2013-04-24

Тэнгэрийн Заадас улаачийн "Гэрлийн Өргөөний Улаачдын булан" дахь бичвэрээс...


Өнөөдөр ажил дээрээ мануухай хийх янзтай сууж байтал зүгээр суухаар гээд блогтоо жаахан юм бичихээр шийдэв. Гэтэл намайг юм бичүүлсэнгүй Дээдэс дайраад л ороод юм. Өргөөний улаач нарт л хандаад хэлээд байхаар нь энд орууллаа.... 

Өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн бүхэн маань Дээдсийн сургаал байлаа 

Чуулганаас хойш 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд бүх улаач нар сорилд орж өөр өөрийн Дээдсүүдийн сургах үйлээр замнаж яваа билээ. Энэ хугацаа 5 сарын сүүлээр дуусах бөгөөд яг л тэр мөчөөс улаач нар маань өөрсдийгөө өөрчлөгдсөнийг , өмнөх чи биш болсныг олж харж чадна. Бас өөр олон зүйл өөрчлөгдөх ч хүн бүр адилгүй шидэнд суралцсан байх болно. Энэ нь тухайн улаачийн энэ замбад махан биеийг олж төрөөд хийх гэж зорьсон үйлтэй нь холбоотой бөгөөд зарим зүйлийг чадахгүй байгаадаа гутарч бусдад атаа тээлгүй өөрийн эрдэмд шамдвал энэ замбад хүн болж төрөн хийх үйлээ дүүргэхэд дэмтэй. Махан биений хөрстөд өнхрөх нь хугацаатай тул юун түрүүнд улаач бүр өөрийн хийх ёстой үйл үүргийг олж танин мэдэж түүндээ илүү шамдаж орохыг хүсч байна. Бүгдээр хамтдаа хүчтэй ч бүгдээр хамтдаа үргэлж нэг үйлэнд зүтгээд байвал бусад зүйлсийн тэнцвэр алдагдах, бусдад хялбар дийлдэх аюул байдаг. Тиймээс улаач бүр 5 сарын дунд үе хүрэхэд өөрийн шидийн онцлогийг олж мэдэж түүнийгээ барин хөгжүүлэхийг хүсэж байна. 

Олж мэдсэн эрээн бараан болгоныг эзэн оноолгүй хэн нэгнийг буруутгалгүй зүгээр л өөрийн оюунд тунгаасныг өгүүлэн бичихийг хүсэв. Өмнө нас руугаа аялаж өнөө цагтаа учирсан бүхнийг яагаад юунаас болоод гэдгийн учгийг олох гэж оролдож байхад их зүйлийг ухаж ойлгосон. Яалтачгүй хүнд үйлийн үр гээч зүйл байдаг бөгөөд энэ цагтаа учирсан хүн бүр өмнө аль нэг үедээ дахин учрах үйл ерөөл үлдсэн байдаг нь гайхалтай. Мөн түүх үргэлж давтагддаг 7 дээд өвгийн аль өвөг нь улаачийг сонгосон байна тэр улаач тэр л дээдсийнхээ замнасан зам туулсан бүхнийг яг л тоть мэт дуурайж бие сэтгэлийн зовлон, жаргал бүрийг өөрийн биеэр мэдэрдэг болох нь гайхмаар ч өнөө цагийн ардчилсан үзэлтэй нийгэмд өссөн улаач бидний хувьд эрх зөрчигдөж байгаа мэт хатуу даваа болдог нь харамсалтай гэж хэлмээр ч суралцаж байгаа бид бүхий л давааг туулахаас өөр замгүй тэгж байж л гэгээрэл гээчийг олж авах учиртай юм даа.

Өмнө цагийн үйлрүү аялах явцад гарсан гайхалтай гэмээр хирнээ бас харамсалтай ч гэмээр нэгэн түүхийг сонирхуулъя гэж бодлоо. Түрүүлээд энэ түүхийн эзнээс нь өршөөл хүсэж байна. 

Эрт цагт нэгэн баатар эр зэргэлдээ нутгийн үзэсгэлэнт бүсгүйд дурлан түүнтэйгээ амьдарна гэдэг итгэл дүүрэн явдаг байж гэтэл тэр бүсгүй нь төрсөн цагаасаа хаан хүний эхнэр болгохоор бүх эрдмийг нь сурган өсгөсөн бүсгүй үр байсан аж. Бүсгүй хэдийгээр үүнийгээ мэдэх ч баатар эрд бүхий л сэтгэлээ өгч хааны гэргий болохоос татгалзах хүслээр дүүрэн амьдардаг байсан юм. Тэнгэрийн цаазат Их засаг хуульт Жаяг ёсыг засаг болгон барьдаг Ний-Хэмд амьдардаг нь бүсгүйн хүслийг бодол төдий болгож хаан хүний гэргий болгохоор одуулсан байдаг. Бие сэтгэлээр нийлж нэгэн хүн болсон 2 хос 2уулаа сэтгэлийн шархтай үлдэж гансарч хоцорсон баатар эр эжийдээ очиж аагтай шаргалыг хүртэнгээ эх хүний сургаалыг сонсож өнчирсөн сэтгэлийг умартаж замбын үйлдээ шамдах болсон байдаг. Хэдийгээр эгэл нэгэн баатар эр мэт боловч Их угсааны удам залгагч хөвүүн их отгын тэргүүн болох үр байсан билээ. Эцгийн үйлийг залгаж, отгын тамгыг атгаж, сүлдэт тугаа мандуулан тэнгэртээ андгай өргөж Халх Дөрвөн ойрдыг нэгтгэн Их гүрнээ дахин мандуулна хэмээгээд цэвүүн цагтаа зоригоо хурцалж зүрхээ чангалж боссон байдаг. Халхын Их ноёнд очин хэрэг зоригоо айлдаж хэлцэж суухад Манжийн ноён ирж хэлэх үгийг таслан хэлцлийг самууруулсан явдал болсон. Хөх Монголыг дахин мандуулахаар халуун цусаа өргөн тулалдсаар тэнгэрт өргөсөн андгайндаа хүрэлгүй насыг эцэслэсэн нь харамсмаар ч энэ цагтаа тэр л андгайгаа дүүргэхээр махан биед дахин төрсөн ч хайлах зүрх нь чулуу болсон, уярах сэтгэл нь хад болсон хүү болон мэндэлжээ. 

Хайлах зүрхний хэм нь итгэлийг сэрээдэг түлхүүр юм, уярах сэтгэлийн хэм нь шидийг хураах түлхүүр юм. Тиймээс өмнө цагийн хатуу бэрх нь энэ цагтаа хад чулуу мэт, хана хэрэм боссон цоожтой авдар болжээ.

Энэ бүгдийг мэдэрсний дараагаар хамаг бие минь хайлах шиг болов. Хурц ухаанд нь сөгдөх шиг болов. Их засаг хуулийн хатууг мэдрэв. Жаяг ёсыг барихын хүндийг мэдрэв. Зүрх сэтгэлийн шарх нь хараал болохыг мэдрэв. Зүй ёсыг зөрчих нь тавиланг хазайлгадгийг мэдрэв. Эгэл нэгэн атаатны хараасан үг нь хөнгөн мэт санагдав. Элдэв шидэт улаачдын жатга нь хэмгүй мэт бодогдов. Өөдөө хаясан чулуу нь өөрийн толгой дээр унав. Өвгөдийн сургаалыг зөрчих нь өршөөлгүй жатгаас хатууг мэдрэв. Хүрэн зүрх минь уясан хайлж алагхан нүднээс минь сувдан дуслууд бөмбөрөв.

Ээ халаг гэж тэнгэртээ андгай өргөхдөө хүслээн бус жаягаа дага хүрэн зүрхээ хараар бус хайраар буд тэнгэрийн жаягыг баръя гэвэл өөрийгөө бус өвгөдөө хайрла. Өчүүхэн биений жаргалыг хөсөр хаяж андгай тангаргаа ухан ойлго. Хөрстөд өнхрөх тоотойхон бяцхан насыг хороож дуусхаас өмнө тэнгэрийн зарлигт тангаргаа олж мэдэн үйлээн дүүрэг. Давах даваа чинь өндөр байх тусам чи Дээд тэнгэрийн үр шүү. Давах даваагаа мунхагийн гайгаас болж харахгүй хорвоог элээвэл дахин төрөхдөө чи үүнээс хатууд нь унах тавилантайг ухаарцгаа.

Замбад амьдрахдаа чи бусдыг бүү гомдоо удам залгасан гэх хараалыг шидээр хийсэн бол тайлж болох ч бусдыг гомдоосон гомдлыг туулж бардаг жамтай шүү. Өөрөө бас бүү гомд . Гомдоосон гомдсон 2 –ыг ижил тавилан хүлээж суудаг сэтгэлээ энэ цагтаа багтааж чөлөөлвөл ирэх амьдралд чинь бэрх зүйл нь үгүй болно. Үйлийн үрээ жаахан болов нимгэлхийг хүсвэл өмнө цаглуугаа аялаж үз тэнгэртээ өргөсөн андгайгаа юуны учир өргөснөө олж мэд. Мэдрэмж нь орохгүй байгаа улаач нар наран, сарнаас эрчимээ хурааж, хээрийн салхиар хүчээ сэлбэ, бусдын хүчийг гайхах биш өөрөө өөрийгөө олж тань. Хад чулууг хайлуулахад их л сэтгэлийн тэвчээр хэрэгтэй шантарч няцалгүй, итгэлээ мохоолгүй өөрийн өвгөддөө өргөлөө өргө.
Хүрэл чулуун зүрхийг минь хайлуулж өгч хайрал
Хана хэрэм болсон сэтгэлийг минь нурааж өгч хайрал
Хүсэл зорилгыг минь нээж өгч хайрал 
Хүмүүн заяаг минь тэгшилж замыг минь зааж өгч хайрал

Өндөр дээдсүүдийнхээ хүч чадалд итгэнэ би
Өчүүхэн бие минь хүлээ юунаасаа салахыг хүснэ
Арга ухаанаа ухааруулж өгч хайрла
Атаатан дайсныг минь таниулж өгч хайрла...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР