэй хүүхэд байсан бол?
-Залуудаа ямар сайхан залуу/бүсгүй байсан бол?
-Амьдралаа зохиож байхдаа ямар итгэл төгс гэнэн цайлган байсан бол?
-Анхны хүүхдээ өлгийдэн авч байхдаа ямар их хайр, аз жаргалыг мэдэрч байсан бол?
-Ажиллаж хөдөлмөрлөөд ямар азтай одтой явсан бол?
-Тэгээд яагаад ийм амьдралтай болсон юм бол?
-Яавал ийм хүмүүсийг архинаас салгах вэ?
-Эдний цаана эд нарыг төлөө хичнээн их нус нулимастайгаа холилдсон өвөг эмээ нар, эхнэрүүд, үр хүүхдүүд байгаа болдоо
-Архинаас гарчихвал тэр өрхийн гишүүд сэтгэл амарч, хичнээн их аз жаргалд умбах бол
Харахад хичнээн сайхан эрүүл саруул бие хаатай залуу хүмүүс гудамжны буланд улс төрийн хор найруулах гэж байгаа мэт чухал царайлцгааж хаанаас хэн нь яаж мөнгө олоод архи уух вэ гэж зөвлөлдөж байгааг харахад дотоод сэтгэлийн гүнээс харуусал төрдөг байлаа.
Бид монголчууддаа МӨНХ ХӨХ ТЭНГЭРийг ойлгуулж ойртуулж өгсөн цагт, архичид ч аяндаа ТЭНГЭРЭЭ шүтээд ирэх ба Өвөг дээдэстэйгээ , Эх дэлхийн эрчимтэйгээ холбогдож байж л хар сүнсний боолчлолоос чөлөөлөгдөх юм байна.
5 МЭДРЭМЖ
Тэр өдөр төрсөн өдрийн баярын дунд үеэс гар хөл жирвэлзээд сонин оргиод байсан юм. Энерги зохицохгүй байгаа юм байлгүй гэж нэг бодсоноо тэгээд л мартаад ууж идээд л суугаад байсан.
Одоо бодоход тэр бол битгий уу, уувал сэвтэнэ гэдэг дохио байсан юм байна гэж таамагласан. Үнэхээр 10 хоногийн турш сэтгэл маш онцгүй байсан ба баяр хөөрийн мэдрэмж, амар тайван байх мэдрэмж бүгд нисэн одчихсон юм шиг л байлаа. Өөртөө ингэж тушаав:-МЭДРЭМЖЭЭ ОЙЛГОЖ ДАГАЖ СУР!
6 ЭРЧИМ
Бидэнд эхлээд ЭРЧИМ хэрэгтэй, өөрөө эрчимжиж байж өөрийгөө засах ухаанаа олох хэрэгтэй байна. Өөрийн бие эрүүл мэнд асуудалтай, амьдрал асуудалтай, оюун санаа асуудалтай байвал яаж ГЭРЭЛ хурааж бусдыг замчлах вэ дээ.
2 жилийн хугацаанд Тэнгэр Монгол Газар дуудлагаа хэлэн сүү ууж, сүү өргөж, Дээдэс болон Галт удганаар засал хийлгэн орой үдэш гарахгүй, байгальд гарч, муу бүхнээс чадлаараа хол байж хураасан ЭРЧИМ маань суларсанд их л харамслаа. Ном судраа уншиж амжихгүй байгаа тул ядаж л эрчимээ алдахгүй явах юмсан даа.
Шинэ жилийн баяр дөхөж байгаа тул Гэрлийн өргөөний андууддаа эрчмээ алдахаас сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичив.
Сүүгээ уугаад, сүүгээ өргөөд, дуудлагаа хэлэн, судраа уншин бүх зүйл сайхан болно доо хэмээн ерөөгөөд энэхүү бодролоо төгсгөе.
Хэт туйлширсан бол өршөөгөөрэй!
Тэнгэр Монгол Газар
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002