Тэнгэрийн зарлигийг сийрүүлж бичсэн нь 2-р хэсэг
/1-р хэсгийг унших бол: http://tengermongolgazar.blogspot.com/2012/09/blog-post_28.html /
Өнөө гаригийн та нар
Өнөө гаригийн та нар
Нэгнийгээ хүндэлж
Нэгнийгээ хүндлэхгүй нь
Энэ замбын ембүүтэй ембүүгүй
Энэ замбын ухамсартай ухаангүй
Энэ замбын тулгууртай тулгуургүй
Үнэхээрийн бидэнд хамаа алга
Алд биеийн зовлон бидэнд хамаа алга
Алаг өрхийн чинь асуудал
Өвгөн надад хамаа алга
Гэхдээ надад хамгаас хамаатай нь
Хүмүүн гээч байх үгүй нь хамаатай байна
Үрс та нар үйлээ хийх үгүй нь хамаатай байна
Аливаа юм та нарын хүмүүн болсон дээд оргил нь
Энэ гаригийн үйл
Хүмүүн болсон гол зорилго нь
Энэ гаригийн үйл
Аливаа нь дээд магнайдаа хүрэх гэж
Түшиг тулгуур сайн байх учиртай
Өргөө хотолдоо асуудалгүй байх хэрэгтэй
Үр хүүхэд нь өвчин зовлонгүй байх учиртай
Сэтгэл нь өөр нэгэн юманд зовнимгүй байх хэрэгтэй
Тэгэхгүй бол та нар үйл хэргээ дутмаг хийнэ
Хонгор үрс чинь алд биеийг нь чинь зовоогоод байвал
Яаж та нар тэр олон үрсийг дааж буух юм
Яаж та нар алд биеэ тасалсан шиг бөөлөх юм
Төр голомт нь түшигтэй байх учиртай
Эв зүйгээ олохгүй самуурсан олон иргэдийг
Олон онгодын өмнө аваачих учиртай
Төр нь өөрөө ганхаж
Төрийн түшээд нь сандарваас
Ард түмэн нь хаачих юм бэ
Арга билгийн ухаанаараа
Хар хэдэн улаачийг дагаад юу олж долоох юм бэ
Улаач бүхэн тэр их үйл байхад
Аманд нь нэг атга үмх мах атгуулах юмуу
Аманд нь нэг балга рашаан балгуулах юм уу
Тэнгэрийн үйлтэй завгүй байхад
Өрөөл бусад ахан дүүсийг яаж энэрэх юм бэ
Хэвлийгээс нь тасарч унасан алаг үрсээ яаж бөөцийлөх юм бэ
Ард бүхний төлөө
Алтан биетэй хүмүүн бүхний төлөө
Алдаж оносон алдаа чинь
Мөнх тэнгэрээс өршөөл эрж
Алаг дэлхийн хэвлийдээ
Дахин хэдэн үеийг туулах гэж
Энэ үйлийг үйлдэх гэж байж
Яаж хажуу дэргэдээ манах юм бэ
Төр голомт нь төрөө тахиж
Хийморь золбоотой байж
Олонтоо иргэдээ даахгүй бол
Хэн нь даах юм бэ?
Тэнгэрийн үйлийг улаач нар түших бол
Улаач нарын үйлийг хэн түших юм бэ?
Түшээт үрс нь улаач нараа түших бол
Түшээ үрсийг хэн нь түших юм бэ
Түшээ үрсэд гарт нь юмыг нь атгуулчихаад
Онгодыг нь налуулаад байхад
Балга рашааныг нь балгуулахаар
Манзыг нь хэн чанах юм бэ?
Рашааныг нь хэн зөөж авчрах юм бэ
Түшээ үрс түүндээ түүртвэл
Онгодоо яаж түших юм бэ?
Өргөө хотолдоо гал түлж дулаацаж байхад
Хөвчид хээр бөөлж байгаа нэг нь яаж дулаацах юм бэ?
Хөвчид хээр үйл хэргээ үйлдэж байгаад
Алд биеэ унагаах гэж
Хормын чинээ завандаа
Алд биеэ бөөцийлөх гэж
Хөө хуягаа тайлж
Алд биеэ засахад
Халуун гал голомт
Эсгий цагаан өргөөг нь хэн түлж байх юм бэ
Хэн тэр галт ухааныг нь өвлүүлж байх юм бэ
Алд биенд нь халуун рашааныг нь хэн дөхүүлэх юм бэ
Та нар нэг түмэн үрс цуглаад л
Түмэн онгодыг буулгахаараа давна гэж бодоогүй биз
Түмэн үрс цуглаад
Түмт биеэ манана гэж бодоогүй биз
Ар Монголдоо хуран чуулуулаад
Атга Монголоо аварч үлдээнэ гэж санаагүй биз
Алаг дэлхийн үйлийг
Хөвчит хээрийг ногооноор нь
Уул усыг нь өндөр оройгоор нь
Нарны туяаг шаргалаар нь
Сарны тусгалыг цагаанаар нь авч үлдэх учиртай бус уу
Ийм л үйл хийх гэж байна
Ийм л саад та нарт байна
Өвгөд бид буухдаа
Өөрийн үрсээ зовоож
Өөрийн үрээ татуулж
Алд биенд нь буухдаа би
Алд биеийг нь салгануулж
Алаг зүрхийг нь цохилуулж
Уушиг зүрхийг нь савсуулж
Уур хилэнтэй бууж байсан
Үйл хэрэг хэзээд амжихгүй гэдгийг бид харж буусан
Энэ олон үрсийг хуран чуулна гэж саналгүй буусан
Үлдсэн хэдэн гаригт нь
Гал голомтыг нь бадрааж
Өөрийн хэдэн үрсээ
Тоологдох хэдэн тооллыг
Жаргалтай үлдээг гэж бууж ирсэн
Харин бид Тэнгэртээ өргөсөн өргөлдөө
Хаадын ухаан залрахыг бид
Харамсалтай нь амжихгүй гэж ухаажиж байсан
Харуусалтай нь чадахгүй гэж бодож байсан
Учир юу гэхээр
Өөрийн минь үр хорвоод мэндэлж
Гурван хавартайдаа онгодоо авч
Төдийгөөс өдий хүртэл
Ард түмнийг гэгээрүүлэх учиртай байсан
Энэ үйл хэт хожимдож
Арван хэдэн хавраар хойшилсон
Амжихгүй нь гэж бид эмээсэн
Удмын шүтээнээ залгуулахгүй гэж эмээсэн
Удмын шүтээн залран бууж
Улаач нарт онгод тэнгэрийн ёсыг хэлэлцэж
Онгон тэнгэр нь биежиж байж
Өрлөг жанждыг цуглуулан байж
Дээд хааныг буулгаж
Эсгийн цагаан өргөөнд нь залж
Алтан баганатай өргөөг нь
Мөнгөн тооноор түшиж
Зандан модоор 108 унийг нь барьж
Энэ үйлэнд цөмөөрөө зүтгэнэ гэж
Бид Тэнгэрээс зарлиг аваад
Үйл хэрэг нэгэнт хожимдож гэж
Гашуудаж уйлж бууж байсан
Алаг үр минь буугаад өвгөд бид
Тэнгэрийн зарлиг ирэхээ больсон учир
Хөрс шороонд Эрлэг тивээс
Улаач үрсээ налж
Тэнүүчлэн хэсч байгаа
Хар сүнсний хар энэ шидийг
Багаар ч болов дарах гэж
Улааны сахиусаар
Таван тивийн дээд тив
Таван тивийн том тив
Эрлэгээс бид бууж
Гурван хавар эрлэгээрээ
Алд биеийг нь манаж ирлээ.
Аянгат удганыг
Аянгат цолоо автал
Өөрийн өвгөдөө буулгахад бид
Дээд хаан ноёлоно гэж санаагүй явсан
Удмын шүтээн нь буугаад
Хоног хугацаа нэгэнт оройтож гэж бид санаж байсан
Өөрийн хэдэн үрсээ манаад л
Тоологдох дуусах хэдэн гаригийг л
Алдыг нь чилээлгүй
Албыг нь удаалгүй байлгая гэж санасан
Харин дээд онгод чинь
Ямбаа хаяад буугаад ирсэн
Дээд хаанд ухаанаа өвлүүлээд
Өөрсдийн ямбаа хаяад буугаад ирсэн
Удмын шүтээний нь
Оочор дайраад буугаад ирсэн
Таван тивийн эмх цэгцийг
Алдагдуулаад буугаад ирсэн
Улаачийн ёсыг хэмхчээд буугаад ирсэн
Ингээд та нар энэ өргөөндөө захаасаа цуглаж байна
Ингээд та нар энэ замбад хүмүүн биеэрээ цугларсан байна
Ингээд та нарт нэгэнтээ дуусаж байсан заяагаа үргэлжлүүлэх заяа ноогдож байна
Эвий энэ үрсийг би тэврээд энхрийлмээр байна
Эвий энэ үрсийг би зэмлэж загнамаар байна
Эвий та нарыг би харааж зүхмээр байна
Эвий та нарыг би энхрийлж
Эвий та нарыг би мөрөн дээрээ наадуулмаар л байна
Энэ үрсээс зүтгэл гарч байгаа нь багадаж байгаа ч
Үүнээс илүү та нар яалтай ч билээ дээ
Төр засаг гундваас
Тэнгэрийн зарлиг гунддаг
Үүний жишээ хайрт энхрий Монголд минь
Нүүр тулан учирсан
Төрийн сүлд мөхөж
Төрдөө мөргөдөг иргэд нь үгүй болсон
Бусдын дарангуйлалд орсоноор
Өнөө гарагийн энэ үйл хэрэг чинь
Цаг хугацаагаа алдсан
Дээд өвгөдийн ёсоо алдсаар
Удам залгасан улаач нар үгүй болсон
Дээд өвгөдөө урваж
Өрөөл бусдын боол зарц болсноор
Түүх шаштир минь устаж
Хаадын сургаал бүү хэл
Бурхан шашин үгүй болсон
Сүндэрлэсэн олон дуган хийд
Шатаагдаж үгүй болсон
Дүрээ хувиргаж
Хар шарыг нэгтгэсэн улааны шүтээн
Өөрийн үрсийн гараар
Цан хэнгэргээ тасдуулсан
Өөрсдийн үрсийн гараар
Алтан бурхад нь ембүү зоос болж хувирсан
Өөрсдийн үрсийн гараар бид доромжлолыг амссан
Хэц хэнгэргээ өөрсдийн үрсийн гарт бид шатаагдсан
Удмын шүтээнийг бид өөрсдийн үрсээрээ дэвсүүлсэн
Энэ бол төр ганхсаных
Энэ бол ардын цэцэн ухаан доройтсоных
Энэ бол дээд заяа нь гундсаных
Өнөө гарагийн та нарын зүтгүүр
Өмнөх үрсийн чинь алдаа
Өнөө гарагийн та нарын алдаа
Үр хойч ирээдүйгийн чинь зовлон
Өнөөдрийн та нарын бахархал
Өмнөх дээдсүүдийн чинь үйл хэрэг
Өнөө гарагийн та нарын үйл хэрэг
Ирээдүйн үр хойчийн чинь бахархал болох ёстой
Төрийн түшээдэд аль ч цагийн аль онгод
Хүндлэл үзүүлэх учиртай
Мунхаглаж гундаж байсан ч
Мунхагийг нь хэлнэ үү гэхээс
Гутаан доромжлох ёс гэж үгүй
Төрийн сүлдийг тээсэн үрсийг
Ариун байлгах учиртай
Алд биеэ мэргэн ухаанаа
Ембүү цаасаар сольж
Алдар цууг хөөсөн үрс байлаа ч та нар
Хүндлэн харьцах учиртай
Учир юу гэвээс тэд чинь
Өвгөд бидний зүтгэсэн
Үрс та нарын хүсэх
Төр голомтыг дааж яваа.
Төр голомттой байж
Улс гүрэн бий болдог
Улс гүрэн бий болгож
Их гүрнийг байгуулсан
Их Гүрний эзэн өөрөө төрдөө захирагддаг байсан
Төрийн түшээд ч гэлээ
Өөрсдөө төрийг баталж
Өөрсдөө түүндээ хамрагдах учиртай
Тэр бүү хэл
Өргөө хотлоо хэл үггүй орхихгүй гэсэн
Үйлэнд өөрсдөө бид захирагдаж байсан
Гол мөрөнг гутаахгүй гэсэн
Засаг төрд бид өөрсдөө баригдаж байсан
Хүний юмыг дураар авахгүй гэсэн цаазанд бид
Өөрсдөө захирагдаж байсан
Эзэнгүй хээр талын ширхэг өвсийг бид
Аравтын Зуутын Мянгатын ноёндоо хэлж авдаг байсан
Гунхсан зандан модуудыг
Морь болгож тоглох балчир үрсүүд
Өрхийн эзнээсээ асууж
Удмын улаачаар дамжуулж
Байгал эхээсээ авч нааддаг байсан
Таван богдоо хүлэглэх унаагаа
Ундаалуулах усны эздийг
Лусын эздийг бид
Удмынхаа улаачаар тайтгаруулж байж ундаалдаг байсан
Хээр нэг яваад дураараа нэг ундаалдаггүй байсан
Алалцаж хядалцаж
Дайн тулааныг давж туулчихаад
Ангаж цангаж явахдаа бид
Рашаан устай таарахдаа
Тааруулж өгсөн дээд тэнгэртээ бид залбирдаг байсан
Адгуус мал шиг гүйж очоод ундаалдаггүй байсан
Амьдралыг тэтгэх рашаандаа хүндлэл үзүүлээд амсдаг байсан
Оройн магнайдаа хүргэчихээд
Амандаа бид хийдэг байсан
Өөрийн өргөөний малдаа бид
Саалийг нь саальчихаад
Дээжийг нь хангайдаа өргөдөг байсан
Учир юу гэвэл
Хангайн хөрс шороог гишгэж байж
Хөвчит хээрийн өвсийг амтлаж байж
Ус мөрний эздийн рашааныг хүртэж байж
Хүмүүн бидний рашаан
Хөеө гээч чинь
Эхийн хэвлийд тээгдэж байж
Алд биеэр нь урсаж байж
Улаан хүрэн нөж нь
Эхийн сайхан сэтгэл шингэж байж
Цагаан сайхан хөеө болдог.
----
Энэ бүхэнд бид талархаж
Энэ бүхэнд бид гялайж хүртдэг байсан
Өнөө цаг шиг ингэж
Ембүү цаасаар авчихаад
Өөрсдийн мэт дураараа цалгилдаггүй байсан.
Олон түмэнд хүргэж байгаа
Олон түмэнд хүртээж байгаа энэ олон эзэд
Зүйллийг нь авч,
Тааллыг нь болгоож байгаа нь
Хаана байна
Өөрсдөд нь зүтгэж байх нь мөнх мэт
Өөрсдөд нь заларч байгаа нь мөнх мэт санаснаар
Та нарын алдаан дутмаг эхэлж байгаа юм
Хажуу дэргэдэхээ үүрд гэж бодсоноор
Ундран гарах рашааныг
Мөнхөд гэж бодсоноор та нар
Уух усгүй, амсах рашаангүй
Хатаж үхэх нь тэр юм байгаа юм
Хажуу дэргэдэх анд нөхөдөө
Үүрд мөнх гэж санаснаар
Орь ганцаар үлдэж
Гашуудан шаналах нь тэр юм байгаа юм
Түшиж явах эцэг эхээ
Өнө мөнхөд санаснаар
Өнчирч хоцрох зовлон нь тэр юм байгаа юм
Байгаль эхээ
Өнө мөнхөд хайр ивээлээ өгнө гэж андуурснаар
Аянгад цохиулж, хөрс шороо нь ганхаж
Ус үерийн аюулд
Алтан амиа алдаж байгаа нь тэр юм байгаа юм
Одоо харин,
Бууж ирж байгаа
Өнө мөнх Онгодоо
Буун заларч байгаа Дээд Хаадуудаа
Өрлөг Жанжидаа
Эжий сайхан Хатадаа
Өнө мөнх гэж андуураад
Хүмүүн төрөлхтөн мөхөж үгүй болох нь...
Тэр болох вий дээ үрүүд минь!!!
Аливаа юм эхлэл гэж бий
Аливаа юм уг үндэс гэж бий
Хоног гараг хугацаа нь удаан байсан ч
Төгсгөх цаг ирж л таараа
Энэ цагтаа л биш гэж сунгасаар
Өнөө цагийг туулжээ.
Өнөө цагт та нар
Хувьсан шинэчлэгдэж
Хүмүүн бүр мэлмий нь нээгдэж
Хүмүүн бүр зөн совингоо авч үлдэх үү
Хүмүүний шинэ эринд анхдагч нь та нар болох уу
Аль эсвэл устаж мөхөж эхнээс нь эхлүүлэх үү
Гэдэг дээр л ирээд байна.
Бид та нарын өмнөх дээд мөхөлтэй ч учирч байсан
Алаг дэлхийн анхны эзэд нь бид биш
Алаг дэлхийн арчигдах сүүлийн хүмүүн ч бид биш
Хүмүүн ухаанаа алдаж, ёсоо алдваас
Хүсэж орогнож байгаа
Уул усаараа хангуулж
Ан гөрөө, идээгээ бэлтгэж
Амьсгалах агаараа авч байгаа
Энэ алаг дэлхийгээ бид мөнхөд гэж
Өөрсдийгөө эзэн нь гэж андуурваас
Мөхөх нь тэр...
Өнөө цагт бид нар
Хүмүүн төрхийг хэдэнтээ ч олов
Онгон тэнгэр хүмүүнээс хүмүүний төрөлд
Хүмүүн төрөлхтөнөөс Эздийн тивд
Дагаж л ирдэг, дагаж л явдаг
Та нар ухаанаа алдаж...
Хүнлэг сэтгэл гээч юм чинь,
Дээд оюуны эрхшээл
Дээд оюуныг авч байж
Онгод гэж бий болсон
Онгон Тэнгэр байж байж
Алаг дэлхийд эзэн мэт дураараа аашилж байгаа
Хүмүүн өөрсдөө болсон
Арга билигт суралцаж
Алд биеэ хөгжүүлж ирсэн
Оюун ухаанаа тэлж
Оюун мэлмийгээ тунгалаг болгож ирсэн.
Дээд оюуныг авчаад хүмүүнлэг болсон юм бол
Хүнлэг чанараа алдвал
Дээд оюунаа алдана
Дээд оюунгүй бол
Онгон Тэнгэрээ та нар алдана
Дээд оюунгүйгээр,
Хүнлэг зүйлгүйгээр та нар
Алаг дэлхийд минь
Хог болохоос
Хэвлийг нь онгичих дайсан болохоос
Өөр юу ч биш!
Алд биеийн хирээ
Алтан биеийн ясаа
Алаг дэлхийд дарамт болохоос
Өөр зүйл гэж та нарт үлдэхгүй байх болно.
Хүмүүнлэг чанараа хадгалж байж
Дээд оюунаа хадгалж байж
Онгон Тэнгэрээ залгуулан байж, та нар
Алаг Дэлхийд амьдрах
Алд ГЭРИЭгээн хийнэ үү гэхээс
Өөр юу ч биш гэдэгээ бодох учиртай
Алаг дэлхий өөрөө
Огторгуйн нэг хэсэг
Огторгуй өөрөө
Ертөнцийн нэгээхэн хэсэг...
Та нарын судалж мэдэхгүй зүйл олонтаа
Сургаж дуулгах Kүэн ихтэй
Ийм л байна үрүүд минь
Энэ бол ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ
Энэ бол ТЭНГЭРИЙН СУРГААЛ
Энэ үгсийг та нар
Алд биендээ тогтоон авцгаа
Судар номондоо оруулж
Олон түмнийг сэхээрүүлцгээ
Төрт олондоо хүргэцгээ!
Өвгөд бидний үгээс
Нэг үгийг сонгоод авахад
Нэг хэсэг хүмүүнийг аврана шүү
Өвгөд бидний сургаалиас
Нэг хэсгийг нь тогтоож чадвал
Нэг хэсэгтээ алдахгүй явна шүү
Нэг мөрийг нь цээжилвээс
Нэг мөсөн жаргалыг олно шүү
Бүрэн эхээр тогтоож
Бүрнээр нь авч чадвал
Бүрэн заяагаараа амьдарч
Тэнгэрийн их үйлийг
Өөрсдийн цаашдын заяаныхаа үйлийг
Гүйцэлдүүлж чадна даа
Үгээр нь, сургаалиар нь
Бусдын үгийг хий
Бусдад хүргэх дууpь туулийг нь тавь
Бусдад хүргэх эгшиг дууг нь барь
Бусдад хүргэх шидийг нь бий болго
Өндөр дээд түшээд нь
Тогтоогоод нэг аваг
Төр голомтыг залгах үрс нь
Энэ мөрүүдэд минь тангараг өргөж
Энэ өгүүлбэрийг минь сэтгэлдээ тээж яваг
Ард болж хүмүүний биеийг тээж
Алаглаж уйлах үрс тоглож наадахдаа
Энэ зүйлийн дэргэд нь байж байг
Өсөж хүмүүжихдээ энэ зүйлийг харж хүмүүжиг
Алба үйлсийг үйлдэхдээ
Алба үйлийг хийхдээ
Энэ л үйлсийг эрхэмлэж яваг
Энэ зүйлийг яаралтай
Улаачийн Гэрлийн гэж нэрийдэж байгаа
Энэ Өргөөний айлчин гийчин хамаагүй
Энэ л Өргөөтэй холбогдох бүх хүнд дуулга
Яг одоо үйлээ эхэл
Яг одоо улаач нартаа тараа
Яг одоо эгшиг үсгэнд буулга
Яг одоо ТЭНГЭРИЙН ЗАРЛИГийг олонд хүргэ
Унтах нойроо бүү чамла
Зовох алдаа бүү хямсгана
Яг одоо л үүнийг эхэл
Яг одоо л хий
Тэртэй тэргүй та нар хожимдож байна !!!
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002